| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0118/Э |
| Дугаар | 175 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
улсын яллагч П.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Аийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809050281284 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 23-нд Улаанбаатар хот, Багануур дүүрэгт төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Сантехникч мэргэжилтэй, ам бүл-2, эхнэрийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний 2-10 тоотод оршин суух,
2012 оны 11 дүгээр сарын 28-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 2 сарын хугацаагаар хянан харгалзагдсан, Н.А /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Н.А нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Анд”ХХК-ийн 16 давхар барилгаас 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 10 ширхэг халаагуур буюу паарыг нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1.150.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
шүүгдэгч Н.А шүүх хуралдаанд “...2018 оны 11 дүгээр сарын 14-ний орой барилгын цэвэрлэгээ хийхээр Багануураас ирээд 3 хонож байсан. Тухайн барилгын хогийг цэвэрлэх зорилгоор тавуулаа ирсэн. Тухайн өдөр тавуулаа архи уугаад нэлээн согтсон байсан. Орой буухдаа машиндаа хог ачсан. Тэнд хэдэн ширхэг паар байхаар нь хог ачсан машин дээр ачсан. Маргааш өглөө машин дээр хэн паар ачив гээд асуудал үүссэн. Би согтуудаа 5 паар аччихсан байна гэдгээ хэлээд, яах вэ? гэхэд Мейрбек машинтай хогийг гаргаад асгачихъя гэсэн. Машинтай паарыг буулгатал 10 ширхэг паар байсан. Би 5-г ачсан байх гэж бодсон. Машинд шөнө паар ачсаныг хятад талын дарга өглөө ирээд харсан. Би согтуудаа ийм үйлдэл хийсэн байна гэдгээ хэлсэн...” гэв,
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Анд” ХХК-ийн 16 давхар барилгын туслах ажилтнаар орсон. Би баригдаж байгаа барилгын хог цэвэрлэж дуусаад 10 ширхэг паарыг хулгай хийх гэж байгаад баригдсан юм.…” гэсэн мэдүүлэг /хх-36-37/,
Хохирогч Г.Гүррагчаагийн “…Манай байгууллагаас Н.Аийг ажилд орохоос өмнө 6 ширхэг паар алга болж байсан бөгөөд манайх тухайн үедээ цагдаад хандаагүй. Н.А болохоор 10 ширхэг паар хулгай хийх гэж байгаад баригдсан юм. Манай байгууллагад одоо ямар нэгэн хохирол байхгүй 10 ширхэг паараа бүрэн бүтэн авсан юм…” гэсэн мэдүүлэг /хх-12/,
Гэрч С.Мейрбекийн "... Тэгээд би машиныг гражнаас гаргах гэж байхад Н.А ирээд миний хажууд суугаад “Би энэ машины ачаан дээр юм ачсан байгаа хог хаана буулгах юм” гэж асуухаар нь барилгын хойд талын хогийн цэг дээр буулгана гэсэн чинь Н.А “Би нэг паар ачсан байгаа яах вэ? ...Хогийн доор байгаа” гээд байхаар нь хогийн цэг дээр очоод буулгаад байсан байранд нь тавьчих санаатай харуулын хамт дагуулаад явсан чинь Н.А хашааны хаалга онгойлгох гэж байхад 7-8 байгаа гэхээр нь би даргын орчуулагч залууд хэлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-17-18/,
Гэрч Д.Амгаланбаатарын “...Би өглөө 08 цагт ажилд гараад лифтний нүхнээс хог гаргасан. Тэгээд үдээс хойш хоёр давхраас хог буулгасан. Орой ажлаас буугаад өрөөндөө хоол хийж идээд амарсан. Маргааш өглөө 10 цагийн үед ажлаа хийж байхад Хятад захирал бүх Монгол ажилчдыг дуудсан. Очсон чинь хогтой машин дээр ачсан байсан. Тэгээд би тэр хогтой машин дээр паар байгааг мэдсэн...” /хх-20/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-26-27/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-40/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-50-51/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Н.А нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Анд” ХХК-ийн 16 давхар барилгаас 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 10 ширхэг халаагуур буюу паарыг нууцаар, хууль бусаар авч бусдад 1.150.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Г.Гүррагчаа, гэрч С.Мейрбек нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Н.Аийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.
Шүүгдэгч Н.Аийн бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Н.Аийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Гүррагчаа нь 1.150.000 төгрөгийн үнэлгээ бүхий 10 ширхэг паар /халаагуур/ алдсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.150.000 төгрөгийн үнэлгээ бүхий хулгайд алдагдсан 10 ширхэг паар /халаагуур/-ыг буцаан авсан байх тул шүүгдэгч Н.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Аийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ар гэр, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Мөн шүүгдэгч Н.Аийн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд түүнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Нэргүйн Алтансүхийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3 дахь хэсэгт зааснаар Н.Аэд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4.Шүүгдэгч Н.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР