Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 198

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Э.Бадрал,                                      

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Э.Батбаяр,

Шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч О.Аззаяа,

Хохирогч Б.Өсөхбаяр, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Б, Боржигон овогт Т.Т нарт холбогдох эрүүгийн 201725031112 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Б, Монгол Улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдий хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 127-15 тоотод оршин суух,

Урьд: - 2002 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 442 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэгдсэн,

- 2003 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 90 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдсэн,

- 2018 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын Үүд сумын сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 19 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ...............................................

2. Шүүгдэгч  Боржигон овогт Т.Т, Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд  боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, Хуягт Бамбай секюрити ХХК-ийн менежир ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 14 дүгээр гудамж 548 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14-145 тоотод оршин суух,

Урьд: - 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 479 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сар 6 хоног баривчлах ял шийтгэгдсэн,

- 2006 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/51 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, .............................

         Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Т.Т, Б.Б нь бүлэглэн хохирогч Б.Өсөхбаярыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “Япон” улсын виз гаргахад шаардлагатай банкны баталгаанд байршуулах 27.847.950 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Т.Тын Хаан банкны 5009500156 дугаартай дансанд шилжүүлэн авч, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Т.Т, Б.Б нар нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараас дээрх мөнгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Баас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Өглөө босоод байж байтал Түмэнжаргал найз нь банк ороод мөнгө аваад ирье гэж хэлсэн. Түмэнжаргал 8 шарга захын урд байдаг Хаан банк руу ороод мөнгө авах гээд орох гэсэн би хамт орох гэтэл Түмэнжаргал чи орж хэрэггүй наанаа байж бай гэж хэлсэн. Би банкны гадна зогсож байхад Түмэнжаргал банк руу ороод хэсэг байж байгаад гарч ирэхдээ Хаан банкны хар тортой 20 гаран сая төгрөг барьж гарч ирсэн ...” гэх мэдүүлэг /1хх-179-180х/,

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид хоёр анх сагсны талбай дээр уулзахад Т.Т би Турк улсаас ирээд нэг хэрэгт орооцолдчихсон. Надад хохирлын мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд надаас 450.000 төгрөг зээлсэн. Нэг орой Т.Т манайд ирээд би мөнгийг чинь маргааш өгнө гээд манай гэрт хоносон. Маргааш өглөө нь 08 цаг өнгөрч байхад бид хоёр Хаан банкруу хамт очсон. Т.Т намайг чи банкны гадаа байж бай би мөнгө аваад гараад ирье гээд банкруу ороод тортой мөнгө аваад гарч ирсэн. Наадах чинь ямар учиртай мөнгө юм бэ гэхэд Т.Т хүнээс авах ёстой мөнгө байсан юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр манай гэрт буцаж очоод аяга кофе уугаад, тамхи татаад гарсан. Тэгсэн чинь дараа нь Т.Т ийм асуудал ярьж байна. Надад өмнө нь зээлсэн байсан 450.000 төгрөг дээрээ нэмээд 50.000 төгрөг өгсөн. Би нийт 500.000 төгрөг авсан өөр зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Т.Таас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Болдбаатарт өртэй байгаагүй. Харин Өсөхбаяраас авсан мөнгөнөөс Болдбаатар 15 сая төгрөг авсан. Бид 2 мөнгөө тэнцүү хувааж авъя гэж ярьсан боловч мөнгө авсаны дараа Болдбаатар мөнгө хэрэгтэй байна 16 сая өгчих гэхээр нь би үгүй гээд 15 сая төгрөг өгсөн ...” гэх мэдүүлэг /1хх-72х/,

Шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би анх 2017 оны 05 дугаар сард 13 дугаар хорооллын орчим Б.Бтай таарсан. Тэр үед Б.Б би банкны баталгаа гаргадаг ажил хийж байгаа. Дансандаа мөнгийг нь байршуулаад хүмүүсийн данснаас мөнгө авч болох юм байна. Би нэг хүнээс мөнгө авах гэсэн юм, чи хамт хийгээч гэж анх санал тавьсан. Тухайн үед бид хоёр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор тэгье гэж тохирсон ч дараагийн өдрөөс нь эхлээд бид хоёр тэр талаар дахиад ярилцаагүй. Хэд хоногийн дараа хоёулаа хүний юм авах ажил хийж яах юм бэ гээд Япон руу визэнд орж байгаа хүмүүст материалыг нь бүрдүүлж өгөх ажил хийе гэж тохирсон. Тэгээд хэд хоногийн дараа буцаад банкны баталгаа гаргах ажлаа хийхээр болоод гүүглийн зар дээр банкны баталгаа гаргана гэсэн зараас иргэн Б.Өсөхбаярын гар утасны дугаарыг олж авсан. Тэгээд бид хоёр Б.Өсөхбаяртай ярьж байгаад шимтгэлд нь зуу гаруй мянган төгрөгийг өгөхөөр болсон. Бид хоёрт шимтгэлд өгөх мөнгө байхгүй байсан учраас Б.Бын эхнэрийнх нь гар утсыг ломбардад тавьсан. Насан гээд найзынхан нэр дээр Юнителийн шинэ гар утасны 2 дугаар худалдаж авсан. Би Б.Өсөхбаяртай 8817 гэсэн дугаараар ярьж уулзахаар болсон. Б.Өсөхбаяр намайг эхнэрийнхээ дугаарыг өг гэхээр нь би Б.Бын дугаарыг өгсөн. Бид хоёр гар утсаар Баруун 4 замын Хаан банк нь дээр уулзахаар тохирсон. Б.Б бид хоёр уулзах газраа хамт очоод Б.Б замын цаана үлдэж би Б.Өсөхбаяртай очиж уулзаад визэнд орох гэж байгаа гэж хэлээд 27.800.000 төгрөг дансандаа хийлгэж авахад Б.Өсөхбаяр миний иргэний үнэмлэхийг авч үлдсэн. Тэгэхээр нь Иргэний бүртгэл дээр очоод тамтгатай лавлагаа 5.000 төгрөгөөр аваад тэр өдрөө Б.Бын гэрт нь очиж хоносон. Маргааш өглөө 09 цагт урт цагааны Хаан банк онгойхоор нь тамгатай лавлагаагаа үзүүлээд данснаасаа мөнгө авсан. Тэгээд Б.Бын гэрт нь ирсэн. Б.Бт би анхнаасаа 11.000.000  төгрөгийг өгөөд үлдсэн мөнгийг нь өөрөө авахаар тохирсон байсан ч Б.Б надад мөнгөний хэрэг байна, би машин авна гээд мөнгө хуваах болоход 15.000.000 сая төгрөг авсан. Би үлдсэн мөнгийг нь авсан. Тэр явдлаас хойш бид хоёр уулзалдаагүй” гэв.

 

Хохирогч Б.Өсөхбаяраас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зарын дагуу ярьж байна. Япон улсын элчинд виз мэдүүлэх гэсэн банкны барьцаа гаргуулъя гэж ярьсан. Тэгээд өдөртөө дахин яриад банкны баталгаа гаргуулъя маргааш өглөө хаана хаана очих вэ гэж асуусан. Тэгэхээр нь би маргааш өглөө 09 цаг 30 минутын үед уулзахаар болсон. Тэгээд би маргааш өглөө нь банкин дээр очоод хүлээгээд яаралтай ажилтай байсан учраас явах гэсэн чинь хүлээж байгаарай гэж мессэж биччихээд 10 цагийн үед ирсэн. Тухайн үед Түмэнжаргалыг яг хаана явж байгаа вэ хурдлаарай гэхэд ажил дээрээ очоод хурууны хээгээ уншуулчихаад Бөмбөгөрөөс урагшаа алхаад явж байна гэж ярьсан. Тэгээд ирээд уулзаад би өөрийн 5009500156 тоот данс руу шилжүүлээд тухайн банкнаас Япон улсын элчинд гэж дансны үлдэгдлийн тодорхойлолт гаргуулж авсан. Ямар учраас банкны бутархай мөнгөтэй хийлгэж байгаа юм бэ гэхэд дансаар мөнгө орж гарч байгаа дансны хуулга хийлгэж байгаа учир үлдэгдлийг ингэж хийлгээрэй гэсэн гэхээр нь чи тэгвэл нөгөө хүнээрээ гаргуулахгүй яасан юм бэ гэхэд тэд нар бэлэн мөнгөгүй байгаа. Тэгээд намайг зарын дагуу яриад үлдэгдлээ гаргуулаад авчих гэсэн гэж хэлсэн. Тэгээд би 1 хоногийн хүү болох мөнгөн дүнгийн 0.4 хувь буюу 110.000 төгрөгийг авсан. Тэгээд маргааш нь банк нээхлээр нь уулзъя гээд Түмэнжаргалаас танайх хаана байдаг вэ гэхэд 32-т байдаг гэхээр нь танайхаас хамгийн ойрхон банк аль вэ гэхэд 11 хороолол гэхээр нь за би тэгвэл маргааш өглөө 11 хорооллын Хаан банкин дээр 09 цагт уулзъя гэж хэлээд явсан. Тэгээд маргааш өглөө нь 08 цаг 50 минутын үед 11 хорооллын Хаан банк дээр очоод Түмэнжаргалын 88170323 дугаар луу залгахад Түмэнжаргал нойрмог дуугаар аан за одоо очлоо гэж хэлсэн. Тэгээд дахиад 10 минутын дараа залгахад утсаа салгаад түр байж байгаарай гээд 09 цаг 02 минутанд над руу мессэж бичсэн. Тэгээд дахиад залгахад утас нь холбогдохгүй байхаар нь эхнэрийнх нь 80162000 дугаар луу залгахад холбогдохгүй байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ...” гэх мэдүүлэг /1хх-17х/, “...Би анх Түмэнжаргалыг хоёулаа явж байна гэж харсан учир нь замын эсрэг талд 30 орчим насны өндөр, туранхай, хар малгай өмссөн эрэгтэй хүн хүлээгээд зогсож байсан. Түмэнжаргал надтай уулзаад банкны баталгаа гаргуулаад явахдаа замын эсрэг талд зогсож байсан өндөр залуутай хамт булан тойроод Бөмбөгөр худалдааны төв рүү чиглээд явчихсан одоо бодоод байхад тэр залуу Болдбаатар байсан байх гэж бодож байна. Дараа нь Түмэнжаргал 461 дүгээр хорих ангид хоригдож байгаад гарч ирээд цагдаагийн газрын гадна надтай уулзаж байхдаа би чамтай анх уулзаад Хаан банкны баталгаа авах үед Болдбаатар бид 2-ыг уулзаж байхыг хараад замын эсрэг талд зогсож байсан гэх яриагаар Болдбаатар байсан нь батлагдсан ...” гэх мэдүүлэг /2хх-26х/,

Хохирогч Б.Өсөхбаяраас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Хятад улсад сурч байгаад 2016 онд төгсөөд Улаанбаатар хотод ирсэн. Би ирээд ажилд ороогүй байсан учраас 2017 он хүртэл банкны баталгаа гаргах үйлчилгээг хийж үзэхээр болсон. 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 8817 гэсэн дугаараас залгаад Япон улсын элчингээр орох гэсэн юм 30.000.000 гаруй төгрөг хэрэгтэй байна гэсэн. Тэгээд 1 дэх өдрийн өглөө 09 цагт Хаан банк нь дээр уулзахаар тохирсон. Нэг дэх өдрийн өглөө нь намайг хүлээж байх үед цаанаас 2 хүн алхаж ирсэн. Тэгээд Т.Т надтай ганцаараа ирж уулзаад дансандаа мөнгө байршуулсан. Японы элчин сайдын яаманд очиж уулзах гэж байгаа гээд банкны баталгаа гаргуулсан. Би замын урд талд машинаа тавьчихсан байсан. Тэгээд машиндаа суугаад харахад буцаад хоёулаа алхаж явж байгаа харагдсан. Тэгээд маргааш өглөө нь 11 дүгээр хорооллын Хаан банк нь дээр 09 цагт уулзаад мөнгөө гаргаж авахаар тохирсон байсан болохоор би өглөө 08 цаг өнгөрөөгөөд очоод Т.Тын гар утас руу залгахад одоо сэрж байна, шууд очлоо гэж хэлсэн. Тэгээд 10 минутын дараа залгахад гар утсаа авахгүй байж байгаад одоохон очлоо гэсэн мессеж ирсэн. Удалгүй 5 минутын дараа дахиад залгахад гар утас нь холбогдохгүй байсан. Цаг харахад 09 цаг болчихсон байхаар нь би энэ нэг л биш боллоо гээд шуурхай арга хэмжээ авсан. Надтай яг уулзаж баталгаа гаргуулсан хүн нь Т.Т байсан. Яг ирсэн нь хоёулаа байсан. Улсын яллагчтай санал нэг байгаа. Т.Т 3.000.000 төгрөгийг өгсөн. 3.500.000 төгрөгөнд хүнсний мухлаг өгсөн. Үлдсэн мөнгийг нь 6 сарын хугацаатай төлж дуусгахаар тохирсон. Б.Б надтай уулзаагүй, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлээгүй байгаа” гэв.

