Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
Хэргийн индекс | 129/2024/00616/и |
Дугаар | 211/МА2024/00016 |
Огноо | 2024-06-19 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 211/МА2024/00016
211/МА2024/00016
Б.Бын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Ааймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч В.Ц, шүүгч Б.Н нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Ааймаг дахь сум дундын Иргэний хэрг
ийн анхан шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 129/ШШ2024/00218 дугаартай шийдвэртэй
С овогт Бийн Б.Б /иргэний бүртгэлийн дугаар: 111631180587/-ны нэхэмжлэлтэй
Алаг адуун овогт Бын БДд холбогдох
хашаа байшин чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Т.Дийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагчийн өмгөөлөгч М.А нарийн бичгийн дарга Д.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Миний бие Б овогтой Б.Б 2010 онд хашаа байшингаа 5.0 сая төгрөгөөр үнэлж зарах болсонд БД нь авахаар тохиролцоод эхлээд 1.0 сая төгрөг өгөөд миний үл хөдлөх хөрөнгө хашаа байшинд минь нүүж орсон. Үлдэгдэл мөнгө тун удахгүй өгнө гэж хэлж орсон. 2010 оны намар нүүж орсноосоо хойш 2 жил гарангийн хугацаанд 1.0 сая гаран төгрөг цувуулж өгсөн. Сүүлдээ утас нь холбогдохгүй алга болсон. БД нь миний өмч болох хашаа байшинд минь 14 жил амьдарсан байна. Энэ хүн БДг миний хашаа байшингаас албадан гаргаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч БД шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...2010 онд Б.Баас 9м х 5м –ын хэмжээтэй шургааган хантай хашаа байшинг 3 сая төгрөгөөс ярьж тохиролцоод 2 сая 800 мянган төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Иймд мөнгө тушаасан баримтын хамт хавсаргав. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч БДгээс шалтгаалж шүүх хурал 3 удаа хойшлуулж надад хүндрэл учруулсан тул 6 удаа нааш цааш явсан зардал мөн ирж буцаж ажлын хоног алдсаны 6 өдрийн цалин алдагдуулж байгаа тул хариуцагч БДгээс цалингаа зардлын мөнгөтэй гаргуулж авахаар нэхэмжилж байна. Зардал нэг талдаа 46,600 төгрөг, нэг өдрийн орлого 70,000 төгрөг, 70,000x6=420,000 төгрөг, 46,600x6=279,600 төгрөг, нийт 699,600 төгрөгийн хариуцагч БДгээс гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч Б.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2010 оны 08 дугаар сард БД эгч намайг хашаа байшингаа зарах уу гэхээр нь би буцаж нутагтаа очихгүйгээс хойш зарчихъя гэж бодоод БД гуайд худалдсан. Энэ хүн надад одоо бэлэн 1,000,000 төгрөг байна, энэ мөнгөө урьдчилаад өгчихье тэгээд үлдэгдэл мөнгийг нь малаа худалдаж байгаад өгье гэж хэлсэн. Тэгээд би БД гуайг ямар хүн бэ гээд хүмүүсээс асуухад хүмүүс “давгүй, сайн хүн байдаг” гэж хэлсэн. Тэгээд 1,000,000 төгрөгөө аваад хашаа байшингаа энэ хүнд хүлээлгэж өгсөн. Дараа нь надад мөнгө төгрөгөө өгнө гэсэн боловч өгөөгүй, бага багаар цувуулж өгч байсан. Нийт өгсөн мөнгийг нь тооцвол 2.0 сая хүрэхгүй төгрөг өгсөн. Би нутгаасаа яваад удсан болохоор энэ хүнтэй уулзаж чадаагүй, утсаар яриад мөнгөө авъя гээд асуухаар урдаас загнаад өгдөггүй байсан. Тэгээд нэг удаа Т сум ороод уулзах гээд очиход шинэ гэрлэсэн бололтой хос байсан. Тэгээд залуу хүүхдүүд юу мэдэх вэ дээ гэж бодоод юм хэлээгүй явсан. Дараа нь хүүхдээр нь дамжуулаад уулзсан. Уулзаад миний хашгаа, байшинг суллаад өгөөч гэж хэлсэн боловч суллаж өгөөгүй. Тэгээд аргагүй эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ирж очсон унааны мөнгө, цалин хөлс зэргээ нэхэмжилж байгаа. Эхлээд 1,000,000 төгрөг өгсөн, дараа нь 1,000,000 хүрэхгүй төгрөг өгсөн. Нийт 2,000,000 хүрэхгүй төгрөг өгсөн. Би одоо Улаанбаатар хотод амьдардаг. Улаанбаатар хот руу 2009 онд шилжсэн. Хашаа байшингийн үлдсэн мөнгөө авах талаар 2023 онд уулзаад хэлж байсан. 