Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 331

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

            улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч Б.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811017870333 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Алаг адуут овогт Б.Б, 1977 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, Догшин сүлд ХХК-д дэд захирал  ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уул 8 дугаар гудамж 22 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, 53-41 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .....................................................................

          Шүүгдэгч Базархүүгийн Батбаяр нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монтел” төвийн үүдэнд иргэн Ц.Мөнхбаяртай маргалдан улмаар унагааж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

          Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр эхнэр хүүхдийн хамт “Монтел” төвын үүдэнд явж байхад хохирогч болох Ц.Мөнхбаяр нь миний халаасыг ухаж намайг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь түүнийг түлхсэн, хохирогч дахин өндийж ирээд хувцаснаас зууралдаад байхаар нь дахин түлхэхэд цемент дээр баруун мөрөөрөө унасан юм. Тэгээд удалгүй цагдаа бид хоёрыг хэлтэс рүү дагуулж явсан. Тэрээр замдаа явж байхад ойчиж унасан гэж хэлсэн. Тус хэлтэсээс гарахад хохирогч надад орон гэр байхгүй урьд шөнө бороонд хоноод мөнгө төгрөггүй болохоор ийм зүйл хийчихлээ. Маш их даараад өлсөөд байна гэхээр нь хоолонд оруулаад 100.000 төгрөг өгөөд салсан. Гэтэл хоёр хоногийн дараа Цагдаагийн байгууллагаас дуудаад хохирогч болох Ц.Мөнхбаяр нь “Гэмтлийн эмнэлэг”-т түргэний машинтай хүргэгдэж ирсэн, түүний биед хүнд хохирол учирсан гэж хэлсэн. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. Тухайн үедээ өөрийгөө хянах чадвараа алдсан байсан. Хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогч Ц.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр архи уучихсан согтуу Монтел төвийн орчмоор явж байсан. Тэгээд тэр өдөр согтуу явж байгаад хүнтэй маргасан юм шиг байгаан юу болсоныг сайн санахгүй байх шиг байгаа юм би сайн санахгүй байна. Тэгээд хагалгаанд ороод гарсан ба Гэмтлийн эмнэлэгт хэд хоноод тэндээсээ гараад “Манал Оточ” хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Б.Б миний эмнэлэгт хэвтэж хагалгаа хийлгэсэн мөн дараа нь хувийн эмнэлэгт хэвтүүлж асаргаа, сувилгаа хийлгэсэн болон эм тарианы бүх зардлыг гаргасан. Надад мөн 3.000.000 төгрөгийг цаашид эм тариа авч хэрэглээрэй гэж өгсөн, одоо надад нэмж нэхэмжлэх зүйл байхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-28-32х/,

Гэрч Б.Батжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 17-ны 14 цагийн орчим байх “Мобишоп” дотор сууж байхад гадаа Тунгалаг хүүе Мөө ахыг нэг хүн зодоод чулуудаад хаячихлаа гээд орилоод байхаар нь гадаа үүд рүү очиход нэлээд олон хүн цугалчихсан Мөө ах зүүн хажуугаараа хажуу тийшээ хараад хэвтчихсэн шанаа, хөмсөг, хавиас нь болон хамар амнаас нь цус гарчихсан байдалтай хэвтэж байсан. Тэр үед цагдаагийн машин явж байхаар нь хэлсэн бөгөөд нөгөө зодсон гэх залуу дотроос гарч ирээд Мөө ахыг болон нөгөө залууг аваад явсан ” гэх мэдүүлэг /хх-35-36х/,

Шинжээч эмч Б.Ганзоригоос мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн гэмтлүүд нь нийтээрээ бол олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр, харин тархины гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархины гэмтэл нь толгой хэсэгт хүч үйлчлэх буюу цохих, цохигдох, унах, ойчих аль үед үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-49-50х/,

Яллагдагч  Б.Б мэдүүлэхдээ: “...тэгэхээр нь би эргэж хараад юу гээд байгаа юм бэ гэхэд хүрч ирээд гараараа нүүр ам руу түлхэх гээд дайраад байхаар нь би цааш нь түлхэхэд унасан ба эргэж босож ирээд над руу цохих гээд дайрахаар нь би барьж аваад чирээд гадаа үүдэн дээр очоод гадагш нь түлхчихээд буцаад орчихсон. Намайг гадагш нь түлхэхэд газар унаж байгаа л харагдсан...” гэх мэдүүлэг /хх-54-55х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №7847 тоот дүгнэлтэнд:

“1.Ц.Мөнхбаярын биед зүүн дух, зулай, чамархай, дагз, баруун дух, зулай, чамархайн хатуу хальс доорх цусан хураа, аалзан хальс доорх цус хуралт, баруун эгэмний хугарал, зулайн хуйх, баруун зовхи, мөр бугалга, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний гадна булан, зүүн хацар, хоёр мөр, тохой, баруун өвдөгт зулгаралт, зүүн шуу, баруун гуя, ташаа, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2018.6.21-ний өдрөөс 2-5 хоногийн өмнө байх боломжтой байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ /хх-48х/,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Базархүүгийн Батбаяр нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монтел” төвийн үүдэнд иргэн Ц.Мөнхбаяртай маргалдан улмаар унагааж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.