Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 234

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: Ц.Сүхбат;

шүүгдэгч: Л.Х, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лувсандоржийн Хэд  холбогдох эрүүгийн 1909000320075 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт .................................... оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ............. регистерийн дугаартай, Боржигон овогт Лувсандоржийн Х.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Л.Х нь 2018 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 3-4 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Санзай” амралтын газрын 1 давхарын зохион байгуулагчийн цонхыг түлхэн өрөөнд нь нэвтэрч, орлогын 375.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Х мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

     Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Болдбаатар /хх-ийн 24-25/, гэрч Ч.Ганзориг /хх-ийн 27-28/, гэрч О.Олзболд /хх-ийн 33-34/, гэрч С.Энхмандал /хх-ийн 39-40/ нарын мэдүүлэг, Л.Хийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-31, 46-47/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12/, хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх-ийн 14/, Л.Хийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56/, Л.Хийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 61-64/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Х нь 2018 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах “Санзай” амралтын газрын 1 давхарын зохион байгуулагчийн өрөөнд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар нэвтэрч орлогын 375.000 төгрөгийг нууцаар авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Д.Болдбаатарын /хх-ийн 24-25/: “...Л.Х нь ганцаараа өрөөний вакум цонхоор орж ирээд ширээний шургуулга дотроос эд зүйл аваад гарч байсан бичлэг байсан юм... Л.Х өөрөө өнөөдөр ирээд хулгай хийсэн талаараа хэлээд уучлал гуйгаад хулгай хийсэн 375.000 төгрөгийг буцаан өгсөн байгаа... Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ч.Ганзоригийн /хх-ийн 27-28/: “...Тэгээд шөнө 3-4 цагийн үед “бичиг баримтаа авна, явна” гээд надтай хэрүүл маргаан хийсэн. Би “одоо бичиг баримтыг чинь өгөхгүй, өглөө ав” гэж хэлээд өрөөнд нь оруулаад бичиг баримт болон орлогын 375.000 төгрөгийг Д.Болдбаатар ахын өрөөний ширээний шургуулгад хийгээд өрөөний хаалгыг түгжээд гарсан юм... Ойр орчмыг шалгаад яваад ирсэн чинь тэр хэд алга болсон байсан... Өглөө орлогын мөнгө төгрөгийг хүлээлгэж өгөх гэсэн чинь алга болсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

              гэрч О.Олзболдын /хх-ийн 33-34/: “...Би жижүүр ахтай гадаа тамхи татаад “миний бичиг баримтыг өгчих” гээд гуйж байхад Х алга болсон байсан. Жижүүр ахтай тамхи татаж дуусаад өрөө рүүгээ орсон чинь хэн ч байхгүй байсан болохоор буцаад гарахад Х миний хажуугаар гүйж гараад хоёр бичиг баримтаа авсан одоо явъя гэсэн...” гэх мэдүүлгээр,

 

Л.Хийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 29-31, 46-47/: “...Би ганцаараа гараад амралтын газрын баруун талын урагшаа харсан вакум цонхыг түлхэж ороод цагаан тавцантай саарал ширээний дээд талын шургуулга дотор байсан бэлэн 375.000 төгрөгийг... аваад гарсан... Харин бэлэн мөнгө, төгрөг хулгай хийж авсан талаараа хэлээгүй юм... Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би харамсаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх болно. Би найзынхаа иргэний үнэмлэхийг авах зорилгоор зохион байгуулагчийн өрөө рүү гадна талын цонхоор нь ороод ширээний дээд талын шүүгээнээс иргэний үнэмлэх авах гэсэн чинь бэлэн мөнгө байхаар нь аваад явсан юм...” гэх мэдүүлгээр болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны яьцад бэхжүллэн авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12/, хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх-ийн 14/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд “хохирогч албан өрөөнөөсөө эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч нь байгууллагын албан өрөөнд сэм нэвтрэн орж орлогын мөнгийг нь нууцаар, зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар авч явсныг, хулгайлсан мөнгөө буцаан өгсөн” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Амралтын газрын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй Л.Хийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Л.Хийн “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч Л.Х хулгайлсан мөнгөө биет байдлаар буцаан өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Л.Хэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх гэсэн санал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.

 

Л.Хийн бие, сэтгэцийн онцлог, ёс суртахуун зэргийг харгалзан үзвэл тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрсэн, үйлдлийнхээ учир холбогдлыг мэдэх хэмжээнд байсан байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин шүүгдэгч Л.Хэд хорих ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн (хулгайлсан эд зүйлээ буцаан өгсөн) нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, мөн  дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Хийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Л.Х урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Хэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Хэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