2023 оноос өмнө БД гуайтай уулзаагүй, утсаар ч яриагүй. Гэхдээ дунд нь нэг удаа очиход энэ хүн байхгүй байсан учир уулзаж чадаагүй. Энэ хүн хашаа байшинд засвар хийсэн гэж яриад байна. Тэр бол хүний байшинд 14 жил амьдарсан хүний хийх л ёстой зүйл. 3 цонхийг нь вакум болгосон байна лээ. Хуучин цонхыг нь хагалаад тийм болгосон ч юм билүү би мэдэхгүй. Мөн ээжийн бие муу байна гээд мөнгө авсан гэж байна. Манай ээж 2016 онд нас барсан. Би энэ хүнээс ээжийн бие муу гэж мөнгө авч байгаагүй. Би 2023 онд газар өмчлөх гэрчилгээ, 2024 онд байшингийн гэрчилгээгээ гаргуулж авсан. 2010 оноос хойш сумын газрын албаны мэргэжилтэн н.Энхбаяр гэх хүнтэй ярьж газрын гэрчилгээ, хашаа байшингийн гэрчилгээгээ авах талаар ярихад тэр хүн над руу “чи хашаа, байшингаа зарсан юм бол газрын гэрчилгээгээ энэ хүндээ өгөөч” гэж хэлэхээр нь би мөнгөө бүрэн аваагүй учир шилжүүлэх боломжгүй байна гэж хэлж байсан. Миний хувьд хашаа, байшингаа суллуулж авах хүсэлттэй байна. Мөн би Улаанбаатар хотоос нийт 6 удаа ирж очсон тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 699,600 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
5. Хариуцагч БД шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 онд нэхэмжлэгч Б.Баас би хашаа байшинг 2,800,000 төгрөг өгөөд худалдаж авсан. 5,000,000 төгрөгөөр худалдана гэж тухайн үед хэлээгүй. Энэ хүн над руу залгаад ээжийн бие муу байна та үлдсэн мөнгөө шилжүүлээрэй гэж хэлэхээр нь би Б.Бын бичиг баримтаа шилжүүлээд өгчих байлгүй дээ гэж итгээд мөнгөө шилжүүлсэн. 5,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон зүйл огт байхгүй. Би хашаа байшингийн мөнгөө цувуулж өгсөн нь үнэн. Мөн надтай холбоо барьж чадахгүй байсан гэж байна. Би утасны дугаараа огт солиогүй. Б.Бын өөрийнх нь л утас холбогдохгүй байсан. Мөн би тухайн хашаа, байшинд зөндөө завсар үйлчилгээ хийсэн. Хашааны банзыг нь сольж байшингийн доторлогоог сольсон, хашааны хаалгаа гүйдэг дугуйтай хаалга болгож сольсон. Хэрвээ энэ хүн хашаа байшингаа буцааж авна гэж байгаа тохиолдолд засвар хийсэн мөнгөө буцаагаад гаргуулж авмаар байна. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг ч гэсэн зөвшөөрөхгүй байна. 5,000,000 төгрөгөөр хашаа байшинг авахаар огт тохиролцсон зүйл байхгүй. 3.0 сая төгрөгөөр л авахаар тохиролцсон. Би мөнгө дутуу өгөөгүй, тохиролцсон 2,800,000 төгрөгийг нь би өгсөн. Миний утас ямар нэг байдлаар холбогдохгүй, сүлжээгүй байсан зүйл байхгүй. Би хашаа байшингийн гэрчилгээгээ авъя гээд залгахаар энэ хүний утас нь болохгүй байдаг байсан. Тэгээд гэрчилгээгээ авч чадаагүй. Б.Б өмнө нь надтай огт холбогдож байгаагүй, 2023 онд л холбогдсон. Би хашаа байшингийн гэрчилгээг шилжүүлж авах талаар газрын даамалд хэлэхэд мөнгө төлсөн баримт хэрэгтэй гэхээр нь би Б.Б руу шилжүүлсэн 200,000 төгрөгийн баримтыг газрын даамалд өгсөн. Мөн хашаа байшингаа худалдсан хүний өргөдөл хэрэгтэй гэсэн боловч Б.Бтай холбогдож чадаагүй өдий хүрсэн гэв.
