Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/01230

 

 

 

 

 

 

 

 

2024 06 10 210/МА2024/01230

 

 

Д.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/01799 дүгээр шийдвэртэй,

 

Д.Оийн нэхэмжлэлтэй,

Нт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ур, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бл, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалаар Д.Оээс 44,587,972.00 төгрөг гаргуулж ... ХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Нар нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулж Д.Оийн өмчлөлийн ... дугаарт бүртгэлтэй ... тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны үнийн талаар талууд тохиролцоогүй тул шинжээч томилсон.

Гэтэл ... ХХК нь тус орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна. Яг манай байранд байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд 250-300 сая төгрөгийн үнэтэй байхад ... ХХК-ийн хөндлөнгийн үнэлгээгээр манай орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 2 өрөө орон сууцыг 1 өрөө орон сууц худалдаж авч хүрэхгүй үнээр үнэлсэнд гомдолтой байгаа учир тухайн үнэлгээг хүчингүй болгох хүсэлтэй байна. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг үл хөдлөх хөрөнгө дуудлага худалдаагаар 50-70 хувийн үнэлгээгээр худалддаг гэж сонссон, өөрсдөө хөрөнгийг үнэгүйдүүлэхгүй гэж энэ үнэлгээг гаргасан гэж үзэхээр байна. Иймд, хөрөнгийн үнэлгээний ... ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01593 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1207 тоот магадлалаар Д.Оээс 43,860,519.00 төгрөг гаргуулж ... ХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Д.Од шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Оийн өмчлөлийн эрхийн улсын ... тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 23260054/04 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн.

Төлбөр төлөг нь тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 23260054/06 дугаартай тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 11/425 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг ... ХХК-иар тогтоолгоход 102,976,477.00 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдсан ..." ХХК-ийн үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01593 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагч Д.Оээс, 43,860,519.00 төгрөгийг гаргуулж ... ХК-нд олгуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Д.О нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Нраас удаа дараа шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулж шаардлагатай ажиллагааг явуулж барьцаа хөрөнгө болох Д.Оийн өмчлөлийн ... тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж үнийн санал авсан.

Талуудын гаргасан үнийн санал харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч М.Г нь хөндлөнгийн шинжээчээр ... ХХК-нийн шинжээч томилж зах зээлийн үнэлгээг тогтооход 102,976,477.00 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4-228/24336 тоот албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Д.О нь хэдий өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн харах өнцгөөр үнэлж байгаа ч энэ нь зах зээлийн үнээс хэт өндрөөр үнэлсэн гэж үзэж байна. Үүнээс үүдэн хуулийн дагуу хийгдэж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширснаар төлбөр авагчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байгаа тул Д.Оийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай ,хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/01799 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Д.Оээс 44,587,972.00 төгрөг гаргуулан ... ХК-нд олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрийн дагуу Д.Оийн өмчлөлийн ... тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг талуудын гаргасан үнэлгээ тохиролцоогүй тул шинжээч томилсон.

Гэтэл ... ХХК нь дээрх үл хөдлөхийг үнэлэхдээ зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий багаар буюу 102,976,477.00 төгрөгөөр үнэлсэн учир миний бие шүүхэд хандсан. Би, шүүх хуралд өмгөөлөгч авна, хуралд оролцуулах хүсэлтэй байсан ч өмгөөлөгчид хурал давхардсан тул хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргахад шүүх хүсэлтийг минь үл ойшоож шүүх хурал хийсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч талаас дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрсөн тул бид дахин өөр үнэлгээний газраар үнэлгээ хийлгэсэн байсан. Уг баримт өмгөөлөгчид байсан талаар ярихад огт авч хэлэлцээгүй, өмгөөлөлөөр хангах эрхгүй болсон. Манай орон сууц нь 2 өрөө бөгөөд хотын төвд байрладаг байрыг маань 1 өрөө орон сууцны үнээр үнэлсэнд туйлын гомдолтой байна. Иймд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.03-ны 101/ШШ2024/01799 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, уг шүүх хуралд өмгөөлөгч оролцуулах эрхийг минь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь .......шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагч талыг дэмжид оролцсон болно.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2022/01593 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 201/МА2022/01207 тоот магадлалаар Д.Оээс 43,860,519.00 төгрөгийг гаргуулж ... ХК-нд олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ... тоот хаягт байрлах ... тоот улсын бүртгэлийн дугаартай 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нарт даалгасан байна /х.х-ийн 30-48/.

 

4. Хариуцагч Нар нь дээрх шүүхийн шийдвэр, магадлал болон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 02699 тоот гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, улмаар тухайн барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр битүүмжилж, мөн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хураан авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ /х.х-ийн 50-60/.

 

5. Хариуцагч Нар нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар санал ирүүлэх тухай мэдэгдлийг танилцуулж, тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дэх хэсэгт нийцсэн /х.х-ийн 61-63, 65/.

 

Улмаар анхан шатны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийн үнэлгээний талаар тохироогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11/425 тоот тогтоолоор ... ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин И.Золзаяаг шинжээчээр томилсон нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй /х.х-ийн 67/.

 

Хөрөнгийн үнэлгээний ... ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин И.Золзаяагийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тайланд дурдсанаар төлбөр төлөгч Д.Оийн өмчлөлийн ... тоот хаягт байрлах орон сууцыг 102,976,744.00 төгрөгөөр үнэлсэн байх ба тус тайланд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо ижил төрлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулж тогтоосон байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна /х.х-ийн 73-92/.

 

6. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6.1. Нэхэмжлэгч Д.О нь төлбөр төлөгч этгээд болохын хувьд барьцаа хөрөнгийн үнийг 68,000,000.00 төгрөгөөс их буюу 320,000,000.00 төгрөгийн үнэтэй гэж маргаж буй тохиолдолд үүнийг нотлох үүрэг хүлээх бөгөөд анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

6.2. Хэрэгт авагдсан баримтаар тус хэргийг хянан хэлэлцэхээр товлосон 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өвчтэй гэсэн эмнэлгийн магадлагааг үндэслэн хойшлуулж улмаар 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр товлосон хэдий ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч мөн шүүх хуралдааныг хойшлуулжээ. Үүний дараа 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Тгийн хүсэлтийг үндэслэн хойшлуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг 21 хоногийн хугацаагаар хойшлуулж, талуудад 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Үүнээс үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэтгэлцэх, эрх, үүргээ хэрэгжүүлэх болон хууль зүйн туслалцаа авах эрхийг хангасан байх тул хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.

 

7. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалданы шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/01799 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

 

Б.МАНДАЛБАЯР