Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 07

 

            Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

             Нэхэмжлэгч: Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 5-27 тоотод оршин суух Ойдовын Алтайхүүгийн нэхэмжлэлтэй,  

            Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал, тус Хурлын тооллогын комисст холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал тоолсон дүнгийн тухай” тооллогын комиссын 03 дугаар тогтоол, “Багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай” 07 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралдааныг дахин хуралдуулж, Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дахин явуулахыг 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Алтайхүү, түүний өмгөөлөгч В.Давааням, хариуцагч Т.Энхтөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Энхтуяа, хариуцагч Э.Батдэлгэр,  гуравдагч этгээд  Х.Мөнхзул, өмгөөлөгч  Ч.Эрдэнэбат, Ө.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ойдовын Алтайхүү шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн  Нийтийн  2  дугаар  хуралдааныг, 2017 оны 02 дугаар сарын 19-нд хийхээр товлосон юм. Уг хуралдаанаар тус багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох болон Засаг даргыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн юм.

            Хэрлэн сумын 4 дүгээр баг нь нийт 4506 иргэнтэй, 1909 өрхтэйгөөс уг хуралдаанд нийт 428 иргэн хүрэлцэн ирж Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд бүртгэлийн программаар шалган бүртгэж, тоолж оруулсан.

            Ийнхүү ирц хангалттай байсан тул хуралдаан явагдаж багийн иргэдийн Нийтийн Хурлын төлөөлөгчид даргыг сонгож, багийн Засаг даргыг сонгох ажиллагаанд Багийн Засаг даргад О.Алтайхүү миний бие Х.Мөнхзул нар нэр дэвшсэнээс О.Алтайхүү миний бие 251 санал, Х.Мөнхзул 229 хүний санал авсан.

            Тооллогын комиссын 9 тоологч дүнгээ нэгтгэж жагсаахад тоологч Цэлмэгийн дүнгээр О.Алтайхүү 17, Х.Мөнхзул 45, тоологч Дэлгэрмаагийн дүнгээр Алтайхүү 18, Мөнхзул 79, тоологч Одмаагийн дүнгээр Алтайхүү 22, Мөнхзул 15, тоологч Билгүүнзаяагийн дүнгээр Алтайхүү 30, Мөнхзул 26, тоологч Булганы дүнгээр Алтайхүү 11, Мөнхзул 13, тоологч Хишигийн дүнгээр Алтайхүү 51, Мөнхзул 18, тоологч Азтүвшингийн дүнгээр Алтайхүү 30, Мөнхзул 6, тоологч Байгалсайханы дүнгээр Алтайхүү 30, Мөнхзул 12, тоологч Хандсүрэнгийн дүнгээр Алтайхүү 42, Мөнхзул 15 хүний санал авсан гэсэн дүнг нэгтгэж тооллогын комиссын даргад хүлээлгэн өгсөн юм. Энэхүү саналуудыг нэгтгэн тоолбол Алтайхүү 251 санал, Мөнхзул 229 санал авсан байсан.

            Гэтэл тооллогын комиссын дарга буруу тоолж нэгтгэн, 229 хүний санал авсан Мөнхзулыг 279 санал авсан гэж үзэн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх “Санал тоолсон дүнгийн тухай” Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын хурлын 03 дугаар тогтоолыг гаргасан байна.

           Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал тоолсон дүнгийн тухай тооллогын комиссын 03 дугаар тогтоол, Багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай 07 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралдааныг дахин хуралдуулж, Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дахин явуулахыг 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж өгнө үү гэв.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын  2017 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн  хуралдаанд  Хэрлэн сумын  4 дүгээр багийн Засаг даргад  нэр дэвшүүлсэн  санал тоолсон дүнгийн тухай багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын 03 дугаар тогтоол, Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан 07 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулж, Засаг даргад нэр дэвшүүлэх  ажиллагааг дахин явуулахыг даалгах шаардлага гаргасан. Анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг өөрчилсөн нь хууль зөрчөөгүй юм. Хэрлэн сумын 4 дүгээр баг нь 4506 иргэнтэй үүнээс 428 иргэн хүрэлцэн ирсэн гэсэн байхад санал авсан тоо нь О.Алтайхүү нь 251 санал, Х.Мөнхзул нь 229 санал авсан талаар нэхэмжлэлдээ бичсэн байгаа. Засаг даргад нэр дэвшсэн Х.Мөнхзул нь 279 санал авснаар бодоход санал өгсөн иргэний тоо нь зөрөөтэй байгаа юм. Ер нь багийн Засаг даргад хэн ч нэрээ дэвшүүлэх эрхтэй. Ч.Эрдэнэбат өмгөөлөгч нь нэхэмжлэгчийг Тооллогын комиссын тогтоол болон Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна. Тэгэхээр бусад тогтоол нь хүчинтэй гэж үзэх үү гэж байна. Нэхэмжлэгч О.Алтайхүү нь багийн Засаг даргад нэрээ дэвшүүлсэн учир зөвхөн өөрт хамааралтай хэсэгт нэхэмжлэл гаргах эрхтэй. Харин нэхэмжлэлийн шаардлагын тухайд Хэрлэн сумын Засаг даргад нэр дэвшиж олонхийн санал авсан О.Алтайхүүг багийн Засаг даргад томилуулахаар Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөрд уламжлахыг багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах гэснийг өөрчилж, Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн нийтийн Хурлыг дахин хуралдуулж, Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дахин явуулах гэж өөрчилсөн байгаа юм.  Нэхэмжлэгч нь эрх ашиг нь хөндөгдсөн эрхийн акт болох багийн иргэдийн нийтийн хурлын Тооллогын комисс болон Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоолд холбогдуулж нэхэмжлэл гаргаж байгаа болно гэв.

