Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/ма2024/01251

 

 

 

 

 

 

 

 

    2024          06            19                                        210/МА2024/01251

 

 

М.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/01978 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Х-ын хариуцагч Э.О-д холбогдуулан гаргасан 6,775,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Х, хариуцагч Э.О, хариуцагчийн өмгөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Бидний ярилцаж тохиролцсноор виз гаргаж өгөөд гарсан тохиолдолд үлдсэн мөнгөө буцааж авахаар тохиролцсон. Ингээд 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр урьдчилгаа мөнгө болох 5,875,500 төгрөгийг Хаан банкин дахь 5029688894 тоот Д.О-ын эзэмшлийн данс руу шилжүүлсэн. Мөн 2023 оны 10 дугаар сарын дундуур Польш улсаас гэрээ чинь ирсэн хэмээн даатгал хийлгэх мөнгө 800,000 төгрөг, элчингийн цаг авах 100,000 төгрөг, нийт 900,000 төгрөгийг дээрх данс руу шилжүүлсэн.

1.1. 2024 оны 01 дүгээр сард визэнд 2 удаа орсон боловч материал дутуу гэх үндэслэлээр виз олгохоос татгалзсан. Үүнээс хойш Э.О-тай холбоо барьж болохгүй байсан тул утас руу нь мөнгөө буцааж авах тухай мессеж бичиж үлдээсэн. Иймд 6,775,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2023 оны 07 дугаар сард М.Х нь Польш улс руу ажлын гэрээгээр явах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Иймээс Польш улсад ажиллаж амьдардаг иргэн Д.О-ын Хаан банкин дахь 5029688894 тоот дансанд 3 жилийн гэрээний үнэ болох 1500 ам.доллар буюу 5,875,500 төгрөгийг шилжүүлсэн баримт өгснөөр 3 жилийн гэрээ Д.О захиалсан. 2023 оны 11 дүгээр сард “...2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх 3 жилийн гэрээ гарч ирээд 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Монгол улс дахь Польшийн элчин сайдын яаманд товлосон цагтаа визэнд орсон. Нийт 10 хүн орсноос М.Х , Н.Б хоёр татгалзсан хариу авсан. 2 дахь удаагаа цаг товлоод орсон боловч Польш улс дахь ажил олгогч байгууллагын харьяа мужийн захиргааны зөвшөөрөл авч ирэхийг шаардсан. Мужийн захиргааны бичгийг үндэслэн дахин виз хүсэх цаг товлож визээ авах боломжтой болохыг ажил олгогч байгууллагыг хариуцсан Д.О т хэлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.О-гаас 4,129,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Х т олгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Х-ын хариуцагч Э.О-д холбогдуулан 2,646,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123,358 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.О-гаас 81,022 төгрөг гаргуулж нэхэмжпэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэлэх, дүгнэх журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг шалгаж, нотлох баримтын шаардлага хангасан тохиолдолд түүнд үнэлэлт дүгнэлтийг хийх журамтай. Нэхэмжлэгч М.Х-ын нэхэмжлэлд хавсаргаж өгсөн Төрийн болон Хаан банкнуудын мөнгөн шилжүүлгийн баримт нь эх хувь биш бөгөөд өнгөтөөр канондож хуулбарласан баримт байх тул түүнийг нотлох баримт гэж үнэлэх, дүгнэх боломжгүй тул тухайн баримтуудыг туйлын үнэн зөв гэж дүгнэх эрх анхан шатны шүүхэд байхгүй.

Түүнчлэн, уг баримтууд дээр дурдсан Д.О-ын эзэмшлийн Хаан банкин дахь 5029688894 тоот дансанд 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 5,875,500 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 100,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Г.Ч-ны эзэмшлийн Хаан банкин дахь 5076531084 тоот дансанд 800,000 төгрөгийг тус шилжүүлсэн байх ба хариуцагч Э.О-д бэлэн болон бэлэн бусаар мөнгөн хөрөнгө бодитоор шилжүүлсэн, түүнийг нотолсон зүйлгүй.

4.2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаас 4,129,500 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид бэлэн болон бэлэн бус хэлбэрээр мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй, хариуцагч нь хүлээн аваагүй байх тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэх үндэслэлгүй.

