Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01098

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01098

 

 

2024 05 22 210/МА2024/01098

 

Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/01236 дугаар шийдвэртэй

Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.В-д холбогдох,

Орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,926,786.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Х- ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байх 000-32 дүгээр байрны инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг хуулийн этгээд юм. Тус 000-32 дүгээр байрны 32 тоот орон сууцны өмчлөгч Б.В- нь орон сууцны ашиглалтын төлбөр /халаалт, халуун ус, цэвэр ус, бохир ус, суурь хураамжууд/-ийг 2019 оны 09 сараас 2023 оны 11 сар хүртлэх хугацааны хуримтлагдсан зардал 2,926,786.48 төгрөг болсныг одоог хүртэл төлж барагдуулаагүй болно.

Иймд Х- ХХК нь цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа тул Б.В-гээс дээрх төлбөрт 2,926,786.48 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Орон сууцны гэрчилгээн дэх талбайн хэмжээг 37,8 м.кв талбай дээр нэмж сууцны бус зориулалттай талбай 7,067 м.кв талбайн 1/3 хувь 2,33 м.кв-ыг нэмэхэд манай орон сууцны нийт талбай 40,3 м.кв болохыг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон. Иймд мэргэжлийн байгууллагаас тооцож гаргасан 40,3 м.кв-аар орон сууц ашиглалтын төлбөрийг тооцуулах саналтай.

Би Х- ХХК-тай 2007-2009 он хүртэл 2 жилийн хугацаатай орон сууц ашиглалтын гэрээг хийж байсан. Үүнээс хойш гэрээ байгуулаагүй. 2006-2015 он хүртэл гэрээгүй боловч төлбөрөө цаг хугацаанд нь төлж байсан. Гэвч нэхэмжлэгч нь /Б.Т гэдэг захирал/ хууль бусаар илүү төлбөр авч байсныг 2015 онд мэдэж дээд байгууллагад нь хандаж, мөн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж Х- ХХК-аас илүү төлсөн төлбөрөө гаргуулахаар шаардсаныг шүүх гаргуулж шийдсэн.

Мөн 2023 оны 01 сарын 19-ний өдрийн 102/ШЗ2023/1787 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн дагуу Хот суурин, ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөл сонсгол зохион байгуулсан. Уг сонсголоор Х- ХХК нь хэрэглэгчтэй гэрээгүй атлаа мөнгө нэхэмжилж хэрэглэгчийн эрхийг зөрчсөн, хэрэглэгчтэй заавал гэрээ байгуулахыг үүрэг болгосон гэжээ. Миний хувьд Эрчим хүчний зохицуулах хорооны 292 тоот тогтоолын 2.1, 2.3.4, 2.6, 2.3.14, 3.5, 3.8, 5.1.1, 5.1.2, 5.1.8, 5.1.9 дэх заалтуудын дагуу гэрээ огт хийгээгүй тул төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх үндэслэлгүй юм гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.В-гээс 2,665,484.78 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 261,302 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,582 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 57,582 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Манай сууцны талбай 31,5 м.кв талбай бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны 292 дугаар тогтоолоор дулааны төлбөрийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээрх м.кв-аар тооцно гэж заасны дагуу дулааны төлбөрийг 2007-2009 он хүртэл 31,5 м.кв гэж тооцон авч байсан. Гэнэт дээрх м.кв дээр 11,6 м.кв талбайг нэмж 2010-2019 хүртэлх 49,4 м.кв гэж тооцож илүү төлбөр авч хохироосон. Энэ асуудлаар Эрчим хүчний зохицуулах хороонд гомдол гаргасны дагуу тус газраас гэрт хэмжилт хийж манай сууц 40,3 м.кв болохыг тогтоосон баримтыг шүүхэд гаргасан ч шүүх уг баримтыг үнэлээгүй, нотлох баримтын талаар хурлын тэмдэглэл, шийдвэрт тусгаагүй.

Мөн өмнөх хэргийг хэлэлцэх явцад Б.Т захирал нь шинжээч томилуулах хүсэлт гаргаж манай сууцанд хэмжилт хийж 43.58 м.кв гэсэн ба шүүх энэ хэмжээгээр шийдвэр гаргасан. Миний хувьд мэргэжлийн байгууллагаас тогтоосон 40,3 м.кв талбайг зөвшөөрч төлбөрөө төлье гэсэн ч шүүх нотлох баримтыг үнэлээгүй нэхэмжлэгч талд илт давуу байдал олгож, шүүх хуралд нэхэмжлэгч талыг илүү яриулж хариуцагчийн талыг хориглож байсанд гомдолтой байна. Мөн гэрчээс шүүгч асуулт асуухдаа хөтөлж асуугаад мэдүүлэг авч байсан.

Хууль журмын дагуу явбал гэрчилгээн дээрх 37,8 м.кв талбайтайгаар тооцох ёстой. Б.Т нь шүүгчийн энэ айлын орон сууцны талбай дээр ямар учраас нэмж 49,4 м.кв болгож тооцсон талаарх асуултад хариулт хэлээгүй. Талбай буруу учраас нэхэмжилж байгаа дүн зөв гарахгүй болно. ЭХЗХорооны тогтоолоор батлагдсан аж ахуйн харилцааны дүрмийн /хх 35-37 дахь тал/ 1.1, 2.1, 2.3, 2.3.4, 2.3.14, 2.6, 3.5, 3.8, 5.1, 5.1.2, 5.1.8, 5.1.9, 5.3.1 дэх заалтуудыг зөрчин тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө үүргээ биелүүлээгүй байхад хэрэглэгчийг буруутгаж, хохироож байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Талбайн маргаан бидний шийдэх ёстой асуудал биш. Тусгай зөвшөөрөлтэй байгууллага энэ талбайг хэмжиж байгаа. Эрчим хүчээр хангах, түгээх тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болохоос талбай хэмждэггүй. Нэгэнт хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Б.В-д холбогдуулан орон сууц ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг 2019 оны 09 сараас 2023 оны 11 сарын байдлаар тооцож 2,926,786 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцны м.кв-ыг 40.3 гэж тооцох байтал 43.58 гэж буруу тооцсон, 2009 оноос хойш гэрээ байгуулаагүй гэсэн тайлбар гарган маргажээ.

 

3. Хариуцагч Б.В- нь Баянгол дүүргийн 6 хороо, 10 дугаар хороолол, 000-32 байрны 32 тоот хаягт орших, улсын бүртгэлийн А- дугаартай 37,8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч болох нь хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигч маргаагүй байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлнө гэж зааснаар хариуцагч нь тухайн орон сууцны хэрэглээний ус, дулааны ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг нэхэмжлэгч байгууллагад төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч уг төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Харин нэхэмжлэгчийн шаардаж буй ашиглалтын зардлын хэмжээ нь зөв, бодитой тогтоогдсон байх учиртай.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хариуцагч Б.В-гээс 2,665,484.78 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х- ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд орон сууцны талбайн хэмжээг нэхэмжлэгч буруу тооцож илүү төлбөр шаардсан, гэрээ байгуулаагүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

5. Нэхэмжлэгчийн өмчлөлийн 32 тоот орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээнд сууцны талбай 37.8 м.кв гэж бичигджээ. Гэвч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 639 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2020 оны 1098 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 05 сарын 24-ний өдрийн тогтоолоор хариуцагч Б.В-гийн өмчлөлийн 32 тоот орон сууцны талбайг 49.4 м.кв гэж тооцож, үүнээс тагтны 1.54 м.кв талбайг хасч 43.58 м.кв талбайд ногдох сууцны ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг түүнээс гаргуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн дээрх шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон учир мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу орон сууцны талбайн хэмжээг шүүх дахин тогтоож, нотлохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

6. Хариуцагчийн хэрэглэсэн ус, дулааны тоолуурын заалтыг нэхэмжлэгч тухай бүр авч байгаагүй учир тооцооллыг буруу гаргасан гэж хариуцагч маргажээ. Талуудын зөрүүтэй тайлбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тооцооллыг тодруулахаар анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 28-ны өдрийн 4394 дугаартай захирамжаар хариуцагчийн хэрэглэсэн ус, дулааны төлбөрийн тооцооллыг хэрхэн тооцсон тухай нэмэлт тайлбар, баримтыг нэхэмжлэгчээс шаарджээ.

Нэхэмжлэгч талаас хариуцагчийн хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг тооцохдоо 2019 оны 08, 2021 оны 12, мөн 2022 оны 11 саруудад хариуцагчаас ирүүлсэн хэрэглээний ус, дулаан хэрэглэсэн тухай тоолуурын заалтыг үндэслэн гаргасан гэж тайлбарлаж, энэ тухай баримтыг шүүхэд ирүүлжээ. Уг баримтын талаар хариуцагч маргаагүй, баримтаар няцаагаагүй байна.

Иймд шүүх тус тооцооллыг үндэслэн хариуцагч Б.В-гээс 2019 оны 09 сараас 2023 оны 09 сарын хэрэглээний ус, дулаан ашигласны төлбөрт 2,665,484.78 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х- ХХК-д олгохоор шийдвэрлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/01236 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдолдоо улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЭНЭБИШ