| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0189/э |
| Дугаар | 235 |
| Огноо | 2019-03-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа,
улсын яллагч: Ц.Амгаланбаатар,
хохирогч: Ж.А,
шүүгдэгч: М.Б, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэн ирүүлсэн Мийн Бад холбогдох эрүүгийн 1809049511256 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................ оршин суух, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 614 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ............ регистерийн дугаартай, Жаргалант овогт Мийн Б.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд бичсэнээр:
Яллагдагч М.Б нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим “Гуртын тавилан” ломбарданд барьцаалсан “Приүс-20” маркийн 7490 УНЦ дугаарын автомашиныг иргэн Ж.Ад зээлээр худалдана гэж худал хэлэн 9250.000 төгрөгийг залилан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: Би машинаа зарах гээд интернэт сайтад зар оруулсан. Тэгтэл нэг өдөр “Америкаас ярьж байна” гээд нэг эмэгтэй холбогдсон. “Манай дүү машин хайж байгаа, зээлээр авах гээд чадахгүй байгаа, таны машиныг сонирхож байна” гэж хэлсэн. Би Аюурзаны эгчид машиныг яаж авах нөхцлийг танилцуулсан. Тэгэхэд тэр эмэгтэй “урьдчилгаа 4.250.000 төгрөг байна. Манай дүүтэй уулзаад машинаа харуулаад ярилцаж тохирвол та хоёр худалдах худалдан авах гэрээгээ хийчэх” гэж хэлсэн. Дараа нь А над руу ярьсан. “Манай эгч таньтай холбогдсон байна” гээд бид хоёр уулзахаар цаг товлоод Гандангийн буудал дээр уулзсан. А эцэг эх нарын хамт ирж машиныг үзээд худалдаж авахаар болсон. Тэгээд хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим нотариат ороод гэрээ хийсэн. 2018 оны 7 дугаар сард орж ирсэн приус машинийг би анх 14.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. А урьдчилгаа 4.250.000 төгрөгийг төлөөд машиныг худалдаж авсан. Үлдэгдэл мөнгийг 2018 оны 7 дугаар сарын 15-ны дотор эгч нь шилжүүлнэ гэж хэлсэн боловч 2018 оны 7 дугаар сарын 20-нд талыг нь шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг нь ээж нь сар бүр 500.000 төгрөгийг шилжүүлж байсан. Зээл нь сар бүрийн 7-ны өдөр хийх ёстой байсан боловч 15-ны өдөр 500.000 төгрөгөө шилжүүлдэг байсан. Сүүлийн сард хугацаа нь 10 хоног хэтэрсэн. Тэр тухай би банк бустай яриад гэрээгээ шилжүүлээд Аюурзаны нэр дээр болгохоор тохирсон байсан. Гэтэл банк бус маргааш нь машиныг хурааж авсан байсан. Би Аас 9.250.000 төгрөг авсан. Хохирлыг төлж барагдуулана гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.А мэдүүлэхдээ: 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр манай эгч Бтай яриад “Приус 20 машиныг сонирхож байна” гэж хэлсэн. 2018 оны 7 дугаар сарын 09-ны орой уулзаж нотариат орж хувь лизингийн гэрээ байгуулсан. Анх 14.500.000 төгрөгийн урьдчилгаа 4.250.000 төгрөгийг өгье гээд 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 2.500.000 төгрөг өгсөн. 7 дугаар сарын 28-ны өдөр 1.500.000 төгрөг, 9 дүгээр сарын 17-ны өдөр 500.000 төгрөг нийт 9.250.000 төгрөгийг төлсөн байна. Орлого нотлох шаардлагагүй гэхээр нь хувь лизингээр машинаа авсан. Надад манай компани гэж ярьдаг байсан. Машин банк бусын нэр дээр байгааг мэдээгүй. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр машинаа хураалгасан. Баас нийт 9.250.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирол төлбөрөө хурдан барагдуулж авмаар байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.А /хх-ийн 1415/, гэрч З.Лхагвадорж /хх-ийн 19/, Ж.Ариунболд /хх-ийн 20/, Л.Ганцэцэг /хх-ийн40/ нарын мэдүүлэг, М.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23/, лизингийн зээл болон барьцааны гэрээ” /хх-ийн 29-30/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 36-39/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон холбогдох баримтууд /хх-ийн 26-27/, М.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 24-25, 45-46/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б нь “Гуртын тавилан” ЗГБХ нөхөрлөл барьцаалан зээлдүүлэх газрын барьцаанд буй “Приүс-20” маркийн 7490 УНЦ дугаартай автомашиныг барьцаанд байгааг хэлэхгүй нууж, “манай компанийн оруулж ирдэг автомашин, би захиран зарцуулах эрхтэй” мэтээр Ж.Ад ойлгуулж, улмаар уг автомашиныг зээлээр худалдана гэж худал хэлж 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 9 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг “Хүнсний 4” дэлгүүрийн орчим Ж.Ааас нийт 9.250.000 төгрөгийг залилан авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Ж.Аюурзанын /хх-ийн 1415/: “...2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр фейсбүүк орж байтал “Приүс маркийн автомашин эзэмшигчийн бүлэг” дээр “Приүс зарна” гэсэн зарын дагуу Б гэх хүний 88109273 дугаарын утсанд залгаж холбогдоход “урьдчилгаа өгөөд хүүгүй, хувь лизинг хийнэ” гэхээр нь би зөвшөөрөөд 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн замын баруун талд байрлах “Цэцээ гүн” төвийн 1 давхарт байрлах нотариатын газар орж гэрээ байгуулаад ... Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчимд Бад бэлнээр 4.250.000 төгрөг өгөөд 7490 УНЦ дугаартай цэнхэр өнгийн “Тоёото приүс-20” маркийн автомашиныг авч явсан. 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлээд нийтдээ 5.000.000 төгрөгийг манай ээж Лхагвадорж ХААН банкны салбараас шилжүүлсэн. 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр Дарь-Эхэд явж байтал танихгүй хүмүүс миний автомашины урдуур дайрч орж ирээд 7490 УНЦ улсын дугаартай “Тоёота приүс-20” маркийн автомашиныг “барьцаанд байгаа” гэж хэлээд аваад явсан... Б хэлэхдээ “уг тээврийн хэрэгсэл манай компанийн нэр дээр байдаг. Манайх автомашин оруулж ирж зардаг компани байгаа юм” гэж хэлж байсан. ...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Гуртын тавилан” гэх нэртэй ББСБ-н ажилчид миний автомашиныг хураан авсан. Тэр үед би Бад залилуулснаа мэдсэн. Б надад ББСБ-ын нэр дээр ... автомашин байгаа талаар хэлээгүй...” гэх мэдүүлгээр,
гэрч З.Лхагвадоржийн /хх-ийн 19/: “...2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б гэдэг хүнтэй Гандангийн буудал дээр уулзаад “Цэцээ гүн”-ий хажуу талын
нотариатоор ороод “Ардын эрх” сонингийн буудал дээр мөнгө өгөлцөж авалцаад
бид нар автомашинаа унаад явсан. Б бид нарт автомашин зарахдаа “уг
автомашин нь манай компанийн нэр дээр байдаг. Манай компани их хэмжээгээр
автомашин оруулж ирээд би уг автомашиныг борлуулж зардаг юм” гэж хэлсэн. ...Би
ямар нэгэн асуудалгүй юм байх гэж бодоод автомашиныг гэрээ хийгээд 14.500.000
төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа 9.250.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл мөнгийг 6 сарын дотор хүүгүй төлж барагдуулна гэж ярьж тохиролцсон. Мөнгө төгрөгөө тоолж дуусгасны дараа автомашины гэрчилгээг хүүгийн нэр дээр шилжүүлж өгнө гэсэн” гэх мэдүүлгээр,
М.Бын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 23/: “2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Автомашины зогсоол” дээр автомашин борлуулдаг Энхтөгсөөс 14.500.000 төгрөгөөр бодож урьдчилгаа 30 хувь буюу 4.700.000 төгрөгийг өгөөд худалдан авсан. Уг тээврийн хэрэгслийг би “Гуртын тавилан” нэртэй ББСБ-ын нэр дээр барьцаанд тавиад банк бусаас урьдчилгаа мөнгийг нь гаргуулан аваад
Энхтөгсөөс худалдан авсан юм. Тэгээд би уг тээврийн хэрэгслийг унаж байгаад 2018
оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Т.Приүс хулдалдах, худалдан авах” фейсбүүк
цахим хаяг дээр “зарна ,хувь лизингээр өгнө” гэсэн зар оруулсан. ...А гэх хүн
над руу холбогдоод “манай эгч таньтай ярьсан гэсэн би тээврийн хэрэгслийг харж
үзэх гэсэн юм” гэхээр нь Гандан дээр уулзсан. Тухайн үед А аав, ээж
хоёрыгоо дагуулан явж байсан. Үзэж хараад урьдчилгаа 4 сая төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Аас авсан. ... А ... мөнгө өгөх өдрөө
өгдөггүй байсан учраас ББСБ-аас тээврийн хэрэгслийг хураан авсан юм” гэх
мэдүүлгээр болон “лизингийн зээл болон барьцааны гэрээ” /хх-ийн 29-30/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 36-39/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч М.Бын хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн бүрэн үндэстэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Б нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст “2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн А.Гантулгыг залилсан” гэх эрүүгийн 1806098500367 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх боловч энэ гэмт хэргийг Ж.Аюурзаныг залилсан гэмт хэрэгтэй нэгтгэн шалгахад гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй бөгөөд хэрэв шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүхээр тогтоогдсон тохиолдолд шүүгдэгчид хэд хэдэн хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэх боломжтой гэж үзэв. Ийм учраас энэ хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгч М.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулсны эцэст хохирогчид учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт нийт 1.800.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд үлдэх 7.450.000 төгрөгийг 3 сарын дотор нөхөн төлөхөө илэрхийлж баталгаа гаргасан байна.
Ийм учраас шүүгдэгч М.Баас дээрх 7.450.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Ад олгох нь зүйтэй.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч М.Быг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага, ялын зорилгын нэг хэсэг нь хохирлыг нөхөн төлүүлэхэд оршино. Ийм учраас шүүх ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзэж М.Бад оногдуулсан ял дээр нэмж гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Жаргалант овогт Мийн Быг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн залилан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг нийт 300 (гурван зуун) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч М.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баас 7.450.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Ад олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Бад гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дотор нийт 7.450.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