Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 5362

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй  болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжпэгч: Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Аман хуур хороолол 33в-23 тоотод байрлах “Ресурс Минком” ХХК-ийн /РД:5427452/нэхэмжпэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав 101 тоотод байрлах “Ди Жи Эф Эм” ХХК-д /РД:5579376/холбогдох

7,050,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Т.Саруул, хариуцагч “Ди Жи Эф Эм” ХХК-ийн захирал Э.Довчин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  “Ресурс Минком” ХХК нь шүүхэд гаргасан                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “ Манай компани нь “Ди Жи Эф Эм” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Үйлдвэрийн талбайд хаягдал байршуулах зураг төсөл хийх гэрээ байгуулсан болно. Ингээд гэрээ ёсоор 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Ажил хүлээлгэн өгөх хугацааг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэж тохиролцсон байдаг. Гэрээний хэрэгжилтийн явцад буюу 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ди Жи Эф ХХК-иас “...гэрээний хугацааг 2016 оны 01 сарын 22 хүртэл сунгаж өгнө үү ...” гэсэн хүсэлтийг бид хүлээн авсан юм. Мөн дээрх хугацаанд Ди Жи Эф Эм ХХК гэрээгээр тохиролцсон ажлаа гүйцэтгэж чадаагүйн дээр 2016 оны 02 сарын 24-ний өдөр албан бичгээр гэрээгээ цуцалж “..гэрээний төлбөрийн дүнд дэвсгэр зургаа хүлээлгэн өгөх хүсэлтэй байна” гэсэн мэдээллийг бидэнд өгөв. Бид гэрээ байгуулахдаа Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэрт байрлах баяжуулах үйлдвэрийн талбайд технологийн хаягдал түр байршуулахад зориулж далангийн геодизи байршлын дэвсгэр зураг хийх, мөн хаягдал түр байршуулах талбайн газар шорооны ажлын зураг төслийг хийж боловсруулж, гүйцэтгэгч нь улсын экспертизээр оруулж баталсан төслийг захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон болохоос биш дэвсгэр зураг гаргах ажил хийлгүүлнэ гэж тохиролцоогүй. Уг ажлыг дангаар нь хүлээж авах боломжгүй. “Ди Жи Эф Эм”ХХК-ийг бид үүргээ гүйцэтгэх хугацаа сунгах хүсэлт гаргахад нь хүсэлтийг бидэнд хохиролтой байсан хэдий ч хүлээж авсан. Харин гэрээнд заасан ажлын үр дүнгээ зохих ёсоор бидэнд хүлээлгэж өгөөгүй байж гэрээгээ цуцалж гэрээний төлбөрөө тооцуулна гэж байгаа явдал нь бидний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймд “Ди Жи Эф Эм” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн туо гэрээгээ цуцалж гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дах хэсгийг тус тус үндэслэн урьдчилгаа төлбөр болох 1.500.000 төгрөг, 1.000.000 төгрөг, алдангид 105.000 төгрөг нийт 2605000 төгрөг, 2016 оны 07 сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 4,445,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн, нийт 7,050,000 төгрөгийг “Ди Жи Эф Эм”ХХК-иас гаргуулж өгнө үү.” гэв

Хариуцагч “Ди Жи Эф Эм” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Ресурс Минком” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 22-ын өдөр 25/12 дугаартай гэрээ байгуулсан ба гэрээгээр тохиролцсон ажилд Хэнтий аймаг, Батноров сумын нутаг дэвсгэрт байрлах баяжуулах үйлдвэрийн талбайд технологийн хаягдал түр байршуулахад зориулж далангийн геодезийн байр зүйн дэвсгэр зураглал хийх, хаягдал түр байршуулах талбайн газар шорооны ажлын зураг төслийг хийж боловсруулж улсын экспертизээр батлуулах талаар тохирч эхний ээлжийн зураг болох геодезийн байр зүйн дэвсгэр зураглалыг хийж ирсэн ба дараагийн ээлжийн зургуудыг хийхэд шаардлагатай ажлын даалгаврууд материалуудыг одоо болтол бүрэн хүлээлгэж өгөөгүй тул нэхэмжлэлийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн эхний ээлжийн ажлыг хийхэд 2 талдаа нийт 1000 орчим километр явж газар дээр нь 10 гаруй га газарт байр зүйн зураглал хийж ирсэн одоог болтол ажлын даалгавар болон ажлын даалгаврын иж бүрдэл болох инженер хайгуулын судалгаа, дүгнэлт гэх мэт материалууд байхгүй учраас зураг төслийг үргэлжлүүлэх, мөн экспертиз буюу магадлангаар оруулах үндэслэлгүй болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ресурс минком” ХХК нь хариуцагч ”Ди Жи Эф Эм” ХХК-д холбогдуулан 7,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигчид эвлэрч нэхэмжлэгч 7,050,000 төгрөг нэхэмжилсэнээс 4,050,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ”Ди Жи Эф Эм” ХХК нь үлдэх 3,000,000 төгрөгийн 2,400,000 төгрөгийг бэлнээр төлөхөөр, 600,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

              Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж ”Ди Жи Эф Эм” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ресурс минком” ХХК нь 7,050,000 төгрөг нэхэмжилсэнээс 4,050,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ”Ди Жи Эф Эм” ХХК нь үлдэх 3,000,000 төгрөгийн 2,400,000 төгрөгийг бэлнээр төлөхөөр, 600,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, “Ди Жи Эф Эм” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,700 төгрөгийн 71,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 71,350 төгрөгийг, хариуцагч “Ди Жи Эф Эм” ХХК-иас 71,350 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ресурс минком”  ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                            Д.ЦЭРЭНДОЛГОР