Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 205/МА2024/00011

 

******* *******ны Завхан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 140/ШШ2024/00179 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* *******ны Завхан салбарын нэхэмжлэлтэй Ц.*******, И.*******, Д.******* нарт холбогдох зээлийн үндсэн үлдэгдэл 11.348.704 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 4.872.435 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 484.972 төгрөг, нотариатын зардал 37,500 төгрөг, нийт 16.743.613 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.*******, Д.*******а, хариуцагч Ц.*******, И.*******, Д.*******, хариуцагч нарын өмгөөлөгч Б.******* /цахимаар/нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч ******* *******ны Завхан салбар И.*******, Ц.*******, Д.******* нарт холбогдуулан зээлийн үндсэн үлдэгдэл 11.348.704 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 4.872.435 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 484.972 төгрөг, нотариатын зардал 37,500 төгрөг, нийт 16.743.613 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Зээлдэгч *******, Д.******* нар нь манай *******тай 2018.08.21-ний өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж уг гэрээгээр 18.900.000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн үлдэгдэл 18.327.000 төгрөг болсон. Улмаар зээлдэгч Ч.*******, И.******* нар 2018.10.25-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж уг гэрээгээр дээрх зээлийн гэрээний үлдэх 18.327.000 төгрөг дээр 1.000.000 төгрөг нэмж, нийт 19.327.000 төгрөгийг зээлсэн. Үндсэн зээлийн үлдэгдэл 19.208.000 төгрөг болсон. Мөн зээлдэгч Ч.*******, Ц.******* нар нь 2018.12.12-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр дээрх зээлийн гэрээний үлдэгдэл 19.208.000 төгрөг дээр 792.000 төгрөг нэмж, нийт 20.000.000 төгрөгийг зээлсэн. Зээлдэгч нар нь 2019.01.02-ны өдрөөс 2021 оны 09-р сарын 02-ны өдрийг хүртэл үндсэн зээлээс 8,651,295 төгрөг, зээлийн хүүгээс 7,133,331 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.535.18 төгрөг, нийт 15.786.161 төгрөг төлж үндсэн зээлийн үлдэгдэл 11.348.704 төгрөг болсон байна. Зээлийн барьцаанд цалин, зөөврийн компьютер, принтер барьцаалсан. Зээлдэгч Ч.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй тодорхой хаяг тогтоогдохгүй тэнэмэл иргэн болсон нь Цагдаагийн газрын албан тоотоор тогтоогдсон тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу хамтран зээлдэгч Д.*******, И.*******, Ц.******* нараас 2024 оны 02-р сарын 21-ний өдрийн байдлаар дээрх зээл зээлийн хүүгийн төлбөрийг нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагч нарын хариу татгалзал, тайлбарын агуулга:

... Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.******* нь манай цэцэрлэгт 2002 оноос 2019 он хүртэл ажиллаж байсан. ******* нь нөхөргүй тул зээл авах болгондоо манай цэцэрлэгийн хүмүүсийг тойруулаад л гарын үсэг зуруулдаг байсан. Тухайн зээл дээр би яагаад гарын үсэг зурсан гэхээр 2018 оны 12 дугаар сард Ч.*******ийн хүүхэд нь өвчтэй хот руу одоо эмчилгээнд явахаар боллоо надад ******* *******наас зээл гарна гэж байна тэгээд таныг аваад ир гэсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь заавал яагаад намайг аваад ир гэж байгаа юм бэ гэсэн чинь таныг байгууллагын дарга учраас гэсэн. Би Ч.*******т цалингийн тодорхойлолт дандаа гаргаж өгдөг байсан. Тэгээд *******ин дээр очоод энэ зээл дээр хамтран зээлдэгчийн гарын үсэг зурчихаар дараад нь элдэв янзын асуудал үүсэх үү гэж асуутал Шилүүстэй сум дахь ******* *******ны салбарын захирал ******* ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж хэлж байсан.******* *******ны энэ нэхэмжлэлийг бид 3 яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ гэхээр. Зээлдэгчийн гэрээний 3.2.4-т зааснаар тухайн үндсэн зээлдэгч нь нас барсан, аль эсвэл эрх зүйн чадамжгүй болсон, нэг бол сураггүй алга болсон тохиолдолд зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч нь тухайн зээлийг төлнө гэсэн заалт байж байгаа. Тэгэхээр Ч.******* маань нас бараагүй, эрх зүйн чадамжгүй болоогүй, тэгээд сураггүй алга болоогүй Улаанбаатар хотод байгаа учраас л энэ хүнээр нь зээлээ төлүүлж өгөөч ээ гэсэн ийм хүсэлттэй байна. Ч.*******тэй бид 3 хамтран зээлдэгч болсон хэдий ч тухайн зээлээс нэг ч мөнгө төгрөг аваагүй. Бид нар бол Ч.*******тэй ямар нэгэн садан төрлийн холбоогүй, энэ зээлийн үр шимийг хүртсэн ах, дүү, үр хүүхдүүд нь байж байгаа. Тухайлбал, одоо манай сумд Засаг даргаар ажиллаж байсан үү гэдэг хүн бол байшин худалдаж авах гээд *******ээр цалингийн зээл авхуулж байсан, миний зээлийг бас төлөхгүй байгаа гэж Ч.******* ярьж байсан. ******* ******* 3,4 жил *******ээр зээлийг нь төлүүлэх талаас нь ер нь ямар арга хэмжээ авч ажилласан юм бэ? тэгээд олдохгүй байна гэж явж байгаад нэг удаа олдсон, нэг хувийн цэцэрлэгт ажиллаж байна гэсэн. Тэгээд эргээд энэ хаяг дээрээсээ одоо хэрвээ оргон зайлах юм бол ямар нэгэн хариуцлага хүлээлгэнэ гэсэн. Тэгээд нөгөө хүн маань алга болсон. ******* ******* тэгээд энэ хүний зээлийг эргэн төлүүлэх тал дээр ер нь ямар арга хэмжээ авч ажилласан юм бэ? гэв.

Хариуцагч И.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Ц.******* рүү *******ийн цалингийн зээл шилжиж миний зээлийн гэрээ дуусгавар болчихсон байхад намайг яагаад хамтран зээлдэгч гэж хариуцагчаар оролцуулаад байгааг ойлгохгүй байна. Ч.******* нь өөрөө амьд, хөдөлмөр эрхлэх чадвартай, архинд орсон л хүн. Энэ хүнээр ажил хийлгүүлээд авсан зээлийг нь төлүүлж болно шүү дээ. Яагаад гэрээ нь дуусчихсан байхад бид 3-ыг ингээд хамтран зээлдэгч гэдэг үүднээс хариуцагчаар татаад байгаа юм бэ? Тэгээд ч ах, дүү, хамаатан садан нь бид нар биш, хаа хамаагүй хүмүүсийг хамтран зээлдэгч болгоод байгаа нь буруу, ******* ******* ч гэсэн өөрөө хариуцлагаа хүлээмээр байна. Намайг хамтран зээлдэгч болоод өгчих гэж гуйх үед идэшний үе болгоод мал авч идмээр байна аа эгчийн дүү зураад өгчих гээд намайг гуйгаад байсан. Би бол зурж өгөхгүй гэж дургүйцээд байсан. Тэгээд надаас бүүр гуйгаад болохгүй болохоор нь би хамтран зээлдэгч нь болоод гарын үсэг зурсан чинь ийм юм болчихлоо гэв.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ******* намайг хамтран зээлдэгчээр ороод өгөөч гэж гуйсан. Яагаад гэвэл нагац эгчийнх нь охин хурим хийх гэж байгаа, би тавагны ааруултай очмоор байна гэсэн. ******* өмнө нь 2010 онд нөхрөөсөө салснаас хойш ингээд манай цэцэрлэгийнхийг ээлжилж гуйгаад хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулдаг байсан. Би тэгээд зөвшөөрөлгүй явж байгаад тэр үед нь яг Я.*******гийн хажууд гарын үсэг зурж байсан юм. Би одоо дахиж гарын үсэг зурахгүй шүү гэдгээ хэлж байсан. Гэтэл энэ удаа л зурчих ямар нэгэн асуудалгүй гэж хэлээд зуруулж байсан. Тэгээд зээлийн хугацаанд буюу 2018 онд Ч.******* нь ажлаа хийгээд цалингаа аваад цалингийнхаа зээлийг төлөөд явж байсан. Тэгээд 10 дугаар сарын 26-ны өдөр И.*******той хамтран зээлдэгч болсон. Миний зээлийн гэрээний хугацаа дуусчихсан байхад ******* ******* яагаад хамтран хариуцагчаар татсаныг би ойлгохгүй байна. Ч.******* нь 2 сар болоод л аль *******наас зээл гарах боломжтой байна тэр *******наасаа л авдаг байсан. Миний хувьд *******наас ******* *******инд шилжиж байгаа 18,0 сая төгрөг нь дээр гарын үсэг зурсан. Гэхдээ бид нар энэ хүнээс ерөөсөө ганц төгрөг ч авч үзээгүй. Энэ хүн үр хүүхэд, гэр орондоо л цалин болон зээлийг хэрэглэдэг байсан. 2010 оноос хойш олон удаа мөнгө сурдаг байсан. Ч.*******ийн хувьд хөдөлмөрийнхөө чадварыг алдсан биш, нас бараагүй байхад яагаад бид нарыг ******* ******* хариуцагчаар татаад байгааг ойлгохгүй байна. ******* *******инд гомдолтой байна. Миний хувьд бол тухайн зээлийг Ч.*******ээр төлүүлэх хүсэлттэй байна гэв.

