Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 282

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Н.Анармаа,

улсын яллагч П.Энхболд,

гэрч Ш.Ариунтуяа, Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв,

шүүгдэгч Б.А түүний өмгөөлөгч Я.Баярсайхан,

шүүгдэгч С.Б түүний өмгөөлөгч Б.Эрдэнэтулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.Б-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.А-д, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан С.Б-д тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0100 0129  дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Н.Б, 1963 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой,  инженер, эрх зүйч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан, одоо албан үүргийг түр түдгэлзүүлсэн, ам бүл 2, эхнэрийн хамт, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 1 байр 59 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.А, 1977 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол 81 байр 29 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Маршал таун 118 байр 101 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  

Шүүгдэгч Монгол Улсын иргэн С.Б, 1979 оны 11 дүгээр сарын 03-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан, одоо албан үүргийг түдгэлзүүлсэн, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо,  Го-парк Энхтайваны өргөн чөлөө гудамж 101 байр 62 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 48 В 10 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч Н.Б нь Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч БНХАУ-ын иргэн Lin Huelong /Лин Суй Лин/-ын ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их цуйратын ам гэх газарт Газрын тухайн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “... энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж,   байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгож өгөхөөр урьдчилан амлаж, тухайн газарт нэр бүхий 60 иргэний нэр дээр Дүүргийн засаг даргын газар эзэмших захирамжийн төсөл гаргуулан, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, С.Чулуунцэцэг, Т.Пүрэвхатан нараар дамжуулан 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 50.000.000 /тавин сая/ төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэг,

Мөн шүүгдэгч Н.Б нь хээл хахууль өгөгч БНХАУ-ын иргэн Lin Huelong /Лин Суй Лин/-ын ашиг сонирхлын үүднээс Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.А-ын хэлсний дагуу Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн Их Цуурайтын аманд 43 иргэний нэр дээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгуулахаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж гүйцэтгэн Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал нь БНХАУ-ын иргэн /Лин Суй Лин/-ээс Г.Мөнхбаатараар дамжуулан 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.А нь Нийслэлийн газрын албаны Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч  БНХАУ-ын иргэн /Лин Суй Лин/-ын ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн Их Цуурайтын аманд 43 иргэний нэр дээр Газрын тухайн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгуулахаар урьдчилан амалж, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан Н.Б Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамж, 43 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан мэдээллийн санд  бүртгүүлэн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгүүлж, БНХАУ-ын иргэн /Лин Суй Лин/-ээс 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэг,

Шүүгдэгч С.Б нь Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч Эм Жэй Би Өй ХХК-ний захирал С.Баасанхүүгийн ашиг сонирхлын үүднээс 2015 оны Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр хуучин гражийг өөрсдийн зардлаар чөлөөлж 5 давхар 250 автомашины граж барих тендерт ялсан Эм Жэй Би Ай ХХК-ний газар чөлөөлөх ажилд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг зөрчин, газар чөлөөлөх шаардах хуудас бичиж өгөн дүүргийн газрын албанаас гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Эм Жэй Би Ай ХХК-ний захирал С.Баасанхүүгээс 20.440.000 төгрөгийн үнэ бүхий авто зогсоолыг өөрийн төрсөн дүү С.Мягмарсүрэнгийн эхнэр Б.Даариймаагийн нэр дээр 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулан хээл хахууль авсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

     Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, яллах дүгнэлтийн заримыг хүлээн зөвшөөрч байна. А-д дэмжлэг үзүүлсэн гэж байгааг зөвшөөрөхгүй байна” гэв.

Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэв.

     Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2013 оны 11 сараас эхлэн газрын албаны даргаар томилогдон ажиллаж эхлэсэн. 2015 оны 6 сараас эхлэн Баасанхүү, Ганбат нар хоёр удаа ирж надтай уулзсан. Тендерт орж авсан газартаа олон давхар граж барих талаараа хэлсэн. Газар дээр нь хувь хүмүүсийн эзэмшиж байгаа олон гражийг чөлөөлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Би Баасанхүүг сайн танихаас гадна их сургуульд хамт суралцаж байсан анд нөхөр маань байсан. Тухайн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ хувь хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж байгаа юу гэж сануулан хэлсэн. Тэгээд албаны мэргэжилтэн Ганбаатар, Хатанбаатар нараар шийдвэрлүүлсэн. Хувь хүний гражийг улсын зардлаар албадан буулгах хүсэлт өгсөн байсан. Хувь хүний ашиг зөрчигдөхөөр байсан, мөн улсын зардлаар газар чөлөөлөх боломжгүй учраас би зөвшөөрөөгүй. Өөрсдөө зардлаа гаргаад чөлөөлөх ёстой гэсэн тайлбар өгсөн. Манай мэргэжилтэн Ганбаатар надад хүсэлтээ танилцуулахдаа иргэдийн ашиг сонирхол мөн зөрчигдөөд байна. Эзэмшигч нь мэдэгдэхгүй граж их байна гэж танилцуулсан. Үүний дагуу эзэмшигч нь тодорхойгүй граж дээр албан үүргийн дагуу албан шаардах хуудас хүргүүлсэн байдаг. Хавтаст хэрэгт Ганбатын бичсэн шаардах хуудсыг хавсаргасан. Үүнд Эм Жэй Би Ай ХХК-ийн төсөл сонгон шаргалуулалтанд шалгаран барилгын ажил явагдах тул гаражаараа чөлөөлнө үү гэсэн шаардах хуудас хүргүүлсэн байсан. Би хууль ёсны дагуу төрийн байгууллагын ажил үүргийн дагуу шаардах хуудас хүргүүлсэн. Тэдгээр хүмүүсийн эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж байна. Гэрч Б-ийн мэдүүлэгт цөөн хэдэн граж гэж мэдүүлсэн байгаад анхнаасаа олон хүнд хүргүүлсэн байдаг. Төрийн байгууллагын зүгээс дэмжлэг олгож ажиллах чиг үүргийг засаг дарга үүрэг даалгавар өгсөний дагуу шаардах хуудас бичсэн байдаг. Баасанхүүг 2015 оны 07 дугаар сараас өмнө гэмт хэрэг үйлдсэн гээд Өршөөлийн хуульд хамрагдсан байхад 2015 оны 10 сард гражны асуудал надад холбогдуулж байгаа нь зөрүүтэй байдал гэж үзэж байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

     Гэрч Ш.Алтантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би “Говийн Заяа” ХХК-д захирлаар ажиллаж, Баасанхүүтэй хамтарч байсан. Манай компанид хөрөнгө оруулагчаар оролцож байсан юм. Манай ажлын менежер эмэгтэй захиалагч нартай уулзаж гэрээ хийж байсан. Манай төслийн барилга 60-70 хувьтай баригдсан. Одоо төсвийн санхүүжилт зогссон байдалтай байгаа. Тухайн үед гэрээ хийхэд мөнгөө өгсөн хүмүүс цөөн байсан. Хүмүүс гражаа солих нь сольсон гэрээ хийж мөнгөө авсан хүмүүс байсан. Даариймаа гэж эмэгтэй мөнгөө өгөөгүй болохоор гэрээ хийгдээгүй буцаасан. Даариймаа гэдэг хүнээс гражаа буцааж авсан. Газар чөлөөлөх асуудалд Баасанхүүтэй хамт гэрээ хийж манай компани оролцсон. Улсын комисс хүлээж авахгүй байгаа, барилга бол баригдаад дууссан. 7 давхар барилга 4 давхар хүртэл авто зогсоол, дээшээ 3 давхар үйлчилгээний барилга баригдсан. Манай компанийн санхүүгийн асуудалд Баасанхүү гэж хүн оролцдоггүй” гэв.

Гэрч Г.Мөнхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Улсын бүртгэлийн хэлтсийн газарт захиргаа хүний нөөцийн дарга албан тушаалаар ажиллаж байна.

Тухайн үед надаас мөрдөн байцаагч тодруулж мэдүүлэг авахдаа хэргийн талаар огт танилцуулаагүй. Жишээлбэл хууль эрх зүйн талаас төсөл сонгон шалгаруулалт явуулахад газрын эрх авсан компанид газрын алба газрыг нь чөлөөлөх талаас оролцдог уу, үгүй юу гэдэг үүднээс хууль эрх зүйн талаас тайлбар авсан.  Тухайн хэрэг ямар агуулгатай талаар, аль дүүргийн газар байсан талаар мэдэхгүйгээр би тайлбар өгсөн. Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэн, эзэмшүүлсэн газрыг чөлөөлөхөд газрын алба оролцох уу гэсэн утгатай асуулт гэж ойлгоогүй.

Ер нь бол төслийн бичиг баримтан дээр хэрхэн заасан талаар, Газрын тухай хуулинд газар эзэмшсэн компани газрыг чөлөөлүүлдэг хэдхэн үндэслэл байдаг. Эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, газар эзэмших хугацаа дуусгавар болсон тохиолдолд газрыг чөлөөлөх асуудал яригддаг. Газар чөлөөлөх мэдэгдлийг өгсний дараагаар албадан чөлөөлөх асуудал явагддаг. Мөрдөн байцаагчаас асуусан асуултыг ойлгож яг ямар тайлбар өгсөн талаар хэлэхэд төсөл сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр газрыг чөлөөлөхөд Газрын алба оролцох эрхтэй талаар тухай үед хүчин төгөлдөр батлагдаж мөрдөж байсан хууль тогтоомжийн хүрээнд төсөл сонгон шалгаруулалтанд оруулах, дуудлага худалдаанд орох аль ч байсан газрыг төр бэлдэх ёстой байдаг. Засгийн газрын 2003 оны №28 дугаартай тогтоолоор батлагдсан “Төсөл сонгон шалгаруулалт явуулах журам” гэж байдаг. Үүн дээр төсөл сонгон шалгаруулалт явуулсан дараагаар газрыг чөлөөлөх талаар тодорхой заагаагүй, процесс нь тодорхой биш.

Газрын албаны газар зүйн харилцаа, геодиз зураг зүйн албаны даргын 2008 оны №83 дугаартай тушаалаар батлагдсан “Газар эзэмшүүлэх ашиглахад зориулагдсан эрхийн гэрчилгээ олгох журам” гэж байдаг. Төсөл сонгон шалгаруулах процесс нь төсөл сонгон шалгаруулах журмаар яваад цаашаа эзэмшүүлэх ашиглах үйл явц нь энэ журмаар явагддаг. Үүнээс үзэхэд нэг процесс нь 2 өөр журмаар зохицуулагдаад явж байсан гэсэн үг.

Төсөл сонгон шалгаруулах, шалгарсан этгээд дээр гэрээ байгуулах асуудал байдаг. Гэрээ байгуулахад гэрээн дээр хэрхэн тусгасан байна вэ гэдэг нь маш чухал. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага төсөл сонгон шалгаруулалтанд орсон аж ахуй нэгж байгууллагын хооронд Иргэний хуульд заасан гэрээ байгуулах харилцаа үүссэн байдаг. Иргэний хуульд заасны дагуу гэрээнд хэрхэн ямар харилцаа тусгасан, гэрээний үүргийн дагуу хоёр тал харилцан үүрэг хүлээж явах ёстой гэсэн тайлбар өгсөн.

Би Монгол Японы хамтарсан “Си Эс паркинг” гэх төсөлтэй танилцаагүй, надад танилцуулаагүй. Өнөөдрийн шүүх хурал дээр төслийг харлаа, энэ төсөлд Нийслэлийн, дүүргийн газрын алба газар чөлөөлөх үйл ажиллагаанд оролцох талаар хоёр өөр асуудал гарч ирнэ.

Тухайн газар эзэмшиж ашиглах гэж байгаа компани нь газрын харилцаа эрхэлсэн Газрын албатай хууль ёсны дагуу эрх үүссэн тохиолдолд Газрын хуулийн дагуу газар эзэмших эрхээ авсан төсөл хэрэгжүүлэх гэж буй гэрээний үйлчлэлд хамаарна гэсэн үг. Гэтэл энэ газар дээр давхар дур мэдэн гражийн газар эзэмшиж байгаа үед зөвшөөрөлгүй газар ашиглаж, эзэмшиж байгаа тохиолдолд Газрын тухай хуулиар дур мэдэн газар ашигласан буюу хууль бус газар ашиглалт болж газрын албанаас үүн дээр чөлөөлөх үйл ажиллагаа явуулах, цагдаагийн байгууллагатай хамтран албадан чөлөөлөх ажиллагаа явуулах нь төрийн байгууллагын эрх, үүрэг болно Газрын тухай хууль дээр энэ талаар зохицуулсан.

Энэ нь төрийн байгууллагын эрх үүрэг болж Газрын тухай хуульд зохицуулсан байдаг. Харин зөвшөөрөлтэй хуулийн дагуу газраа эзэмшиж, ашиглаж байгаа иргэдийн хувьд төсөл сонгон шалгаруулалтанд хамаарч явагдана. Гэтэл дур мэдэн эзэмшиж ашиглаж байгаа иргэдийн асуудалд төсөл сонгон шалгаруулалт орсон ямар нэгэн субъект үүрэг хүлээхгүй гэж бодож байна. Дур мэдэн ашиглаж байсан уу, хууль ёсны дагуу газар эзэмшиж байсан уу гэдгээс хамааран газрын албаны оролцох, эс оролцох нь хамаарах зохицуулалт юм.

Би тухайн үед мөрдөн байцаагчид “Нийслэл, дүүргийн газрын алба тухайн төсөлд оролцох эрх зүйн үндэс байхгүй” гэж тайлбар өгсөн.  Үүнийг яагаад ярьсан бэ гэхээр тухайн төсөл дээр тухайн газрыг чөлөөлөх эрх, үүргийг төрийн байгууллага буюу газрын алба хүлээгээгүй тохиолдолд оролцохгүй гэж тайлбар өгсөн. 

Тухайн газрын гражийн эзэд нь зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй байхаас хамаараад энэ төслийн дагуу үйл ажиллагаа явагдана. Гэрээтэй бол гэрээгээр явна. Харин граж дээр заавал хуулинд зааснаар газрын албатай гэрээ байгуулна гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ энэ төсөл дээр граж буулгахыг зөвшөөрөхгүй байгаа гражийг газрын алба хамтран албадан чөлөөлнө гэсэн байна. Мөн энэ төслийг Нийслэлийн засаг дарга сайн төсөл гэж сонгон шалгаруулж дээрх гэрээг зөвшөөрөн төслийн дагуу гэрээ байгуулсан гэж үзэж байна.

АТГ-ын мөрдөн байцаагч хэргийн талаар тодорхой мэдээлэл бол өгөөгүй. Та газрын албаны хууль эрх зүйн салбарт ажилладагийн хувьд тайлбар өгнө үү гэдэг байдлаар надаас байцаалт авсан юм.

Төслийн баримт бичигт газрын алба дэмжлэг үзүүлэн ажиллана гэж заасан байна. Шаардах хуудас гэдгийг газрын албаныхан хүргүүлж байдаг. Үүний эрх зүйн үндэслэлийг судлаж үзэж байсан. Шаардах хуудас гэдэг ойлголт бол Газрын тухай хуулинд байхгүй зохицуулалт боловч нийтээр хэрэглээд хэвшсэн нэгэн ойлголт юм. Гэхдээ Газрын тухай хуулийн хүрээнд шаардах хуудсыг хэрхэн ойлгох вэ гэхээр гэрээний нөгөө тал гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа нэг хэлбэр гэж ойлгож болно. Иймд гэрээний үүргийг хэрэгжүүлэхийн тулд шаардах хуудас явуулсан гэж ойлгож байна. Шаардах хуудас ийм загвартай, ингэж бичигдэнэ гэсэн эрх зүйн зохицуулалт одоогоор байхгүй, өмнө нь ч байгаагүй.

Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт дээр бол төрөөс зохион байгуулдаг. Ялангуяа дуудлага худалдаанд ялагч байгууллага газраа ашиглах бүх боломжийг төр хангаж өгөх үүрэгтэй байдаг. Төсөл сонгон шалгаруулалтанд яг тодорхой зааж өгөөгүй боловч тэр зохицуулалт нь ижилхэн гэдэг утгаар хуульд тайлбарласан. Тухайн үеийн хуульд энэ талаар зохицуулаагүй байсан ч хэрэгт ач холбогдолтойн үүднээс Засгийн газрын 2016 оны №10 дугаартай журмаар төсөл сонгон шалгаруулалтаар газар авсан тохиолдолд төр хариуцна гэж өөрчлөлт орсон байдаг. Мөн энэ журамд газрын албанд төр актаар хүлээлгэж өгнө гэсэн заалт нэмэгдсэн юм.

Шаардах хуудас өгснөөр газар чөлөөлөх үйл ажиллагаа дууссан гэж ойлгохгүй, газар чөлөөлөх үйл ажиллагааг дууссан эсэх талаар УДШүүхийн 2008 оны 15 дугаартай тогтоолоор тайлбарласан байдаг.

Газрын тухай хуульд газрын зориулалтууд байдаг. Гэр бүлийн хэрэгцээ, аж ахуйн хэрэгцээ, төрийн хэрэгцээ гэсэн 3 зориулалт байдаг. Граж бол аль нэг хэрэгцээнд нь хамаарахгүй. Дүүргийн Засаг дарга зөвшөөрөлгүй газар эзэмшигчид мэдэгдэл хүргүүлнэ. Мэдэгдэх үүргээ хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр нь шаардах хуудас гэж ойлгож болно. Засаг дарга шаардах хуудас гэхээсээ мэдэгдэл бичих нь зүй ёсны хэрэг. Засаг даргын мэдэгдэл гэдэг үүднээс албан бичиг наавал энэ нь Газрын тухай хуулийн агуулгад нийцсэн байх болно. Засаг дарга харин энэ эрхээ үр дүнгийн гэрээ байгуулан Газрын албаны даргад шилжүүлсэн байж болно. Үр дүнгийн гэрээний төлөвлөгөөн дээр зөвшөөрөлгүй газрыг албадан чөлөөлнө гэж тусгаж үүргийг нь Засаг дарга Газрын албаны даргад эрхээ шилжүүлсэн тохиолдолд газрын алба энэ үүргийг хэрэгжүүлнэ гэсэн үг.

Эм Жэй Би Ай ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад санал болгож байгаа төсөл нь ийм нөхцөлтэйгээр энэ гражийг барина гэсэн санал байна. Нийслэлийн Засаг дарга төслийг хүлээн зөвшөөрөөд хүлээн авч сонгон шалгаруулсан төсөл байна. Энэ төслийг хэрэгжүүлэх арга зам дээр гражийн газар дээр зөвшөөрөлтэй граж эзэмшсэн иргэдэд хөнгөлттэй нөхцөлөөр харилцан зөвшилцөж иргэн бүртэй гэрээ байгуулах замаар газрыг чөлөөлнө гэсэн байна.

Хот суурин газрыг дахин төлөвлөх тухай хуулинд газар эзэмшигчидийн дийлэнх нь зөвшөөрөөд газраа чөлөөлж байгаа тохиолдолд бусад буюу бага хувь нь зөвшөөрөхгүй бол албадан чөлөөлнө гэсэн байдаг. 2014 оноос хойш Газрын тухай хуульд эрх зүйн зохицуулалтууд нь иргэн харилцан зөвшилцөх, харилцан тохиролцож гэрээ байгуулна гэсэн зохицуулалтаар хэрэгжиж байгаа. Зөвшөөрөлгүй граж байсан ч гэсэн эхлээд харилцан зөвшилцсөн саналууд хийгдээд дараагаар албадан чөлөөлөх асуудал яригдахаар байна гэж ойлгож болно.

Энэ төсөл дээр тодорхой бичсэн байна граж байгаа газрыг чөлөөлбөл оронд нь тохилог орчин үеийн гражаар хангана гэсэн зохицуулалт байна. Эм Жэй Би Ай ХХК нь тендэрт оролцсон материалдаа зөвшөөрөлгүй граж эзэмшигчид газар чөлөөлж өгөхгүй бол Газрын алба чөлөөлөх үйл ажиллагаанд оролцохоор гэрээний санал өгсөн бөгөөд Нийслэлийн Засаг даргын зүгээс дээрх гэрээг тендерийг сонгон шалгаруулсан нь гэрээний төслийг зөвшөөрсөн гэж ойлгож болно” гэв.

 

Гэрч М.Монхор мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “С.Чулуунцэцэг гэх эмэгтэй 650.000 юанийг Хятад улс дахь манай төлөөлөгчид өгөөд мөнгийг нь манай компанийн касснаас гаргуулж авсан, манай компаниас 650.000 юанийг гаргуулж авахдаа 590.000 юанийг 303 төгрөгөөр бодож нийт 178.770.000 төгрөгийг бэлнээр 60.000 юанийг бэлнээр авсан, Хятад улсад манай компаний төлөөлөгч Далай гэдэг хятад иргэн хүн ажилладаг бөгөөд тэр хүнд 650.000 юанийг хятад улсын иргэнээс авч ирж өгсөн гэсэн, бэлнээр авч ирж өгсөн юм уу эсвэл дансаар шилжүүлсэн юм уу ямар хүн өгсөн талаар мэдэхгүй байна учир нь Далай гэдэг хүнтэй манай компани хамтран ажиллахаа больсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 239/,

 

Гэрч П.Энхмандах мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс Баянзүрх дүүргий Өмч, харилцааны албанд жолоочоор ажиллаж байгаа,...дарга 13 дугаар хороолол орно гээд явсан, дарга замдаа хүнээс мөнгө авах ёстой юм гээд уулзахаар болоод буусан, ямар хүнтэй уулзсан талаар мэдэхгүй тэгээд удаагүй 10 гаран минутын дараа Home Plaza гэсэн бичигтэй цагаан тортой зүйл барьж орж ирээд хойд талын шалан дээр тавиад өөрөө урд орж ирж суусан тэндээсээ Офицеруудын ордны петровисын шатахуун түгээх станц руу явчих гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 240/,

Гэрч Э.Соёл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...манай ээж Чулуунцэцэг надтай утсаар яриад мөнгө аваад хүнд өгөх хэрэгтэй байна Хаан сүйх валют арилжааны цэг дээр намайг хүрээд ирээч гэсэн, тэндээс 60.000 юань, 178.000.000 төгрөг аваад Мишээл орж ор авах ажилтай явж байгаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Голомт банкны урд талд 00-40 дугаартай цагаан өнгийн автомашины ар талын суудал дээр шардуу царайтай эмэгтэйд 155.000.000 төгрөг бэлнээр тоолж өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 248/,

Гэрч Б.Ганчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 60 иргэдийн өргөдөл гомдол ямар ч бүртгэлд бүртгэгдээгүй байсан, мөн цахим бүртгэлд ороогүй байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 5/,

Гэрч Д.Пүрэвдаваа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Газрын албаны дарга Н.Б захирамжийн төслийг зуруулахаар орж ирсэн, тэгээд захирамжийн төсөл нь хянагдаагүй байсан учраас нөхөж зуруулаарай гэж хэлээд гарын үсэг зурж өгсөн, тайлбар юу гэж тавигдсан гэхээр баярын өмнө холбогдох хүмүүс нь байхгүй, ажлын ачаалалтай байсан учраас хянагдаагүй гэж байсан, би одоо болтол жинхэнэ захирамж дээр гарын үсэг зураагүй байгаа, миний хувьд эрх зүйн талаас нь хяналт тавих боломжтой болохоос өөр ямар  нэгэн байдлаар хяналт тавих боломжгүй давхцалын асуудал Нийслэлийн Өмчийн харилцааны албанаас хяналт тавих ёстой...” гэх мэдүүлэг /2хх-ийн 7-8/,

Гэрч Д.Төмөрхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Надад үзүүлсэн 60 иргэний өргөдөл нь манай албаны бичиг хэргээр дамжаагүй байна, хэрэв бүртгэлт орсон бол бүртгэл хяналтын карт байх ёстой...” гэх мэдүүлэг /2хх-ийн 9/,

Гэрч Н.Эрдэнэцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...газар эзэмших гэрчилгээ авсан 60 иргэнийг шүүж үзэхэд нэг ч хүн газрын төлбөр төлөөгүй байсан, хэрэв төлсөн бол Нийслэлийн төсөвт ордог юм...” гэх мэдүүлэг /2хх-ийн 10/,

Гэрч Б.Оюумаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажлын цаг дууссан байхад буюу 19 цагийн үед Өмч харилцааны албаны дарга Н.Б, ахлах мэргэжилтэн Батзоригийн хамт Пүрэвдаваагийн өрөөнд орж уулзаад төслөө зуруулаад гарсан, бичиг хэргийн ажилтан тараад явсан байсан, тэгэхээр албан бланкан дээр захирамж гараагүй, төсөл нь батлагдсан учир захирамжийн дугаарыг нь хадгалж байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 11/,

Гэрч Б.Энхзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 08-ны орой төслийг Засаг дарга зурсан учраас захирамжид олгох дугаарыг төслийг дээд хэсэгт бичиж тэмдэглээд төслийг буцааж явуулсан......” гэх мэдүүлэг /2хх-ийн 12/,

Гэрч Л.Гантөгс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Намайг орой ажил тараад гэртээ байж байхад 19 цагийн үед Батзориг утсаар яриад дарга дуудаж байна гэсэн, тэгээд ажил дээр очиход Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдэд олгосон газрын макро хийлгэх гээд дуудсан байсан, би 20 гаран иргэний газар эзэмших эрхийн макро зургийг компьютерт хийгээд хэвлэж гаргасан, хэвлэж гаргасан макро зургаа дадлагын хүүхдэд өгөөд явсан, намайг очиход захирамж нь гарсан гэж байсан......” гэх мэдүүлэг /2хх-ийн 13-14/,

Гэрч Г.Санчирмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 08-ны орой ажил тарсны дараа Батсүх дарга хэдэн макро буюу нэгж талбарын байршлын кадастрын зураг хийгээд өг гэсэн, нийт 60 айлын кадастрын зураг байсан бөгөөд Батзориг, Гантөгс нарын хамтаар 20, 20-иор авч би Батчимэг, Отгонзаяа нарын комьютер дээр хийгээд дадлага хийж байсан Лхагважавт өгчихөөд явсан захирамж гарсан гэж ойлгож байсан юм...” гэх мэдүүлэг /2хх-ийн 16/,

Гэрч Г.Лхагважав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 08-ны орой ажил тарсны дараа иргэдээс ирсэн материалыг архивлаж байхад Б дарга мэдээллийн санд яаралтай зураг оруул гэсэн үүрэг өгсөн, би Г.Одонтунгалагийн компьютер дээр 60 айлын зургийг оруулсан, мэдээллийн санд 21 цагаас 09-ний өдрийн 00 цаг 10 минут орчимд дууссан зургийг хэвлээд Батсүх даргад өгсөн чинь Одонтунгалагийн өмнөөс гарын үсэг зурчих гэхээр нь төлөөлөөд гарсан гарын үсэг зурсан, газрын давхцал гараагүй ....” гэх мэдүүлэг /2хх-ийн 17/,

Гэрч Б.Батзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 08-ны орой ажил тарсан байхад Батсүх дарга ажил дээр дуудсан намайг ирэхэд Б дарга Санчирмаа, дадлагын оюутан Лхагважав 3 байсан, би газар зохион байгуулагч нараас захирамжийн төсөлд оруулах иргэдийн нэрсийг өдөр авч нэгтгэсэн байсан юм тэгтэл Б дарга газар зохион байгуулагч Батчимэгт 60 нэр өгчихсөн байгаа тэрийг нэмж оруул гэсэн эдгээр 60 иргэний 20 дугаар хороо Их цуурайтын аманд байрлах газарт бичигдсэн байсан, захирамжийн төслийг Батсүх дарга өөрөө Засаг дарга руу авя орж зуруулж гарч ирсэн би дараа нь эрх зүйн мэргэжилтэн Энхзаяагаас дугаар авсан, ... би Гантөгсийг гэрээс нь дуудаж ирүүлээд 20, 20-иор авч гэрчилгээ бичиж Б даргад өгөхөд өрөө рүүгээ авч ороод удалгүй явсан, 60 ширхэг гэрчилгээнийүнэ 1.200.000 төгрөг өгөөгүй уг нь гэрчилгээний үнэ 20.000 төгрөгийг иргэд банкинд тушаагаад баримтыг нь газар зохион байгуулагчид өгч гэрчилгээгээ явдаг юм, захирамж заавал гарч байж гэрчилгээ олгодог Б дарга үүрэг өгчихсөн учир гэрчилгээ бичсэн, ...Пүрэвхатан тэр өдөр над руу олон удаа залгасан, залгах болгондоо Б дарга ирсэн үү, байна уу гээд асуугаад байсан, мөн танай засаг дарга байгаа юмуу газар эзэмших захирамж хэзээ гарах вэ гээд асуугаад байсан гэрчилгээ бичиж байхдаа 60 иргэний газрыг Пүрэвхатан хөөцөлдөж байгаа юм байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 19-21/,

Гэрч О.Батчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дээрх өргөдлүүд дээр ямар нэгэн цохолт байхгүй байсан, надад дарга өгөхдөө захирамжийн төсөлд оруулах, давхцал байна уу шалгаадах гэсэн, шалгаж үзэхэд давхцалтай байсан учир даргад буцаагаад өгсөн, намайг байхгүй хойгуур 07 дугаар сарын 27-ны өдрийн гарсан А/562 дугаар захиарамжаар олгосон 90 иргэний кадастрын зураг эхэнд олгосон 43 иргэний газрын 20 орчим иргэний газар давхцаж байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 22-24/,

Гэрч М.Хулан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би газар авах гэж өргөдөл өгч байгаагүй, харин манай нөхөр Мөнхдаваа, ажлын газрын ах Батбаяр нар нийлж хаус барьдаг юм уу гэж ярьж байсан, Булган манай компаний орчуулагч....” гэх мэдүүлэг /2хх-ийн 36/,

Гэрч А.Жаргалсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баянзүрх дүүрэгт миний нэр дээр гэрчилгээ гарсныг сая мэдлээ, миний гарын үсэг болон бичиг биш байна, манай компаний захирал хэзээ билээ миний иргэний үнэмлэхийг авч байсан газрын холбогдолтой юм ярьж байсан би сайн ойлгоогүй ....” гэх мэдүүлэг /2хх-ийн 37/,

Гэрч С.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Баянзүрх дүүргийн газрын албанд өргөдөл бичиж байгаагүй, харин манай нөхөр Мөнхдаваа ажлын газрынхан бөөнөөрөө газар авч байшин баръя гэж байсан тэгээд миний иргэний үнэмлэхийг авч байсан, өргөдөл гарын үсэг минийх биш байна, Булганыг орчуулагч гэдгээр мэднэ бусдыг танихгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 40/,

Гэрч А.Наранцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Их цуурайтын аманд газар авах гэж өргөдөл бичиж байгаагүй миний бичгийн хэв, гарын үсэг биш байна....” гэх мэдүүлэг /2хх-ийн 41/,

Яллагдагч С.Чулуунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Пүрэвхатан та газартай юу гэж асуугаад газаргүй гэхэд газар авч өгье гэсэн, тэгээд надаас миний болон манай 2 хүүгийн, төрсөн дүү Оюунцэцэг, Оюунбат, Нарандарь, Наранчимэг, төрсөн эгчийн хүү Буяндэлгэр найз Цацралт нарын иргэний үнэмлэхний хуулбарыг авсан, ... Пүрэвхатан манайх циркийн тэнд машин зардаг наадмаас өмнө хэдэн машин аваад буцаагаад зарчих хэрэгтэй байна гээд 155.000.000 төгрөг зээлсэн, Батсүхийг танихгүй...” гэх мэдүүлэг /4хх-ийн 47-48/,

Яллагдагч Н.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тухайн газрууд нь газар олгох талаар хууль, журмын дагуу л олгогдсон, ...сүүлийн 50.000.000 төгрөг авсан гэх үйлдэл нь С.Чулуунцэцэгээс 50.000.000 төгрөгийг зээлж авахаар тохирч түүнээс мөнгө авсан бөгөөд энэ нь газартай холбоогүй, би мөнгө авахдаа Т.Пүрэвхатанаар дамжуулан өгч байгаа гэж мэдээгүй, урьдчилан хэлээгүй...” гэх мэдүүлэг /3хх-ийн 162/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл “...30-48 УБҮ улсын дугаартай хар өнгийн Land cruiser prado маркийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын автомашин байх ба тус тээврийн хэрэгсэлд нийтдээ 50.000.000 төгрөг байсныг түр хураан авахаар тогтов...” гэх, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 8-13/,

Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, Хатан сүлд ББСБ ХХК-ний гүйлгээний баримт /1хх-ийн 31-32/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /1хх-ийн 33, 37/,

Эд мөрийн баримтаар хураан авч, хадгалах тухай тогтоол /1хх-ийн 69/,

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/256 дугаартай “газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” тушаалын төсөл, жагсаалт хавсралтын хамт /хх-ийн 70-84/

Бичиг, баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл: “...үзлэгээр 2015, 2016 оны өргөдөл гомдлын бүртгэлд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438, 562, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/256 дугаартай захирамжуудаар 20 дугаар хороо, Их цуурай нэртэй газарт газар эзэмшихээр шийдвэрлэгдсэн иргэд нь бичгээр газарт эзэмших хүсэлт гаргаж байгаагүй болох нь тогтоогдож байна” гэх /1хх-ийн 88-89/,

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаартай захирамж, хавсралт /1хх-ийн 90, 96-98/,

Олгосон газрын давхцал үүссэн зурагт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 105-107/,

Нэр бүхий 60 иргэний газрын гэрчилгээ, гэрээ кадастрын зургийг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, тэмдэглэл /1хх-ийн 108-215/,

Н.Б-йн гар утсыг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоол /3хх-ийн 16/,

Н.Б-ийн гар утасны биллд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 31-36/,

Т.Пүрэвхатангийн утасны биллд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 67-73/,

С.Чулуунцэцэгийн гар утасны биллд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 83-90/,

Хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /11хх-ийн 234-236/,

Гэрч Л.Гантөгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай албаны дарга Б мэргэжилтэн О.Батчимэгийг 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн захирамжаар газар эзэмшүүлсэн 43 иргэний 31 иргэнтэй газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээг нь бичээд өг гэсэн байсан, Батчимэг тухай үед байхгүй намайг бичээд өгчих гэхээр нь Батчимэгийн шкафнаас материалуудыг аваад гэрчилгээ бичиж өгөөд гарын үсэг зураад Б даргад материалуудыг үлдээгээд явсан, газар хүсэлт гаргасан нэг ч иргэнтэй уулзаагүй зөвхөн гэрээ, гэрчилгээг бичээд албаны даргад өгсөн...тухайн үед гэрчилгээний үнэ тушаагдаагүй байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 13-14/,

Гэрч О.Батчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ё.Адъяабилэг нарын 43 хүний өргөдөл нь 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өргөдөл гомдлын бүртгэлийн 3350 дугаарт бүртгэгдэж манай албанд орж ирсэн, ямар хүн хэзээ авч ирж бүртгүүлсэн талаар мэдэхгүй, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамж гарахын өмнө Б дарга 43 иргэний өргөдлийн захирамжийн төслийг шив гэж үүрэг өгсөн, татгалзах шалтгаан байгаагүй, уг газар нь 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байсан учраас олгосон, давхцал байгаагүй, 11 дүгээр сарын 27-ны өдрийн гарсан А/562 дугаар захирамжаар олгосон 90 иргэний кадастрын зураг эхэнд нь олгосон 43 иргэний газрын 20 орчим иргэний газар давхцаж байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 22-24/,

Яллагдагч Г.Мөнхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие өөрийн хүүхдүүдийн нийлсэн 7 хүний бичиг баримт, Булганы олж өгсөн 34 хүний нийт 41 иргэний нэр дээр газар гарсан, дээрхи газрыг гаргуулахын тулд Булган надад эхлээд 2015 оны 09 дүгээр сард 20.000.000 төгрөг бэлнээр өгсөн, уг мөнгийн аваад Нийслэлийн өмч, харилцааны газрын Захиргаа, удирдлагын газрын дарга А гэж эмэгтэйд өгсөн, ингээд газар гарсны дараа гэрчилгээ гарсан газраас гадна сул талбай их байсан учраас энэ газрыг хүнд өгч болохгүй шүү байх талаар арга хэмжээ авч өгнө үү гэж хэлээд Булганаас 80.000.000 төгрөг авч Амаржаргалд 2015 оны 10 дугаар сард ажлын гадаа нь Харрер машин дотор өгсөн, үнэн хэрэгтээ ийм л асуудал болсон, би Баянзүрх дүүргийн газрын албаны дарга Б-ийг таньж мэдэхгүй учраас газар гаргуулж өгөөч гэж А-ыг гуйсан, 43 айлын газрын гэрчилгээ гарснаас хойш Баасандорж бид нарын авсан газартай давхцуулаад 90 айлын газар авсан байсан, гэхдээ газар нь мэдээллийн санд ороогүй байсан, тэгсэн 2016 оны хавар Чулуунцэцэг яриад нөгөө газрын чинь хажууд нэмж газар авах гэсэн юм бичиг баримт бүрдүүлж өгөөч гэсэн, тэгээд би кадастрын зураг хийлгэхэд машинаар явж өгсөн, хэдэн хүний иргэний үнэмлэхний хуулбар өгсөн, өөрөө энэ асуудалд оролцоогүй, Пүрэвхатан, Чулуунцэцэг нар яаж гэрчилгээ гаргуулж авсан 100.000.000 төгрөгийг А-д өгсөн миний үйлдэл хээл хахууль өгсөн биш зуучилсан юм...” гэх мэдүүлэг /4хх-ийн 68-72/,