6. Хариуцагчийн өмгөөлөгч М.А анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага дээрээ хариуцагч БДтэй худалдах, худалдан авах гэрээ хийж хашаа, байшинг тухайн үед 5,000,000 төгрөгөөр худалдсан гэж бичсэн байдаг. Хариуцагчийн хувьд 5,000,000 төгрөг гэж яриагүй, шүүхэд нэхэмжлэл өгсний дараа л 5,000,000 төгрөгөөр тохиролцсон талаар сонсож байна. Тухайн үед 3,000,000 төгрөг гэж ярилцаад 2,800,000 төгрөгөөр худалдаж авахаар болоод мөнгөө шилжүүлээд худалдаж авсан гэж хэлдэг. Өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Учир нь энэ хүнтэй худалдах, худалдан авах гэрээ хийгээд үүнээсээ 2,390,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь өнөөдөр 14 жил танихгүй хүнийг гэртээ зүгээр суулгана гэж юу байх вэ, 14 жилийн хугацаанд амьдарсан юм бол ядаж түрээс өгдөг юм байгаа биз дээ гэсэн зүйлийг хэлж байгаа боловч энэ хоёр хүний хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Түүнээс ямар нэгэн түрээсийн гэрээ хийгдээгүй. Ямар ч байсан мөнгө төгрөг авах ёстой гэсэн утгаар санаагаараа зохиогоод яриад байж болохгүй. Уг тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагчийн хувьд хамгийн сүүлийн мөнгөө шилжүүлээд гэрчилгээгээ өөрийнхөө нэр дээр гаргуулаад авна л гэж бодож байсан. Хариуцагч нь тухайн хаяг дээрээ байнга оршин суудаг. Өмнө нь Т сумын Ц багт хэдэн малтай хөдөө байсан ч сүүлийн жилүүдэд бие хаа нь муу байсан учраас сумын төвд амьдрах болсон. Зуны цагт нь хөдөө хэдэн үнээгээ саах гээд гардаг байсан. 2-3 жилийн өмнөөс харваад хөдөө гарахаа больсон ийм хүн байгаа. Нэхэмжлэгчийн хашаа байшингаа буцааж авъя гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хэргийг шүүхээр хэлэлцэхэд буюу иргэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандахад хөөн хэлэлцэх хугацаа гэдэг зүйлийг баримтлах ёстой. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд гэрээтэй холбоотой маргааны хөөн хэлэлцэх хугацааг нарийвчлан заагаад өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” байна гээд тодорхой заасан. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гээд заасан байдаг. Гэтэл үүнээс хойш бүхэл бүтэн 14 жил болсны дараа хариуцагчийн тухайн хашаа, байшинг засвар үйлчилгээ хийсэн нь хамаарахгүйгээр буцаагаад авъя гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т: “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасан. Үүний дагуу хариуцагч хашаа, байшинг нэхэмжлэгчид шилжүүлж өгөх үндэслэлгүй байна. Мөн хашаа, байшингийн үнийг төлсөн учир буцаагаад хашаа, байшинг суллаж өгөх боломжгүй. Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлснээ мэдсэн байсан бол хөөн хэлэлцэх хугацаагаа сэргээх, зөрчигдсөн эрхээ хамгаалах зорилгоор шүүхийн байгууллагад хандсан зүйл байхгүй, мөн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэдгээ нотолж орж ирсэн зүйл байхгүй байгаа учраас өнөөдрийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Ийм учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд хэдийгээр өөрөө 699,600 төгрөгийг нэхэмжилж байна гэж байгаа боловч үүнийг нотолсон нотлох баримт байхгүй байна. Нэг өдрийн орлого 70,000 төгрөг гэж нэхэмжилж байгаа хэдий ч ямар ажил хийгээд яаж 70,000 төгрөгийн орлого олдог болох нь тодорхойгүй байна. Орлогоо нотолсон баримтыг хэрэгт хавсаргаагүй байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болох боломжтой байгаа учраас үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж гаргаж ирсэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх мөн шийдвэрлэх боломжгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Ааймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 129/ШШ2024/00218 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар хариуцагч БДгээс хашаа байшин албадан чөлөөлүүлэх, зардал 699,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Ааймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М давж заалдах журмаар гаргасан гомдолд:...