           Хариуцагч Т.Энхтөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие О.Алтайхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагт Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралдаан болоход Засаг даргад нэр дэвшигч О.Алтайхүү нь МАН-ын гишүүдийг хурлын заал руу оруулах ажилд хэт анхаарлаа хандуулан улайрч хуралдааныг эхлүүлэхгүй байсан бөгөөд баахан хүмүүс оруулж ирсэн байсан.

            Гэсэн хэдий ч хуучин ИНХ-ын дарга Ж.Гантулгын зүгээс багийн иргэдийн Нийтийн Хуралд ирсэн хүмүүсийг хүндэтгэж хуралдааныг цааш үргэлжлүүлж, Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын шинэ даргыг сонгосон бөгөөд уг хуралдаанаар Төмөрбаатарын Энхтөр миний биеийг сонгосон юм. Шинэ хурлын даргаар сонгогдсоны дараа Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгосон бөгөөд 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр миний бие Т.Энхтөр болон үүн дээр нэмэгдэж Э.Гантулга, Г.Энхээ, М.Цоггэрэл, О.Алтайхүү нар сонгогдсон болно.

           Дараа нь багийн Засаг даргад Ардчилсан намаас Х.Мөнхзул, Монгол Ардын намаас О.Алтайхүү нар нэр дэвшиж О.Алтайхүү 251 хүний санал, Х.Мөнхзул нь 279 хүний санал авсан тул 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал тоолсон дүнгийн тухай Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын 03 дугаар тогтоол, Багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 07 дугаар тогтоолууд нь хууль зүйн үндэслэлтэй тогтоол гарсан гэж үзэж байна.

           Иймд О.Алтайхүүгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 03, 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ. Багийн иргэдийн нийтийн Хурлаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудал орж багийн иргэд саналаа өгсний дагуу тооллогын комиссын дүнг үндэслээд багийн иргэдийн нийтийн Хурлын 03, 07 дугаар тогтоол гаргасан. Тухайн үед илүү саналыг Х.Мөнхзул авсан гэсэн дүн мэдээ гарсан. Тооллогын комиссын тогтоолыг үндэслэж Багийн иргэдийн нийтийн Хурлын тогтоолыг гаргасан. Хэрлэн сумын  4 дүгээр багийн ажлын албаныхан 400 гаруй иргэнийг бүртгэж оруулсан, хоёр хүний нэрийг гараар бичиж нэмсэн баримт байна. Тооллогын комисс тэмдэглэл хөтлөөгүй будлиулсан зүйл байхгүй. Тооллогын комиссын дүнгээр О.Алтайхүү 251, Мөнхзул 279 санал авсан байсныг уг тооллогын комиссын тогтоолын дагуу  279 хүний санал авсан Тооллогын комиссын тогтоол гарсны дагуу Хурлын дарга Т.Энхтөр баталгаажуулсан. Х.Мөнхзул нь хамгийн их 279 хүний саналын тоогоор  Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай”  07 дугаар тогтоол гаргасан нь хууль зөрчөөгүй байна гэв.

           Хариуцагч Э.Батдэлгэр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Алтайхүүгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагт Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралдаан товлосон өдрөө эхэлсэн. Миний бие уг хуралдаанаар багийн нийт иргэдийн саналаар тооллогын комиссын даргаар томилогдсон. Үүний дараа ИНХ-ын шинэ даргыг сонгох сонгууль болж иргэн Т.Энхтөр, Ц.Сүхбаатар нар нэр дэвшиж Т.Энхтөр 249 хүний саналаар Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын шинэ даргаар сонгогдож цааш хуралдааныг удирдах болсон.