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Д.*******гээс зээлийн гэрээний үүрэгт 5.581.204 төгрөг, хариуцагч И.*******оос 5.581.204 төгрөг, хариуцагч Ц.*******гээс 5.581.204 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* *******ны Завхан салбарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч ******* *******ны салбараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241.668 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 34.749 төгрөг, хариуцагч И.*******оос 34.749 төгрөг, хариуцагч Ц.*******гээс 34.749 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******инд олгож шийдвэрлэжээ.

4.    Хариуцагч нарын өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт зээлдэгч Ч.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух тодорхой хаяггүй тэнэмэл иргэн болсон нь Цагдаагийн газрын тодорхойлолтоор тогтоогдсон, зээлийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх ба нэхэмжлэгч *******ны зүгээс Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсгүүдэд зааснаар... хамтран зээлдэгч Ц.*******, Д.*******, И.******* нараас төлөгдөөгүй үлдсэн зээлийн өрийг буюу гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.. хариуцагч нараас тэнцүү хуваарилж шаардаж байгаа нь буруу биш бөгөөд хамтран зээлдэгч нар гэрээний дагуу хамтран үүрэг хүлээнэ" гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Гэтэл ******* *******ны Завхан салбараас зээлийн гэрээний 3-р зүйлийн 3.2.4-д зээлдэгч нь нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, сураггүй алга болсон нь тогтоогдсон тохиолдолд л хамтран зээлдэгч, өв залгамжлагч нь зээлдэгчийн үндсэн үүргийг хүлээхээр байна. Мөн иргэн Ч.******* нь нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, сураггүй алга болоогүй байхад эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух тодорхой хаяггүй тэнэмэл иргэн болсон гэх үндэслэлээр гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Хэрэв иргэн Ч.******* нь архи согтууруулах ундаа байнга хэрэглэж гэр бүлээ эдийн засгийн талаар хүнд байдалд оруулсан насанд хүрсэн этгээдийн иргэний эрх зүйн чадамжийг сонирхогч этгээдийн хүсэлтээр, шүүх хуулиар тогтоосон журмаар хязгаарлаж харгалзан дэмжигч томилж болохоор Иргэний хуулийн 19-р зүйлд заасан байна. ******* *******ны Завхан салбар нь Ч.*******ийн иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлаж, харгалзан дэмжигч томилуулах талаар шүүхэд хүсэлт гаргах боломжтой. Өөрөөр хэлбэл, зээлийн үр ашиг шимийг хүртсэн хүүхдүүд, ах дүү нараас нь харгалзан дэмжигч томилуулж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргах нь шударга ёс, тэгш байдалд нийцэж гэрээгээр хүлээсэн үүрэг нь дуусгавар болсон зарим хамтран зээлдэгч нарын хууль ёсны эрх ашиг сэргээгдэх боломжтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оноос хойш ******* зээлээ төлөөгүй байдаг. *******ийг төрийн ******* 2022 онд олсон байдаг. ******* *******ны захирал надад хэлэхдээ ******* Улаанбаатар хотод хувийн цэцэрлэгт ажилладаг, нөхөртэй болсон байна гэж хэлсэн. Оршин сууж буй хаягаасаа оргон зайлбал, хуулийн хариуцлага хүлээх