Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/01232

 

 

 

 

 

 

 

 

2024 06 10 210/МА2024/01232

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2024/00959 дүгээр шийдвэртэй,

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.Өт холбогдох,

 

Байрны урьдчилгаа төлбөрт тооцсон 15,766,542.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Манай компани Р ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Р төслийн барилгын талбайд ус, дулаан дамжуулах төвийн дулаан механикийн ажил хийх болон материал нийлүүлэх, хэвийн ажиллагааг хангахтай холбоотой ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Харин захиалагч Р ХХК-ийн хувьд энэ гэрээний 2.4-т заасны дагуу бартераар ... тоот хаягт байрлах 27.94 м.кв талбай бүхий 1 өрөө байрыг 52,555,140.00 төгрөгт тооцож шилжүүлж өгөхөөр тохиролцоод 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан.

 

Бартераар ирсэн орон сууцыг шаардах эрхээ тухайн үед манай байгууллагад гагнуурчин албан тушаалтай байсан Г.Өт шилжүүлэн өгөхөөр тохиролцож, түүнтэй орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээ байгуулсан ба тэрээр гэрээний дагуу 10 жил хүртэл хугацаагаар тогтвор, суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах үүргийг хүлээж, харин компанийн зүгээс 15,766,542.00 төгрөгийг хөнгөлж өгөхөөр болсон. Гэтэл Г.Ө нь тодорхой шалтгаангүйгээр гэрээний үүргээ зөрчиж, үүрэгт ажлаа орхиж явсан. Бид компанийн үйл ажиллагааны орлого болж хөнгөлөлттэй үнээр орж ирсэн бартерын байрыг Г.Өийг компанидаа урт хугацаанд, тогтвортой, үр бүтээлтэй ажиллана гэж итгэж, гэрээ байгуулан шилжүүлэн өгсөн боловч тэрээр гэрээний үүргийг зөрчсөн. Манай компани тухайн орон сууцны төлбөрийн 30 хувь буюу 15,766,542.00 төгрөгийг хариуцан төлсөн тул гэрээнээс татгалзаж буцааж шаардаж байна. Түүнчлэн манай компани Г.Өийг ажиллаж байх хугацаанд цалин хөлснөөс гадна урамшуулал олгож, сургалтад хамруулах, чадавхжуулах байдлаар олон удаа тусалж, дэмжиж байсан ч бидэнд ингэж зүй, зохисгүй хандаж байгаад туйлын ихээр харамсаж байна.

 

Хэдийгээр урьд өмнө манай компаниас бартераар ирсэн байраа буцааж авахаар шаардсан ч шүүх уг шаардлагыг хангаагүй ба харин орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээний дагуу урьдчилгаагаа шүүхэд хандаж гаргуулахад саад болохгүй талаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан байдаг. Иймд, орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээнээс татгалзаж, ... тоот хаягт оршин суух 27.94 м.кв талбайтай 1 өрөө байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 15,766,542.00 төгрөгийг Г.Өөөс гаргуулж өгнө үү.

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэгдүгээрт, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээ нь анх байгуулахдаа гэрээнд заасан огноогоор бус тус компаниас намайг ажлаас чөлөөлөх үед хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авч үлдсэн. Энэхүү гэрээний зохицуулалтыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хоёрдугаарт, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасан тус компанийн ажилтан байх үедээ авсан цалин хөлс, урамшуулал болно. Тухайн үед миний ажил, хөдөлмөрийг үнэлэн ажил олгогчийн зүгээс ажилтандаа олгосон урамшуулал учир энэхүү үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй.

 

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 21.6, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Өөөс 13,664,336 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, үлдэх 2,102,205 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 236,800.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 226,271.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2024/00959 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хууль болон Хөдөлмөрийн хуулийн /1999/ зарим зүйл заалтыг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2.3-т хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцогч талууд Хөдөлмөрийн хуулийн зүйл заалтыг чанд сахих ёстой. Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино" гэж заасан.

 

Энэ хуулийн 47.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж, мөн хуулийн 48.3.4-д үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал урамшуулал, түүнийг олгох нөхцөл, журам тодорхой заасан байх ёстой. Талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд шагнал нь ямар нэг буцаан шаардах эрх үүсгэхгүй болохыг шүүх анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6. Талууд гэрээнд энэ хуулийн 21.1-д заасан гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг тохирч болно. гэж заасан.

 

Гэтэл шүүх шийдвэрийнхээ 6-д 21.6-д заасныг үндэслэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдлын зарчмаар хедөлмөрийн гэрээний дагалдах нөхцөлийг тусгайлсан гэрээгээр зохицуулах боломжтой гэсэн дүгнэлт хийжээ.

 

Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1.3-т үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ гэж заасан бөгөөд цалин хөлс нь мөн хуулийн 47.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж, мөн хуулийн 48.3.4-д үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал урамшуулал, түүнийг олгох нөхцөл, журам гэж зааснаар ажил олгогч шүүхэд маргааны зүйл нь хууль хамтын гэрээнд заасан цалин хөлсний хэлбэр мөн эсэх талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад ийм дүгнэлт хийсэн нь шүүх хэт нэг талыг барьсан бөгөөд хууль зөрчсөн шийдвэр гаргажээ.

 

Тухайлбал, Хавтаст хэрэгт 18.1.1. үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, нөхцөлийг заасан хамтын гэрээг хэрэгт хавсаргаагүй байхад шүүх ийм дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 369 дүгээр зүйл мөн Хөдөлмөрийн хуулийн 21 дүгээр заалтыг зөрчсөн гэж үзнэ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д хийсэн дүгнэлт нь үндэслэл бүхий байх бөгөөд энэ гэрээ нь хөдөлмөрийн гэрээний дагалдах гэрээ юм бол үндсэн гэрээнээс давсан эрх зүйн зохицуулалт заах ёсгүйг шүүх анхаарсангүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээ, хөдөлмөийн гэрээний нөхцөлийг дордуулж Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т заасан хэнийг ч албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэсэн заалтыг зөрчиж 10 жил тогтвортой ажиллана гэж заасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг зөрсөн болохыг шүүх анхаарч үзээгүй байна.

 

Шагнал нь урамшуулал болохоос болзол биш бөгөөд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т заасан цалин хөлс авах эрхэд хамаарах тул буцаан шаардах эрхгүй болохыг шүүх анхаарч үзээгүй байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Э ХХК-иас хариуцагч Г.Өт холбогдуулан талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээ-г цуцлаж, гэрээгээр шилжүүлсэн 15,766,542.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ...намайг тус компанид 10 жил тогтвор суурьшилтай ажиллах үүрэг хүлээлгэсэн нь ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг минь зөрчсөн, мөн 15,766,542.00 төгрөг нь цалин хөлсний нэгэн адил буцааж авах ёсгүй урамшуулал байсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2023/02025 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2023/01322 тоот магадлалаар Э ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Өт холбогдох ... тоот хаягт байрлах 27.94 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон ба шүүхийн шийдвэр, магадлалаар дараах үйл баримтыг тогтоосон. Үүнд:

 

3.1. Э ХХК болон Р ХХК нар 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний зарим төлбөрийг Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Содон хорооллын байрнаас орон сууц худалдан авах гэрээний үнийн дүнд тооцох;

3.2. Үүний дагуу Э ХХК болон Р ХХК нар 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, ... тоот хаягт байрлах 27.94 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны төлбөрийн 30 хувь 15,766,542.00 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр, үлдэх 70 хувь 36,788,598.00 төгрөгийг орон сууц ашиглалтад орж улсын комиссын хүлээн авсан акт гарсны дараа 21 хоногийн дотор төлөх;

3.3. Г.Ө нь 2015 оны 05 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд Э ХХК-нд ажиллаж байсан. Тухайн орон сууц захиалгын гэрээнд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, орон сууцны өмчлөх эрхийг Г.Өт шилжүүлэхээр тохиролцсон ба нийт 52,555,140.00 төгрөгийн 30 хувь 15,776,542.00 төгрөгийг Э ХХК-иас төлж орон сууцыг Г.Өт шилжүүлэх, тэрээр компанид 10 жил тогтвор суурьшилтай ажиллах;

3.4. Г.Ө нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Р ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж үлдэгдэл төлбөр 36,388,598.00 төгрөгийг төлж өмчлөгч болсон байна гэж дүгнэжээ.

 

Анхан шатны шүүх нь дээр дурдсан шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Г.Өт орон сууцны урьдчилгаа төлбөрт 15,776,542.00 төгрөгийг өгсөн болон хариуцагчийг уг орон сууцны өмчлөгч болсон эсэхийг дахин нотлохгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцсэн байна.

 

4. Мөн анхан шатны шүүх талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээ-г Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.6-д Талууд гэрээнд энэ хуулийн 21.1-д заасан гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг тохирч болно гэж заасан хөдөлмөрийн гэрээний хамт дагалдах нөхцөлийг тусгасан гэрээ буюу хөдөлмөрийн харилцаатай холбоотой нэмэлт тохиролцоо гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Г.Ө нь нэхэмжлэгч Э ХХК-нд 10 жил тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд орон сууцны урьдчилгаа төлбөрт авсан 15,776,542.00 төгрөгийг буцааж төлөхгүй байхаар тохирсон нь уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д ... шагнал урамшууллаас бүрдэнэ гэж зааснаар нэмэлт урамшуулал олгохоор тохиролцсон гэж үзэх тул анхан шатны шүүх хариуцагчийн ажилласан хугацаа буюу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд ногдох 2,102,205.00 төгрөгийг суутган үлдээж, хариуцагчаас ажлаагүй хугацаанд ногдох 13,664,336.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-нд олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд ......15,766,542.00 төгрөгийг цалин хөлсний нэгэн адил өнгөрсөнд хийж гүйцэтгэсэн ажлын хөлс учир буцааж авах ёсгүй урамшуулал гэж дурджээ.

 

Зохигчдын байгуулагдсан Орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээ-ний 1.1, 1.3, 1.4, 2.2.5 дахь хэсэгт заасныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт тус тус зааснаар тайлбарлахад хариуцагч Г.Өийн урьд өмнө ажилласан хугацаанд олгосон урамшуулал бус, харин гэрээ байгуулсан хугацаанаас хойш 10 жил тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллахад нь зориулсан байх тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

5.2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд Орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээ нь чөлөөт байдлын зарчимд үндэслэн байгуулагдсан талаар зөв дүгнэсэн байна.

 

Тодруулбал, хариуцагч Г.Өийг 10 жилийн турш нэхэмжлэгч Э ХХК-нд ажиллах тухай энэхүү тохиролцоо нь хариуцагчийг албадсан, ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой сонголт хийх эрхийг нь хязгаарласан болон хэн нэгний дарамт шахалтын улмаас байгуулсан гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, мөн хариуцагч нь гэрээний нөхцөлийг зөвшөөрөхгүй тохиолдолд ажлаас өөрийн санаачилгаар чөлөөлөгдөх, гэрээг анх байгуулахгүй байх эрх нээлттэй болно.

 

6. Харин анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 21.6, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дахь хэсэгт заасныг баримталсан алдаа гаргасныг залруулна.

 

Зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай шууд холбоотой боловч нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээ цуцлах, түүний үр дагаврыг арилгахтай холбоотой байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2024/00959 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 21.6, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 гэснийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,272.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

 

Б.МАНДАЛБАЯР