Яллагдагч А.Булган мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед хөрөнгө оруулагч нарт Г.Мөнхбаатар нь иргэдийн нэр дээр газрын гэрчилгээ гаргах боломжтой, хүмүүсийн иргэний үнэмлэний хуулбар хэрэгтэй гэж Лин Шуйлинд хэлж байсан, намайг тухайн үед хятад талын хүмүүс нь чи Мөнхбаатар иргэний үнэмлэхний хуулбар олж өгөхөд нь туслаад өгөөч гэсэн, тэгээд би Мөнхбаатарт 34 иргэний үнэмлэхний хуулбар олж өгсөн, тэгээд урьдчилгаа мөнгө хэрэгтэй гэж Лин Шуйлинд хэлсэн, Лин Шуйлин урд талын хөрөнгө оруулагч нартайгаа холбогдоод мөнгө бэлдэхээр болсон, сүүлийн газрын гэрчилгээний зөвшөөрлийг С.Чулуунцэцэг хөөцөлдөхөөр болоод Лин Шуйлин хүмүүсийн иргэний үнэмлэхний хуулбарыг олоод өгөөч гээд би Чулуунцэцэг эгчид 22-23 хүний иргэний үнэмлэхний хуулбар өгсөн, Лин Шуйлин өөрийн найз нөхдийн мөнгийг Мөнхбаатарт өгсөн асуудлаас болоод би Монгол улсад ямар нэгэн хөрөнгө оруулалт, төлөвлөсөн ажлуудаа хийх боломжгүй болчихлоо чи өгсөн гээд хэлээд өгчих гээд намайг гуйгаад байсан болохоор би газрын гэрчилгээ авахын тулд Мөнхбаатарт өгсөн мөнгийг би өгсөн гээд хэлчихсэн юм, 100.000.000 төгрөгийг хоёр хуваагаад Мөнхбаатарт авч ирж өгсөн би тэр үед орчуулагчийг нь хийгээд явж байсан юм,   өмнө 44 иргэний нэр дээр авсан газрын хажуу талд нэмж иргэдийн нэр дээр газар авахаар болоод энэ асуудлыг Чулуунцэцэг хөөцөлдөхөөр болсон юм, тэрнээс хэрхэн яаж газрын гэрчилгээ гаргуулж авсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 90-93/,

Яллагдагч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Надад мөнгө өгсөн гээд байгаа Мөнхбаатарыг танихын хувьд танина, Мөнхбаатартай би 2014 оны 04 дүгээр сарын сүүлчээр ажлын гадаа тааралдахад “Би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн нэр дээр газар авахаар хууль журмын дагуу газрын албанд материалаа өгсөн, та газрын албаны дарга Б-д нэг хэлээд өгөөрэй гэж байсан, ... ингээд Б дарга руу сүүлд буюу түүнээс хойш 20 орчим хоногийн дараа утсаар ярьж “Г.Мөнхбаатар гэж хүнд туслаад өгөөрэй манай байгууллагаар өргөдөл гомдол гаргаад олон жил явж байгаа хүн шүү” гэж тайлбарлан нэг удаа хэлж өгсөн, улмаар Г.Мөнхбаатарын Баянзүрх дүүрэгт хөөцөлдсөн газар гарсан гэж сонссон, газар нь Баянзүрх дүүргийн Их цуурайтын ам нэртэй газарт гарсан гэж Мөнхбаатартай тааралдаж сонсож мэдсэн, тэрнээс Мөнхбаатараас мөнгө төгрөг авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /4хх-ийн 106-107/,

Хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /11хх-ийн 234-236/,

Бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд /1хх 88-103/,

Олгосон газрын давхцал үүссэн зурагт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 105-107/,

Гэрч Ц.Жаргалмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...захирал Баасанхүү надад утсаар “газрын албаны хүний дүү нь очиж гэрээ байгуулах байх төлбөрийг нь төлсөн байдлаар гэрээ хийчих” гэж хэлсэн, тэгтэл тухайн өдөр Дайриймаа гэх эмэгтэй ирээд Баянгол дүүргийн газрын албаны дарга Б-ийн дүү байна гэж хэлээд надтай автомашины зогсоол захиалж бариулах гэрээ хийсэн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан, бидний дунд зогсоолын төлбөр мөнгөний талаар яригдаагүй, Дайриймаа ямар нэг урьдчилгаа мөнгө төгрөг төлөөгүй, Баасанхүү захирлын дагуу төлбөрийг төлсөн мэтээр гэрээг хийсэн, төлбөр төлөөгүй тул гэрээг ялгах зорилгоор Дайриймаагийн иргэний үнэмлэхний хуулбар дээр БГД ГА-ны дарга Бямбадорж дүү гэж гараар бичсэн...” гэх мэдүүлэг /6хх-ийн 249/,

Гэрч Д.Рэнцэнноров мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай байрны иргэдээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан, ... Улсын байцаагчийн дүгнэлтээр Эм Жэй Би Ай ХХК-ийн барих гражийн барилга хууль зөрчсөн болохыг тогтоосон, ...уг компани 2015 оны хавар иргэдийн газрыг чөлөөлөх ажлыг эхлүүлж, 2015 оны 06 дугаар сараас буулгаагүй гражуудад шаардах хуудас нааж эхэлсэн...” гэх мэдүүлэг /7хх-ийн 12/,

Гэрч Г.Хатанбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн эзэмшигч нь тодорхойгүй 5 граж эзэмшигчид албан бичиг ирснээс хойш 2 хоногийн дараа 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бичиж хүргүүлсэн санагдаж байна, Б дарга шаардах хуудас хүргүүл гэж хэлж байсан, шаардах хуудасны бүртгэл, дэвтэр гэж байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 13-14/,

Гэрч Г.Мөнхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай албаны дарга Б мэргэжилтэн О.Батчимэгийг 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн захирамжаар газар эзэмшүүлсэн 43 иргэний 31 иргэнтэй газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээг нь бичээд өг гэсэн байсан, Батчимэг тухай үед байхгүй намайг бичээд өгчих гэхээр нь Батчимэгийн шкафнаас материалуудыг аваад гэрчилгээ бичиж өгөөд гарын үсэг зураад Б даргад материалуудыг үлдээгээд явсан, газар хүсэлт гаргасан  нэг ч иргэнтэй уулзаагүй зөвхөн гэрээ, гэрчилгээг бичээд албаны даргад өгсөн...тухайн үед гэрчилгээний үнэ тушаагдаагүй байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 13-14/,

Гэрч З.Мөнхсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн барилгын компанитай газар чөлөөлөх асуудлаар шийдэлд хүрээгүй, тохиролцоогүй иргэдийн автомашины гражууд дээр газар чөлөөлөх хуудас нааж байсан, мөн дүүргийн Засаг дарга болон газрын албаны удирдлагууд нь тухайн газарт баригдах объект нь олон давхар автомашины зогсоол баригдана өөр зүйл баригдахгүй гэдгийг тайлбарлан өгч байсан, энэ байдлуудаас үүдэн граж эзэмшигч нар хуучин тоосгон гражуудаа тухайн компанид зарах нь зарж, автомашины зогсоолоор солих нь сольж гэрээ байгуулцгаасан, миний хувьд эзэмшиж байсан гражаа автомашины зогсоолоо солихоор гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг /7хх-ийн 30/,

Гэрч Д.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай компани хийх гэж байгаа ажлын талаар иргэдэд нилээн л танилцуулаад 1-2 жил орчим хугацаанд яваад байх шиг байсан гэвч граж эзэмшигч хүмүүсийн дийлэнх олонх нь зөвшөөрч гэрээ байгуулах хандлагатай байсан боловч цөөхөн хэсэг хүмүүс ажлыг нь эсэргүүцэж байсан, гэтэл дүүргийн газрын албанаас улаан зураас бүхий шаардах хуудсыг тоосгон гражуудын хаалган дээр нааж эхэлсэн, тэр шаардах хуудас дээх “Нийслэлээс зөвшөөрөгдсөний дагуу олон давхар авто зогсоол баригдахаар шийдвэрлэгдсэн тул газраа чөлөөл” гэсэн утгатай байсан санагдаж байна, шаардах хуудас манай граж дээр мөн наагдсан...” гэх мэдүүлэг /7хх-ийн 31/,

Гэрч М.Галцог мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...улмаар дүүргийн засаг дарга Оросоо, газрын албаны дарга Бямбадорж болон албаны бусад хүмүүс ирж оршин суугч нартай ярилцаж хурал цуглаан хийсэн, түүнээс хойш тоосгон гражууд дээр газрын албанаас “гражаа яаралтай буулга, буулгахгүй бол гражийг албадан буулгаж газар чөлөөлнө” гэсэн утгатай олон бичиг нааж эхэлсэн, иргэд эсэргүүцэж шаардах хуудаснуудыг урж хаяж байсан боловч ямар ч байсан компани иргэд хоорондоо тохиролцсон байсан...” гэх мэдүүлэг /7хх-ийн 32/,

Говийн заяа, Эм Жэй Би Ай ХХК-ний барьж байгаа олон давхар автомашины зогсоолын оффиссын өрөөнд нэгжлэгийн үеэр хураан авсан бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6хх-ийн 135-136/,

Гэрч Ц.Жаргалмаагийн гар утасны биллд үзлэг хийсэн тэмдэглэл /6хх-ийн 147-151/,

Баянгол дүүргийн Газрын албаны архивын баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /6хх-ийн 167-175/,

Автомашины зогсоол захиалан бариулах тухай гэрээ, Дүүргийн газрын албаны шаардах хуудсыг эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тухай тогтоол /6хх-ийн 201-202, 204/,

Эд мөрийн баримт болох Шаардах хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл /6хх-ийн 205-206/,

301 тоот автомашины зогсоолыг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /6хх-ийн 85-86/ Гэрч Л.Мөнхжаргалын мэдүүлэг /2хх-ийн 43/, Гэрч Ж.Ядамсүрэнгийн мэдүүлэг /2хх-ийн 47/, Гэрч Г.Сүрэнжавын мэдүүлэг /2хх-ийн 52/, Гэрч С.Энхцэцэгийн мэдүүлэг /2хх-ийн 54/, Гэрч С.Дэлгэрийн мэдүүлэг /2хх-ийн 55/, Гэрч С.Эрдэнэцогтын мэдүүлэг /2хх-ийн 56/, Гэрч Ж.Амаржавхлангийн мэдүүлэг /2хх-ийн 143/, Гэрч С.Эрдэнэцогтын мэдүүлэг /2хх-ийн 56/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус шинжлэн судалсан болно.

Нийслэлийн прокуророос шүүгдэгч С.Б-ийг Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч “Эм Жэй Би Ай” ХХК-ний захирал С.Баасанхүүгийн ашиг сонирхлын үүднээс 2015 оны Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр хуучин гражийг өөрсдийн зардлаар чөлөөлж 5 давхар 250 автомашины граж барих тендерт ялсан Эм Жэй Би Ай ХХК-ний газар чөлөөлөх ажилд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг зөрчин, газар чөлөөлөх шаардах хуудас бичиж өгөн дүүргийн газрын албанаас гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, “Эм Жэй Би Ай” ХХК-ний захирал С.Баасанхүүгээс 20.440.000 төгрөгийн үнэ бүхий авто зогсоолыг өөрийн төрсөн дүү С.Мягмарсүрэнгий эхнэр Б.Даариймаагийн нэр дээр 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулан хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын дараах өгсөн мэдүүлэг, тайлбар зэргээс үзэхэд:

Гэрчээр оролцсон Г.Мөнхцэцэг мэдүүлэхдээ: “... Газрын албаны газар зүйн харилцаа, геодиз зураг зүйн албаны даргын 2008 оны №83 дугаартай тушаалаар батлагдсан “Газар эзэмшүүлэх ашиглахад зориулагдсан эрхийн гэрчилгээ олгох журам” гэж байдаг. Төсөл сонгон шалгаруулах процесс нь төсөл сонгон шалгаруулах журмаар яваад цаашаа эзэмшүүлэх ашиглах үйл явц нь энэ журмаар явагддаг гэсэн үг. Үүнээс үзэхэд нэг процесс нь 2 өөр журмаар зохицуулагдаад явж байсан гэсэн үг.

Төсөл сонгон шалгаруулах, шалгарсан этгээд дээр гэрээ байгуулах асуудал байдаг. Гэрээ байгуулахад гэрээн дээр хэрхэн тусгасан байна вэ гэдэг нь маш чухал. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага төсөл сонгон шалгаруулалтанд орсон аж ахуй нэгж байгууллагын хооронд Иргэний хуульд заасан гэрээ байгуулах харилцаа үүссэн байдаг. Иргэний хуульд заасны дагуу гэрээнд хэрхэн ямар харилцаа тусгасан, гэрээний үүргийн дагуу хоёр тал харилцан үүрэг хүлээж явах ёстой гэсэн тайлбар өгсөн.

Би Монгол Японы хамтарсан “Си Эс паркинг” гэх төсөлтэй танилцаагүй, надад танилцуулаагүй. Өнөөдрийн шүүх хурал дээр төслийг харлаа, энэ төсөлд Нийслэлийн, дүүргийн газрын алба газар чөлөөлөх үйл ажиллагаанд оролцох талаар хоёр өөр асуудал гарч ирнэ.

Тухайн газар эзэмшиж ашиглах гэж байгаа компани нь газрын харилцаа эрхэлсэн Газрын албатай хууль ёсны дагуу эрх үүссэн тохиолдолд Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрхээ авсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэх гэж буй гэрээний үйлчлэлд хамаарна гэсэн үг. Гэтэл энэ газар дээр давхар дур мэдэн гражийн газар эзэмшиж байгаа үед зөвшөөрөлгүй газар ашиглаж, эзэмшиж байгаа тохиолдолд Газрын тухай хуулиар дур мэдэн газар ашигласан буюу хууль бус газар ашиглалт болж газрын албанаас үүн дээр чөлөөлөх үйл ажиллагаа явуулах, цагдаагийн байгууллагатай хамтран албадан чөлөөлөх ажиллагаа явуулах нь төрийн байгууллагын эрх, үүрэг болно Газрын тухай хууль дээр энэ талаар зохицуулсан.

Би тухайн үед мөрдөн байцаагчид “Нийслэл, дүүргийн газрын алба тухайн төсөлд оролцох эрх зүйн үндэс байхгүй” гэж тайлбар өгсөн.  Үүнийг яагаад ярьсан бэ гэхээр тухайн төсөл дээр тухайн газрыг чөлөөлөх эрх, үүргийг төрийн байгууллага буюу газрын алба хүлээгээгүй тохиолдолд оролцохгүй гэж тайлбар өгсөн. 

Тухайн газрын гражийн эзэд нь зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй байхаас хамаараад энэ төслийн дагуу үйл ажиллагаа явагдана. Гэрээтэй бол гэрээгээр явна. Харин граж дээр заавал хуулинд зааснаар газрын албатай гэрээ байгуулна гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ энэ төсөл дээр граж буулгахыг зөвшөөрөхгүй байгаа гражийг газрын алба хамтран албадан чөлөөлнө гэсэн байна. Мөн энэ төслийг Нийслэлийн засаг дарга сайн төсөл гэж сонгон шалгаруулж дээрх гэрээг зөвшөөрөн төслийн дагуу гэрээ байгуулсан гэж үзэж байна.

АТГ-ын мөрдөн байцаагч хэргийн талаар тодорхой мэдээлэл бол өгөөгүй. Та газрын албаны хууль эрх зүйн салбарт ажилладагийн хувьд тайлбар өгнө үү гэдэг байдлаар надаас байцаалт авсан юм.

Төслийн баримт бичигт газрын алба дэмжлэг үзүүлэн ажиллана гэж заасан байна. Шаардах хуудас гэдгийг газрын албаныхан хүргүүлж байдаг. Үүний эрх зүйн үндэслэлийг судлаж үзэж байсан. Шаардах хуудас гэдэг ойлголт бол Газрын тухай хуулинд байхгүй зохицуулалт боловч нийтээр хэрэглээд хэвшсэн нэгэн ойлголт юм. Гэхдээ Газрын тухай хуулийн хүрээнд шаардах хуудсыг хэрхэн ойлгох вэ гэхээр гэрээний нөгөө тал гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа нэг хэлбэр гэж ойлгож болно. Иймд гэрээний үүргийг хэрэгжүүлэхийн тулд шаардах хуудас явуулсан гэж ойлгож байна. Шаардах хуудас ийм загвартай, ингэж бичигдэнэ гэсэн эрх зүйн зохицуулалт одоогоор байхгүй, өмнө нь ч байгаагүй.

...Шаардах хуудас өгснөөр газар чөлөөлөх үйл ажиллагаа дууссан гэж ойлгохгүй, газар чөлөөлөх үйл ажиллагааг дууссан эсэх талаар УДШүүхийн 2008 оны 15 дугаартай тогтоолоор тайлбарласан байдаг.

...Дүүргийн Засаг дарга зөвшөөрөлгүй газар эзэмшигчид мэдэгдэл хүргүүлнэ. Мэдэгдэх үүргээ хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр нь шаардах хуудас гэж ойлгож болно. Засаг дарга шаардах хуудас гэхээсээ мэдэгдэл бичих нь зүй ёсны хэрэг. Засаг даргын мэдэгдэл гэдэг үүднээс албан бичиг наавал энэ нь Газрын тухай хуулийн агуулгад нийцсэн байх болно. Засаг дарга харин энэ эрхээ үр дүнгийн гэрээ байгуулан Газрын албаны даргад шилжүүлсэн байж болно. Үр дүнгийн гэрээний төлөвлөгөөн дээр зөвшөөрөлгүй газрыг албадан чөлөөлнө гэж тусгаж үүргийг нь Засаг дарга Газрын албаны даргад эрхээ шилжүүлсэн тохиолдолд газрын алба энэ үүргийг хэрэгжүүлнэ гэсэн үг.

Эм Жэй Би Ай ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад санал болгож байгаа төсөл нь ийм нөхцөлтэйгээр энэ гражийг барина гэсэн санал байна. Нийслэлийн Засаг дарга төслийг хүлээн зөвшөөрөөд хүлээн авч сонгон шалгаруулсан төсөл байна. Энэ төслийг хэрэгжүүлэх арга зам дээр гражийн газар дээр зөвшөөрөлтэй граж эзэмшсэн иргэдэд хөнгөлттэй нөхцлөөр харилцан зөвшилцөж иргэн бүртэй гэрээ байгуулах замаар газрыг чөлөөлнө гэсэн байна.

...Энэ төсөл дээр тодорхой бичсэн байна граж байгаа газрыг чөлөөлбөл оронд нь тохилог орчин үеийн гражаар хангана гэсэн зохицуулалт байна. “Эм Жэй Би Ай ХХК” нь тендерт оролцсон материалдаа зөвшөөрөлгүй граж эзэмшигчид газар чөлөөлж өгөхгүй бол Газрын алба чөлөөлөх үйл ажиллагаанд оролцохоор гэрээний санал өгсөн бөгөөд Нийслэлийн Засаг даргын зүгээс дээрх гэрээний тендэрийг сонгон шалгаруулсан нь гэрээний төслийг зөвшөөрсөн гэж ойлгож болно” гэж мэдүүлэв.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Мөнхцэцэгийг улсын яллагчийн хүсэлтээр шүүх хуралдаанд дуудан ирүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчид тухайн хэргийн бодит байдал болон хавтаст хэрэгт авагдсан сонгон шалгаруулалтад орсон гэрээний төслийн онцлог, түүнд хавсаргасан материалыг танилцуулж түүнийхээ талаар мэдүүлэг аваагүй талаар дурьдсан.

