| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2016/00225/И |
| Дугаар | 00229 |
| Огноо | 2016-08-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 00229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1983 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сум 9 дүгээр баг 8 дугаар гудамж 32 тоотод оршин суух, Цэдэн овогт Төмөрбатын Отгонжаргал /РД:ВЗ83021319, утас:89054949/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1964 онд төрсөн, 52 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Гандангийн 89 тоотод оршин суух, “Буянт Царам” ХХК-ний захирал ажилтай, Чонос овогт Дамдингийн Сүхбаатар /РД:МЗ64030603, утас:99281560/-т холбогдох,
“Худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 7.000.000 төгрөг гаргуулах” болон хариуцагч Д.Сүхбаатарын “гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй 4.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Отгонжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Жаргал, хариуцагч Д.Сүхбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Т.Отгонжаргал шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр энэ хэлцлийг хийсэн. Тухайн үед Хена рейнжэр машиныг 37.500.000 төгрөгөөр үнэлээд Баянхонгор аймагт 1 ширхэг нарсан палк 25.000 төгрөгийн үнэтэй байсан. Тэр үнэнд нь энэ хэлцлийг хийсэн.Тэр аймаг нь өөрөө мод бэлтгэдэггүй, Архангай, Сэлэнгээс захиалгаар мод авдаг байсан. Тэгээд нутгийнх нь ханшаар палкийг нь үнэлээд машинаа 37.500.000 төгрөгөөр наймаа хийн энэ хэлцлийг байгуулсан. Эхлээд 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 850 ширхэг палк өгсөн. Үлдэгдэл 650 ширхэг палкийг 09 дүгээр сарын 20-нд өгөх ёстой байсан боловч өгөөгүй. Тэгээд 10 дугаар сарын 03-ны өдөр 370 ширхэг палк өгөөд үлдсэн 280 ширхэг палкийг өнөөг хүртэл өгөөгүй. Одоо энэ палкийг авахгүй, хэлцэл хийсэн үнийн дүнгээр авах гэсний учир нь тухайн үед хугацаа нь хэтэрсэн учраас би үүнийг ашиглах боломжгүй. Тендерийн ажлаа би өөр материалаар орлуулаад барьсан учраас Баянхонгорын үнэлгээгээр 1 ширхэг палкийг 25.000 төгрөгөөр бодоод хэлцлийнхээ дагуу мөнгийг нь гаргуулах хүсэлтэй байгаа гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Жаргал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 247 дугаар зүйлд зааснаар Үр шим болон эрсдэл худалдан авагчид шилжсэн байгаа. Сүхбаатар, Отгонжаргал нарын хийсэн хэлцэлд 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн гээд гарын үсгээ зурсан учир нь энэ өдөр тухайн тээврийн хэрэгслийг эзэмших эрх нь Сүхбаатарт шилжсэн. Үүнээс хойш гэрээнээс үүдэлтэй гэм хорын хохирлын асуудлаа Отгонжаргалд мэдэгдээгүй байж байгаад 2015 оны 04 дүгээр сард машин эвдэрхий байсан гэж гомдол хэлэх болсон. Тэгэхдээ тухайн шилжүүлсэн эд хөрөнгийн шинж чанар, онцлог байдлаас хамаараад ашиглалтын горим зөрчсөнөөс болж машин эвдэрсэн байхыг үгүйсгэхгүй. Гэтэл хариуцагч өнөөдрийг хүртэл тухайн машин ямар шалтгааны улмаас ажиллахгүй байгаа талаар ямар ч нотлох баримтыг гаргаж өгөөгүй байгаа тул хариуцагчийн тайлбар нь нотлогдохгүй байна гэж үзэж байна гэв
