Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
Хэргийн индекс | 183/2023/03233/И |
Дугаар | 210/МА2024/01254 |
Огноо | 2024-06-19 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2024/01254
2024 06 19 210/МА2024/01254
Г ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2024/01481 дүгээр шийдвэртэй,
Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,
С ХХК-нд холбогдох,
113,717,531.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Манай компани 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сар хүртэл Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт зам барилгын ажил гүйцэтгэж буй С" ХХК-тай харилцан тохиролцож авто замын ажил гүйцэтгэхэд нь авто замын машин механизм, тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч нь 2021 оны 7, 8, 9 сарын түрээсийн төлбөрийг ажилласан цаг, ажлын бүтээмж үр дүнгээ хоорондын тооцоог үндэслэн төлж байсан боловч 10, 11 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй.
Хариуцагч нь 4 ширхэг индүү, 1 ширхэг автогрейдер, 3 ширхэг нордын 2021 оны 10, 11 сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 75,811,688.00 төгрөг бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөр бодогдсон алданги болох 4,836,818.00 төгрөгийн хамт төлөх үүрэгтэй. Үүнээс гадна 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойших хугацааны алданги 33,069,025.00 төгрөг, нийт 113,717,531.00 төгрөгийг нэхэмжилж байна.
Бид, хариуцагчаас түрээсийн төлбөр төлөхийг 2021 оны 10 дугаар сараас хойш нэхэмжилсэн боловч хариуцагч нь төрөл бүрийн шалтаг тоочиж өнөөг хүртэл төлөөгүй, мөн удаа дараа харилцан төлбөр төлөх талаар албан бичгээр харилцсан хэдий ч зөвхөн өөрийн хүндрэл нөхцөл байдлыг урьдал болгож өөрт тааламжтай нөхцөлөөр албан бичигт хариу өгч гэрээний үүргээ эс биелүүлэн, эцэс сүүлдээ өөр эх үүсвэрээс төлөх мэт тодорхойгүй зүйл ярьж цаг хугацааг хойшлуулж 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Иймд, талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж энэхүү нэхэмжлэлийг гаргасан болно.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. С ХХК нь гурван хувьцаа эзэмшигчтэй бөгөөд итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал Дын Ц нь 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдөр зуурдаар насан өөд болсон. Түүнийг насан өөд болсноос хойш компанийн эрх шилжигдээгүй байгаа тул тус иргэний хэрэг маргааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй байгааг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан түрээсийн гэрээний үүрэгт хариуцагч С ХХК-иас 105,605,411.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-нд олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,115,1320 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 726,538.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас 685,977.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-нд олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Бид анхан шатны шүүхийн шийдвэрийг тус шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гардаж аваад анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдсан гэж үзэж байна.
Манай С ХХК нь 3 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал Дын Ц нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зуурдаар насан өөд болсон. Захирал насан өөд болсноос хойш компанийн төлөөлөх эрх шилжигдээгүй байгаа тул тус иргэний хэрэг маргааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй болж байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж анхан шатны шүүхэд хүсэлт гарган өгсөн хэдий ч шүүх хүлээн аваагүй.
2. Компанийн итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал Д.Цийн нас барсан тухай гэрчилгээ болон иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтаар шүүхэд өгсөн хэдий ч шүүх ямар нэг дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.
3. С ХХК-ийн захирал Д.Цийн гарын үсэг, тамгаар баталгаажуулж тус компанийн менежер ажилтай Т.Бл надад олгосон итгэмжлэлийн хууль зүйн үйлчлэх хүрээ ч дуусгавар болсон байх гэж бодож байгааг анхан шатны шүүхэд хэлж ойлгуулахыг хичээсэн боловч хүлээн авалгүй намайг хариуцагчийн төлөөлөгч өөрийн биеэр шүүх хуралдаанд ирсэн гэж үзэж анхан шатны шүүх хуралдааныг явуулсан нь хуульд нийцэхгүй байна.
Иймд, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2024/01481 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Г ХХК-иас хариуцагч С ХХК-нд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 113,717,531.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс хүлээн зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр болон 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч С ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж 40-79 УБ тоот улсын дугаартай автогрейдэрийг сарын 24,000,000.00 төгрөгөөр, мөн 64-06 УБ болон 17-24 УБ тоот улсын дугаартай зам тэгшлэгч 2 индүүг тус бүрийн сарын 12,000,000.00 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон байна /х.х 7-10/.
Мөн талууд 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж 17-26 УБ болон 67-07 УБ тоот улсын дугаартай зам тэгшлэгч 2 индүүг тус бүрийн сарын 12,000,000.00 төгрөгөөр түрээслэхээр тохирчээ /х.х 5, 6/.
4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
5. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч С ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Г ХХК-нд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 75,811,688.00 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлөх, хэрэв төлөөгүй тохиолдолд 4,386,818.00 төгрөгийн алданги төлөхийг зөвшөөрсөн тухай албан бичгийг үзвэл хариуцагч нь түрээсийн үлдэгдэл төлбөрийн хэмжээний талаар маргаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив /х.х 17/.
6. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч Г ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч С ХХК-нд хүргүүлсэн албан бичгийг үндэслэн түрээсийн төлбөр төлөх хугацааг 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулсан гэж дүгнэж, тус өдрөөс алдангийг нэхэмжлэл гаргасан буюу 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 393 хоногоор тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж заасантай нийцжээ.
7. Гэвч анхан шатны шүүх алдангийн хэмжээг нэхэмжлэгч Г ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн албан бичигт дурдсан 0.1 хувиар тооцсон нь үндэслэл бүхий болоогүй байна.
Тодруулбал, зохигчдын байгуулсан түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч тал төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хоног тутамд төлөөгүй байгаа үнийн дүнгийн 0.02 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохирсон байхад гэрээний нэг талын хүсэл зоригийг үндэслэн алдангийн хэмжээг өөрчилсөн гэж үзэхгүй.
Хэдийгээр Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгийг хариуцагч С ХХК нь хүлээн авсан нь гагцхүү хүргэгдсэнд тооцох ба хариуцагч тал үүнийг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар алдангийн талаар бичгээр тохиролцсон гэж үзнэ.
Иймд, хариуцагч С ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 75,811,688.00 төгрөг, алданги 5,985,666.00 төгрөг, нийт 81,770,354.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-нд олгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна /75,811,688x0.02%x393=5,985,666.00 төгрөг/.
8. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал нас барсан тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гомдлыг хүлээн авахгүй.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч С ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Дын Цийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нас барсныг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бүртгэж, энэ тухай гэрчилгээ олгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй гэж зааснаар хуулийн этгээд эрх залгамжлагчгүйгээр татан буугдсан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай.
Гэвч хариуцагч С ХХК нь татан буугдаагүй байх тул анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхисон нь үндэслэлтэй.
9. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч С ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Д.Цээс тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцохоор 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Т.Блд итгэмжлэл олгосон ба Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу итгэмжлэлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.
10. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2024/01481 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэхь заалтад 105,605,411.00 төгрөг гэснийг 81,770,354.00 төгрөг гэж, 8,115,1320 төгрөг гэснийг 31,947,177.00 төгрөг гэж,
2 дахь заалтад 685,977.00 төгрөг гэснийг 566,802.00 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 726,538.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Б.МАНДАЛБАЯР