Гэрч Г.Мөнхцэцэг нь Газрын алба нь газар чөлөөлөх шаардах хуудас бичих нь хуульд нарийвчлан зохицуулаагүй боловч 2003 онд Газрын тухай хууль батлагдан мөрдөж эхэлснээс хойш практикт байгаа одоо ч ийм шаардах хуудас бичиж байгаа талаар мэдүүлж байна.

Нийслэлийн прокуророос шүүгдэгч С.Б-ийг Нийслэлийн Засаг даргаас зарласан тендерийн дагуу Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр хуучин гражийг чөлөөлж 5 давхар 250 автомашины граж барих тендерт ялсан Эм Жэй Би Ай ХХК-ний газар чөлөөлөх ажилд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг зөрчин, газар чөлөөлөх шаардах хуудас бичиж өгөн дүүргийн газрын албанаас гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн гэж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Мөнхцэцэгийн өгсөн“......Энэ төсөл дээр тодорхой бичсэн байна граж байгаа газрыг чөлөөлбөл оронд нь тохилог орчин үеийн гражаар хангана гэсэн зохицуулалт байна. Эм Жэй Би Ай ХХК нь тендэрт оролцсон материалдаа зөвшөөрөлгүй граж эзэмшигчид газар чөлөөлж өгөхгүй бол Газрын алба чөлөөлөх үйл ажиллагаанд оролцохоор гэрээний санал өгсөн бөгөөд Нийслэлийн Засаг даргын зүгээс дээрх гэрээг тендэрийг сонгон шалгаруулсан нь гэрээний төслийг зөвшөөрсөн гэж ойлгож болно” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл 11 дүгээр хавтаст хэргийн 188-227 дугаар талд Монгол-Японы Давхар гражийн “Си Эс Паркинг төсөл” нотлох баримтаар авагджээ. Дээрх Нийслэлийн Өмчийн харилцааны газраас хуулбарлаж өгсөн Монгол-Японы Давхар гражийн “Си Эс Паркинг төсөл”-ийн 217 дугаар талд “Нийслэлийн газрын албанаас тусламж, дэмжлэг авах” гэж заасан ба энэ нотлох баримтаар Нийслэлийн Засаг дарга нь “Эм Жэй Би Ай” ХХК-ийн тендэрт гаргасан гэрээний төслийг сонгон шалгаруулж, дээрх гэрээний төсөлд Газрын алба нь газар чөлөөлөх үйл ажиллагаанд дэмжиж оролцохыг харилцан тохирсон байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч С.Б-ийг Эм Жэй Би Ай ХХК-ийн захирал С.Баасанхүүгээс 20.440.000 төгрөгийн үнэ бүхий авто зогсоолыг өөрийн төрсөн дүү С.Мягмарсүрэнгийн эхнэр Б.Даариймаагийн нэр дээр 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулан хээл хахууль авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч 6 дугаар хавтаст хэргийн 138-141 дүгээр талд авагдсан Автомашины зогсоол захиалан бариулах тухай гэрээгээр шүүгдэгч С.Бямбадоржийг хээл хахуульд авсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Учир нь шүүгдэгч С.Б нь Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байхдаа газар чөлөөлөх шаардах хуудас бичсэн нь хууль ёсны үйлдэл гэж шүүх үзсэн тул уг үйлдэлдээ бусдаас хээл хахууль авсан гэж үзэх нь эргэлзээтэй байх ба шүүгдэгчийн дүүгийн эхнэр Б.Даариймаагийн өмчлөлд тухай гэрээгээр хийсэн автомашины зогсоол шилжээгүй байх тул шүүгдэгч С.Бямбадоржийг хахууль авсан гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч С.Б-ийг Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байхдаа гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хээл хахууль авсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу С.Б-ид холбогдох хэргийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Н.Б нь Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч БНХАУ-ын иргэн Lin Huelong /Лин Суй Лин/-ын ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их цуйратын ам гэх газарт Газрын тухайн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “... энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж,с байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгож өгөхөөр урьдчилан амлаж, тухайн газарт нэр бүхий 60 иргэний нэр дээр Дүүргийн засаг даргын газар эзэмших захирамжийн төсөл гаргуулан, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, С.Чулуунцэцэг, Т.Пүрэвхатан нараар дамжуулан 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 50.000.000 /тавин сая/ төгрөгийн хээл хахууль авсан болох нь

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай “...30-48 УБҮ улсын дугаартай хар өнгийн Land cruiser Prado маркийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын автомашин байх ба тус тээврийн хэрэгсэлд нийтдээ 50.000.000 төгрөг байсныг түр хураан авахаар тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 8-13/,

Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, Хатан сүлд ББСБ ХХК-ний гүйлгээний баримт /1хх-ийн 31-32/,

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/256 дугаартай “газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” тушаалын төсөл, жагсаалт хавсралтын хамт /хх-ийн 70-84/

Бичиг, баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл: “...үзлэгээр 2015, 2016 оны өргөдөл гомдлын бүртгэлд Баянзүрх дүүргийн Засаг даргын 201 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438, 562, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/256 дугаартай захирамжуудаар 20 дугаар хороо, Их цуурай нэртэй газарт газар эзэмшихээр шийдвэрлэгдсэн иргэд нь бичгээр газарт эзэмших хүсэлт гаргаж байгаагүй болох нь тогтоогдож байна” гэх /1хх-ийн 88-89/,

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаартай захирамж, хавсралт /1хх-ийн 90, 96-98/,

Олгосон газрын давхцал үүссэн зурагт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 105-107/,

Нэр бүхий 60 иргэний газрын гэрчилгээ, гэрээ кадастрын зургийг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, тэмдэглэл /1хх-ийн 108-215/ зэрэг баримтуудаар,

 

Мөн шүүгдэгч Н.Б нь хээл хахууль өгөгч БНХАУ-ын иргэн Lin Huelong /Лин Суй Лин/-ын ашиг сонирхлын үүднээс Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.А-ын хэлсний дагуу Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн Их Цуурайтын аманд 43 иргэний нэр дээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгуулахаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж гүйцэтгэн Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.А нь БНХАУ-ын иргэн /Лин Суй Лин/-ээс Г.Мөнхбаатараар дамжуулан 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн болох нь

Гэрч Л.Гантөгсийн: “...манай албаны дарга Батсүх мэргэжилтэн О.Батчимэгийг 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн захирамжаар газар эзэмшүүлсэн 43 иргэний 31 иргэнтэй газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээг нь бичээд өг гэсэн байсан, Батчимэг тухай үед байхгүй намайг бичээд өгчих гэхээр нь Батчимэгийн шкафнаас материалуудыг аваад гэрчилгээ бичиж өгөөд гарын үсэг зураад Б даргад материалуудыг үлдээгээд явсан, газар хүсэлт гаргасан нэг ч иргэнтэй уулзаагүй зөвхөн гэрээ, гэрчилгээг бичээд албаны даргад өгсөн...тухайн үед гэрчилгээний үнэ тушаагдаагүй байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 13-14/,

Гэрч О.Батчимэгийн: “...Ё.Адъяабилэг нарын 43 хүний өргөдөл нь 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өргөдөл гомдлын бүртгэлийн 3350 дугаарт бүртгэгдэж манай албанд орж ирсэн, ямар хүн хэзээ авч ирж бүртгүүлсэн талаар мэдэхгүй, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамж гарахын өмнө Б дарга 43 иргэний өргөдлийн захирамжийн төслийг шив гэж үүрэг өгсөн, татгалзах шалтгаан байгаагүй, уг газар нь 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байсан учраас олгосон, давхцал байгаагүй, 11 дүгээр сарын 27-ны өдрийн гарсан А/562 дугаар захирамжаар олгосон 90 иргэний кадастрын зураг ихэнд нь олгосон 43 иргэний газрын 20 орчим иргэний газар давхцаж байсан...” гэсэн мэдүүлгээр,

 

Шүүгдэгч Б.А нь Нийслэлийн газрын албаны Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч  БНХАУ-ын иргэн /Лин Суй Лин/-ын ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн Их Цуурайтын аманд 43 иргэний нэр дээр Газрын тухайн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засан дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгуулахаар урьдчилан амалж, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан Н.Батсүхээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамж, 43 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан мэдээллийн санд  бүртгүүлэн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгүүлж, БНХАУ-ын иргэн /Лин Суй Лин/-ээс 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгний хээл хахууль авсан болох нь

Яллагдагч Г.Мөнхбаатарын: “...Миний бие өөрийн хүүхдүүдийн нийлсэн 7 хүний бичиг баримт, Булганы олж өгсөн 34 хүний нийт 41 иргэний нэр дээр газар гарсан, дээрхи газрыг гаргуулахын тулд Булган надад эхлээд 2015 оны 09 дүгээр сард 20.000.000 төгрөг бэлнээр өгсөн, уг мөнгийн аваад Нийслэлийн өмч, харилцааны газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Амаржаргал гэж эмэгтэйд өгсөн, ингээд газар гарсны дараа гэрчилгээ гарсан газраас гадна сул талбай их байсан учраас энэ газрыг хүнд өгч болохгүй шүү байх талаар арга хэмжээ авч өгнө үү гэж хэлээд Булганаас 80.000.000 төгрөг авч А-д 2015 оны 10 дугаар сард ажлын гадаа нь Харрер машин дотор өгсөн, үнэн хэрэгтээ ийм л асуудал болсон” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 68-72/,