Б.Бын нэхэмжлэлтэй БДд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Бын хүсэлтийн дагуу давж заалдах шатнаас түүнд хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр оролцож хэргийг хянан шийдвэрлэсэн Ааймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 09-ний өдрийн 129/ШШ2024/00218 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгч 2024 оны 05 сарын 27-ны өдөр гардан авсантай танилцаж, дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд: Хэргийн материалд авагдсан хуульд заасан үндэслэл. журмын дагуу цуглагдаж, бэхжигдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Б.Б нь 2023 оны 03 сарын 13-ны өдөр Ааймгийн Т сумын 4 дүгээр баг, С мандал 0 дугаар гудамжны 0 тоотод байршилтай 1115 мвк талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын /000 дугаар гэрчилгээ/, 2024 оны 04 сарын 08-ны өдөр тус хаягт байршилтай, 63 мвк талбайтай, үл хөдлөхийн 001121836 дугаартай гэрчилгээ хувийн сууцны зориулалттай эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон байх бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж зааснаас дүгнэхэд нэхэмжлэгч Б.Бын шаардах эрх 2023 оны 03 сарын 13-ны өдрөөс үүсч байх бөгөөд түүнийг 2024 оны 02 сард нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж шаардсан гэж дүгнэхээргүй байна. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа...дээрх хашаа байшинг 2010 оны 8 сард хариуцагчид нийт 5 сая төгрөгөөр худалдахаар тохирсон ч цувуулж байж 2 сая орчим төгрөг төлсөн...гэж, хариуцагч БД...дээрх хашаа байшинг 2.8 сая төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, үнийг бүрэн төлсөн ... гэж хэлцлийн гол нөхцөл болох худалдах эд хөрөнгийн үнийн талаар харилцан зөрүүтэй тайлбарыг шүүхэд өгсөн байхад анхан шатны шүүхээс зохигчдын хооронд амаар байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцсэн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь МУ-н Дээд шүүхийн 2017.12.25-ны өдрийн 02 дугаар зөвлөмжөөр худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл болох үнийн талаар харилцан тохиролцолд хүрээгүйг талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй гэж тайлбарласнаас дүгнэхэд зохигчдын хооронд анхаанаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан тул талууд хуульд зааснаар өгсөн, авснаа харилцан буцааж өгөх үүрэг хүлээнэ. Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж буруутгахаас өмнө зохигчдын хооронд анхнаасаа хүчин төгөлдөр гэрээ /хэлцэл/ байгуулагдсан эсэх, хариуцагч дээрх хашаа байшингийн үнийг бүрэн төлсөн атал ямар шалтгаанаар үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авах талаар шаардлага гаргаагүй, тухайн хашаа байшингийн зах зээлийн үнэ 2010 оны байдлаар хэдэн төгрөгийн үнэ ханштай байсан, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “хариуцагчтай уулзахаар Т Сд байрлах хашаа байшиндаа очиход өөрөө байгаагүй, шинэхэн гэр бүл болсон хоёр хүн байсан” гэсэн тайлбарыг хариуцагч няцааж чадаагүй зэрэгт эрх зүйн дүгнэлт хийлгүй дан ганц хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэнд хит хөтлөгдөн шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа маргааны бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгчийн гаргасан бичгийн болон бусад тайлбарыг үнэлээгүй нь шүүхийн дүгнэлтэд нөлөөлсөн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчимд нийцээгүй гэж үзэж байгаа учраас А дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 09-ны өдрийн 129/ШШ2024/00166 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Иргэний хуулийн 102 дугаар зүйлд газар өмчлөх гэж заасан. 