Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 183/2022/02599/И |
Дугаар | 210/ма2024/01272 |
Огноо | 2024-06-21 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 210/ма2024/01272
2024 06 21 210/МА2024/01272
Н.Н-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/00914 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Н-ийн хариуцагч И-т холбогдуулан гаргасан И-ын даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/35, 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, цалингийн зөрүү 18,729,292 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2021 оны санхүүгийн тайлангийн аудитын шалгалтаар өгөгдсөн албан шаардлага, зөвлөмжийн дагуу ажпын байрны тодорхойлолтод заасан өөрийн ажпын чиг үүрэгт хамааралтай ажлуудыг цаг тухай бүрт нь гүйцэтгэж ажилласан. Мөн дотоодын агаарын тээвэрлэгчидтэй холбоотой олон жилийн авлагыг бууруулж нягтлан бодох бүртгэлд тусгаж ажилласан.
1.1.а Үндэсний Аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 472, 473, 475, 476 дугаар албан шаардлагууд нь ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан миний ажил үүрэгтэй шууд хамааралгүй, байгууллагын дарга, даргын зөвлөл буюу удирдлагын хэмжээнд шийдвэрлэгдэх асуудлууд байсан. Иймээс Үндэсний аудитын газраас өгсөн уг албан шаардлага дээр байгууллагын дарга болон санхүү хөрөнгө оруулалтын газрын даргад хариуцуулахаар тусгайлан заасан байхад намайг тухайн асуудалд буруутгаж, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон нь үндэслэлгүй юм.
1.1.б О.Н-д ажилгүй байсан хугацааны нөхөн олгөворт 11,020,055 төгрөг давхардуулан шилжүүлээгүй. Учир нь Чингис хаан ОУ-ын нисэх буудлын захирлаар ажиллаж байсан О.Н нь нөхөн олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улаанбаатар хотын банкны данснаас 88,700,000 төгрөгийг татан авсан байдаг ба энэ дүнд О.Н ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс 19,400,000 төгрөг хамт татагдсан. Мөн Захиргаа Удирдлагын газрын даргаас 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 206 тоот албан бичгээр О.Н-д шүүхийн шийдвэрийн дагуу цалин хөлсний олговрыг олгуулах тухай албан бичиг ирүүлсэн ба энэ албан бичгийн дагуу хариуцсан нягтлан бодогч бичиж, түүнийгээ даргаар батлуулан гүйлгээнд оруулсан байхад намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
1.1.в. Тухайн байгууллагын менежер Д.Э нь Сэргээн засах амралтын газарт үйлчилгээ авч үйлчилгээний төлбөр 3,914,000 төгрөгийг төлөөгүй авлага үүссэн бөгөөд төлбөр төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлөөгүй учраас шүүхийн шийдвэрийн дагуу Д.Э ын нэг сарын цалин хөлс биш байгууллагын тэтгэмжээс суутгал хийгдсэн. Иймээс байгууллагад учирсан хохирлыг арилгуулах хүрээнд хийсэн ажлыг миний биед сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй.
1.1.г. Чингис хаан банкинд И-ын нэр дээр харилцах данс нээлгэн дансны улдэгдэл 2,6 тэрбум төгрөгийг эгүүлэн таталгүй байгууллагад их хэмжээний хохирол учруулаагүй. Учир нь байгууллагын дүрэм журамд зааснаар байгууллагын мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээг ерөнхий нягтлан бодогч дангаар гүйцэтгэдэгүй, И-ын дарга болон Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын шийдвэрээр гүйлгээг хийж нягтлан бодох бүртгэлд тусган ажилладаг. 2019 оны сүүлээс эхлэн банкны үйл ажиллагаа нь алдагдсан учраас мөнгөө авч үлдэгдэл 2.6 тэрбум төгрөгийг авч чадаагүй. Үүнтэй холбоотойгоор эрх бүхий этгээдүүд тухай бүр хандаж ажилласан. Тус банкинд мөнгө байршуулах шийдвэрийг И-ын эрх мэдэл бүхий удирдлагууд, дарга нар гаргасан байхад бурууг зөвхөн надад тохож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
1.1.д. 5,522,840,930 төгрөгийг найдваргүй авлагын данснаас хасах үед эрх бүхий байгууллагын шийдвэр, шүүхийн шийдвэргүйгээр бүртгэсэн, төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан баталгаажуулах, хууль ёсны шаардлагыг цаг тухайд нь бүрэн хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэх асуудлын тухайд.
