Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/01233

 

 

 

 

 

 

 

2024  06  10   210/МА2024/01233

 

 

Тк ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/02137 дугаар шийдвэртэй,

 

Т ХК-ийн нэхэмжлэлтэй,

Э.О, Э.У нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 25,672,063.00 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нрангэрэл, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Асүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Манай банк зээлдэгч Э.Отэй 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 25,000,000.00 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийг ... тоот харилцах дансанд шилжүүлсэн. Мөн талууд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч Э.Угийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... тоот дугаартай ... тоот хаягт байрлах 80.28 м.кв талбайтай хувийн сууц, түүнчлэн хариуцагч Э.Оийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... тоот дугаартай ... тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нь гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 25-ны өдөр төлөх үүрэгтэй боловч эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн. Тэрээр гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 25,000,000.00 төгрөг, үндсэн хүүгээс 2,695,529.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 582,651.23 төгрөг, нийт 28,278,180.98 төгрөгийг төлсөн боловч эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөөгүйгээс үүссэн төлбөр болох үндсэн хүүгийн төлбөр 22,905,012.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,767,050.48 төгрөг, нийт 25,672,063.00 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.5-д Гэрээний хугацаа дууссан боловч зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа үргэлжилнэ гэрээний хугацаа дууссан, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан тул зээлдэгч тал зээлийн үлдэгдэл төлбөр 25,672,063.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээнэ. Бид хамгийн сүүлд хариуцагч Э.От 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл өгсөн. Энэхүү мэдэгдэлд үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тодорхой дурдсан. Тийм учир хүүгийн төлбөр төлөх үүрэгтэй гэдгийг хариуцагч Э.О хүлээн зөвшөөрөөд шүүхийн бус журмаар шийдүүлэх хүсэлтэй байсан тул эхлээд үндсэн зээлээ хаагаад дараа нь хүүгээ хэсэгчлэн төлөх тайлбарыг гаргасан.

Иймд, хариуцагч Э.Оээс үндсэн хүү 22,095,012.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,767,050.48 төгрөг, нийт 25,672,063 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрэв хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээний дагуу хариуцагч Э.О, Э.У нарын өмчлөлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

2.    Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй ба Э.О нь 25,000,000.00 төгрөгийн зээл аваад буцааж 28,278,180.00 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээ байгуулагдсан цагаас хойш хэвийн төлөөд явж байтал 2016 онд аав маань ухаангүй болтлоо хүнд зодуулсны улмаас эмнэлгийн зардал гэх мэт төлбөрүүд гараад зээлийн төлөлтийг хоцроож үүргээ биелүүлж чадаагүй. Энэ талаар удаа дараа нэхэмжлэгч банкны тусгай активын хэлтэст хүсэлт гаргаж байсан. Ингээд эцсийн байдлаар 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,681,863.00 төгрөгийн зээлийг төлж үндсэн зээлээ хаасан.

Хариуцагч нар зээлийн гэрээний 6.2.3 болон эргэн төлөлтийн хуваарийг зөрчигдөж буй талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч тэрхүү зөрчлийг арилгах талаар зохих арга хэмжээ авахгүй бол зээлийн гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон. Гэвч зээлдэгч Э.О нь дээрх шалтгаанаар удаа дараа нэхэмжлэгчтд хүсэлт гаргасан хэдий ч огт шийдвэрлэж байгаагүй. Эцсийн байдлаар 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр боломжит байдлаар хүүнээс чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг гаргасныг хүлээн авсан гэж ойлгож 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн төлбөрийг бүрэн төлж дуусгасан юм.

Гэтэл нэхэмжлэгч нь 3 жилийн дараа гэнэт хүү, нэмэгдүүлсэн хүү хэмээн шаардаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд дээрх хүүг хэрхэн яаж тооцож гаргасан нь тодорхойгүй, өнгөрсөн хугацаанд зээлийн гэрээг цуцлах болон дуусгавар болгох талаар мэдэгдэл өгч байгаагүй учир Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-д зааснаар мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү анз авах эрхээ алдсан. Зээлдэгч Э.О нь Э.Уд нэхэмжлэгч банктай тохиролцоод зээлийг хааж, тухайн үед зээл дуусгавар болсон талаар дурдаж байсан. Тэр үед хариуцагч Э.Угийн хувьд үндсэн зээлийг төлөөд дууссан учир зээл хаагдаад барьцаа хөрөнгө нь чөлөөлөгдөх юм байна гэж ойлгосон.

Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Уд зээлийн төлөлт хийгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар мэдэгдэл өгч байгаагүй, нэгэнт үндсэн зээлийн төлбөрийг төлөөд дууссан тул зээл хаагдсан гэдэг ойлголтыг илэрхийлж байна. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.2.7-д зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлүүлнэ гэж тогтоосон. Гэтэл зээлдэгч Э.О нь үндсэн зээлийг төлсөн ба дарааллаар төлөх ёстой байтал үүнийг алгасаад үндсэн зээлийг төлж дуусгавар болгож байгаа нь зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсныг талууд зөвшөөрөх үндэслэл болно гэж бодож байна. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч ямар нэг үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан. Үүнээс харахад үүрэг гүйцэтгүүлэгчид ямар нэг үйлдэл хийх ёстой гэдэг нь банкнаас зээлээ төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэдэг байдлаар маргах бүрэн боломжтой байсан. Гэвч нэхэмжлэгч байгууллага ямар нэг зээл төлөлтийн талаар шаардлага хүргүүлээгүй, үйлдэл хийгээгүй атал гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дөхөөд ирэхээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Оээс 25,672,063.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХК-нд олгож, хариуцагч Э.Уд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.О нь үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо, Алтан-Овоо 35 дугаар гудамж 12 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай Г-2201020179 тоот дугаар бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний газар, хариуцагч Э.Угийн өмчлөлийн ... тоот хаягт байрлах 80.28 м.кв талбайтай ... тоот дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,511.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Оээс 356,511.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХК-нд олгож шийдвэрлэжээ.

4.    Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдвэрийн 13-т үндсэн зээлийн үлдэгдлээс хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, энэ нь зээлдэгчийн эрх ашгийг хөндөөгүй гэжээ. Гэтэл тус хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2-т Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараах үр дагавар үүснэ гээд 224.2.3-д мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү анз авах эрхээ алдах гэж заасан.

Дээрх хуулийн агуулгаас харахад гэрээний хугацаа дуусгавар болсон 2017 оны 05 дугаар 07-ны өдрөөс шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, улмаар 6 жил 5 сар өнгөрсөн байхад гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хугацаа хэтэрч хуримтлагдахад нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн бөгөөд хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал бий болсныг мэдсээр байж шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, гэрээний 6 дугаар зүйлд зааснаар гэрээг цуцлах санаачилга гаргах эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс зээлдэгч нь 14,018,683.02 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2,113.935.07 төгрөгийг төлөх нөхцөлийг бүрдүүлсэн байхад анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Шийдвэрийн 14-т ... зээлийн гэрээний 6.1.1-д гэрээний хавсралтад заасан зээл, хүүгийн төлбөр хэрэв бодогдсон бол нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар гэрээ дуусгавар болохоор заасан бөгөөд ...гэжээ. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар 07-ны өдрийн зээлийн гэрээний 2.2.7-д зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийн дарааллаар төлүүлнэ хэмээн талууд үүрэг гүйцэтгэх дарааллыг харилцан тохиролцсон ба зээлдэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү шаардахгүй гэж үндсэн зээлийг төлбөрийг бүрэн төлж дуусгавар болгуулсан юм. Гэтэл анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж илт үндэслэлгүй дүгнэсэн байх тул шүүхийн шийдвэрт 16,132,620.00 төгрөгийг хассан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Т ХК-иас хариуцагч Э.О, Э.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,672,063.00 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар .........нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон байхад 6 жил, 5 сарын дараа гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн...... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Т ХК нь 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Э.О, Г.Оюунбат нартай зээлийн гэрээ байгуулж 25,000,000.00 төгрөгийг сарын 2.3 хувь, жилийн 27.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон бөгөөд талууд үүргийн гүйцэтгэлийг хангахаар Э.Оийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... тоот дугаартай ... тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан /х.х 11-18/.

 

4. Мөн талууд зээлдэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөс гадна Э.Угийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... тоот дугаартай ... тоот хаягт байрлах 80.28 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно гэж заасантай нийцсэн ба барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ /х.х 17/.

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгохтой холбоотой харилцаа үүссэн гэж, түүнчлэн нэхэмжлэгч Т ХК-ийг хамтран зээлдэгч Э.О, Г.Оюунбат нараас зээлийн гэрээний үүргийг энэ хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т тус тус заасныг үндэслэн хариуцагчаар Э.Оийг сонгож шаардах эрхтэй гэж дүгнэж, улмаар барьцааны гэрээний хариуцагч нь зээлийн төлбөрийг хариуцахгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

 

6. Зохигчид хариуцагч Э.Оийг 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 25,000,000.00 төгрөгийг хүлээн авч, үндсэн зээл болон зээлийн хүүнд 2,695,529.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 582,651.23 төгрөг, нийт 28,278,180.98 төгрөгийг төлсөн эсэх талаар маргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив /х.х 41/.

 

7. Харин зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зээлийн хүүнд 22,905,012.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,767,050.48 төгрөг, нийт 25,672,063.00 төгрөгийг нэмж төлөх эсэх нь талуудын маргааны зүйл болсныг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

8. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8.1. Зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний ерөнхий хугацаа 24 сар бөгөөд зээлдэгч Э.О нь сар бүрийн 25-ны өдөр зээлээс хэсэгчлэн, нийтдээ тогтмол үнийн дүнгээр 1,386,182.00 төгрөгийг төлсөн тохиолдолд сард төлөх хүүгийн хэмжээ багасаж, үндсэн зээлийн төлөлт ихсэх байдлаар 25,000,000.00 төгрөгийг 8,268,365.00 төгрөгийн хүүгийн хамт төлөх байжээ.

 

8.2. Гэвч зээлдэгч нь энэхүү үүргээ биелүүлээгүйгээс зээлийн өр төлбөр нэмэгдсэн байна. Тодруулбал, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгыг хариуцагчийн зээл, зээлийн хүүний тооцоололтой харьцуулж үзэхэд зээлийг төлж дуусгах ёстой байсан 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар хариуцагчийн төлөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 19,206,863.06 төгрөг, зээлийн хүү 8,871,805.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 650.417.53 төгрөг байсан бол, хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,681,863.06 төгрөгийг төлж зээлийг хаасан энэ өдрийн байдлаар төлөгдөөгүй буюу хуримтлагдсан зээлийн хүү 22,905,012.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,767,050.48 төгрөг болсон байна /х.х 7-10, 20-40/.

 

8.3. Зээлдэгч нь гэрээнд заасан ерөнхий хугацаанд зээлийг хүүгийн хамт бүрэн төлж дуусгах үүргээ биелүүлээгүй бол тухайн биелэгдээгүй үүргийг, мөн хэтэрсэн хугацааны хүүг үндсэн зээлийн үлдэгдлээс тооцож төлөх үүргийг хууль болон гэрээгээр хүлээнэ.

 

8.4. Зохигчдын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1-д Зээлдэгч үндсэн зээл, зээлийн хүүний төлбөрийг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлнө............., 2.2.2-т Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээлийг хугацаандаа төлөгдөөгүй гэж тооцох ба .............ноцтой зөрчсөн гэж үзнэ, 2.2.5-д Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа үргэлжлэнэ. Зээлийн гэрээний хугацаа дууссан гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ.

 

8.5. Гэрээний энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, мөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банк, эрхий бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасантай нийцсэн байна.

 

8.6. Хариуцагч нь гэрээний хугацаа дууссан 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс хойш хугацаанд төлсөн төлбөрийг эхний ээлжинд үндсэн зээл, эсхүл зээлийн гэрээний хугацаанд төлөгдөөгүй хуримлагдсан зээлийн хүү, гэрээ дуусгавар болсноос хойш хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн алийг нь төлүүлэх эсэх тухайд зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.7-д зааснаар нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг зөрчихгүй юм.

 

9. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчийн төлсөн 19,206,863.00 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасаж, үндсэн зээл төлөгдөж дууссан 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн үлдэгдлээс хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн хүү 22,905,012.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,767,050.48 төгрөг нь тус тус зээлийн ерөнхий хугацаанд хуримтлагдсан болон гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш тооцогдсон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү байх тул үүрэг гүйцэтгэгч нь төлөх үүрэг хүлээнэ.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/02137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,614.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

 

 

Б.МАНДАЛБАЯР