Түүнчлэн, Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1, 494.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх тохиолдолд тухайн мөнгөн хөрөнгө нь гуравдагч этгээд буюу Д.О , Г.Ч нарын дансанд шилжин орсон байх тул хариуцагч Э.О нь хариуцлага хүлээх үндэслэлгүй. Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь бодитоор мөнгөн хөрөнгө хүлээж аваагүй, тухайн мөнгөн хөрөнгийг гуравдагч этгээд бодитоор хүлээн авсан байх тул нэхэмжлэгч нь тухайн мөнгөн хөрөнгөө гуравдагч этгээдээс шаардах нь зүйтэй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох үүрэг нь нэхэмжлэгчид байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардаж байсан ба шүүх түүний өмнөөс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхойлж шийдвэрлэх эрхгүй бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчсөн үйлдэл болсон. Нэгэнт хариуцагчийн зүгээс бодитоор мөнгөн хөрөнгө хүлээн аваагүй тул түүнийг нотлох шаардлага байхгүй бөгөөд хариуцагчийг нотлох үүргээ үл биелүүлсэн гэж субьектив байдлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Миний бие зээлийн гэрээний талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй. Талуудын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй бөгөөд “Э.О гийн төлбөр шилжүүл” гэж заасан данс руу бүх мөнгийг шилжүүлж байсан. Мөн би бусад хүмүүсийг нь танихгүй учраас нэхэмжлэл гаргах боломжгүй. Анх Э.О-тай уулзаж ярилцаж байсан учраас Э.О-гаас нэхэмжилж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч М.Х нь хариуцагч Э.О-д холбогдуулан 6,775,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2,646,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үлдэх 4,129,500 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Э.О-д Польш улс руу гэрээгээр ажиллах виз гаргуулах зорилгоор түүний хэлсэн этгээдийн дансанд мөнгийг шилжүүлсэн боловч виз гаргаагүй тул мөнгөө буцаан авна” гэж, хариуцагч тайлбар татгалзлын үндэслэлээ “...Польш улсын ажил олгогч байгууллагыг хариуцсан Д.О-ын данс руу М.Х мөнгөө шилжүүлсэн, би мөнгө аваагүй бөгөөд гуравдагч этгээд болох Д.О аас шаардах ёстой тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарласан./хх-1, 13/

3. Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримтыг харьцуулан дүгнэж нэхэмжлэгч М.Х нь хариуцагч Э.О гийн заасан этгээд болох Д.О-ын дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн үйл баримтыг зөв тогтоосон байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй буюу үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Э.О нь гадаад улсад цагаачлах, зорчих виз гаргах эрх бүхий этгээд биш байж олон нийтийн цахим сүлжээгээр М.Х т Польш улсын газар нутагт нэвтрэх болон оршин суух эрхийг олгодог мэт ойлголтыг төрүүлж, улмаар нэхэмжлэгчээс мөнгө авч түүнийг нэрлэн заасан этгээд болох Д.О-ын   данс руу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн явдал нь зөвшөөрөгдсөн харилцаа гэж үзэхгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

4. Нэхэмжлэгчийн нийт шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс хэдэн төгрөгийн ямар зардал гарсан эсэх нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул шилжүүлсэн мөнгөнөөс хасах боломжгүй. Хариуцагч нь Д.О-ын дансанд мөнгийг шилжүүлсэн, М.Х нь  надад ямар нэгэн байдлаар бэлэн болон бэлэн бусаар мөнгө өгөөгүй гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул хариуцагчийн гаргасан анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч М.Х нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргаж, мөнгөө буцаан шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2,646,000 төгрөгөөр багасгасныг нэхэмжлэлээс хасаж, хариуцагч Э.О-гаас 4,129,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Х т олгож шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн.

5. Харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж зөв тодорхойлсон боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 492.1 гэж шаардах эрхийн зохицуулалт баримталсаныг зөвтгөх, мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэгчийн хариуцагчид 2,646,000 төгрөг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн үнийн дүнгээс багасгасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул уг заалтыг хүчингүй болгон залруулж өөрчлөлт оруулна.

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/01978 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...492.1” гэснийг “492.1.1” гэж өөрчилж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтын дугаарыг 2 гэж, 4 дэх заалтын дугаарыг 3 гэж дугаарлан тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МАНДАЛБАЯР

 

 ШҮҮГЧИД                             С.ЭНХБАЯР

 

                                                        Д.ЦОГТСАЙХАН