Гэрч Б.Хүрэлтулгаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Да Хүрээ захын баруун талд байрлах Мөнгөн хүлэг зах дээр ажлаа хийж байхад хоёр залуу ирээд манай зах дээр байдаг Хосоотой уулзаад 4404 УБК гэсэн улсын дугаартай хөх өнгийн Тоёота кровн машиныг хүн зарах гэж байна гэхээр нь би тэр машиныг үзсэн. Тэгээд би хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа талаар асуутал 4.450.000 төгрөгөөр зарна гэж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-186х/,

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны гадна талын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Эхний файлыг нээж үзэхэд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Бамбах СӨХ-ийн 21 дүгээр байрны хойд талын 3 дугаар орцноос улаан өнгийн куртик өмссөн хар саарал өнгийн өмдтэй Түмэнжаргал гартай юм барьсан явж байх ба түүний хажууд хар өнгийн саравчтай малгай өмссөн Болдбаатар явж байгаа бичлэг байлаа ...”, “...дараагийн файлыг нээж үзэхэд Болдбаатар Түмэнжаргал хоёр 21 дүгээр байрны хойд талаар гүйж байгаад саарал өнгийн машины хажуугаар гарах үедээ Түмэнжаргал зүүн гартаа барьсан зүйлгүй газар унаах ба баруун гартаа өмсөж явсан улаан өнгийн куртикэндээ юм боосон байдалтай явах ба тэр хоёр 21 дүгээр байрны хойшоо харсан баруун талын орц руу гүйгээд орж байгаа бичлэг байлаа ...” гэх тэмдэглэл /1хх-193-194х/,

Т.Тын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-197х/,

Хаан банкнаас 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр мөнгө шилжүүлсэн баримт /1хх-86х/,

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-124х, 129х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-140х, 2хх-60х/,

Шийтгэх тогтоолын хуулбар /1хх-242-245, 247-250х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Т.Т, Б.Б нь бүлэглэн хохирогч Б.Өсөхбаярыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “Япон” улсын виз гаргахад шаардлагатай банкны баталгаанд байршуулах 27.847.950 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Т.Тын Хаан банкны 5009500156 дугаартай дансанд шилжүүлэн авч, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Т.Т, Б.Б нар нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараас дээрх мөнгийг авч залилсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Т.Т, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдын 27.847.950 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Өсөхбаярт учирсан гэм хорын хохирол 27.847.950 төгрөгнөөс шүүгдэгч Б.Б нь 13.923.975 төгрөг төлөхөөс 4.000.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэх 9.923.975 төгрөгийг гаргуулан хохирогчид, шүүгдэгч Т.Т нь 13.923.975 төгрөг төлөхөөс 6.500.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэх 7.424.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Өсөхбаярт олгож шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Т.Т, Б.Б нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т, Б.Б нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1  /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэг хүлээлгэж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан 2 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Т.Т нь 68 хоног цагдан хоригдсон, Б.Б нь 17 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг  тус тус дурьдав.