ба оршин буй газраас нь албадангаар авчрах талаар тайлбарласан. Тэр явдлаас хойш 3 жил өнгөрсөн. ******* ******* үндсэн зээлдэгчийг хайж олоод зээлээ төлүүлье гэж бодохгүй байгаа гэж үзэж байна. Учир нь хамтран зээлдэгч нар нь байгаа юм чинь хамтран зээлдэгч нараар төлүүлнэ гэх байдлаар хандаж байна. ******* *******тай байгуулсан зээлийн гэрээний 3.2.4-т зааснаар үндсэн зээлдэгч нас бараагүй, эрх зүйн чадамжгүй болоогүй байхад хамтран зээлдэгчдээр зээлээ төлүүлэх гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2023 оны өвөл төрийн *******ны захирал *******ийг Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн help төв дээр байдаг юм байна. Орон гэргүй 2 жил болж байгаа гэж хэлж байсан. Би *******ийг санаатайгаар зээлээ төлөхгүй зугтааж байна гэж бодож байна. 2024 оны 05 дугаар сарын 03-ны анхан шатны шүүх хуралдааны дараа Улаанбаатар хот нөхөртэйгээ орсон. Манай нөхөр *******тэй таараад зээлээ төлөөч гэж хэлэхэд танай эхнэр болон бусад хамтран зээлдэгч нараар зээл төлүүлэх шүүхийн шийдвэр гарсан гэсэн. Намайг та нар яаж ч чадахгүй. Би оргон зайлаад ор сураггүй яваад байхад, намайг олж чадахгүй гэх хариу хэлсэн байдаг. Үндсэн зээлдэгч ажил хийгээд хөдөлмөр эрхлээд явж байна. Зээлийг *******ээр төлүүлэх хүсэлтэй байна. Үндсэн зээлдэгч амьд, ажил хөдөлмөр эрхлээд явж байна. Бид нарын хувьд хүнд байна. *******тэй 22-23 жил хамт ажилласан хүмүүс байдаг. ******* нь өрх толгойлсон эмэгтэй байсан. Манай цэцэрлэгийн бүх хүн *******ийн хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж байсан. *******наас авсан зээлээ хаагаад төрийн *******наас зээл авахад хамтран зээлдэгчээр Д.******* багш гарын үсэг зурсан байдаг. ******* манай эгчийн охин хуримаа хийх гээд мөнгөний хэрэг гараад хаан *******ин дээр зээл авах гэсэн над дээр зээл гарахгүй байна. ******* *******анд зээл гарах юм шиг байна. Хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөөч гэж гуйгаад Д.******* багшаар зуруулсан. 2018 оны 10 дугаар сард манай хүүхэд цусны өвчтэй эмчлүүлэх гэсэн мөнгө байдаггүй *******наас зээл авах гэсэн юм хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөөч гэж гуйхаар нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан. Зээл дээрээ нэмж 796,000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед ******* ******* *******анд зээлтэй байсан хүнд зээл олгосон. Банкнаас зээл авах гэхээр утасны төлбөр байсан ч тэрийгээ төлөөд зээлээ ав гэдэг. Тэгэхэд *******ийн *******ны 18,0 гаруй төгрөгийн зээлтэй байхад зээлийг нь гаргаж өгсөн. Банк өөрийн эрх ашгийг бодсон үйлдэл гаргасан. Тухайн үед хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь бид нарын буруу байх. Банкны ажилтан бид нарт эрсдэлийг тооцоолж хэлээгүй. ******* *******ны захирал хамтран зээлэх хүн байвал олоод ир. Хэн ч байсан болно гэж байна гээд бид нар дээр уйлаад ирдэг байсан. ******* эрх зүйн чадамжгүй болоогүй ажил хөдөлмөр эрхлээд амьдарч байна. Яагаад *******ийг олж зээлийг нь төлүүлэхгүй байгаа юм бэ?. Бид нар таарсан ч барьж авах эрх байхгүй. Банкны ажилчид үндсэн зээлдэгчээ олж, зээлээ төлүүлэх ёстой гэв.

Хариуцагч Д.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний тухайд нурууны суулттай. Эрүүл мэндийн хувьд асуудалтай. Сая эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирсэн. Удамшлын даралт ихтэй. Би энэ асуудлыг 2 сард мэдсэн. Өмнө нь мэдээгүй байсан. Тухайн үед хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь бид нарын буруу. *******ийн зээлээс нэг төгрөг ч авч хэрэглээгүй. Тухайн үед хамтран зээлдэгчээр зурсан нь үнэн. *******ийн 2 хүүхэд нь оюутан болж, төгсөөд ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байдаг. ******* нь худалдааны төвд ажил хийгээд явж байна гэсэн. Надаас илүү эрүүл саруул биетэй хүн ажил хөдөлмөр эрхлээд явж байна. *******ийн ах, дүү нар нь хүртэл энэ 3 хүнээр төлүүлчихье гэж бодож байна. ******* магадгүй 2 хүүхэд дээрээ очиж байгаа байх. ******* ******* хамгийн сүүлд хэзээ *******ийг эрэн сурвалжлуулж, тэнэмэл иргэн гэдгийг нь тогтоосон юм бэ?. Тэрнээс хойш хэдэн жил болж байгаа юм бэ?. ******* ******* өөрийнхөө ашиг сонирхлыг бодож, хялбарчилж, хамтран зээлдэгч нараар нь төлүүлэх гээд байна гэж бодож байна. Хамтран зээлдэгч байхгүй байсан бол та нар үндсэн зээлдэгчээ хаанаас хамаагүй олоод төлүүлэх байсан байх. Амьд сэрүүн Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эрхлээд явж байхад, үндсэн зээлдэгчийг олъё гэж бодохгүй хамтран зээлдэгч нараар нь төлүүлчихье гэж бодож байх шиг байна. Та нар ард иргэдийн төлөө үйлчлэх байгууллага байж, иргэн хүмүүсийг хохироож байна. Бид гурвын тухайд хохиролтой байна. Нэхэмжлэл гардаж авах, шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч авах зэрэг зардлууд гарч байна. Иргэн хүнийг хохироож байгаа ******* *******анд гомдолтой байна. Сувилалд хэвтэж байгаад эмчилгээ дутуу хийлгээд гарч ирсэн. Энэ асуудлаас болж даралт ихсэж байна. Эрүүл мэндийн хувьд хүндрэлтэй байна. Манай сумынхан бүгд мэддэг. Миний ээж 49 насандаа даралтаар харваж нас барсан. Муу талаас нь бодоход энэ асуудлаас болоод миний амь нас хохирох юм бол хэн хариуцах юм. Би амьдрал ахуйтай хүн. Малчны зээл, цалингийн зээлтэй хүн. *******ийн өмнөөс зээлийг нь төлөх боломж байхгүй. Өөрөө эрүүл мэндийн асуудалтай хүн. *******ийн зээлсэн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй. Хүнд 50,0 мянган төгрөг зүгээр өгөхөд хэцүү байхад 5,0 сая төгрөгийг зүгээр өгч чадахгүй, надад тийм боломж байхгүй. ******* *******ны ажилтан хамтран зээлдэгчээр гарын үсэг зурахад гарах эрсдэлийн талаар тайлбарлаж өгсөн бол би гарын үсэг зурахгүй байх байсан. ******* *******ны ажилтан энэ талаар тайлбарлаж хэлж байгаагүй. Зээлийн гэрээг сайн уншаагүй нь бид нарын буруу. ******* хамтран зээлдэгч болоод өгөөч гээд уйлаад гуйдаг байсан. Өрөвч нинжин сэтгэл гаргасныхаа төлөө бид нар хохирч байна. Ах дүү нар нь *******ийн авсан зээлийн үр шимийг нь хүртсэн. *******ийн хамтран зээлдэгч нараараа зээлээ төлүүлчихнэ гээд яриад явж байгаа байдал ёс зүйгүй санагдаж байна. Бид гуравт баярлалаа гэж хэлсэн өөрөөр нэг ч төгрөг бид нарт өгөөгүй. Бид гурав *******ээс нэг төгрөг ч аваагүй байж зээлийг нь яагаад төлөх ёстой юм бэ?. ******* ******* ашгийнхаа төлөө зээлээ гаргачхаад эцэст нь өөрсдийнхөө амар хялбарыг бодож, хамтран зээлдэгч нараар нь төлүүлчихье гэж байна. ******* *******ныхан ******* гэх үндсэн зээлдэгчээ олооч. Гомдолтой байна. Би жилд 1-2 удаа сувилалд хэвтдэг гэв.

Хариуцагч И.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гомдолтой байна. Төрөл садны холбоогүй хүмүүсээр хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан. Манай цэцэрлэгийн бүх хүмүүс *******ийн хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Хамтран зээлдэгч нарыг дуудна гэвэл манай цэцэрлэгийн бүх ажилтныг дуудах нь зүйтэй байх. Банк эрсдэлийн сангаасаа төлөх боломжтой гэсэн биз дээ гэв.

5. Нэхэмжлэгч талын давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* *******ны нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******, И.*******, Д.******* нарт холбогдох иргэний хэргийг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 179 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч нарын өмгөөлөгч уг шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр давж заалдах гомдол гаргасантай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэгдүгээрт, талуудын хооронд байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр, 10 дугаар сарын 25-ны өдөр, мөн 12 дугаар сарын 12-ны өдрийн тус тус зээлийн гэрээний үндсэн зээлдэгч *******ийг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлуулсан бөгөөд Цагдаагийн газрын тодорхойлолтоор ******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух тодорхой хаяггүй, тэнэмэл байдалтай амьдарч байгаа нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч төрийн ******* Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-д тус тус зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүргийн гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхийн дагуу хариуцагч Ц.*******, И.*******, Д.******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд ******* нь хариуцагч Ц.*******, И.*******, Д.******* нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Банк хуульд зааснаар гэрээний үүргээ хариуцагч нараас шаардах эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлэхийн тулд үндсэн зээлдэгчийн иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлуулах урьдчилсан нөхцөлийг хуулиар тогтоогоогүй. Хоёрдугаарт, зээлийн гэрээний 3.2.4-т заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг ******* зайлшгүй тогтоолгох шаардлагагүй бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т тус тус заасны дагуу хамтран зээлдэгч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан тул хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь ******* хуульд зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг аль ч үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд үндсэн зээлдэгчийн иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлуулах урьдчилсан нөхцөлийг хуулиар тогтоогоогүй. Гуравдугаарт, Ц.*******, И.*******, Д.******* нар нь маргаан бүхийн зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвартай 18 насанд хүрсэн этгээдүүд юм. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгч нарын эрх, үүргийг тухайлан заасан бөгөөд үндсэн зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээхээр байх тул зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. Хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан тайлбарт хариу өгье. Өмнөх зээлийн гэрээний үүрэг дууссан байсан гэж тайлбарлаж байна. Зээлдэгч анх байгуулсан зээлийн гэрээн дээр нэмж зээл авсан байдаг. Зээлийн гэрээний хугацаа дууссан байхад танайх нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна гэж байна. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон учраас ******* зээлээ нэхэмжлэх боломжгүй гэж байна. Зээлийн гэрээний 2.2.4-т зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаанд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэлх хугацаагаар хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн хувьд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж тусгасан. *******инд байсан зээлдэгчийн зээлийг хаалгаж, зээл олгосон талаар тайлбарлаж байна. Манайх хэрэглээний зээлүүд дээр тодорхой хэмжээний зээлүүдийг хаалгаад зээл олгох талаар журамд тусгасан. Хариуцагч Ц.******* өөр бусад *******инд утасны зээлтэй байхад тухайн зээлийг хаалгадаг биз дээ гэх тайлбарыг гаргаж байна. Тухайн зээлийг хаалгахгүй байх шалтгаан байдаг. Зээлдэгчийн өрхийн орлогын 60 хувиас хэтэрсэн тохиолдолд зээлдэгчийн өмнөх зээлийг хаалгадаг. Өрхийн орлогын 60 хувиас зээлийн хэмжээ хэтрэхгүй тохиолдолд хаалгахгүйгээр зээл олгож болдог. Манай цэцэрлэгийн бүх хүмүүс *******ийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан гэж байна. Зээлийн гэрээнүүдийг нотариатаар батлуулаад гэрээг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Манай *******инд *******ийн хамтран зээлдэгчээр Ц.*******, Д.*******, И.******* нар гарын үсэг зурсан байдаг. Өмнө нь бусад цэцэрлэгийн ажилчид хамтран зээлдэгчээр авч байсан байж магадгүй. Зээлийн төлбөр төлж дуусаагүй гэрээний хувь дээр эдгээр 3 хүн хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байна. Хариуцагч нар өөр өөрсдийнхөө зовлонг ярьж байна. Тухайн үед хариуцагч нар зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр зээл авахыг зөвшөөрч байна гэж гарын үсэг зурсан. ******* *******ны зүгээс хариуцагч нарыг албадан хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулаагүй. Эрсдэлийн сангаас зээлийг хаах боломжтой гэж байна. Эрсдэлийн сангаас зээл төлөхөд заавар, журам байдаг. Хамгийн сүүлд үндсэн зээлдэгчийн хаягийг хэзээ тогтоолгосон юм бэ? гэж байна. Үндсэн зээлдэгчийн хаягийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тогтоолгохоор шийдвэр гарч, Цагдаагийн газарт үндсэн зээлдэгчийн хаягийг тогтоож өгөх үүрэг болгосон. 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр үндсэн зээлдэгч *******ийг тэнэмэл байдлаар амьдарч буй баримтуудыг ирүүлсэн. Банкны зүгээс авах ёстой боломжит арга хэмжээг авч ажиллаж байгаа. Үндсэн зээлдэгчийг олчихоод албадан авч ирсэнгүй гэх тайлбарыг хариуцагч нарын зүгээс гаргаж байна. Албадан авчрах эрх иргэд та бүхэнд болон *******анд байхгүй. Энэ нь хуулийн байгууллагаар шийдвэрлэгддэг асуудал байгаа. Манайхаас шүүхэд үндсэн зээлдэгчийн хаягийг тогтоолгоод албадан авчруулахаар хүсэлт гаргасан. Иргэний хэрэгт иргэн хүнийг албадан авчирч болохгүй, эрүүгийн хэрэг үүсгэж байж албадан авчирна. Албадан авчрах боломж байхгүй гэдгийг хууль хяналтын байгууллагууд бид нарт хэлсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

******* *******ны Завхан салбараас Ц.*******, И.*******, Д.*******, Ч.******* нартай байгуулсан цалингийн зээлийн гэрээний дагуу хамтран зээлдэгч Ц.*******, И.*******, Д.******* нараас зээлийн гэрээний төлбөрт 16.743.613 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчид эс зөвшөөрчээ.

Хариуцагч Д.*******, И.*******, Ц.******* нар хариу татгалзалдаа ...Ч.*******ийг гуйгаад байхаар нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. зээлнээс огт авч хэрэглээгүй, Ч.******* нь нас бараагүй, эрх зүйн чадамжгүй болоогүй, тэрээр сураггүй алга болоогүй Улаанбаатар хотод байгаа учраас энэ хүнээр зээлийг төлүүлмээр байна. Бид нараас түүний хэрэглэсэн зээлийг төлүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* *******ны Завхан салбар нь 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдөр зээлдэгч Ч.*******тэй барьцаат зээлийн гэрээ байгуулж, 18.900.000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлдүүлсэн байх ба гэрээнд хамтран зээлдэгчээр Д.******* гарын үсэг зурсан байна.

Мөн ******* *******ны Завхан салбар нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлдэгч Ч.*******тэй барьцаат зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 18.327.000 төгрөг дээр нэмж 1000.000 төгрөг авч нийт 19.327.000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлсэн ба хамтран зээлдэгчээр И.******* гарын үсэг зурсан байна.

Мөн ******* *******ны Завхан салбар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлдэгч Ч.*******тэй барьцаат зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 19.208.000 төгрөг дээр нэмж 792.000 төгрөг авч нийт 20.000.000 төгрөгийг жилийн 16.80 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлсэн ба хамтран зээлдэгчээр Ц.******* гарын үсэг зурсан зэрэг үйл баримт тогтоогджээ.

Дээрх үйл баримтаас харахад зээлдүүлэгч ******* *******ны Завхан салбар нь зээлдэгч Ч.*******, Д.******* нартай, зээлдэгч Ч.*******, И.******* нартай, зээлдэгч Ч.*******, Ц.******* нартай тус бүр Барьцаат зээлийн гэрээ байгуулсан байна.

Анхан шатны шүүх зохигчдийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банкны зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж маргаантай харилцааг зөв тодорхойлжээ .

Хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд зээлдэгч нар нь өмнөх зээлийн төлбөр дуусаагүй байхад зээлийн хэмжээг нэмэгдүүлэн дахин зээл авснаар зээлийн төлбөр бүхэлдээ нэмэгдсэн нь хамтран зээлдэгч Ц.*******, И.*******, Д.******* нарт бүгдэд нь хамааралтай бөгөөд тэднийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, зээлдэгч нарын үүрэг тус бүр дуусгавар болоогүй байхад дахин зээлийн гэрээ байгуулж зээлийн хэмжээ бүхэлдээ нэмэгдсэн байх тул тэднийг хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж тодорхойлсон нь буруу биш байна.

Зээлдэгч Ч.******* нь зээлийн гэрээний дагуу зээлээ төлж байсан боловч гэрээний хугацаанд ажлаасаа гарч, эрхэлсэн тодорхой ажилгүй болж, оршин суух хаяггүй, тэнэмэл байдлаар амьдарч байгаа байдал нь хэрэгт авагдсан Цагдаагийн байгууллагын баримтаар тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242-т ...Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ. 243 дугаар зүйлийн 243.3-т ...Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна,

Барьцаат зээлийн гэрээний 3.3-т Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заажээ.

Хууль буюу гэрээнд зааснаас үзэхэд ******* *******ны Завхан салбар нь хамтран хариуцагч Ц.*******, И.*******, Д.******* нараас зээлийн гэрээний үүргийг шаардсаныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т... хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж,

Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13-т ...хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад этгээд нь үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хуваарилна гэж тус тус зааснаас үзэхэд анхан шатны шүүх ******* *******ны Завхан салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хамтран зээлдэгч нарт тэнцүү хэмжээгээр хуваарилсан нь үндэслэл бүхий байх бөгөөд Иргэний хуульд нийцсэн байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаас үзэхэд... үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсанд тооцогдсон... нөхцөлд үүрэг дуусгавар болохоор заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэдэг нь үүрэг гүйцэтгэгч нас барсан,сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүй болсон тохиолдолд түүний оролцоогүйгээр үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдлыг ойлгохоор байна.  

Хэрэгт авагдсан баримтуудаар дээрх тохиолдол үүсээгүй хэдий ч нэхэмжлэгч ******* ******* нь өөрийн үзэмжээр зээлийг хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хэн альнаас нь шаардах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл, Үүрэг гүйцэтгүүлэгчийн энэ эрх нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан нөхцөл байдал заавал үүссэн байхыг шаардахгүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хамтран зээлдэгч Ц.*******, И.*******, Д.******* нарт зээлийн гэрээний төлбөрийг тэнцүү хэмжээгээр хариуцуулсан нь Иргэний хуулийн хамтран үүрэг гүйцэтгэх зарчимд нийцсэн, Шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлүүдээр хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 140/ШШ2024/00179 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******, И.*******, Д.******* нарын өмгөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын өмгөөлөгч Б.*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,019 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.НАМХАЙДОРЖ