           Дараа нь багийн Засаг даргад нэр дэвшигч О.Алтайхүү, Х.Мөнхзул нар нэр дэвшиж, О.Алтайхүү 251 хүний санал, Х.Мөнхзул 279 хүний санал авсан тул 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал тоолсон дүнгийн тухай” тооллогын комиссын 03 дугаар тогтоолыг гарган баталгаажуулсан болно. Тухайн үед  тооллогын комиссын дүнг тэр даруй өгсөн. О.Алтайхүү нь 4 дүгээр багийн иргэдийн сонголтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаад гайхаж байна. Тухайн үед санал тоолсон дүнг нэгтгээд шууд танилцуулж өгсөн.

           Нэхэмжлэгч О.Алтайхүү нь нэхэмжлэл гаргахдаа тоологч Одмаагийн тоолсон эгнээний дүнг буруу ташаа ойлгож Х.Мөнхзулд 65 хүн санал өгсөн байсныг 15 хүн өгсөн гэж буруу бичсэн байна гэж иргэд нийтийн сонголтыг үндэслэлгүйгээр гүтгэж байгаа О.Алтайхүүгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           Гуравдагч этгээд Х.Мөнхзул шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Алтайхүүгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

           Учир нь 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагт Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралдаан болсон. Хуралдаанд анхны ирцээр 429 иргэн бүртгэгдсэн. Хурал цагтаа эхлэхгүй иргэдийн бухимдлыг маш ихээр хүргэж байсан. Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралдаан болоход Засаг даргад нэр дэвшигч О.Алтайхүү нь хурлын заалны хаалга барьсан хойно ч хүн оруулах гээд л гүйгээд байсан. Хурлыг будлиантуулах зүйл хийх гээд бүх анхаарлаа тэрэнд зориулсан байсан. Яагаад гэвэл 2012 оны Засаг даргын сонгуульд манай багийн иргэд биш өөр багийн баахан согтуу залуучууд авчирч хурлын зааланд оруулж ирж байсан, тэр л арга барилаараа хурлыг үймүүлэх санаа зорилго агуулж байсан. Иргэд хурлаа эхлүүлэх талаар анхааруулж байсан ч огт тоохгүй байгаад л байсан, ядаад ИНХ-ын дарга Ж.Гантулга О.Алтайхүүд сануулж хэлснээр хуралд оролцогчдын гарын үсэгтэй хуудсыг авчирч өгснөөр хурал эхэлсэн.  Би хууль бус зүйл болоод байгааг мэдсэн ч хэл ам, хэрүүл хийгээгүй. Сонгох эрхийг багийн иргэддээ нээлттэй байлгахыг л хүссэн.

          Тухайн үед тооллогын комиссын даргыг заалнаас сонгосон. Тооллогын комиссын даргыг О.Алтайхүүгийн эгч барьж идэх шахам дэргэд нь буюу яг хажууд нь /индэр дээр/ харж зогсож тоог цуг нэмж байсан. Хэзээ хойно нь О.Алтайхүү ноорог цаасан дээр тэмдэглэсэн зүйлийг бариад шүүхдэж байгаад би үнэхээр хэлэх үг алга байна. Тухайн үед тоологч нар мөн биш, мөн биш гэж хэлээд олон дахин хуулуулж бичиж байсан. Сүүлд нь алгын чинээ тасархай цаас олчихоод бүхэл бүтэн иргэдийн сонголтыг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

           Тэр үед Ц.Сүхбаатар нь өөрсдийн 20 гаран ажилчдыг /манай багийн иргэд биш/ санал өгүүлэхээр оруулж ирснийг манай багийн иргэд надад хэлэхэд нь би зүгээр л орхи гэж хэлж байсан. Багийн иргэдийн нийтийн Хурал нь эмх замбараагүй болсон. Мөн 9-р багийн Засаг дарга Энхтуяа нөхрийн хамт болон багийн зохион байгуулагч Доржсүрэн, нийгмийн ажилтан Бадамханд гээд олон тооны манай багийн иргэд биш хүмүүс оролцож О.Алтайхүүд санал өгч байсан. Ингээд хуралдаанд оролцсон нийт иргэдийн 251 хүн О.Алтайхүүд , 279 хүн нь надад санал өгсөн.

           2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал тоолсон дүнгийн тухай” тооллогын комиссын 03 дугаар тогтоол, багийн Засаг даргад томилуулахаар санал болгох тухай Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 07 дугаар тогтоолуудыг хууль зүйн үндэслэлтэй тогтоол гарсан гэж үзэж байна. Тооллогын комиссын дарга нь тооллогын комиссын гишүүдийн дүнг нэгтгэж, тогтоол гаргасан юм. Багийн Засаг даргын Тооллогын комисс тоог бага зэрэг алдсан байж болох юм гэхдээ эцсийн дүн нь нэг л гарч байна гэж үзсэн.