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Талуудын хооронд болсон үйл явдлыг нэхэмжлэгч тал тодорхой ярьсан. 1500 ширхэг палкаар уг маргаан бүхий Хена рейнжэр авто машиныг Худалдах, худалдан авах гэрээ буюу арилжааны гэрээ хийхээр тохиролцсон. Үүнийхээ үлдэгдэл 280 ширхэг палкныхаа мөнгийг нэхэмжилж байна гэж байна. Үүнд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Талуудын хооронд хийгдсэн хэлцлийн талаар үнэн зөв яригдсан. Уг авто машиныг 1500 ширхэг палкаар тохиръё. 1 ширхэг палкийг Мандал сумын зах зээлийн үнэ 12.000 төгрөгөөр тооцъё. Тэгээд арилжааны гэрээ хийгээд авто машиныг палкаар солъё гэдэгт талууд хүсэл зориг нь нийлээд солилцсон. 280 ширхэг палк өгөгдөөгүй байгааг хүлээн зөвшөөрч байгаа. Үнийн хувьд асуудал гарч ирсэн. Нэхэмжлэгч талын яриад буй хэлцэл гэгч нь арилжааны гэрээний шинжтэй зүйл байгаа. Тухайн үедээ Отгонжаргал нь би энэ палкийг цааш нь зарах гэсэн юм. Та нэг бүрийнх нь үнийг 25.000 төгрөгөөр бичээд өгөөч гэсний дагуу хийгдсэн хэлцэл. Тиймээс энэ бол ердөө л бол бодит байдал дээр хийгдсэн арилжааны гэрээг халхавчлан дүр үзүүлэн хийгдсэн хэлцэл. Яг энэ үнийн дүнгээрээ мөнгө өгсөн зүйл байхгүй учраас энэ 2 этгээдийн хооронд үүрэг үүсгээгүй. Ийм хэлцэл байгаа юм. Яагаад 280 ширхэг палк нь 7.000.000 төгрөг болоод байгаа хууль зүйн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хэлэх болов уу гэсэн хэлсэнгүй. Миний ойлголтоор энэ хүнээс арилжиж авсан палкаа ашиглаж чадаагүйн хохирол гэж нэхээд байгаа юмуу. Иргэний хуулийн яг ямар заалтаар 7.000.000 төгрөгийг нэхээд байгаа талаарх хууль зүйн үндэслэлээ огт тайлбарласангүй. Зөвхөн шударга ёсонд нийцнэ гэж тайлбарлаад байна. Шударга ёс энд яригдахгүй. Арилжааны гэрээ бол нэг талдаа худалдан авагч, нөгөө талдаа худалдагчийн эрх үүргийг агуулдаг. Арилжиж буй зүйлийнхээ хувьд бол нэхэмжлэгч маань худалдагч. Худалдагч бусдад эрхийн болон эд хөрөнгийн доголдолгүй хөрөнгө шилжүүлээд, үнэ авах эрхтэй. Нөгөө талаар Сүхбаатар гуай худалдагчийн эрх, үүрэгтэй. Палкийг машинаар хүргэж өгөх. Энд би үнэ ярихгүй. Яагаад 280 ширхэг палкийг татгалзсан бэ гэвэл нэхэмжлэгчээс хүлээлгэж өгсөн авто машин нь биет байдлын доголдолтой. Ингээд ашиглах боломжгүйн учраас тодорхой хэмжээний зардлууд гарсан. Энэ зардал нь үлдэгдэл төлбөрөөс нь давсан учраас 280 ширрхэг палк өгөхөөс татгалзаж байна гэсэн. Тэгэнгүүт нэхэмжлэгч тал шүүхэд өгсөн. Одоо энэ хэрэг жил болж байна. Зүүнхараа буюу Мандал суманд 1 палк 12.000 төгрөгний үнэтэй байхад Отгонжаргал гэх хүн 37.000.000 төгрөгний үнэтэй машинаа 18.000.000 төгрөгөөр яагаад сольж байгаа юм бэ. 1 палк 12.000 төгрөг байхад 25.000 төгрөгөөр авч байгаа нь амьдралд нийцэж байна уу. Энэ хэлцэлд бичигдсэн шиг ямар ч мөнгө төгрөг төлөгдөөгүй. Тиймээс л энэ хэлцэл нь дүр үзүүлсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа юм. Иргэний хуулийн 56.1.2-т заасанчлан эрх зүйн үр дагавар гарахгүй. Энэ нь ч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа.Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа /сөрөг нэхэмжлэлдээ/: Сөрөг нэхэмжлэлийн 2 агуулгатай, 3 шаардлага байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс нэг зүйл ойлгох хэрэгтэй. Хариуцагчийн зүгээс юуг хүлээн звшөөрч байгаа вэ гэхээр талуудын хооронд Хена рейнжэр авто машиныг 1500 ширхэг палкаар солъё гэсэн бодит хэлцэл хийгдсэн.Үүнд маргаагүй. Хамгийн гол нь энэ бичгээр хийгдсэн, үнэ тодорхойлсон хэлцлийг дүр үзүүлсэн хэлцэл гэж байгаа. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага бол 1-рт, дүр үзүүлсэн буюу халхавчлан хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгөөч. 2-рт, талуудын хооронд бодитоор хийгдсэн хэлцлийн эд хөрөнгө нь доголдолтой байгаа учраас палкаа аваад буцаагаад машинаа өгье гэсэн шаардлагаасаа татгалзаж байгаа гэв.