Яллагдагч А.Булганы: “...би Мөнхбаатарт 34 иргэний үнэмлэхний хуулбар олж өгсөн, тэгээд урьдчилгаа мөнгө хэрэгтэй гэж Лин Шуйлинд хэлсэн, Лин Шуйлин урд талын хөрөнгө оруулагч нартайгаа холбогдоод мөнгө бэлдэхээр болсон, сүүлийн газрын гэрчилгээний зөвшөөрлийг С.Чулуунцэцэг хөөцөлдөхөөр болоод Лин Шуйлин хүмүүсийн иргэний үнэмлэхний хуулбарыг олоод өгөөч гээд би Чулуунцэцэг эгчид 22-23 хүний иргэний үнэмлэхний хуулбар өгсөн, Лин Шуйлин өөрийн найз нөхдийн мөнгийг Мөнхбаатарт өгсөн асуудлаас болоод би Монгол улсад ямар нэгэн хөрөнгө оруулалт, төлөвлөсөн ажлуудаа хийх боломжгүй болчихлоо чи өгсөн гээд хэлээд өгчих гээд намайг гуйгаад байсан болохоор би газрын гэрчилгээ авахын тулд Мөнхбаатарт өгсөн мөнгийг би өгсөн гээд хэлчихсэн юм, 100.000.000 төгрөгийг хоёр хуваагаад Мөнхбаатарт авч ирж өгсөн би тэр үед орчуулагчийг нь хийгээд явж байсан юм,   өмнө 44 иргэний нэр дээр авсан газрын хажуу талд нэмж иргэдийн нэр дээр газар авахаар болоод энэ асуудлыг Чулуунцэцэг хөөцөлдөхөөр болсон юм, тэрнээс хэрхэн яаж газрын гэрчилгээ гаргуулж авсныг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 90-93/ болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн авсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч н.б-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу түүний зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчилсөн болно.

 

Прокуророос шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Б-йг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан, хахууль авахад дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.А нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэж, хахууль авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хавтаст хэрэгт нийт 50.000.000 /тавин сая/ төгрөг, 23.680.000 /хорин гурван сая зургаан зуун наян мянга/ төгрөг, 60.000 /жаран мянга/-н БНХАУлсын юань хураагдсан бөгөөд дээрх мөнгө нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого, мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашиглах гэж байсан хууль бус мөнгө болох нь тогтоогдож байх тул шүүх хуульд заасны дагуу хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын хахууль авах гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг түүнээс албадан гаргуулж улсын орлогод,

Мөн шүүгдэгч Н.Б-ийн хахууль авах гэмт хэрэг үйлдэж хураагдсан 50.000.000 /тавин сая/ төгрөгийг Нийслэлийн Прокурорын газрын Улаанбаатар хотын банкны 2617000528 дугаартай төгрөгийн дансанд тушаасныг хурааж улсын орлогод,

Мөн яллагдагч С.Чулуунцэцэгийн гэрээс хураасан 23.680.000 /хорин гурван сая зургаан зуун наян мянга/ төгрөгийг Нийслэлийн Прокурорын газрын Улаанбаатар хотын банкны 2617000528 дугаартай төгрөгийн дансанд тушаасныг хурааж улсын орлогод,

Мөн яллагдагч С.Чулуунцэцэггийн гэрээс хураасан 60.000 /жаран мянга/-н БНХАУлсын юаныг Нийслэлийн Прокурорын газрын Улаанбаатар хотын банкны 2617000530 дугаартай юаны дансанд тушаасныг хурааж улсын орлогод тус тус оруулахаар шүүх шийдвэрлэсэн болно.

           

            Үүнээс гадна 201601000129 дугаартай Н.Б нарт холбогдох хэрэгт яллагдагч Т.Пүрэвхатанаас хураан авсан 103.980.000 /нэг зуун гурван сая есөн зуун наян мянга/ төгрөгийг 16 дугаар хавтаст хэргийн 000009 дүгээр талд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч биш Н.Нямтогтох гэх этгээдэд Нийслэлийн Прокурорын газрын прокурор П.Энхболд нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өгсөн байх тул анхан шатны шүүх дээрх эд мөрийн баримтаар хураагдсан мөнгийг хэрхэн шийдвэрлэх талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Н.Б-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял,

Шүүгдэгч Б.А-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг тус тус ялгамжтай оноож, дээрх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашинд үзлэх хийсэн тэмдэглэлд хавсаргах камерийн бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж,

Уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо 14А байрны зүүн талд байрлах олон давхар автомашины зогсоолын 301 тоот зогсоолыг битүүмжлэлээс чөлөөлөх,

Н.Б-ийн эзэмшлийн Sаmsung брендийн “olleh” маркийн утсыг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэсэн болно.

Яллагдагч С.Чулуунцэцэгийн хүү Э.Соёлоос хураан авсан 60 ширхэг газар эзэмших гэрчилгээ,

Нийслэлийн өмчийн харилцааны албанаас хураан авсан БЗД-ийн Засаг даргын 2015.09.25-ны өдрийн А/438 дугаартай захирамжаар газар олгосон 43 иргэний хувийн хэрэг /уг хувийн хэргүүд нь 7-10 хуудастай буюу нийт 412 хуудастай 43 ширхэг хувийн хэрэг/,

Ви ти Икс ХХК-ийн захирал Ж.Амаржавхлангаас хураан авсан 16 ширхэг газрын гэрчилгээ,

Яллагдагч А.Булганаас хураан авсан 19 ширхэг газрын гэрчилгээ,

Яллагдагч Г.Мөнхбаатарын хүүхэд Н.Бямбасүрэнгээс хураан авсан 7 ширхэг газар эзэмших эрхийн гэрчилгээ,

Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас хурааж авсан 2016.07.08-ны өдрийн тус дүүргийн Засаг даргын А/256 дугаартай захирамжийн төслөөр газар олгосон 60 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /уг материалууд нь 5 хуудастай буюу нийт 300 хуудастай 60 иргэний материал/, газар эзэмших хүсэлт гаргах тухай өргөдөл, кадастрын зураг зэрэг эд зүйлийн хэрэгт тус тус хавсаргахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн Прокурорын газраас С.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
  1. Нийслэлийн Прокурорын газраас Н.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
  1. Н-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан, хахууль авахад дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг,

Ч.А-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэж хахууль авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б-д 2 /хоёр/ жил нийтийн албанд томилогдох эрхийг хасч,  3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Ч.А-д 2 /хоёр/ жил нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Б, Ч.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-ийн урьд цагдан хоригдсон 152 /нэг зуун тавин хоёр/ хоног, Ч.А-ын урьд цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ч.А-аас 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газрын Улаанбаатар хотын банкны 2617000528 дугаартай төгрөгийн дансанд тушаасан 50.000.000 /тавин сая/ төгрөгийг,

Нийслэлийн Прокурорын газрын Улаанбаатар хотын банкны 2617000528 дугаартай төгрөгийн дансанд тушаасан 23.680.000 /хорин гурван сая зургаан зуун наян мянга/ төгрөгийг,

Нийслэлийн Прокурорын газрын Улаанбаатар хотын банкны 2617000530 дугаартай юаны дансанд тушаасан 60.000 /жаран мянга/-н БНХАУлсын юаныг тус тус хурааж улсын орлого болгосугай.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашинд үзлэх хийсэн тэмдэглэлд хавсаргах камерийн бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж,

Яллагдагч С.Чулуунцэцэгийн хүү Э.Соёлоос хураан авсан 60 ширхэг газар эзэмших гэрчилгээ,

Нийслэлийн өмчийн харилцааны албанаас хураан авсан БЗД-ийн Засаг даргын 2015.09.25-ны өдрийн А/438 дугаартай захирамжаар газар олгосон 43 иргэний хувийн хэрэг /уг хувийн хэргүүд нь 7-10 хуудастай буюу нийт 412 хуудастай 43 ширхэг хувийн хэрэг/,

Ви ти Икс ХХК-ийн захирал Ж.Амаржавхлангаас хураан авсан 16 ширхэг газрын гэрчилгээ,

Яллагдагч А.Булганаас хураан авсан 19 ширхэг газрын гэрчилгээ,

Яллагдагч Г.Мөнхбаатарын хүүхэд Н.Бямбасүрэнгээс хураан авсан 7 ширхэг газар эзэмших эрхийн гэрчилгээ,

Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас хурааж авсан 2016.07.08-ны өдрийн тус дүүргийн Засаг даргын А/256 дугаартай захирамжийн төслөөр газар олгосон 60 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /уг материалууд нь 5 хуудастай буюу нийт 300 хуудастай 60 иргэний материал/, газар эзэмших хүсэлт гаргах тухай өргөдөл, кадастрын зураг зэрэг эд зүйлийн хэрэгт тус тус хавсаргахаар,

Н.Б-ийн эзэмшлийн Sаmsung брендийн “olleh” маркийн гар утсыг өөрт нь буцаан олгохоор тус тус шийдвэрлэсэн болохыг дурьдсугай.

 

10. Уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо 14А байрны зүүн талд байрлах олон давхар автомашины зогсоолын 301 тоот зогсоолыг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

11. С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, тэрээр 130 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Ч.А, Н.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.               

 

 

  • ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР