Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2019/0534

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 10 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0534

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

“Г” ХХК-ийн гомдолтой

зөрчлийн хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, хариуцагч татварын улсын байцаагч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 120/ШШ2019/0019 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч татварын улсын байцаагч Э.Ж давж заалдах гомдлоор, “Г” ХХК-ийн гомдолтой, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ц, Э.Ж нарт холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “Г” ХХК-ийн захирал З.М 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа:

“Татварын улсын байцаагчийн 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн ...... дугаар хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 120/ШШ2019/0012 дугаар шийдвэрээр:

“Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.4 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай (2001) хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Г” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ж, Э.Ц нарын тогтоосон 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн ....... дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч татварын улсын байцаагч Э.Ж дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ” гэж зааснаар нэмж тодруулах зүйл байсан учраас 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр зөрчлийн хэрэг нээж 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шийтгэлийн хуудас бичсэн.

Анхан шатны шүүх өмнө нь тухайн хугацаанд хамаарах татварын хяналт шалгалтаар хийсэн энэ НӨАТ-ын падаанууд нь хүчин төгөлдөр байхад “хуурамч хий бичилттэй гэж үзэх нь үндэслэлгүй” гэжээ. 2016 онд “Г” ХХК-ийн 2013-2015 оны баримтанд татварын хяналт шалгалт хийгдсэн бөгөөд “Д” ХХК, “М” ХХК-иудад татварын хяналт шалгалт 2017 онд хийгдэж татварын улсын байцаагчийн дүгнэлт үйлдэн Эрүүгийн цагдаагийн алба мөрдөн байцаах ажиллагаа явуулж прокурорын дүгнэлт 2018 онд гарснаар тухайн компаниудаас авсан падаан нь хий бичилттэй гэдэг нь тогтоогдсон учир татварын улсын байцаагч “шууд хууль бус зөрчилтэй падаан” гэж үзэж шийтгэл оногдуулах үндэслэлгүй юм.

Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолд “...“Д” ХХК, “М” ХХК-иудаас худалдан авалт хийсэн гэх 1530 гаруй аж ахуй нэгжийн жагсаалтад “Г” ХХК-ийг ямар зөрчил гаргасан нь дурдагдаагүй” гэж үзсэн үндэслэлгүй байна. Тухайн харьяалагдах дүүрэг, аймаг руу шалгалт хийх нэрсийн жагсаалтыг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн ....... дугаар албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн байдаг бөгөөд уг албан бичигт Өмнөговь аймгийн 21 компаний нэр дурьдагдсан байдаг.

Борлуулагч тал нь эрүүгийн цагдаагийн мөрдөн байцаалтаар хуурамч падаан тараасан нь тогтоогдсон байхад “тус компаниудын анхан шатны баримтуудыг иж бүрнээр тайландаа тусгасан нь үнэн зөв” гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Гэтэл зөрчлийн хэргийг явцад “Г” ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтан дээр мөнгө хүлээн авсан гэх гэрчийн мэдүүлэг авах, олж уулзах гэж удаа дараа хөөцөлдсөн боловч зориуд зугтаах үйлдэл гаргаж байхад анхан шатны шүүх дуудан ирүүлэх, албадан ирүүлэх арга хэмжээ аваагүй.

Энэ талаар огт асуугаагүй. “Г” ХХК-ийн удирдлагууд зөрчлийн хэргийн явцад татварын байцаагчийг удаа дараа дуудахад 1 ч удаа ирж байгаагүй байнга зугтаах үйлдэл гаргаж байсныг шүүгч асууж тодруулаагүй, мөн “Д” ХХК-ийн кассын орлогын ордерт мөнгө тушаасан хүний гарын үсэг байгаагүй.

Анхан шатны баримтын бүрдэл талаасаа цаад компанийн баримт нь ч тэр аль аль талаасаа хуурамч байхад анхан шатны шүүх хэт нэг талыг баримтлан шударга бус шийдвэр гаргасан нь татвар төлөгчийн хууль бус үйлдлийг дэмжиж дахин энэ төрлийн зөрчил гарган “татвар төлөхгүй явж болохын байна” гэсэн сэтгэхүйг татвар төлөгчдөд суулгаж байгаа нь шударга бус байна.

Борлуулагч гэх компани бараа, ажил, үйлчилгээндээ НӨАТ ногдуулж худалдан борлуулдаггүй болохыг нотолсон нотлох баримт хэрэгт цугларсан боловч шүүх түүнийг хэрхэн үнэлж няцаалт хийсэн нь тодорхойгүй нөхцөл байдал зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэхэд эргэлээ төрүүлж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 120/ШШ2019/0019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.

Татварын улсын байцаагчийн актаар нэхэмжлэгчийг “М” ХХК болон “Д” ХХК-иас нийтдээ ....... төгрөгийн хий бичилттэй Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтад тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд ......... төгрөгийн нөхөн татвар, ........... төгрөгийн торгууль, .......... төгрөгийн алданги ногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолоор хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр “М” ХХК, “Д” ХХК-ийн захирал Р.Б холбогдуулж үүсгэсэн хэрэг бүртгэлтийг хэргийг хаасан ч, тэрбээр “М” ХХК-ийн нэрээр 2012, 2015-2016 онуудад 640 аж ахуйн нэгжид, “Д” ХХК-ийн нэрээр 2016 онд 255 аж ахуйн нэгжид тус тус бараа худалдан борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн, бараа худалдан аваагүй мөртлөө авсан мэтээр тайлагнасан, бараа импортоогүй атлаа импортлосон мэтээр тайлагнаж, татвар ногдох орлогыг бууруулан НӨАТ төлөхөөс зайлсхийсэн болохыг тус тус тогтоосон байна.

Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн ........ дугаар албан бичгээр Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газарт хандаж “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн ....... дүгээр болон Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ........ дугаар дүгнэлтүүдэд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээ хийлгэхэд татвар тооцогдох зөрчлүүд нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул Татварын ерөнхий хуулийн дагуу арга хэмжээ авах”-ыг хүссэнээс гадна Татварын ерөнхий газраас Өмнөговь аймгийн татварын хэлтэст хандсан нэр бүхий аж ахуйн нэгжийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийлгүүлэх тухай 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн ........ дугаар албан бичгийн хавсралтад нэхэмжлэгч компани багтжээ.

Үндсэндээ 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр огноолсон, “Д” ХХК-ийн .......... тоот регистрийн дугаартай, мөн оны 12 дугаар сарын өдөр нь бичигдээгүй “М” ХХК-ийн ........ тоот регистын дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд дээрх худалдан авалтын бичилт хуурамч болох нь дээрх байдлаар тогтоогдсоноос гадна нягтлан бодох бүртгэлийн анхан шатны шаардлагыг хангасангүй.

Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /хуучин/ 14 дүгээр зүйлийн 14.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан байдаг.

Гэтэл “Д” ХХК ХХК-иас ....... төгрөгийн, “М” ХХК-иас .......... сая төгрөгийн тус тус цементийн худалдан авалттай холбоотой энэхүү НӨАТ-ын падаанууд дээрх худалдан авалтыг хийхдээ худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, төлбөрийг харилцах дансаар бус бэлнээр хийсэн гэх зэргээс үзэхэд энэхүү худалдан авалтууд бодитой бус байна.

Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 82/51 тоот хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэдэг нь борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, нэгдсэн дугаар бүхий нягтлан болох бүртгэлийн анхан шатны баримт бичиг мөн” болохыг, 4-т “Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн этгээдийн төсөвт төлөх болон бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн албан татварын хасалтыг тодорхойлж, тайлан гаргах үндэслэл болдог бөгөөд падааны бүрдэлт үнэн зөвийг түүнийг олгосон, хүлээн авсан татвар төлөгч хариуцах” болохыг тус тус тодорхойлсон бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, 15 дугаар зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгоход гол нотлох баримт болох нэмэгдсэн өртгийн албан татварын падааны үнэн зөв эсэхийг худалдан авагч тал нягтлах шаардлагатай, өөрөөр хэлбэл их хэмжээний үнийн дүнтэй худалдан авалтыг хийхдээ санхүүгийн анхан шатны баримтыг хангалттай бүрдүүлэлгүйгээр, хэнээс худалдаж авч байгаагаа ч мэдэлгүй, зөвхөн “тамгатай падаан өгсөн” гэдэг үндэслэлээр худалдан авалтыг нотлох гэж байгаа нь үндэслэлгүй.

Гэтэл анхан шатны шүүхээс “…аж ахуй нэгж байгууллагуудын аль аль нь ямар жагсаалтад хамаарах, ямар зөрчил тогтоогдсон талаар тодорхой баримтгүй байхад зөрчлийг нотолсон,  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулах үүргээ хэрэгжүүлээгүй, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл үүсээгүй, прокурорын тогтоолыг үндэслэн шийтгэл ногдүүлсан нь хууль бус…” гэх зэргээр маргааны үндсэн үйл баримтын талаар дүгнэлт хийлгүйгээр шийтгэлийн хуудсын холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь буруу. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь илэрхий, үүнийгээ ямар нэгэн хэлбэрээр үгүйсгээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу шийтгэлийн хуудсын 5 дахь заалтаар ногдуулсан ........ төгрөгийн торгууль, ........ төгрөгийн алданги төлөхөөс өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 120/ШШ2019/0019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /хуучин/ 14 дүгээр зүйлийн 14.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /шинэчилсэн найруулга, 2016.01.01-нээс дагаж мөрдөгдсөн/ 14 дүгээр зүйлийн 14.5, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус баримтлан “Г” ХХК-иас Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ц, Э.Ж нарт холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ц, Э.Ж нарын 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ....... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч татварын улсын байцаагч Э.Ж гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шийтгэлийн хуудсаар ногдуулсан ...... төгрөгийн торгууль, ......... төгрөгийн алданги төлөхөөс “Г” ХХК-ийг өршөөн хэлтрүүлж, актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг .......... төгрөгөөр багасган ......... төгрөг болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг тус тус баримтлан “Г” ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН