| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0170/Э |
| Дугаар | 167 |
| Огноо | 2019-02-18 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
улсын яллагч С.Эрдэнэтуяа,
шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт О.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725021172 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эх, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, бага тойруу гудамж 28 байр 8 тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 41 дүгээр байрны 209 тоотод түр тоотод оршин суудаг,
2016 оны 04 дүгээр сарын 29-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, О.Б, /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч О.Б нь 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 504 дүгээр байрны 1 давхарт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Хүнсний дэлгүүрт түлхүүр тааруулан 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэвтэрч, бэлэн мөнгө болон хүнсний бараа зэргийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний буюу 1.001.850 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв,
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр бүгдийг ярьсан. Би дэлгүүрийн хаалгыг хувилж авсан түлхүүрээрээ онгойлгож байсан. Би ганцаараа хулгай хийсэн. Надтай бүлэглэсэн хүн байхгүй. Миний хувилж авсан түлхүүрийг манай эмээ гаргаад хаясан би хаана хаясан талаар мэдэхгүй, тухай үед би өөрийн ажилладаг газраа ажиллахаа болиод ажилгүй болсон ба мөнгөний хэрэгцээ гарч эхэлсэн. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын эхээр Оюунгэрэлийн хамт ажилладаг дэлгүүр дээр нь байж байгаад Оюунгэрэл дэлгүүрээ түр хааж байгаад 00 орсон. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын эхээр Оюунгэрэлийн хамт ажилладаг дэлгүүр дээр нь байж байгаад Оюунгэрэл дэлгүүрээ түр хааж байгаад 00 орсон. ...Тэгээд буцаж дэлгүүрээ онгойлгохдоо надад түлхүүрээ өгөөд түлхүүрийг нь Оюунгэрэлд мэдэгдэлгүйгээр аваад Хангай үйлчилгээний төв рүү явчхаад ирье гэж хэлээд 11 дүгээр хороолол ороод түлхүүрийг нь хувилуулж авсан. Тэгээд буцаж Оюунгэрэл дээр очоод түлхүүрийг нь мэдэгдэхгүй байранд нь аваачиж тавьсан. Тэгээд маргааш орой нь Оюунгэрэлийг дэлгүүрээ хаагаад явсны дараа хувилж авсан түлхүүрээрээ дэлгүүр рүү ороод касс дээрээс нь бэлэн мөнгө аваад гарсан. Тэгээд хэд хэдэн удаа оройн цагаар дэлгүүр хаасны дараа ийм аргаар орж бэлэн мөнгө авсан харин 2 удаа торонд эд зүйлийн хийгээд авч гарсан нийтдээ 6 удаа уг дэлгүүр рүү оршин шиг санагдаж байна…” гэсэн мэдүүлэг /хх-75, 145-146/,
Хохирогч Д.Оюунгэрэлийн “2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 504 дүгээр байрны 1 давхарт байрлах Баянбулаг хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилд орсон. Тэгээд намайг ажилдаа орсноос хойш Бундаа миний ажилладаг дэлгүүрт өдөр бүр орж ирээд надтай хамт юм яриад суудаг байсан. Тэгээд орж ирээд надтай юм яриад суухаар нь би заримдаа бие засахдаа мөнгөтэй кассын хажууд ганцааранг нь үлдээхгүйн тулд хамт дагуулж нойлын өрөө рүү явдаг байсан. Миний ажилладаг дэлгүүрийн түлхүүрийг хувилж авсан байсныг мэдээгүй, ...Туяа гэдэг эгч рүү залгаад хэлсэн чинь хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр дэлгүүрийн камер шүүсэн чинь надтай ирж уулзаад байдаг Бундаа гэх эмэгтэй уг өдрийн 06 цаг 50 минутад орж ирж байгаа бичлэг байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, ...Анх мэдүүлэг өгөхөд баримтаа сайн нягтлаагүй байсан болохоор 958.061 төгрөгийн хохирол учирсан гэж мэдүүлсэн. Харин дараагаар хэрэгт гаргаж өгсөн баримтад байгаа 950.000 төгрөгийн хохирол үнэн зөв. Бундаа хохирлын мөнгө гэж 700.000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл хохирол төлбөрөө барагдуулж авбал ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-64-65, 137-138/,
Гэрч С.Одонтуяагийн “...Эхний удаад харж байхад кассаас ирээд мөнгө аваад байсан. ...Тэгээд камерыг дахин ухраагаад үзээд байсан чинь бас дахин торон дотор эд зүйлс хийгээд авч гарч байгаа нь бичигдсэн байсан. Тэгээд бид нар тэр бичлэгийг сидинд буулгаад авчирч өгөхөөр болсон бас барааны тооцог хийж алдагдсан барааны тооцоог гаргаж өгөх болно...” гэсэн мэдүүлэг /хх-21-22/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8/, эд зүйлийн үнэлгээ /хх-23/, хохирлын мөнгө төлсөн баримтууд /хх-22-23/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-165/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-164/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-169/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-171-172/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч О.Б нь 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 504 дүгээр байрны 1 давхарт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Хүнсний дэлгүүрт түлхүүр тааруулан 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэвтэрч, бэлэн мөнгө болон хүнсний бараа зэргийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний буюу 1.001.850 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Д.Оюунгэрэл мэдүүлэг, гэрч С.Одонтуяа, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч О.Бгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч О.Бгийн энэхүү үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, прокуророос түүний дээрх үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв хэдий боловч прокуророос шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж хууль буцаан хэрэглэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамласан буруу байх тул зөвтгөж 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгох нь зүйтэй.
Ийнхүү зөвтгөн залруулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ноцтой нөлөөлөхгүй болно.
Шүүгдэгч О.Бгийн бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон тул түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч О.Бгийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид 1.001.850 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул О.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Бгийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин түүний үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн, түүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.
Шүүгдэгч О.Б нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн 5 сартай Б.Ананд гэж хүүтэй болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул шүүх шүүгдэгч О.Бд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой байна.
Мөн түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.Бг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар О.Бгийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн флаш диск 1 ширхгийг хэрэгт үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, О.Бд урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Бд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР