| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2016/00223/И |
| Дугаар | 00223 |
| Огноо | 2016-08-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 00223
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол би Жи-Мобайл ХХК-ны нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Тост-өргөө 4-2 тоотод оршин суух, Эмээлчин овогт Улаанхүүгийн Мөнгөнцоож /РД:МЗ82060191, утас:99825952/-д холбогдох 50583 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.Мөнгөнцоож нь “Жи Мобайл” ХХК-тай 2012 оны 01 дүгээр сарын 11 -ний өдөр “Хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан 98114301 дугаарын хэрэглэгч болсон. У.Мөнгөнцоож нь одоогийн байдлаар манай компанид 2015 оны 05 дугаар сарын ярианы төлбөр 30,760 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын ярианы төлбөр 32,962 төгрөг, нийт 63,722 төгрөгний хэрэглээний өртэй байна. Ярианы төлбөрөө телж барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж байсан боловч одоог хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй болно. Иймд У.Мөнгөнцоожийн ярианы төлбөр 63,722 төгрөгнөөс барьцаанд байршуулсан 30,000 төгрөгийг хасч тооцон 33,722 төгрөг, алданги 16,861 төгрөг, нийт 50,583 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч У.Мөнгөнцоож шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие У.Мөнгөнцоож нь Жи-Мобайл үүрэн телефоны 98114301 дугаарыг барьж байгаад гээж үрэгдүүлсэн бөгөөд дахин энэ дугаарыг сэргээлгэж бариагүй юм. Жи-мобайлаас удаа дараа төлбөр төл гэж мэдэгдсэн гэх энэ худлаа бөгөөд надад нэгч удаа мэдэгдээгүй юм. Миний бие утасны төлбөрийг 2016 оны 09 дүгээр сард барагдуулна гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ны 50,583 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.Мөнгөнцоож нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангийн данснаас зохих хувийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ны 50,583 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.Мөнгөнцоож нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч У.Мөнгөнцоожоос 2275 төгрөгийг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-нд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч У.Мөнгөнцоож нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