Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 321

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

          Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

          Шүүгдэгч Ж.А /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809053790323 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалч, чимэглэл мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Ж.А

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

      Яллагдагч Ж.А нь 2018 оны 11 дүгээр сарын  16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн 9-194 тоот хашааны гадна хохирогч Р.Баярсайханыг араас нь дуудаж хэрэлдээд, улмаар  гараараа цохиж унагаагаад өшиглөх зэргээр түүний эрүүл мэндэд 10,11-р хавирганы далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Ж.Ань өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хээрг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Ж.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

        Шүүгдэгч Ж.А нь 2018 оны 11 дүгээр сарын  16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн 9-194 тоот хашааны гадна хохирогч Р.Баярсайханыг араас нь дуудаж хэрэлдээд, улмаар  гараараа цохиж унагаагаад өшиглөх зэргээр түүний эрүүл мэндэд 10,11-р хавирганы далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хүндэвтэр хохирол санаатай учруулж хохирогчийн бие эрх чөлөөнд халдсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.А нь гэмт үйлдлээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогч Р.Баярсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлсэн нь зөв байна гэж шүүх  дүгнэлээ.

 

          Шүүх шүүгдэгч Ж.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Ж.А-н гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг үнэлж, гэм бурууг шийдвэрлэх үндэслэлтэй.

 

          Эрүүгийн 1809053790323 дугаартай хэргээс:

 

Хохирогч Р.Баярсайханы “...би оройны 19:00 цагийн үед тамхи авахаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 9-194 тоот гэрээсээ гартал миний араас Баяраа ах гээд хүн орилохоор нь эргээд хартал Ж.А “та битгий энэ хавиар архи уугаад олон нийтийг амгалан тайван байлга” гэж надтай маргалдаад удаагүй байж байгаад намайг цохиод газарт унагаагаад дээрээс хөлөөрөө өшиглөсөн. ...Намайг Ж.А зодож гэмтээсэн. Би тухайн үед архи уусан нэлээн согтуу байсан. Одоо Ж.Ань миний эмчилгээний зардлыг бүрэн барагдуулж, гэм буруугаа хүлээж уучлалт гуйсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 18-21 дүгээр хуудас/,

 

Шинжээчийн "Р.Баярсайханы биед зүүн талын 10, 11-р хавирганы далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх 13963 дугаартай дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Гэрч О.Оргилын "...2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн орой 18-19 цагийн үед 16 дугаар хороо 10-196 тоот найз Ж.А-ын гэрээс найз Тайвнаа, Ж.А бид гурав гарсан. Тухайн үед нэг үл таних хөгшин ах гудамжинд орилоод байсан. Дараа нь манай хамар хашааны хөрш болох Баярсайхан ах согтуу орилоод явж байсан. Тэр ахыг газарт унагаах шиг болсон. Энэ үед Аюурзанын ээж гарч ирээд Аюурзаныг салгасан. " гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

Гэрч Д.Энхтайвангийн "...2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдер 19-20 цагийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо 10-196 тоот найз Ж.А-ын гэрт Оргилын хамт очсон. Дараа нь хэсэг байж байгаад гэрээс нь гараад явж байтал нэг үл таних хөгшин эр Ж.А-ын эцэг, эхийг хэл үгээр элдэв бусаар доромжлоод орилоод байсан. Тухайн үед Ж.А тэр ахтай муудалцаад газар унгаагаад зүүн хавирга руу нь нэг удаа хүчтэй өшиглөсөн. Дараа нь Оргил бид хоёр Ж.А үл таних ах хоёрыг салгаад удаагүй байж байтал Ж.А-ын ээж гарч ирсэн. Тэгээд найз Оргилын хамт үл таних ахыг гэрт нь оруулаад Ж.А, Оргил бид гурав цаашаагаа явсан" гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Иймд шүүгдэгч Ж.А-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Эрүүгийн 1809053790323 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

 

          Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 42 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /46 дугаар хуудас/, ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 47 дугаар хуудас/, ажлын үнэмлэхний хуулбар /хх-ийн 48 дугаар хуудас/, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 49 дүгээр хуудас/, цалингийн тодорхойлолт /хх-ийн 50 дугаар хуудас/, дансны хуулга /хх-ийн 51-56 дугаар хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 74 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

          Шүүх шүүгдэгч Ж.А-н үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 758 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 758.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч Ж.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй

бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

          Хохирогч Р.Баярсайхан “Ж.А нь уучлалт гуйж эвлэрсэн, хохирлоо төлж барагдуулсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйгүй” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.