102.1-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид байна, 102 дугаар зүйлийн 102.4-т Монгол Улсын иргэдэд газар өмчлүүлэх журмыг хуулиар тогтоох хүртэл энэ хуульд заасан "газар өмчлөгч" гэснийг "төр" гэж ойлгоно” гэж заасан. Нэхэмжлэгч Б.Быг албан ёсоор тухайн хаягт байршилтай газрыг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс өмнөх хугацаанд хариуцагчийн зарсан, худалдсан гэх газар нь төрийн өмчлөлийнх байсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс хойш газар нь албан ёсоор өмчлөгдөж гэрчилгээ гарсан учраас Б.Бын өмчлөлд шилжсэн. Уг хугацаанаас эхлээд хууль бусаар эзэмшиж байгаа этгээдээс уг газраа чөлөөлүүлэхээр шаардах эрх нь үүссэн. Мөн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шийдвэрийн дүгнэлт хэсэгтээ талуудын хооронд буюу зохигчдын хооронд тухайн хаягт байршилтай газар болон 63м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2,800,000 төгрөгөөр худалдах худалдан авах харилцаа үүссэн байна гэсэн байдлаар дүгнэсэн байгаа нь бодит байдалд нийцээгүй байна. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргахдаа 3,000,000-2,800,000 төгрөг гаргасан гэдэг боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үүнийг нотолж чадаагүй байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа анх гаргахдаа 5,000,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар харилцан тохиролцсон гэдэг. Гэтэл 5,000,000 төгрөгийн худалдах худалдан авах харилцаа үүсээгүй гэж няцаагдсан зүйл байхгүй байдаг. Хариуцагч шүүхэд тайлбар гаргахдаа нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож үнийг төлсөн гэдэг боловч хавтаст хэрэгт цугларсан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжигдсэн нотлох баримтыг шинжлэн судлахад хариуцагчаас нэхэмжлэгчид 2,390,000 төгрөгийг төлсөн нөхцөл байдал тогтоогддог. Анхан шатны шүүх ямар үндэслэлээр хэргийн оролцогчдын хооронд 2,390,000 төгрөгийн хооронд худалдах худалдан авах харилцаа үүссэн бэ гэдгийг тогтоож чадаагүй байна. Мөн худалдах, худалдан авах гэрээний нөхцөл болох үнийн талаар талууд харилцан тохиролцолд хүрээгүй. Ийм зөрүүтэй тайлбарыг өгсөөр байхад Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан хэлцэл үүсэн байна. Мөн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн байна гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Тухайн шүүхийн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг шүүх бүрэлдэхүүн харж үзнэ үү. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.1-т “хэлцлийн гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон тохиолдолд хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байгаа. Үнийг харилцан тохиролцоогүй байхад шүүх хэлцэл хийсэн байна гэж үзэж байгаа нь өөрөө бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Мөн талуудын хооронд худалдах, худалдах авах харилцаа үүссэнээс хойш буюу анх амаар хэлцэл хийгдсэн гэж үзсэнээсээ хойш нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хооронд Иргэний хуулийн ерөнхий ангийн 73 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудалд шүүх хэт хөтлөгдсөн. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа зогссон нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч тухайн хүний нэр дээрх дугаар нь холбогдохгүй болсон. Нутаг орны хүмүүсээр дамжуулж тэр хүнтэй холбогдох гэж үзсэн боловч холбогдож чадаагүй, аргаа бараад 2016 оны үед өөрийн худалдан борлуулсан гэх хашаанд ирэхэд хариуцагч БД байгаагүй, шинэхэн гэр бүл болсон залуу хүмүүс амьдарч байсан учраас энэ хүмүүс хашаа байшингийн талаарх маргааныг мэдэхгүй байх гэж бодоод амьдарч байгаа газар нь маргаан үүсгээд яахав гэж бодоод яваад өгсөн гэдэг тайлбарыг хэлсэн. Уг тайлбарыг хариуцагч няцааж чадаагүй. Тухайн хашаа байшингаа БД гэдэг хүн 2008 оноос одоог хүртэл амьдарсан юм уу үгүй юу, тухайн байшингийнхаа үлдэгдэл төлбөрийг нэхэхээр очиход хашаа байшиндаа байхгүй байсан гэдэг үйл баримтыг няцааж чадаагүй байгаад шүүх дүгнэлт хийгээгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд тухайн хашаа байшин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах талаар маргааныг шүүхэд нэхэмжлэлийн шаардлага өгөхөөс өмнөхөн хугацаанд шаардсан асуудал байхгүй. 