Нэр бүхий гурван аж ахуйн нэгжид хамаарах 22,800,000 төгрөгийн асуудал нь найдваргүй авлага биш дуусаагүй барилга буюу хөрөнгийн данс. 2014 онд уг ажлууд хийгдэж тооцоо дууссан, мөн ажпыг хүлээн авсан баримт, шүүхийн шийдвэр гарсан асуудал байсан. Тухайн үед буюу 2014 онд уг баримтыг үндэслэн тухайн жилд зардалд бүртгэх байсан ажил хийгдээгүй байсныг 2021 онд үндсэн хөрөнгө хариуцсан нягтлан бодогч нягтлан бодох бүртгэлд тусгаж ажилласан тул данснаас хасах үед эрх бүхий байгууллагын шийдвэр, шүүхийн шийдвэргүйгээр бүртгэсэн гэж үзэхгүй.
1.2. Дээр дурдсан тайлбаруудаар миний биед сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон 5 асуудал нь хөдөлмөрийн гэрээ, ажпын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчил гаргаагүй болохыг нотлох тул миний биед сахилгын шийтгэл ногдуулсан И-ын даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/35 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах журам зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар мэдэгдээгүй, тайлбар өгөх боломж олгоогүйгээс илт үндэслэлгүй шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасны дагуу дээрх И-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар хурлын тэмдэглэлийг хүлээн авч, гурван талт хороонд хандах ёстой боловч уг хороо байгуулагдаагүйн улмаас хандаагүй болно. Иймд И-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ерөнхий хянагч бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан И-ын даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/35 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү.
1.3. И-ын даргын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаар тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлүүд нь бүгд бодит байдалд нийцээгүй, зарим нь миний ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэгт хамааралгүй, зарим асуудалд өөрийн эрх хэмжээний хүрээнд бололцоотой бүх арга хэмжээг авч ажилласан байгааг нягталж, тодруулалгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. 2022 оны 2, 3 дугаар улирлын санхүүгийн тайлан хасах үлдэгдэлтэй буюу алдаатай тайлагнасан бол бусад эрх бүхий албан тушаалтнууд тайланг засуулаагүй тохиолдолд өөрсдөө хариуцлага хүлээх үүрэгтэй. Иймд хөдөлмөрийн гэрээ, ажпын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журамд заасан ямар нэгэн зөрчил гаргаагүй үйлдэл байх тул миний биед сахилгын шийтгэл ногдуулсан И-ын даргын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгож өгнө үү.
1.4. Мөн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хугацааны цалингийн зөрүү болох 18,729,292 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: И-ын даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах нягтлан бодогч Н.Н-т Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.1, 20.2.4, 20.2.5, 20.2.6 болон хөдөлмөрийн дотоод журмын 4.1.4, 4.2.2, албан тушаалын тодорхойлолтын 2.3, 4.2 дахь заалтыг тус тус үндэслэл болгож албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
2.1. Нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолтын 1.3, 2.3, 4.2-т заасан банкны харилцах дансны боловсруулалтыг хийх, шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах, шаардлагатай тайлан мэдээг цаг хугацаанд нь шилэн дансанд байршуулж тайлагнах чиг үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй байна. Үндэсний аудитын газрын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 472/А0170067, 473/А0170067, 474/А0170067, 476/А0170067, 476/А0170067 дугаар албан шаардлагууд нь И-ын Ерөнхий нягтлан бодогчийн ажлын чиг үүрэгтэй салшгүй холбоотой бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 20.1.3, 20.1.4, 20.2.5-д заасан үүргээ хэрэгжүүлэхдээ түүний үнэн бодитой эсэх, хууль ёсны үндэслэлтэй гүйлгээ болох талаар нягтлаагүйгээр О.Н ын ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговрыг давхардуулан шилжүүлсний улмаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/01552 дугаар шийдвэрээр хариуцагч О.Н аас 11,020,055 төгрөгийг гаргуулж И-т олгохоор, мөн ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирлыг ажилтнаар нөхөн төлүүлсэн нь үндэслэлгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 183/ШШ2021/02686 дугаар шийдвэрээр нэхэмжпэгч Д.Э од 9,914,000 төгрөгийг олгуулахаар тус тус шийдвэрлэсэн үр дагаврыг үүсгэсэн байна.
2.2. Ажил олгогчоос ажилтан сахилгын шийтгэл ногдуулахдаа 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг хэрэгжүүлж, сонсох ажиллагааг хийсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар И-ын даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/35, 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Н-ийг И-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ерөнхий хянагч бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газраас цалингийн зөрүүнд 18,729,292 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Н-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар цалингийн зөрүүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагч И-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 251,596 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь албан тушаалын тодорхойлолтын 1.3, 2.3, 4.2-т заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна. Тодруулбал, Үндэсний аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/1008 дугаар Аудитын хязгаарлалттай дүгнэлтэд заасан мэдэгдлийг хангаагүй байна. Тухайлбал, бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилга угсралтын, ажилд 2011-2019 онд “Үүрэг трейд” ХХК-д нийт 15,388.2 сая төгрөгийн санхүүжилт олгосон боловч 2019 оны 10 дугаар сард техникийн болон улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах ажил хийгдээгүй, гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үүргийн биелэлт хангалтгүй. Хөрөнгө оруулалтын барьцаа дансны үлдэгдэл 44.5 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээгүй. Үндэсний аудитын газраас 2018, 2019 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгөгдсөн 4,119.0 сая авлага барагдуулах албан шаардлагын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
4.1. Харин Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 472/А0170067, 473/А0170067, 474/А0170067, 476/А0170067, 476/А0170067 дугаар албан шаардлагууд нь И-ын Ерөнхий нягтлан бодогчийн ажлын чиг үүрэгтэй салшгүй холбоотой бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 20.3, 20.1.4, 20.2.5-д заасан үүргээ хэрэгжүүлэхдээ түүний үнэн бодитой эсэх, хууль ёсны үндэслэлтэй гүйлгээ болох талаар нягтлаагүйгээр О.Н ын ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговрыг давхардуулан шилжүүлсний улмаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/01552 дугаар шийдвэрээр хариуцагч О.Н аас 11,020,055 төгрөгийг гаргуулж И-т олгохоор, мөн ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирлыг ажилтнаар нөхөн төлүүлсэн нь үндэслэлгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/02686 дугаар шийдвэрээр нэхэмжпэгч Д.Э од 9,914,000 төгрөгийг олгуулахаар тус тус шийдвэрлэсэн үр дагаврыг үүсгэсэн байна.
4.2. Ажил олгогчоос ажилтан сахилгын шийтгэл ногдуулахдаа 2022 оны 03 дугаар марын 01-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг хэрэгжүүлж, сонсох ажиллагааг хийсэн зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож буй тул Н.Н-т Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан И-ын даргын албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/35 дугаар тушаал үндэслэлтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд анхан шатны шүүх тус бүрт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Давж заалдах гомдлын үндэслэлүүдэд сахилгын шийтгэл оногдуулсан хөөн хэлэлцэх хугацаа нэгэн адил хамааралтай. Өөрөөр хэлбэл, зөрчил гэж үзэж байгаа үйл баримтууд олон жилийн өмнө болсон. Үндэсний аудитын газраас хийсэн аудитын дүгнэлтэд заасан зөрчлүүдийг арилгаагүй гэж Н.Н-ийг буруутгадаг. Гэтэл уг зөрчлүүдийг хариуцах ёстой албан тушаалтнуудыг нэрлэн заасан бөгөөд Н.Н-ийн ажил чиг үүргийн хувьд хамааралтай боловч Н.Н дангаар шийдвэрлэх эрхгүй. Чингис хаан банканд данс нээсэн гэж буруутгадаг. Гэтэл И-ын даргын гарын үсэгтэй хүсэлтээр шийдвэрлэдэг. Уг данс дахь мөнгийг буцаан татах, өөр банканд шилжүүлэх асуудлаар олон ажил хийсэн талаар баримтуудыг гаргаж өгснийг хариуцагч үгүйсгэсэн баримтуудыг гаргаж өгөөгүй. Тушаалд заасан үндэслэл тус бүрийг нэхэмжлэгчийн зүгээс баримтаар нотолж, үгүйсгэсэн тайлбаруудыг хангалттай гаргаж өгсөн. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч И-т холбогдуулан И-ын даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/35, 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, цалингийн зөрүү 18,729,292 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн дараах зөрчил гаргасан үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Үүнд:
3.1. И-ын даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалын 1 дэх заалтаар Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ерөнхий хянагч бөгөөд ерөнхий нягтлан бодогч Н.Н-ийг Үндэсний аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/1008 дугаар хязгаарлалттай дүгнэлт, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 472, 473, 474, 475, 476/АО170067 САТ-2021/111СТА-ТТЗ дугаар албан шаардлагын биелэлтүүдийг хэрэгжүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулсан,
О.Н-д ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 11,020,055 төгрөг давхардуулан шилжүүлсэн,
Д.Э оос нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирол 3,914,000 төгрөгийг шүүхийн шийдвэргүйгээр суутгаж хууль зөрчсөн,
Чингис хаан банкинд И-ын нэр дээр харилцах данс нээлгэн дансны үлдэгдэл 2,6 тэрбум төгрөгийг эргүүлэн таталгүй байгууллагад их хэмжээний хохирол учруулсан,
22,840,930 төгрөгийг найдваргүй авлагын данснаас хасах үед эрх бүхий байгууллагын шийдвэр, шүүхийн шийдвэргүйгээр бүртгэсэн төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан баталгаажуулах, хууль ёсны шаардлагыг цаг тухайд нь бүрэн хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчлийг тус тус гаргасан гэж үзэж албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулжээ. /хх6-7/
4. Анхан шатны шүүх уг маргаанд холбогдох урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу хийгдэж, зохих хөөн хэлэлцэх хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгчид 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б/35 тоот тушаалаар сахилгын шийтгэлийг үндэслэлгүй ногдуулсан гэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т нийцсэн байна.
4.1. Ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан журмын баримтлах үүрэгтэй.
4.2. Хариуцагч И нь “...Үндэсний аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/1008 дугаар хязгаарлалттай дүгнэлт болон 472, 473, 474, 475, 476 тоот албан шаардлагын биелэлтийг нэхэмжлэгч Н.Н хангалтгүй зохион байгуулсан тул үүнтэй холбоотойгоор 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж, ажилтан Н.Н нь хууль ёсны шаардлагыг цаг тухайд нь бүрэн хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчсөн” гэх боловч ажил олгогч хэрэгт авагдсан баримтаар тайлбар авсан байдал тогтоогдохгүй байна.
Тодруулбал, анхан шатны шүүх хариуцагч И нь хөдөлмөрийн дотоод журмын 4.5-д заасны дагуу ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө мэдэгдэж, тайлбар аваагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
4.3. Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үед дээрх санхүүгийн зөрчил буюу хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчил гаргасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул И-ын даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/35 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэх зохицуулалтад нийцсэн байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч талын “...нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хангалтгүй ажилласан” гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй.
5. Нэхэмжлэгч Н.Н нь тус газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотойгоор түүнийг Аюулгүй байдал, хамгаалалтын албанд Захиргаа, санхүүгийн хэсгийн ахлах нягтлан бодогчоор ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан.
Улмаар тус газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаар тушаалаар “...Н.Н нь цалин хоцроосон, 2022 оны 2, 3 дугаар улирлын санхүү байдлын тайлан, цалин өглөг, татвар, нийгмийн даатгалын шийтгэлийн өглөг зэргийг хянаагүй, өглөгийн дансыг хасах үлдэгдэлтэй тайлагнасан, данс буруу бүртгэсэн” гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулжээ.
Ажил олгогч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан боловч шүүх 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Аюулгүй байдал, хамгаалалтын албаны Захиргаа, санхүүгийн хэсгийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалыг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан ажил олгогчийн шийдвэрт ажилтан гомдол гаргах эрхийн зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан өөрчлөлтийг оруулна.
6.1. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл, 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон, цалингийн зөрүү нийт 17,393,450 төгрөг, ээлжийн амралтын зөрүү 1,089,752 төгрөг, тэтгэмжийн зөрүү 246,090 төгрөг, нийт 18,729,292 төгрөгийг хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцжээ.
6.2. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсантай холбоотойгоор цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсгийг баримталсан нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс ажилд эгүүлэн томилсонтой холбоотойгоор ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримталсан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/00914 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...123 дугаар зүйлийн 123.3...” гэснийг “...158 дугаар зүйлийн 158.2.2...” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...127.2...” гэснийг “...127.1...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газраас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,597 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ЦОГТСАЙХАН