Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 320

 

Л.Дт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1939 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 85 дугаар тогтоолтой, Дт холбогдох хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Ламжав /Лхамжав/ овогтой Д, 1939 оны байдлаар 48 настай, Завхан аймгийн Жавхлант сумын 10 дугаар багийн харьяат, эрэгтэй, Д нь “...Ё хамба нарын хувьсгалын эсэргүү байгууллагаас салбарлаж, Завхан аймгийн Яруугийн хүрээнд байгуулагдсан лам нарын эсэргүү бүлгэмд “анги” хэмээх аграмба Чүлтэмд 1936 онд элсэгдэн орж, эсэргүү даалгаврыг биелүүлэхээр зүйл бүрийн худал цуурхлуудыг тарааж, ард олныг санаа сэтгэлийг алдагдуулан засаг төрийг устгаж, хуучны феодалын засгийг дахин байгуулахыг маш идэвхтэйгээр оролдож байсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1939 оны 07 дугаар сарын 03-ны өдөр таслан шийтгэсэн 85 дугаар тогтоолоор Дыг 1934 оны Шүүх цаазын бичгийн 43 дугаар зүйлийг баримтлан 10 жил, мөн бичгийн 46 дугаар зүйлийг баримтлан 8 жил хорих ялаар тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт 10 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлтдээ: “Дотоод явдлын яамны Завхан аймаг дахь хэлтсийн төлөөлөгч Гомбын 1939 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлөвлөсөн ялын төлөвлөгөөнд: “Д нь хувьсгалт нам, засаг төрийг өөрчлөх зорилготой Зүүн хүрээний Ё хамба Л нарын шууд удирдлагаар Яруугийн хүрээнд байгуулагдсан бүлгэмийн удирдагч “анги” хэмээх аграмба лам Чүлтэмд элсэгдэж, ард түмнийг засаг төрд эсэргүү хандуулах зорилготой янз бүрийн хорт цуурхлуудыг тараахаар идэвхтэй ажиллаж байсан. Үүнд: Гал хулгана жилд ардын засаг, төр устаж, Банчин богд халх монголд залран ирж, бурхан, шашныг дахин дэлгэрүүлэх тухай номд заасан байна. Энэ төрийн үед жас жавд хүнд албан татвар оноож, лам хувраггүй болгож, үхэхийн цагтаа хонхны дуугүй буюу мааньгүй, сүнсгүй үхүүлэхэд хүргэж байна гэх зэргийн цуурхлуудыг тарааж байсан. Эл хэргийн гавж лам Дын үйлдсэн гэмт хэрэг нь Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 43, 46 дугаар зүйлүүдэд холбогдох тул ялын төлөвлөгөөний хамтаар аймгийн хууль хамгаалах прокурорт шилжүүлж, улмаар таслан шийтгүүлэх саналыг төлөвлөв” гэжээ.

Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1939 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 85 дугаар тогтоолоор: Энэ хэргийн лам Дын бие бол үүний урьд илэрч устгагдсан Ё хамба нарын хувьсгалын эсэргүү байгууллагаас салбарлаж, тус аймгийн Яруугийн хүрээнд байгуулагдсан лам нарын эсэргүү бүлгэмд аграмба Чүлтэмд 1936 онд элсэгдэн орж, эсэргүү даалгаврыг биелүүлэхээр зүйл бүрийн худал цуурхлуудыг тарааж, ард олныг санаа сэтгэлийг алдагдуулан засаг төрийг устгаж, хуучны феодалын засгийг дахин байгуулахыг маш идэвхтэйгээр оролдож байсан этгээд тул хууль ёсоор ял оноох нь:

Завхан аймгийн Жавхлант сумын 10 дугаар баг, Ламжав овогтой, 48 настай, Дын биеийг Шүүх цаазын бичгийн 43 дугаар зүйлийг баримтлан 10 жил, мөн бичгийн 46 дугаар зүйлийг баримтлан 8 жилээр хорьж шийтгэх, хууль ёсоор хөнгөн ялыг хүнд зүйлд нь багтааж, 43 дугаар зүйлээр оногдуулсан 10 жилийн хорих ялыг эдлүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн байна.

Хянавал: Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1939 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 85 дугаар тогтоолоор Дт 1934 оны Шүүх цаазын бичгийн 43, 46 дугаар зүйлүүдэд зааснаар 10 жил хорих ялаар хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.Дыг элссэн гэх “Ё хамба Ц.Л нараар удирдуулсан лам нарын “төв” хэмээх хувьсгалын эсэргүү байгууллага байгаагүй, зохиомол хэрэг болохыг Улсын дээд шүүхийн 1990 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 7 дугаар тогтоолоор тогтоож, тэдний хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан.

2.Дын хэрэгт түүнийг Чүлтэм аграмба эсэргүү байгууллагад элсүүлсэн гэх өөрийнх нь мэдүүлгээс өөр баримт байхгүй байна.

3.Дын үйлдсэн гэх цуурхал тараасан эсэргүү гэмт хэргийн санаа зорилго, хэргийн улмаас ард иргэд, тухайн нийгэмд хор хохирол учирсныг тогтоолгүй, тухайн үед ард нийтийн дунд байнга яригддаг байсан “ардын засаг, төр устаж, Банчин богд халх монголд залран ирж, бурхан, шашныг дахин дэлгэрүүлэх тухай номд заасан байна. Энэ төрийн үед жас жавд хүнд албан татвар оноож, лам хувраггүй болгож, үхэхийн цагтаа хонхны дуугүй буюу мааньгүй, сүнсгүй үхүүлэхэд хүргэж байна” гэх зэргийн цуурхлуудыг тараасан баримт байхгүй байхад улс төрийн хэрэгт зориудаар буруутгаж, хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт /Гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн/ заасан шинээр илэрсэн нөхцөл байдал болж байна.

Иймд Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1939 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 85 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Завхан аймгийн Жавхлант сумын харьяат, Лхамжавын Дыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл /4.1. Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүнд хамаарна/, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын дүгнэлт бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн Дт холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тухайн хэргийн нотлогдсон байдал, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж үзэв.                                                                                                        

Дт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1939 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 85 дугаартай тогтоол болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг харьцуулан судалж үзэхэд тухайн үед түүний элсэн орсон гэх Ё хамба нарын хувьсгалын эсэргүү байгууллага байгаагүй, зохиомол хэрэг болохыг Улсын дээд шүүхийн 1990 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 7 дугаар тогтоолоор тогтоож, Ё хамба, Ц.Л нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэснээс гадна түүнийг Ё хамба нарын хувьсгалын эсэргүү байгууллагаас салбарлаж, тус аймгийн Яруугийн хүрээнд байгуулагдсан лам нарын эсэргүү бүлгэмд “анги” хэмээх аграмба Чүлтэмд 1936 онд элсэгдэн орж, эсэргүү даалгаврыг биелүүлэхээр зүйл бүрийн худал цуурхлуудыг тарааж, ард олныг санаа сэтгэлийг алдагдуулан засаг төрийг устгаж, хуучны феодалын засгийг дахин байгуулахыг маш идэвхтэйгээр оролдож байсныг хөдөлбөргүй тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Дыг улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн гэж үзэв.

Түүнчлэн Дын гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлсэн 1934 оны Шүүх цаазын бичгийн 43, 46 дугаар зүйл нь Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн б-д заасан /Шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1934 оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн/ үндэслэлд хамаарч байна.

Иймд Завхан аймгийн Жавхлант сумын харьяат Дыг улс төрийн хэрэгт хилсээр шийтгүүлж, хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар прокурорын бичсэн дүгнэлтийг хангаж, Дт 1934 оны Шүүх цаазын бичгийн 43, 46 дугаар зүйлд зааснаар нийт 10 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн Завхан аймгийн шүүхийн 1939 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 85 дугаартай тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Гэм буруугүй хүнд ... ял оногдуулахад хүргэсэн ... нөхцөл байдал илэрсэн” үндэслэлээр хүчингүй болгож, Дт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дт 1934 оны Шүүх цаазын бичгийн 43 дугаар зүйлд зааснаар нийт 10 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1939 оны 07 дугаар сарын 03-ны өдөр таслан шийтгэсэн 85 дугаар тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Дыг цагаатгасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

           ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

    С.БАТДЭЛГЭР 

    Б.БАТЦЭРЭН

    Б.ЦОГТ