2010 оноос тухайн хашаа байшинг хариуцагчид өгөхөөр тохиролцсон гэх цаг үеэс газрын даамал Энхбаяр гэх хүнд өргөдлөө бичиж өгч өгсөн үйл баримт тогтоогддог. Тийм ч утгаараа хариуцагч БД өөрийн амьдарч байгаа газрынхаа үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулахаар хөөцөлдөж урьд энэ газар үл хөдлөхийг өөрийн нэр дээр бүртгүүлж авахаар баримт бичиг бүртгүүлсэн байгаа учраас тэр хүнээс албан ёсоор зөвшөөрлийг нь авчир гэснээс шалтгаалж БДд олгогдоогүй харагдаж байна. Тиймээс эдгээр нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэж давж заалдах гомдол гаргасан байгаа гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч М.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Нэхэмжлэгчийн бүрдүүлж өгсөн нотлох баримтыг хууль ёсны дагуу үнэлж шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах 2 үндэслэлтэй танилцсан. Нэгдүгээрт Б.Б урьд нь гэрчилгээгээ аваагүй байж байгаад 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлээд өөрийн хэрэгцээний газраа 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг авсан. Гэр бүлийн хэрэгцээний газраа үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг авсан байна. Үүнээс өмнө өмч хөрөнгө төрийн мэдэлд байсан байна. Өөрөөр хэлбэл Б.Б нь саяны хэлсэн цаг хугацаанд дээрх гэрчилгээг авснаас хөөн хэлэлцэх хугацаа буюу шаардах эрх нь үүсэж байна гэж үзээд байгаатай санал нийлэхгүй байна. Эрх нь зөрчигдсөн үеэсээ энэ хүний шаардах эрх нь нээгддэг ямар ч харилцаан дээр, хэлсэн ярьсан зүйлээ тухайн үеийн хугацаандаа л ярина. Үл хөдлөхийн гэрчилгээ, газрын гэрчилгээ гарснаас хойш шаардах эрх үүсэх боломж байхгүй. Б.Б Ааймгийн Т сумын Засаг дарга 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 57 дугаартай Засаг даргын захирамжид хавсаргасан хавсралтыг гаргаж өгсөн, хаанаас авсан нь мэдэгдэхгүй тамга, тэмдэг байхгүй, Б.Б гэж бичсэн байгаа. Өөрөөр хэлбэл 2009 онд энэ хүн газраа өмчлөөд авсан байна. Гэрчилгээгээ аваагүй байгаа болохоос биш өмлөгч нь болсон. 12 жилийн хугацаанд бүхэл бүтэн 12 жил дуустал яваад байсан гэдэг нь үнэхээр энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон байдаг. Хоёр дахь онолын тухайд худалдах худалдан авах гэрээ хийгдсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл гэрээ, хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна гэлээ. Энэ 2 хүн гэрээ хэлцэл хийсэн. Б.Бын аав 2009 онд Улаанбаатар хот руу шилжсэн. Манайх нэгэнт Улаанбаатар хот руу шилжих юм чинь Т сумын төв дээр байгаа хашаа байшинг байлгаад яахад найдвартай хүнд өгчихье гэж хэлсэн. Тэгээд БДтэй уулзаад худалдан авах үнийн дүнгээ тодорхойлж, хүмүүсээс ямар хүн байдаг вэ гэж асуухад найдвартай сайн хүн байгаа гээд энэ хүмүүсийн хооронд худалдан худалдан авах гэрээ хийгдээд байна. Үүнийг үгүйсгэж ярих боломж байхгүй. Харин үнийн дүн маргаантай байхад хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл байхад хашаа байшин чөлөөлүүлэх өргөдлийг өгснөөс хойш БД 5,000,000 төгрөг гэдгийг мэдсэн. Өөрөөр хэлбэл 3,000,000 төгрөгөөс 2,800,000 төгрөгийг өгсөн. 200,000 төгрөгийг нь газрын даамал нь та гэрчилгээгээ авах гэж байгаа бол 200,000 төгрөг төл гэхээр үүнийхээ баримтыг өгч 3,000,000 төгрөг төлсөн гэж хэлээд байдаг. Хурал дээр аль аль талынхаа шилжүүлсэн мөнгийг тооцож үзэхээр хариуцагч 2,800,000 төгрөгийг төлсөн. Бид аль аль талынхаа шилжүүлсэн мөнгөний дүнг тооцоод үзсэн. Мөн нэхэмжлэгч 5,000,000 төгрөгөө өөрөө нотлох үүрэгтэй. Гэрт нь очоод мөнгө төгрөгөө нэхээд яваад байхад алга болох бултах зайлах мөнгө төгрөгөө төлөхгүй байх нөхцөл байхгүй. Утасны дугаар нь байдаг, тухайн үед хуримаа хийж хашаанд нь амьдарч байсан хүүхдүүд нь байгаа. Тэр үед 5,000,000 төгрөгөөр авсан хашаа байшингийн мөнгө дутуу байна. 5,000,000 төгрөгийн үлдэгдлээ авъя гэж хэлсэн зүйл байхгүй. Гэрчийг асуулгаагүй, тухайн үед 9:5 хэмжээтэй байшингаа 3,000,000 төгрөгөөр зарчхаад өнөөдөр 5,000,000 төгрөг болгож үнийнхээ дүнг нэмээд анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ талаар хариуцагч удаа, дараа тайлбар хэлсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн худалдах худалдан авах гэрээ хууль ёсны биш байна, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзэх боломжгүй. Энэ хэлцэл хүчин төгөлдөр биш байна гэдэг нэхэмжлэлийг шүүхэд хэн гаргасан юм, нэхэмжлэгч гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгч ийм шаардлага гаргаагүй. Тэгээд дараа нь нэмэгдүүлсэн шаардлагын дагуу өгөөд эвлэрье, 12 жил болчхоод 3 тал хашааны 2 тал хашааг сольсон байхад хохироогоод байна. Нэг мөр шилжүүлж өгөөд мөнгө төгрөгийнхөө илүү дутууг хоорондоо яриад төлчих гэхээр төлөхгүй, тийм зүйл байхгүй гээд эвлэрээгүй. Хариуцагчтайгаа яриад санаа тавьсан. Анхнаасаа 5,000,000 төгрөгөөр тохироогүй учраас өгөхөд хэцүү. Магадгүй хөөн хэлэлцэх хугацааны талаар ямар нэгэн хүсэлт өгөөд яагаад хэтрүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаан юу байгааг асууж, үнийн дүнгийн талаар танилцуулсан зүйл байхгүй. Хүүхдүүд нь ч мэдээгүй байдаг. Цөөн хэдэн малтай байж байгаад гэр бүлийн хүнийх нь бие муудаад Т Сд хашаа байшин аваад хань ижил нь бурхан болсон, өөрөө тал харвасан хүн байдаг. Өөрөө явж чадахгүй таягтай болон 2 хүнээр сугадуулж явдаг, байнгын салгалж чичирдэг ийм хүн байдаг. Хоорондоо ярилцаад бүхий л боломжтой талыг хэлж өгсөн. Шүүх хуулийн дагуу зөв зүйтэй шийдвэр гаргасан. Иймд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Үүнийгээ нотолж чадаагүй, ямар нэгэн шаардлага гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн байгаа тохиолдолд хэргийг нотлох баримтын хүрээнд шийдсэн гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.
Ааймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 129/ШШ2024/00218 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч БДд холбогдуулан, хашаа, байшин чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл, шүүх хуралдаанд 3 удаа очсон замын зардал, өдрийн орлого, нийт 699.600 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхэд гаргажээ.
Хариуцагч БД “...2010 онд нэхэмжлэгч Б.Баас би хашаа байшинг 2,800,000 төгрөгөөр тохирч худалдаж авсан. 5,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон зүйл огт байхгүй. Тохиролцсон 2,800,000 төгрөгийг өгсөн. Б.Б өмнө нь надтай огт холбогдож байгаагүй. 2023 онд л холбогдсон. Би хашаа байшингийн гэрчилгээг шилжүүлж авах талаар газрын даамалд хэлэхэд хашаа байшингаа худалдсан хүний өргөдөл хэрэгтэй гэсэн боловч Б.Бтай холбогдож чадаагүй өдий хүрсэн...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Б нь Ааймгийн Т сумын 4-р баг, С мандалын 5 дугаар гудамжны 511 тоотод байрлах хашаа, байшинг хариуцагч БДд 2010 онд худалдсан ба шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М шийдвэрийг эс зөвшөөрч “…анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа маргааны бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгчийн гаргасан бичгийн болон бусад тайлбарыг үнэлээгүй нь шүүхийн дүгнэлтэд нөлөөлсөн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчимд нийцээгүй…” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.
Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч БД нар 2010 онд харилцан тохиролцож, Ааймгийн Т сумын 4-р баг, С мандалын 5 дугаар гудамжны 511 тоотод байрлах хашаа, байшинг нэхэмжлэгч Б.Баас хариуцагч Г.БД худалдаж авсан болох нь зохигчдын тайлбараар, хариуцагч Г.БД хашаа байшингийн үнээс 2.390.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгө тушаасан баримтууд /хх-ийн 13-18/, нэхэмжлэгч Б.Бын ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн 27-29/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу Ааймгийн Т сумын 4-р баг, С мандалын 5 дугаар гудамжны 511 тоотод байрлах хашаа, байшин нэхэмжлэгч БДд 2010 онд шилжсэн бөгөөд худалдагч Б.Б хашаа, байшинг эзэмших эрх шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, худалдан авагч БД хашаа, байшингийн үнийг гүйцэд төлөөгүй, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ч зохигчдын хэн аль нь гэрээний үүргийг шаардаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргалгүй, хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг дуусгасан байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэж, 76 дугаар зүйлийн 76.1-т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, 82 дугаар зүйлийн 82.1-т “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж тус тус заасан тул анхан шатны шүүх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм.
Мөн анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болон зогссон байдлыг нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас уг хугацааг хэтрүүлсэн шалтгаан, нөхцөл тогтоогдоогүй гэж зөв дүгнэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч Б.Бын шаардах эрх 2023 оны 03 сарын 13-ны өдрөөс үүсч байх бөгөөд түүнийг 2024 оны 02 сард нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж шаардсан гэж дүгнэхгүй гэсэн байна.
Нэхэмжлэгч Б.Б нь гэрээг цуцлах, эсхүл гэрээнээс татгалзах эрхтэй хэдий ч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа буюу 2023 оны 03 сарын 13-ны өдөр Ааймгийн Т сумын 4-р баг, С мандалын 5 дугаар гудамжны 511 тоотод байрлах газрын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, анхан шатны шүүхэд 2024 оны 02 сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2024 оны 04 сарын 08-ны өдөр дээрх тоотод байрлах хувийн сууцны байшингийн өмчлөгчөөр тус тус тогтоолгожээ.
Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр Ааймгийн Т сумын 4-р баг, С мандалын 5 дугаар гудамжны 511 тоотод байрлах хашаа, байшинг 2010 онд хариуцагч Г.БДгийн эзэмшилд шилжүүлсэн тул хариуцагч Г.БДг хууль бус эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн нэхэмжлэгч Б.Б гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гэрээг цуцлахыг шаардаагүй, гэрээнээс татгалзаагүй атал гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа хариуцагч Г.БДгийн эзэмшилд шилжүүлсэн хашаа, байшингийн өмчлөгчөөр бүртгүүлсэн байх тул үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлсэн хугацаанаас шаардах эрх үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлэн, үйл баримтыг үндэслэлтэй дүгнэж, Иргэний хуулийг зөв хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул өмгөөлөгч Э.Мн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан шүүх хуралдаанд оролцох эрхээ эдэлж, шүүхэд гаргасан нэхэмжлэлээ шийдвэрлүүлэхээр нэхэмжлэгчийн хувьд шүүх хуралдаанд оролцсон тул шүүх хуралдаанд ирж, буцсаны зардал, өдөрт олох байсан орлого гэж 699.600 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байхад анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 699.600 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу болно.
Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлыг хангаагүй тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 91.540 төгрөгийг Төрийн сангийн дансанд үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ааймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 129/ШШ2024/00218 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч Б.Бын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 91,540 /ерэн нэг мянга таван зуун дөчин / төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.Д
ШҮҮГЧИД В.Ц
Б.Н