| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/05448/и |
| Дугаар | 5448 |
| Огноо | 2016-08-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 5448
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо Монел 29 дүгээр гудамж 623 тоотод оршин суух /РД:СР84013118/ Сад овогт Сэлмаагийн Наранбадралын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо 13 дугаар хороолол 10 дугаар байр 154 тоотод оршин суух бүртгэлтэй, Төв аймгийн Зуунмод сум 1 тоотод түр оршин суух Бичээч овогт Ринчиндоржийн Оюунтунгалагт /РД:ЕЛ83060202/ холбогдох,
Канад хаус төслийн гэрээний төлбөрт төлсөн 3,000,000 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Наранбадрал нь 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд Плаза” төв дээр очиж Р.Оюунтунгалаг, Х.Цэнгэлэн гэх хүмүүстэй уулзаж төсөлтэй танилцан харилцан тохиролцож 7х5 метрийн 35 м.кв байшин барих “Канад хаус төслийн гэрээ”-г байгуулж урьдчилгаа 4,000,000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгч Мөнгө хүлээлцсэн баримт үйлдэж нотариатаар батлуулсан. Уг төслөөр байшин бариулахад 4 сая төгрөг өгөөд 2 жилийн хугацаатай 1 ширхэг нь 20,000 төгрөгийн үнэтэй зэрлэг цэцэгсийн сайг сард 15 ширхэгийг борлуулж мөнгийг нь тушааснаар байшингаа авна гэж хэлсэн тул гэрээ хийсэн болно. С.Наранбадрал нь 2014 оны 06 сарын 15-ны өдөр байшингаа хашаанд нь барьж эхлэхгүй болохоор нь хариуцагч Р.Оюунтунгалагтай ярих гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан, ажил дээрээ ирэхгүй байхаар нь туслах Цэнгэлтэй ярихад “Аавынх нь бие муу байгаа, хөдөө явсан” гэж хэлсэн. Хариуцагч Р.Оюунтунгалагтай ямар ч холбоогүй байж байгаад 2015 онд тааралдаж мөнгөө шаардахад 1,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл төлбөрөө төлөхгүй, гэрээний дагуу ажлаа хийхгүй, нэгэнт ямар ч биелэгдэх боломжгүй болсон тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно гэжээ.
Хариуцагч Р.Оюунтунгалаг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Р.Оюунтунгалаг нь С.Наранбадралаас “Канад хаус төслийн гэрээ”-г байгуулж урьдчилгаа 4,000,000 төгрөг бэлнээр хүлээлгэн авч мөнгө хүлээлцсэн баримт үйлдэж нотиаратаар батлуулсан. Уг 4,000,000 төгрөгөөс 2015 онд 1,000,000 төгрөгийг С.Наранбадралд хүлээлгэн өгсөн. Одоо нэхэмжилж байгаа 3,000,000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах тул хариуцагч Р.Оюунтунгалаг миний зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Наранбадрал нь хариуцагч Р.Оюунтунгалагт холбогдуулан Канад хаус төслийн гэрээний 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Оюунтунгалаг нь С.Наранбадралын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагч Р.Оюунтунгалаг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Р.Оюунтунгалагт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Р.Оюунтунгалаг нь нэхэмжлэгч С.Наранбадралын “Канад хаус төслийн гэрээ”-ний төлбөрт төлсөн 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Р.Оюунтунгалагт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийн 31,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 31,475 төгрөгийг, хариуцагч Р.Оюунтунгалагаас 31,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Наранбадралд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР