| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0217/Э |
| Дугаар | 222 |
| Огноо | 2019-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Ж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Т.Жавхлантөгс,
Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Т-ын А-д холбогдох эрүүгийн 1909004240160 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, 3 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр баг, Рашаантын 5 дугаар байр 2-12 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 19 байр 18 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: МК 98041900 / Боржигон овогт Т-н А нь:
- 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ай лофт” бааранд Б.Өнөрцэцэгийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Өнөрцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө найз Оюукаа, Мишээл нартайгаа “Ай лофт” бааранд үйлчлүүлж байсан. Манай найз Оюукаа текний хажуу талд үл таних эмэгтэйтэй маргалдсан бөгөөд тэр эмэгтэй Оюукагийн хэвлий хэсэг рүү өшиглөөд хамгаалагчид нь салгасан. Би тухайн үед Оюука найздаа “Хэл амаараа учраа олж болоогүй юм уу?” гэж хэлэхэд “Намайг доромжилсон. Миний хэвлий рүү өшиглөсөн гэсэн. Тэгэхээр нь би тэр охин дээр нь очоод та нар яагаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй нь чи бараг манай эмээтэй чацуу юм байна шүү дээ гэхээр нь миний уур хүрээд гараа далайсан чинь тэр эмэгтэй шууд миний нүүрийг хэд хэдэн удаа самардсан. Тэгээд бид хоёр зууралдаад хоёулаа үсдэлцчихсэн байсан чинь хамгаалагч нар нь ирээд тавь гэхээр нь би тавьсан. Тэр охин миний үсийг зулгаастайгаа намайг нэг зүйл рүү түлхсэн чинь толгойны зүүн хэсгээрээ мөргөөд хавдчихсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Нүүр самардсан байна. Толгой хавдсан. Гар хөхөрсөн. Гомдолтой байна. Сорвины тос 32.000 төгрөгөөр авсан гэжээ. / хх 4-5 /
Гэрч Н.Нарангарав мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө 04 цагийн үед найз Анузаяатай “Ай лофт” бааранд орсон. Текний хажууд улаан плажтай хүүхэн миний хөл дээр гишгэхээр нь би хүүе ээ гэсэн чинь өөдөөс хараал хэлээд байсан. Би буцаад текний хажууд суусан чинь танихгүй өөр нэг эмэгтэй ирээд Ануг үстсэн чинь Ану эргэж хараад хэрүүл хийгээд нэг юм болоод байсан. Тэгээд хүмүүс салгасан. Ану тэр хоёрын хооронд л болсон. Би зодоонд оролцоогүй гэжээ. / хх 6 /
Гэрч Т.Анузаяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 01 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө 04 цагийн үед найз Нарангаравтай хамт бааранд орсон. Ширээн дээр сууж байсан чинь танихгүй эмэгтэй ирээд хэрүүл өдөөд үстэхээр нь би нүүрийг нь маажсан. Нарангарав бүжгийн талбай дээр улаан плажтай охинтой маргалдаж байгаа харагдсан. Нэг охин ирээд хэл амаар доромжлоод найзыгаа аваач гэхээр нь би өөдөөс нь хэрэлдсэн чинь шууд намайг үстэхээр нь би гарыг нь тавиулах гээд нүүрийг нь маажсан. Нарангарав зодоонд оролцоогүй, хэрэлдсэн. Толгой хавдсан, баруун шанаа хавдсан. Үстэж байхдаа цохьсон байж магадгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэжээ. / хх 7 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1639 дүгээр дүгнэлтэнд:
1. Б.Өнөрцэцэгийн биед дух, баруун нүдний дотор булан, хамар, уруул орчим, зүүн хацарт зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 9 /
Яллагдагч Т.А мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би прокурорын тогтоолтой уншиж танилцсан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 21 /
Шүүгдэгч Т.А-г 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 20-21 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 25 / зэрэг болно.
Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 32.000 төгрөг төлсөн гэв.
Шүүгдэгч Т.А нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ай лофт” бааранд Б.Өнөрцэцэгтэй маргалдан түүнийг маажиж, түлхсэнээс эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Тэр эмэгтэй шууд миний нүүрийг хэд хэдэн удаа самардсан. Тэгээд бид хоёр зууралдаад хоёулаа үсдэлцчихсэн байхад намайг нэг зүйл рүү түлхсэн чинь толгойны зүүн хэсгээрээ мөргөөд хавдчихсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Өнөрцэцэгийн мэдүүлэг / хх 4-5 /, ... Танихгүй эмэгтэй ирээд Ануг үстсэн чинь Ану эргэж хараад хэрүүл хийгээд нэг юм болоод байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Н.Нарангаравын мэдүүлэг / хх 6 /, ...Бааранд танихгүй эмэгтэй ирээд хэрүүл өдөөд үстэхээр нь би нүүрийг нь маажсан. Үстэж байхдаа цохисон байж магадгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Анузаяагийн мэдүүлэг / хх 7 /, ...Б.Өнөрцэцэгийн биед дух, баруун нүдний дотор булан, хамар, уруул орчим, зүүн хацарт зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1639 дүгээр дүгнэлт / хх 9 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Т.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.А нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Анузаяа нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Т.А-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Т-н А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.А нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Т.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