| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2016/00169/И |
| Дугаар | 00199 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 00199
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, Эдийн засгийн бодлогын хүрээлэн ТББ-т нягтлан бодогч ажилтай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 14-р хороо, 46-р байрны 6 тоотод оршин суух,
Хэрэйд овогт Жаргалсайханы Мөнхзаяа /РД:ШЗ86100601/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1986 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, ам бүл 3, аав ээжийн хамт амьдардаг, УБТЗ-н цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны Зүүнхараа хамгаалах ангийн ачаа хамгаалагч ажилтай, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн Баруун өлөнтийн 11 тоотод оршин суух
Чонод овогт Жаргалсайханы Лхагва-Эрдэнэ /РД: МЗ86050719/-д холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал, нэхэмжлэгч Ж.Мөнхзаяа, хариуцагч Ж.Лхагва-Эрдэнэ нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Ж.Мөнхзаяа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би 2005 онд Лхагва-Эрдэнэ Улаанбаатарт Хөдөө аж ахуйн их сургуульд орж бид танилцсан. Нэг ангийн хүүхдүүд байсан. Тэгээд үерхэж нөхөрлөөд 2007 онд Анужин охиноо төрүүлсэн. Түүнээс хойш Лхагва-Эрдэнэ Зүүнхараад амьдарна гээд энд ирж амьдарсан. Би 3 жил шахам ирэн очин амьдардаг байсан. Яг суурин байгаагүй. Учир нь бид шууд тусдаа гарч чадаагүй хадмуудтайгаа хамт амьдардаг байсан. Надад хадмуудтайгаа байхад хэцүү байсан. Нялх хүүхэдтэй байхад гэрт хүмүүс их ирнэ. Хүүхдийн хажууд тамхи их татна. Миний өссөн орчин тийм биш болохоор их хэцүү. Лхагваад тусдаа гаръя гэхээр байж бай гэнэ. Тэгээд ирэн очин байсан болохоор сэтгэл жаахан хөрсөн байх. Дараа нь ингэж байж болохгүй юм байна гээд Зүүнхараад ирж амьдарсан. Тэгээд хүүгээ гаргасан. Дараа нь би хотод бямбын ангид сурдаг байсан. Тэр үеэс л Лхагваагийн ааш эвдрээд гар хүрдэг болсон. Хааяа хөх няц болтол зодно. 2, 3 ч удаа ажилдаа хөхөрсөн нүүртэй явдаг байлаа. Би энд байхдаа банкинд ажилладаг байсан юм. Хөхөрсөн нүүртэй ажилдаа явмааргүй байна гэж хэлэхээр хохь чинь,тэгээд ажилдаа яв гэдэг байсан. Би ингэж амьдармааргүй байна. Тэгээд л би салаад явсан. Явсаны хойно хүмүүс яриад л Лхагва-Эрдэнийг хүнтэй болсон гэж хэлдэг. Би хоёр хүүхдээ бодоод буцаад нийлье гэхээр энэ чадахгүй гэдэг. Хүүхдэд хоолны мөнгө хэрэгтэй байна гэхээр огт өгдөггүй. Тэр байдал нь огт таалагдаагүй. Гэхдээ би сайн эхнэр байж чадаагүй байх. Ярилцъя гэхээр сайн ярилцахгүй, хэрэлдээд л байдаг. Бид 3 хотод зардал их байдаг. Цаашдаа ч хүүхдэд зардал их гарна. Охин маань төрөхдөө уруул тагнай сэтэрхий төрсөн. Эмчилгээ хагалгаа их хийлгэдэг. Тэр бүхнийг бодсон ч тэр цаашдын зардал их гарна. Тэгж бодоод л нэхэмжлэл гаргасан. Эцэгт нь охиноо өгөхийг хүсэхгүй байна. Цаашдаа энэ хүн өөр эхнэртэй болно. Миний охин хойд эхийн гар харах болно. Тэр тусмаа миний охинд бүр их хэцүү байна байх. Ер нь хүүхдүүд маань нэг дороо өссөн нь дээр байх. Түүнээс хүүхдүүд маань аавтайгаа уулзаж болно. Гэхдээ хүүхдүүдээ харахаар өрөвдөөд сүүлдээ аавтай нь уулзуулмааргүй байдаг. Хүүхдүүдээ бэтгэрч байгааг харах их хэцүү байна. Энэ хамт байдаггүй болохоор мэдэхгүй байна. Хүүхдүүдэд их хэцүү байдаг...” гэв.
Би Улаанбаатар хотод ажилладаг сарын 800.000 төгрөгний цалин авдаг, орон сууцны зээлээр 2 өрөө байр авсан, одоо тэндээ амьдарч байгаа.Том охин маань сургуульд сурдаг, бага хүү Хан-уул дүүрэгт цэцэрлэгт явж байгаа.Би өөрөө хүүхдүүдээ өглөө орой хүргэж өгдөг.Би хүүхдүүдээ салгахгүй энэ хоёр маань хамт өсөж торних нь зүйтэй. Эцэгт нь том охиноо өгөх боломжгүй. Ажил ихтэй, цаг зав багатай харж хандах тал дээр асуудал ихтэй.
Иймд хүүхдүүдийн эцэгээр Лхагва-Эрдэнийг тогтоож, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч, хүүхдүүддээ эцэгээс нь тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Лхагва-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид 2-н хувьд нэг ангид сурч байгаад хоорондоо үерхэж нөхөрлөсөн. Намайг уурлахаараа гэж онцолж хэлээд байна.Би ингэж бодохгүй байна. Миний бодлоор бидний амьдралд шууд бус утгаараа нөлөөлсөн олон хүчин зүйл байсан. Анх би Улаанбаатар хотод амьдрахгүй, Зүүнхараад амьдаръя гээд ирсэн. Миний охины хувьд Улаанбаатарын тоосжилтын нөхцөл үнэхээр тохирохгүй байсан учир нэг бус удаа хүүхдээ аваад галт тэргээр Зүүнхараад ирж байсан. Энэ хүн уурлаад л араас ирдэг. Нэг хэсэг 61-н гарамын тэнд би хашаа байшинд ганцаараа амьдардаг байхад надтай хамт байгаагүй. Ирээд л явдаг. Ирээд явахаараа ийм, тийм юм хэрэгтэй л гэдэг байсан. Хамт амьдаръя гэхээр би хотод байх ёстой. Аав ээжийн гэрийг харах ёстой гэдэг байсан. Би айлын ганц хүү. Ээж маань гар муутай. Аав маань тэтгэвэрт гарсан хүн байдаг. Би тэднийгээ орхиж чадаагүй л дээ. Намайг өсгөсөн аавын минь ээж гэдэг хүн суумгай байдаг. Энэ хүнийг өргөж тэтгэх нь миний шаардлага байсан. Би 2 хүүхдээ миний хүүхэд биш гэж хэлээгүй. Охиноо авах гэсэн шалтгаан нь миний охин эрүүл мэндийн тал дээр шалтгаантай. Нөгөө талаар энэ хүн цаашдаа өөр хүнтэй сууна. Тэр нь эрэгтэй хүн байж таарна. Янз янзын л юм сонсогддог. Би охиноо хагалгаанд дийлэнхдээ авч ордог байсан. Би үүрэг хариуцлагаас зугтаая гэсэн бодол байгаагүй. Харин ч эрүүл мэндийн тал дээр шийдэмгий байсан гэж бодож байна. Зүүнхараад охинтойгоо байхад Мөнхзаяа ирэн очин л байсан. Эрэгтэй хүүхэд бол яахав. Ганц гар хүрэхэд нэг хүний гарын ая даачих байлгүй гэсэн бодолтой байгаа. Хүүдээ бол тэтгэмжийг нь төлнө...” гэв.
Гэхдээ одоо шүүх хурал дээр хүүхдүүдээ ээж дээр нь үлдээхэд татгалзах зүйлгүй, харин хүүхдүүдтэйгээ уулзах зэрэгт саад болохгүй уулзуулж байвал хамаагүй тэтгэлэгийг төлөөд явж болно.Тэтгэлгийн асуудал дээр тохиролцох юм байна.Өвөл идэш өгсөн тохиолдолд тэрийг нь тэтгэлэгт суутгаад хасах юмуу тийм арга хэмжээ авч болох болов уу гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
№0086889 Г-1757 дугаартай Лхагва-Эрдэний Анужингийн төрсний гэрчилгээний хуулбар, №0000781108 Г-1608 дугаартай Лхагва-Эрдэний Даваахүүгийн төрсний гэрчилгээний хуулбар, 2016.06.09-ны өдрийн 1304 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны тодорхойлолт, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 109 дугаартай Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 115-р сургуулийн захирлын тодорхойлолт, Л.Даваахүү, Л.Анужин нарыг эрүүл бойжиж байгаа тодорхойлолт, зохигчдын тайлбар мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Ж.Мөнхзаяа нь хариуцагч Ж.Лхагва-Эрдэнэд холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч Ж.Мөнхзаяа, хариуцагч Ж.Лхагва-Эрдэнэ нар нь 2005 оноос эхлэн үерхэн хамтран амьдарч байх хугацаанд 2007 онд охин Л.Анужин, 2012 онд хүү Л.Даваахүү нар төрсөн байна. Иргэний бүртгэлийн байгууллагаас 2007 оны 09 дүгээр сарын 25-нд төрсөн охин Л.Анужин, 2012 оны 02 дугаар сарын 27-нд төрсөн хүү Л.Даваахүү нарыг төрсөн эцэг Ж.Лхагва-Эрдэнээр овоглон төрсний гэрчилгээ олгосон тул эрх бүхий байгууллагаас эцгийг тогтоосон, нөгөө талаар хариуцагч Ж.Лхагва-Эрдэнэ нь охин Л.Анужин, хүү Л.Даваахүү нарыг өөрийн хүүхэд мөн хэмээн шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч байгаа зэргээр маргаангүй гэж үзэж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган, хариуцагч Ж. Лхагва-Эрдэнээс тэтгэлэг гаргуулж төрсөн охин Л.Анужин, төрсөн хүү Л.Даваахүү нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ж.Мөнхзаяа нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг төлсөн ба улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Лхагва-Эрдэнээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар Ж.Лхагва-Эрдэнэ нь 2007 оны 09 дүгээр сарын 25-нд төрсөн охин Анужин, 2012 оны 02 дугаар сарын 27-нд төрсөн хүү Даваахүү нарын эцэг мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2007 оны 09 дүгээр сарын 25-нд төрсөн охин Л.Анужин, 2012 оны 02 дугаар сарын 27-нд төрсөн хүү Л.Даваахүү нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50%-иар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар /11-16/ нас, суралцаж буй бол 18 нас/ хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Жаргалсайхан овогтой Лхагва-Эрдэнээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.Мөнхзаяагаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Лхагва-Эрдэнээс 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Мөнхзаяад олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