Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 193

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,                             

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Могойт овогт Ч-н Бд холбогдох эрүүгийн 1909000330087 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, “Мөнгөн хөлөг” авто засвын газарт засварчин ажилтай, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 34-453 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЭС 86091434 / Могойт овогт Ч-н Б нь:

 

- 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайтын задгай тоотоос С.Гантөмөрийн эзэмшиж байсан, өмчлөгч С.Нэмэхбаярын 63-90 УНЗ улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Гантөмөр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр намайг манай дүү Нэмэхбаяр өөрийнхөө автомашиныг засвараас очиж аваад намайг иртэл унаж байгаарай гээд үлдээгээд хөдөө ажилдаа явсан юм. Би 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр автомашиныг нь унаж байгаад найз Ч.Болдсайхантай уулзаад цуг буудалд архи ууж байгаад маргааш өглөө нь 09 цагийн үед Болдсайханы найз эмэгтэйгийн гэрт очиж архи уугаад 13 цагийн үед би тасраад унтсан байсан юм. Тэгээд орой 23 цагийн үед ээж дүү хоёр ирээд намайг сэрээгээд машин тэрэг мөргөлдсөн байна гэж хэлсэн. Манай дүүгийн машиныг Болдсайхан авч гараад автомашин мөргөж зугтаагаад дүүгийн автомашиныг цуг байсан айлынхаа гадаа орхиод явсан байсан. Надаас уг машиныг авч явах талаар ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Манай  дүү  С.Нэмэхбаяр нь Лхагважаргал гэх хүний хохирол болох 300.000 төгрөгийг барагдуулсан мөн өөрийнхөө машиныг янзлуулсан байгаа. Надад бол ямар нэгэн хохирол учраагүй гэжээ. / хх 12-17 /

 

Иргэний нэхэмжлэгч С.Нэмэхбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: …Би 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн 63-90 УНЗ улсын дугаартай Тоёота королла маркийн машиныг вьетнам засварын газарт өгөөд өөрийн ах С.Гантөмөрт машиныг засвараас гарахаар нь аваад ойр зууртаа унаж бай гээд түлхүүрээ үлдээгээд Дорноговь аймгийн Даланжаргалан сум руу явсан юм Тэгтэл 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед “Сүхбаатар дүүргийн замын цагдаагаас ярьж байна. Чиний машин осол гаргасан байна” гэсэн. Тэгэхээр нь ах С.Гантөмөр рүү залгатал утас нь холбогдох боломжгүй байсан. Намайг ахыгаа олж ир гэсэн. Би 18 цагийн үед Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас хөлсний машинд сууж явсаар 22 цагийн орчимд Улаанбаатар хотод ирээд ээжийнд очиж ах С.Гантөмөрийг Болдсайхан гэж хүнтэй цуг явж байгаа талаар мэдсэн. Тэгээд С.Гантөмөр ахыг хайгаад олоход Гантөмөр ах нэг айлынд унтаж байсан бөгөөд хэн миний машиныг унаж явсан талаар асуухад мэдэхгүй байсан. Тэр айлын эмэгтэй миний машины түлхүүрийг надад өгсөн. Миний автомашиныг Болдсайхан гэх залуу унаж яваад машин мөргөсөн байсан бөгөөд замын цагдаа дээр очиж уулзахад нэг эмэгтэй байсан манай ахыг энэ хүн биш байна гэсэн. Миний автомашиныг журмын хашаа руу хийх гээд байхаар нь би газар дээр нь 300.000 төгрөгийг төлж барагдуулан өөрийнхөө машиныг аваад гэртээ харьсан юм. Миний машиныг зөвшөөрөлгүй унаж яваад хүний машин мөргөж 300.000 төгрөгийн хохирол учруулсан. Миний машиныг мөн гэмтээж 562.000 төгрөгийн хохирол учруулсан. Би өөрийн машины хохирол болон Лхагважаргал гэх эмэгтэйн хохирлыг барагдуулсан тул Болдсайханаас нэхэмжилж байна гэжээ. / хх 19-22 /

 

Гэрч П.Лхагважаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 буудлаас хойш Дамбадаржаа руу эргэдэг пост уруудаж явж байхад 63-90 УНЗ улсын дугаартай автомашин миний унаж явсан машиныг мөргөж зугтаасан. Тэгээд маргааш нь замын цагдаагийн газар очиж уулзахад миний машиныг мөргөж зугтаасан хүн олдоогүй байсан. Автомашины эзэн С.Нэмэхбаяр гэх залуу миний машины хохирол болох 300.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо миний машины хохиролыг барагдуулсан болохоор надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / хх 23-24/

 

Хохирол төлж барагдуулсан баримт / хх 11 /

 

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / хх 9 /

 

Ашид билгүүн ХХК-ий үнэлгээ / хх 30-31 /

 

Шүүгдэгч Ч.Болдсайханыг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 39-45 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 57 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн гэв.

 

Шүүгдэгч Ч.Бнь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайтын задгай тоотоос С.Гантөмөрийн эзэмшиж байсан, өмчлөгч С.Нэмэхбаярын 63-90 УНЗ улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Манай дүүгийн машиныг Болдсайхан авч гараад автомашин мөргөж зугтаагаад дүүгийн автомашиныг цуг байсан айлынхаа гадаа орхиод явсан. Надаас уг машиныг авч явах талаар ямар нэгэн зөвшөөрөл аваагүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С.Гантөмөрийн мэдүүлэг / хх 12-17 /, ...Өөрийн эзэмшлийн 63-90 УНЗ улсын дугаартай Тоёота королла маркийн машиныг өөрийн ах С.Гантөмөрт ойр зууртаа унаж бай гээд түлхүүрээ үлдээсэн. Миний машиныг зөвшөөрөлгүй унаж яваад хүний машин мөргөж 300.000 төгрөгийн хохирол, машиныг гэмтээж 562.000 төгрөгийн хохирол учруулсан. Би өөрийн машины хохирол болон Лхагважаргал гэх эмэгтэйн хохирлыг барагдуулсан тул Болдсайханаас нэхэмжилж байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч С.Нэмэхбаярын мэдүүлэг / хх 19-22 /, ... Дамбадаржаа руу эргэдэг пост уруудаад явж байхад 63-90 УНЗ улсын дугаартай автомашин явсан машиныг мөргөж зугтаасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч П.Лхагважаргалын мэдүүлэг / хх 23-24 /, ...Хохирол төлж барагдуулсан баримт / хх 11 /, ...Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / хх 9 /, ...Ашид билгүүн ХХК-ий үнэлгээ / хх 30-31 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Болдсайханыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ч.Бнь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг нөхөн төлж, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Бнь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Ч.Б-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                                 

1. Шүүгдэгч Могойт овогт Ч-н Быг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Ч-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ч.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Бнь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