Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00113

 

Г.Цэгмэдийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 354 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Цэгмэдийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Должинсүрэнд холбогдох

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 6.400.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Цэгмэд

Хариуцагч: Б.Должинсүрэн

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Цэгмэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Должинсүрэн 2014 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 4 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 10 сарын хугацаатай, 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл зээлж авсан. Би нийт 934 000 төгрөгний хүү азсан. 2014 оны 09 дүгээр 22-ны өдөр 240 000 төгрөг, 10 дугаар сарын 22-ны өдөр 240 000 -өгрөг, 11 дүгээр сарын 22-ны өдөр 200 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сард 150 000 төгрөг, 5 дугаар сард 10 000 төгрөг, 6 дугаар сард 84000 төгрөг, 7 дугаар сард 124 000 төгрөгний мод авсан. Б.Должинсүрэнгээс алданги хүү тооцоод нийт 6 400 000 төгрөг авна. Тиймээс 6 400 000 төгрөгийг Б.Должинсүрэнгээс гаргуулж өгнө үү" гэжээ.

Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 354 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Должинсүрэнгээс 6.400.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Цэгмэдэд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117.350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 117.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Должинсүрэн давж заалдах гомдолдоо:

1. Иргэн Г.Цэгмэдээс 4.000.000 төгрөгийг 0.06 хувийн хүүтэй авсан бөгөөд уг хугацаанд хүү болон үндсэн зээлээс төлж байсан. Нийт нэг сая төгрөг үлдэгдэл гурван сая төгрөгийг өгч чадаагүй байгаа. Гэтэл надад шүүхээс уг нэхэмжлэлийг 2016.02.29-ны өдөр гардуулаад 14 хоногт тайлбараа өгөөрэй гэсэн. Ингээд 2016.03.14 ны өдрийн 3 цагт очиж тайлбараа өгөх гэтэл, тайлбар авахгүй сая таны хурлыг хийсэн гэсэн. Яагаад хурлын тов надад мэдэгдэхгүй хийдэг юм бэ гэхэд танд утсаар мэдэгдсэн гэж хариулсан. Надруу утсаар ярихдаа тайлбараа авчирч өгөөрэй хугацаандаа өгөөрэй гэж ярьж байснаас хурал товлож байгаа гэж яриагүй. Гэтэл ярьсан гэж намайг буруутган хурал хийсэн байсан. ИХШХШ тухай хуулийн 25-р зүйлд заасан эрх үүргийг эдлэх боломжийг олгоогүй шүүх хуралдааныг хийсэн. Уг хурлын шийдвэр гараагүй байна гэж байсан атлаа 2016.04.20-нд миний гэрт авчирч өгсөн. Хурал хийсэн хуралдсан гээд байх боловч 2016.04.21-нд шийдвэрийг гардуулж байгааг ойлгоогүй. Тэгээд шуудангаар ирсэн гэх. Надад дуудаад өөрт маань өгч болох байтал ийм маягаар миний эрхийг үл ойшоож хандсанд гомдолтой байна.

2. Надаас 6.400.000 төгрөгийг гаргахаар шийдвэрлэсэн. Гэтэл алданги нь хэдэн төгрөг болох нь тодорхойгүй. Би түүнд хүү 24000 төгрөг 10 сарын хугацаанд өгөх байсан. Үүнийгээ төлсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд би 60 хоног хэтрүүлсэн байсан. Тиймээс 900.000 төгрөгний алданги тооцох байсан. Нийт би 3.900.000 төгрөг өгөх ёстой байсан. Үндэслэлгүй 6.400.000 төгрөгийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Надад хэргийн материал ч танилцуулаагүй, шүүх хурлын тов ч мэдэгдээгүй эрхийг маань хязгаарласан гэж үзэж байх тул хэргийг үнэн зөвийг шийдвэрлэж өгнө үү. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

                                             ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх Г.Цэгмэдийн нэхэмжлэлтэй Должинсүрэнд холбогдох зээлийн 6.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчсөн, зохигчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчжээ. Үүнд: 1.Хариуцагч Б.Должинсүрэнд нэхэмжлэлийн хувийг 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр гардуулан өгч 2016 оны 3 дугаар сарын 14-ний дотор шүүхэд тайлбараа ирүүлэхээр тогтоосон боловч тайлбар өгөх хугацаанаас өмнө шүүх хэрэг хэлэлцүүлэх захирамж гаргаж, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.3, 73.1-д заасан “эсрэг талын шаардлага, түүнийг нотлох баримттай танилцах, тайлбар болон сөрөг нэхэмжлэл гаргах, гэрчээс мэдүүлэх авахуулах, шинжээч томилуулах, хуульд заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах зэрэг хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан, зөвшөөрсөн үндэслэлээ нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах боломжийг хариуцагчид олгоогүй, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлээгүй байна.

2. Шүүх хариуцагч Б.Должинсүрэнд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан гэсэн үндэслэлээр 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 14 хоногоор сунгасан ба хариуцагчаас шүүхэд тайлбараа ирүүлэх хугацаа дуусаагүй, тэрээр шүүхэд тайлбараа ирүүлээгүй байхад хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай бүрдсэн гэсэн үндэслэл зааж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн, шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1, 76.1.2, 77 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн байна.

Түүнчлэн хариуцагч Б.Должинсүрэн 2016 оны 3 дугаар сарын 11–ний өдөр хэргийн материалтай танилцсан тухай баримт хэрэгт авагдсан ба уг баримтанд гарын үсэг зурсан боловч огноо бичээгүй, тухайн өдөр шүүхэд ирээгүй гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд шүүх хэргийн материалыг хэргийн оролцогч нарт хуулинд заасан журмын дагуу танилцуулдаггүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан зөрчил гаргаж байгаад цаашид анхаарах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан “...хэргийн материал танилцуулаагүй, тов мэдэгддээгүй, эрхийг маань хязгаарласан тул хэргийг дахин хэлэлцүүлэх хүсэлтэй байна” гэх давж заалдсан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 354 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч Б.Должинсүрэнгийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу хариуцагч Б.Должинсүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ   

                     ШҮҮГЧИД                                  Б.БАТТӨР

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