           Иймд нэхэмжлэлийн шаардлага нь нийт сонгогчдын олонхийн санал авсан Х.Мөнхзул миний эрх ашгийг хамгаалж, О.Алтайхүүгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           Өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа яагаад өөрчлөх болов. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал тоолсон дүнгийн тухай болон Багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Тэгэхээр бусад тогтоолуудыг хүчинтэй гэж үзэж байна уу. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргасан шаардлагын дагуу  хариу тайлбарыг 7 хоногийн дотор гэж шүүхээс хугацаа зааж өгсөн, хариуцагч хариу тайлбар өгөөгүй байхад хуралдааныг явуулж байгаа зэрэг нь процессийн алдаа юм. Тооллогын комиссын шийдвэр нь хамтын шийдвэр шүү дээ. Нэхэмжлэгчийн шаардлага болох хуралдааны 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгоно гэвэл  Хурлын шийдвэр бүхэлдээ хүчингүй болгоно гэсэн үг, дахиад хуралдах болбол хэдэн хүн ч нэрээ дэвшүүлж болно шүү дээ. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж шүүх хуралдаанаа хийлгэмээр байна. Тэгэхээр багийн иргэдийн нийтийн Хурлын 1-7 хүртэлх гаргасан бүх шийдвэрүүдийг хүчингүй болгоно гэсэн үг үү ойлгомжгүй байна гэв.

           Өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар иргэдийн төлөөллийн саналаар 4506 хүнээс хуралд ирсэн хүний тоо 428, 430 гээд яригдаад байгаа юм. Мөн жилийн жилд МАН-аас багийн хуралд бүртгэлгүй хүмүүсийг оруулдаг. Хурлын дэгд давхардсан тоогоор гар өргөж болох эсэхийг оруулж өгсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлага 03, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох шаардлага гаргасан байгаа, бусад тогтоолуудыг нь хүчинтэй байна гэж үзэж байна гэж ойлгож байна. Багийн Засаг даргад олонхийн буюу 279 хүний санал авсан Х.Мөнхзулыг багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлэн өөрчилсөн шаардлагыг хүчингүй болгох үндэслэлтэй гэв.

            Гэрч Э.Одмаа шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: Миний тоолсноор О.Алтайхүү 22, Х.Мөнхзул 65 хүний санал авсан. Тоолсон тоогоо тооллогын комиссын дарга Э.Батдэлгэрт аваачиж өгсөн.О.Алтайхүү нь 65 хүний санал авсныг 15 хүний санал авсан гэж хэлснийг мэдэхгүй байна. …Тухайн үед маргаан гарч саналыг хүлээн зөвшөөрөхгүй байсан тооллогын комиссын гишүүд нь гарын үсэг зураагүй гэж бодож байна гэжээ.

            Гэрч Ж.Байгальсайхан шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: Багийн иргэдийн Хуралд 400 гаруй иргэн ирсэн гэж хэлснээс яг нарийн хэдэн хүн ирсэн гэдгийг хэлээгүй. Миний тоолсноор О.Алтайхүү 30, Х.Мөнхзул 12 хүний санал авсан. Тоолсон дүнгээ тооллогын комиссын дарга Э.Батдэлгэрт өгсөн. ... тэр үед ямар ч гарын үсэг зуруулна гэж хэлээгүй зурах ч нөхцөл байгаагүй. Тэмдэглэл ч хөтлөөгүй, Т.Энхтөр бүх баримтуудаа аваад зугтаагаад гарсан гэжээ.

            Гэрч Д.Дэлгэрмаа шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: Багийн хуралд яг хэдэн хүн ирснийг мэдэхгүй, 500 гаруй хүн ирсэн гэж сонссон. Миний тоолсноор О.Алтайхүү 18, Х.Мөнхзул 79 хүний санал авсан. ...16 цаг өнгөрч байхад хурал тарсан,18 цагийн үед гэртээ байж байхад гарын үсэг ирж зуруулсан гэжээ.

            Гэрч О.Булган шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: Багийн хуралд 400 гаруй иргэн ирсэн гэж сонссон. Яг нарийн хэдэн хүн ирснийг мэдэхгүй. Хурлын даргыг сонгоод зарим хүмүүс гарч явсан. Хурлын дарга Т.Энхтөр 370-д хүн үлдсэн байна гэж хэлсэн.   ... Тооллогын комиссын дарга эхлээд О.Алтайхүүгийн саналыг нэгтгээд  251 хүний санал авсан гэж зарлахад зааланд 370-аад хүн байсан гэж бодоход ялсан гэж бодсон. Гэтэл Мөнхзулын саналыг нэгтгэж 279 хүний санал авсан гэсэн. Ингээд 2 саналыг нэмээд үзэхэд 530 хүн санал өгснөөр гарсан. 530 хүн зааланд байгаагүй гэжээ.

           Гэрч Д.Азтүвшин шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: Миний тоолсноор О.Алтайхүү 30, Х.Мөнхзул 6 хүний санал авсан....иргэд хурлын явцад маш их бухимдсан. Т.Энхтөр надад хамаагүй, Тооллогын комиссын дарга чинь ийм дүн гаргасан гээд зугтаагаад гарсан гэжээ.

             Гэрч Г.Билгүүнзаяа шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: Хурлын дарга Гантулга хуралд 420-иод иргэн ирсэн гэж хэлсэн, яг хэдэн хүн ирснийг мэдэхгүй. Миний тоолсноор О.Алтайхүү 30, Мөнхзул 26 хүний санал авсан. Тухайн үед амаар тогтоол гарсан, бичгээр гарах боломж байгаагүй. Хурал зодоон цохион болоод тарсан, 18 цагийн үед Ардчилсан намын байранд ирж тогтоолд гарын үсгээ зурсан гэжээ.

            Гэрч Ц.Хандсүрэн шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: ...миний тоолсноор О.Алтайхүү 42, Х.Мөнхзул 15 хүний санал авсан ....дүнг амаар танидцуулаад бужигнаад л  эхэлсэн. ...надаар гарын үсэг зуруулна гэж хэлээгүй, би ч зурдаг гэж мэдээгүй гэжээ.

            Гэрч Ц.Цэлмэг шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: Би эхний 3 эгнээг тоолсон, миний тоолсноор О.Алтайхүү 17, Х.Мөнхзул 45 хүний санал авсан.Тухайн үед амаар тогтоол гаргасан, компьютер, принтер байгаагүй, тухайн өдрийн оройхон Ардчилсан намын байранд ирж, тогтоолд гарын үсгээ зурсан гэжээ.

            Гэрч Ц.Хишигдэлгэр шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: Яг хэдэн хүн ирснийг мэдэхгүй, 350-400 орчим хүн байсан байх. Миний тоолсноор О.Алтайхүү 51, Х.Мөнхзул 18 хүний санал авсан байсан. ...Хурал үнэхээр замбараагүй болсон, хашгичсан, загнасан байдалтай байсан. Тооллогын комиссын гишүүд бүгд байж байгаад дүнгээ гаргах байтал бид нарыг ойртуулахгүй цаашаа гэж түлхээд Э.Батдэлгэр ганцаараа дүнгээ нэгтгэж гарсан. Тэгэхдээ тоог будлиулсан. О.Алтайхүү 251, Х.Мөнхзул 229 хүний санал  авсан байхад 279  гэж  50 хүний санал нэмж хэлэхэд багийн иргэд маш ихээр бухимдаж Энхтөрийг бүчиж аваад замбараагүй байдал үүссэн гэжээ.

            Гэрч Б.Пүрэвбат шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид хуралд ирсэн иргэдийн иргэний үнэмлэхийг шалгаж, тус багийн иргэн мөн бол гарын үсэг зуруулаад оруулж байсан.   ...Хурал ямар ч зохион байгуулалтгүй болсон, тэмдэглэл хөтөлсөн зүйл байхгүй, нарийн бичиг байгаагүй.Тийм болохоор тус Хурлыг хүчингүй гэж бодож байна гэжээ.

            Гэрч Ю.Дашням шүүхэд гаргасан тайлбартаа: Тус хуралд олон хүн цугларсан. Хурлын даргыг сонгохоос эхдээд л будлиантаж эхэлсэн. Багийн иргэд бүгд мэдэж байгаа, тооллогын комиссын дарга нь тоогоо будлиулсан. Луйвар боллоо гээд хурлаа орхиод гарсан хүмүүсийг ирээгүйд тооцно гэж хэлж байсан гэжээ.

            Гэрч Д.Мянганбаяр шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: ...Хурал удирдаж байсан Т.Энхтөр тоогоо наанаасаа хэл гээд хэлүүлж байсан. ...тоогоо хэлсний дараа Т.Энхтөр тооллогын комиссын даргад цаасан дээр нэг юм бичээд өгч байсан. Би үүнийг ямар нэг хэлбэрээр нөлөөлсөн гэж үзсэн. Тооллогын комиссын дарга тоогоо уншиж танилцуулахад, санал өгсөн хүний тоо анх ирсэн хүний тооноос их болсон. Тэгэхэд иргэд та нар улайм цайм луйвар хийж байна гээд бүгд босоод ирсэн. Багийн Засаг даргаа баталгаажуулаагүй, бөөн үймээн бужигнаан болоод л тарсан гэжээ.

            Гэрч  В.Амартүвшин шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: Хэрлэн сумын Тамгын газраас 5 хүнийг 4 дүгээр багийн хуралд ажиллуулахаар хуваарилсан. Хуралд ирсэн хүмүүсийг “Хүн ам, өрхийн мэдээллийн сан” гэдэг программаас тус багийн хүмүүсийн овог, нэр, регистрийн дугаартай бүртгэл гаргаж, ирсэн хүмүүсийг бүртгэж оруулсан. ...бүртгэлээр 431 хүн ирсэн, ... 493 хүн ирээгүй, гэтэд яагаад 530 санал өгснөөр гарсныг гайхаж байна. …Тогтоолоо иргэдээрээ батлуулаагүй, их замбараагүй хурал болсон гэжээ.

            Гэрч Т.Эрдэнэсайхан шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: Хэрлэн сумын Тамгын газраас 5 хүнийг 4 дүгээр багийн хуралд ажиллуулахаар хуваарилсан. Хуралд ирсэн хүмүүсийг “Хүн ам, өрхийн мэдээллийн сан” гэдэг программаас тус багийн хүмүүсийн овог, нэр, регистрийн дугаартай бүртгэл гаргаж, ирсэн хүмүүсийг бүртгэж оруулсан. Нийт 428 иргэн хуралд ирсэн. …бүртгэж дуусаад Амартүвшин бүртгэлээ Алтайхүү даргад өгсөн гэжээ.

            Гэрч Р.Доржсүрэн шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: Хуралд 428-430-аад хүн ирсэн. Бүртгэсэн хүмүүс өөрсдийн бүртгэсэн хүмүүсийн тоог Амартүвшинд өгсөн. Хүснэгтийн дор бичигдсэн 2 хүний хувьд ..... дээрхи программд бүртгэлгүй байсан. Гэхдээ манай багийн үндсэн иргэн мөн юм. Хурал тарсны дараа ...Т.Болд танай багийн Хурал маш зохион байгуулалтгүй замбараагүй боллоо гэж хэлж байсан. Хурал тарсны дараа Алтайхүү даргыг дэмжсэн хүмүүс үлдээд зурагт дуудна гэж байсан ч Алтайхүү дарга өнөөдөр бүтэн сайн өдөр учир зурагт ажиллахгүй байна гэж хэлээд хүмүүсийг тарааж байсан гэжээ.

             Гэрч Т.Болд шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: ...Хуралд яг хэдэн хүн ирснийг мэдэхгүй. Хурал эхлэхэд Хурлын дэг дараалалаа баталсан зүйл байхгүй. Хуучин Хурлын дарга Хурлаа даргалж болно гэхдээ хуралдааныхаа дэгийг Хурал өөрөө иргэдээрээ батлуулах ёстой байсан ч батлуулаагүй. Тэгээд Тооллогын комиссоо байгуулсан. Сондгой тоотой байгуулах байсан ч хоёр талаас нь тав таван  хүний нэр гаргаж, 10 хүний тоотой байгуулсан. Тооллогын комисс дотроо ярилцаад даргаа томилох ёстой байсан. Гэтэл Хурлын дарга Тооллогын комиссын даргыг томилсон. Үүнийг процессийн алдаа гэж үзэж байна.  ...Засаг даргад 2 хүн нэр дэвшсэн. Санал тооллого дээрхийн адил явагдсан. Миний ажигласнаар Алтайхүүд иргэдийн олонхи нь санал өгсөн. Хэн сонгогдох нь хамаагүй хамгийн гол нь үнэн зөв тоолоод хуулийн дагуу сонгогдох ёстой байсан. Тооллогын комиссын дарга тоогоо хэлэх гээд хэлж өгөхгүй удаад байсан. Тэгж байгаад дүнгээ хэлэхдээ Алтайхүү хоёр зуун тавин хэд, Мөнхзул хоёр зуун далан хэдэн хүний санал авсан гэсэн тоо хэлсэн. Хурлын дарга Х.Мөнхзул Засаг даргаар сонгогдлоо гээд Хурлын тогтоол батлуулаагүй. Хуралд оролцсон иргэд дүнг сонсоод л Хурлын даргыг чи хурлаа удирдаж чадсангүй. Хурал үймүүллээ гээд бөөн үймээн болсон гэжээ.

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч нь “Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын  2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн  “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал тоолсон дүнгийн тухай” тооллогын комиссын 03 дугаар тогтоол, “Багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай”  07 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшиж, олонхийн санал авсан О.Алтайхүүг багийн Засаг даргад томилуулахаар, Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөрд уламжлахыг багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад даалгах[1] нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох, Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшиж, олонхийн санал авсан О.Алтайхүүг багийн Засаг даргад томилуулахаар, Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөрд  уламжлахыг иргэдийн Нийтийн Хурлын даргад даалгах” гэснийг Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралдааныг дахин хуралдуулж,  Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дахин явуулахыг, тус багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах”[2] шаардлага бүхий болгон өөрчилсөн болно.

           Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Маргаан бүхий захиргааны акт болох Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын  2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн  “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал тоолсон дүнгийн тухай” тооллогын комиссын 03, “Багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай”  07 дугаар тогтоолуудыг[3] тус тус хүчингүй болгуулах ... гэжээ.

            Нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшиж, О.Алтайхүү 251, Х.Мөнхзул 229 санал тус тус авсан байхад, нэр дэвшигч Х.Мөнхзулыг 279 саналаар тооцон ... 03 дугаар тогтоол гарган, багийн Засаг даргад томилуулахаар санал болгосон нь хууль бус гэж маргажээ.

           2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаар, тус багийн Засаг даргад О.Алтайхүү, Х.Мөнхзул нарын нэрийг дэвшүүлж, нэр дэвшигч О.Алтайхүү нь 251 санал буюу 47.3 хувь, Х.Мөнхзул нь 279 санал буюу 52.7 хувийн санал авсан байна.

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т  Баг хорооны Засаг даргад,  ...тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ...нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд, уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, ...50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” заасны дагуу 52.7 хувийн санал авсан нэр дэвшигч Х.Мөнхзулын нэрийг, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, саналыг сум, дүүргийн Засаг даргад уламжлах” заасны дагуу, Хэрлэн сумын Засаг даргад томилуулахаар уламжилсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоол зэргээр нотлогддог.

            Нэхэмжлэгч нь нэр дэвшиж олонхийн санал авсан Х.Мөнхзулын саналын тоо зөрүүтэй байгаа ба тус баг нь 1909 өрхтэй, 4506 иргэнтэй, хуралдаанд 428 иргэн хүрэлцэн ирсэн, нэр дэвшигч Х.Мөнхзул нь 279 санал аваагүй 229 санал авсан талаар маргаж байгаа ба хариуцагч Тооллогын комисс нь ... тухайн үед иргэдийн саналыг нэгтгэхэд нэр дэвшигч О.Алтайхүү 251,  Х.Мөнхзул 279 санал авсан байсныг шууд ...Хурлын даргад танилцуулан өгсөн талаар тайлбарлаж байгаа болно.

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох “Хүн ам, өрхийн бүртгэлийн мэдээллийн сан”-гийн нэрийн жагсаалтаас харахад 431 иргэдийн бүртгэлийг, нэр дэвшигч  О.Алтайхүү  251, Х.Мөнхзул 279 саналын тоотой харьцуулахад ,санал өгсөн иргэдийн тоо 251+279 нийлбэр 530,  251+229  нийлбэр нь  480 иргэний саналын тоо харагдаж байгаа ба Тооллогын комиссын баримтаас үзэхэд О.Алтайхүү нь 17+18+22+30+11+51+30+30+42 нийт 251 санал, Х.Мөнхзул нь 45+79+65+26+13+18+6+12+15 нийт 279 саналын дүн гарсан байна.[4]

             Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан саналын тоог сийрүүлвэл: О.Алтайхүү 17+18+22+30+11+51+30+30+42 нийт 251 санал, Х.Мөнхзул 45+79+15+26+13+18+6+12+15  нийт  229   саналын тооцооллыг,[5] Тооллогын комиссын санал тоолсон дүнтэй харьцуулахад  нэг тоологч дээр 50 саналын тооны зөрүү гарч байгаатай холбогдуулж, тооллогын комисст орж ажилласан тоологчийг гэрчээр асуусан боловч “өөрийн тоолсон дүнгээ зөрүүгүй талаар мэдүүлж” байгаа болно. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт, 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж хуульчилжээ. Түүнчлэн тус багийн иргэдийн Нийтийн Хуралд ирж оролцсон иргэдийн саналын тоог бүртгэлийн системд бүртгэгдсэн 431 хүний гарын үсэг бүхий баримттай харьцуулж үзэхэд, 251+229 нийт 480 иргэн, 251+279 нийт 530 иргэний санал гарч байгаа нь 2 нэр дэвшигчийн саналын тоо хоёулаа илт зөрүүтэй байгаа нь тогтоогдож байна. Мөн тухайн өдрийн багийн иргэдийн нийтийн Хурлын тэмдэглэлээс[6] харахад 429 иргэн, гэрч В.Амартүвшингийн ... “Хүн ам, өрхийн мэдээллийн сан” гэдэг программаас тус багийн хүмүүсийн овог, нэр, регистрийн дугаартай бүртгэл гаргаж, ирсэн хүмүүсийг бүртгэж оруулсан. ... бүртгэлээр 431 хүн ирсэн, 493 хүн ирээгүй, ...530 санал өгснөөр гарсныг гайхаж байна  гэсэн мэдүүлэг[7], бусад гэрчүүдийн санал өгсөн хүний тоог 428, 430, 431, 400, 370, 493 орчим гэх зэрэг зөрөөтэй мэдүүлсэн[8] байгаагаас гадна, гуравдагч этгээд нь ...багийн иргэдийн Нийтийн Хуралд ойролцоогоор 30 гаруй гадны хүн оролцож гар өргөж байсан, эмх замбараагүй байсан гэх тайлбар зэргээс үзэхэд, тус хуралдаанд ... багийн хэдэн өрхийн төлөөлөл болох хичнээн иргэн оролцсон болох нь тодорхой бус байгаа бөгөөд хуралд оролцож санал өгсөн иргэдийн тоо нь нэр дэвшигчдийн авсан саналын тооноос илт зөрүүтэй байсан болох нь хэргийн оролцогчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т, … багийн иргэдийн Нийтийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага мөн” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д  ...нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах, үйл ажиллагаандаа ардчилсан, шударга ёс эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг баримтлах талаар хуульчилсан.  

            Гэтэл тус багийн иргэдийн Нийтийн хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх сонгуулийн ажиллагаа нь эмх замбараагүй, зохион байгуулалттгүй, хууль зөрчиж хуралдсан талаар ...Тооллогын комисс байгуулах зохион байгуулалтад процессийн алдаанууд байсан, Хурлын тогтоол батлуулаагүй, хуралд оролцсон иргэд дүнг сонсоод л ...Хурлын даргыг чи хурлаа удирдаж чадсангүй. Хурал үймүүллээ гээд бөөн үймээн болсон, ...санал өгсөн тоо нь хуралд оролцсон хүний тооноос их болсон, ...зохион байгуулалт эмх замбараагүй, хашгирч бахирч дургүйцлээ илэрхийлсэн, ... луйвар болсон, ... бусад багийн иргэд оролцож санал давхардуулж өгсөн талаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд тус багийн иргэдийн Нийтийн Хурал үйл ажиллагаандаа дээрх зарчмыг хэрэгжүүлж чадаагүй байна.

           Иймд Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комиссын 03 дугаар тогтоол, “Багийн Засаг даргад томилуулахаар санал болгох тухай” 07 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, тус багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулж, Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дахин явуулахыг Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нь шүүх хуралдаанд ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, шүүхээс нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбарт хугацаа зааж өгсөн, хариуцагч хариу тайлбар өгөөгүй зэргээр процессийн алдаа гаргасан гэсний тухайд:

            Нэхэмжлэгч нь  тус шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 30 минутад нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шалгах ажиллагааны явцад 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цаг 35 минутад ...нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн агуулгыг өөрчилсөн нэхэмжлэлийг ирүүлсэн байгаа нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх эсхүл багасгах” заасан хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн байна.

           Харин нэхэмжлэлийн хувийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчид гардуулж, хариу тайлбарыг 2017 оны 03 дугаар сарын 22, 28-ны өдрүүдэд ирүүлсэн байгаа ба нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагыг, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчид гардуулсны дагуу 04 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд тус тусын хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах...” процессийн ажиллагаа  нь хуулийн дагуу явагдсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106. 3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ойдовын Алтайхүүгийн, Дорнод аймгийн Хэрлэн сумын  4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал тоолсон дүнгийн тухай”  Тооллогын комиссын 03 дугаар тогтоол, “Багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай” 07 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, тус багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулж, Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дахин явуулахыг Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Алтайхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Алтайхүүд олгосугай.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Б.ОЮУН

 


[1] Хавтаст хэргийн 01-03-р хуудас

[2] Хавтаст хэргийн 106-108-р хуудас

[3] Хавтас хэргийн 29-30-р хуудас

[4] Хавтаст хэргийн 16-р хуудас

[5] Хавтаст хэргийн 107-р хуудас

[6] Хавтаст хэргийн 31-р хуудас

[7] Хавтаст хэргийн 79-80-р хуудас

[8] Хавтаст хэргийн 82-85, 114-117, 119-122-р хуудас