Нэхэмжлэгч Т.Отгонжаргал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа /сөрөг нэхэмжлэлийн тайлбар/: Энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахгүй. 2014 оны 08 сарын 18-нд энэ машин хэвийн хэмжээндээ явж байсан. Сүхбаатар өөрийнхөө ачааны машин унаж чаддаггүй хүүгээ нэг жолооч хөлслөн надтай явуулж байсан. Тэгэхэд ямар ч асуудалгүй Баянхонгорт ачаагаа буулгаад маргааш орой нь мандал суманд ирсэн. Би 09 сарын 20-нд авах ёстой палкаа утсаар яриад авах гэтэл ах нь болохгүй байна гэсэн. Би эднийд ирээд бараг 7 хоносон. Тэгэхэд 370 ширхэг палк хүнээс цуглуулж байж өгсөн. Үлдсэнийг нь гүйцээж чадаагүй. Ах нь барахгүй нь, дараагийн удаа бэлдье гэсэн. Тэгээд байхгүй болсон. Тэр бензиний зардлыг Сүхбаатар өөрөө бүрэн хариуцна гэж бид 2 тохирсон. Би 12.000 төгрөгөөр палкийг бодож авах байсан бол арай илүү 12.0 мянгаар тооцоод байна. тийм биш. Би ийм мөнгөөр бодох байсан бол ийм хэлцэл хийхгүй. Арай их палкаар бодох байсан. Тэгэхээр энэ 4.000.000 төгрөгийг хэлцлийнхээ дагуу хүчин төгөлдөрт тооцуулах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Т.Отгонжаргал хариуцагч Д.Сүхбаатараас Худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 7.000.000 төгрөг гаргуулах тухай болон хариуцагч Д.Сүхбаатарын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Д.Сүхбаатар нь 2014 оны 08 дугаар сард Хино ренжэр маркын ачааны автомашиныг худалдах худалдан авах гэрээ байгуулж, 1500 ширхэг палкыг 25000 төгрөгөөр тооцож 37.500.000 төгрөгөөр худалдан авах гэрээ хийсэн нь үнэн, одоо гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Баянхонгор аймагт 3 удаа палк хүргэж өгөх гэж явахдаа шатахууны хөлсөнд 2.500.000 төгрөг, машины засварын хөлс, сэлбэгний 1.500.000 төгрөг нийт 4.000.000 төгрөг Т.Отгонжаргалаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргана.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хэлцэл хийж “..Hino Renjer маркын хөх өнгийн 63-70 БНХ улсын дугаартай ачааны автомашиныг нийт 37.500.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож урьдчилгаанд 21.250.000 төгрөгний палк өгч авалцан гэрээ хийсэн.Мөн нэмэлт гэрээний заалтаар үлдэгдэл 16.250.000 төгрөг болох 650 ширхэг палкийг 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөний дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн өмчлөлд шилжихээр харилцан тохиролцож, тэдний хооронд 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээ хэлцэлээр тогтоогдож байна.
Мөн Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Иймд нэхэмжлэгч Т.Отгонжаргал, хариуцагч Д.Сүхбаатарт уг автомашиныг шилжүүлсэнээр гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрх нээлттэй байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар хэлцэл буюу худалдах, худалдан авах гэрээг бичгээр үйлдсэн, палкаар төлбөрийг хийхээр тохиролцсон, үлдэгдэл 280 ширхэг палк дээр маргаагүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж хэлцлийн улмаас хариуцагчид учирсан хохирол 4.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь тогтоогдохгүй, баримтаар нотлогдохгүй байх тул тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн хариуцагч Д.Сүхбаатар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох уг машин эвдэрхий байсан, нэг ч удаа ажилд гарч байгаагүй учир машин засварын хөлс болон сэлбэгний хөлсөнд 1.500.000 төгрөг, Баянхонгор аймаг руу палк зөөвөрлөсөн шатахууны зардал 2.500.000 төгрөг нийт 4.000.000 төгрөг нэхэмжилж тайлбар гаргасан боловч машины эвдэрлийн талаар болон засвар, сэлбэг авсан, шатахууны талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, нотлох баримтыг эсэргүүцэж байгаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу уг баримтуудыг шүүх хуралдаан дээр баримтаар үгүйсгэн няцааж мэтгэлцээгүй болно.
Мөн шүүх нэхэмжлэлийн үнийг тодорхойлохдоо /палк/ Сэлэнгэ аймаг Мандал сумын орон нутгийн үнэлгээний комиссын үнэлж буй 1 ширхэг нарсан палк 14000 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулах нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний төв болон бусад газраар гаргаж шүүхэд ирүүлсэн палкын үнэ тодорхойлсон баримтуудыг шүүх үнэлж, дүгнэж шүүх үнэлгээний хувьд шүүхээс тогтоосон үнэлгээний комиссын үнэлгээг баримтлан шийдвэрлэлээ.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний дагуу хариуцагч Д.Сүхбаатараас 3.920.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.080.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Т.Отгонжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Сүхбаатараас 77670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Отгонжаргалд олгохыг дурдав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Чонос овгийн Дамдингийн Сүхбаатараас худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.920.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Цэдэн овгийн Төмөрбатын Отгонжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.080.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар Д.Сүхбаатарын Т.Отгонжаргалд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Отгонжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Сүхбаатараас 77670 /далан долоон мянга зургаан зуун дал/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Отгонжаргалд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