Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
Хэргийн индекс | 183/2023/03205/И |
Дугаар | 210/МА2024/01255 |
Огноо | 2024-06-19 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2024/01255
2024 06 19 210/МА2024/01255
Н ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Т ХХК-д холбогдох,
20,368,188.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагчийн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Манай компани хариуцагч Т ХХК нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хариуцагч тал хүлээн авсан барааны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг хүлээсэн. Ингээд бид 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 71,763,871.00 төгрөгийн үнийн дүн бүхий барааг хариуцагчид нийлүүлсэн. Талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт худалдан авагч нь худалдагчийн илгээсэн үнийн саналыг хүлээн авахыг зөвшөөрч, баталгаажуулсны дараа төлбөрийг урьдчилан шилжүүлэх, эсхүл бэлнээр төлнө гэж заасан.
Гэтэл хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 58,185,079.00 төгрөгийг хэсэгчлэн төлсөн ба өнөөдрийн байдлаар 13,578,792.00 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хэрэв худалдан авагч тал төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгээр 0.3 хувьтай тэнцэх алдангийг худалдагчид төлөх үүргтэй. Иймд, хариуцагчаас 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 13,578,792.00 төгрөгөөс 0.3 хувийн алданги тооцож /өдрийн алданги 48,730/ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн алданги 6,789,395.00 төгрөг, үндэн төлбөр 13,578,792.00 төгрөг, нийт 20, 368,188.00 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Манай компанийн зүгээс нэхэмжлэлийн үнийн дүн болон алдангитай санал нийлэхгүй байна. Бид дахин тооцоо нийлсэн акт үйлдэж үнийн дүн болон бодогдсон алдангийг нягтлах шаардлагатай байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 16,430,522.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,937,666.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,791.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 240,103.00 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагчийн зүгээс тооцоо нийлсэн акт дахин гаргуулах, нэхэмжилсэн үнийн дүн зөрүүтэй гэж маргасан. Анхан шатны шүүх талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй бусад бичгийн баримт зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй боловч хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүх алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
Учир нь, миний зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүн дээр маргадаг ба тооцоо нийлсэн акт тогтооход бараа падаанаа тулгалгүй, манай худалдагчтай тооцоо нийлж, худалдагч хэлсэн бүгдийг зөвшөөрч хийсэн, манайхаас хасагдах үнийн дүнгээ хэлсээр байтал огт хасагдаагүй байсан.
Энэ талаараа тайлбартаа мэдүүлж байсан ч биеийн эрүүл мэндийн байдлаас болоод нэмэлт баримт гаргаж өгч чадаагүй, мөн шүүх хуралдаанд өөрөө оролцох хүсэлтэй байсан боловч надад мэдэгдэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн дүгнээд байгаа тооцоо нийлсэн гэх цаг хугацааг ч бас өөрөөр дүгнэж шийдсэнд гомдолтой байна.
Миний тооцож, тодорхойлсноор 2,851,000.00 төгрөгийн хүү төлөх үндэслэлгүй байна. Би, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантай учир очиж чадаагүй, гадаад улсад эмчилгээтэй байгаа талаар холбогдох баримтыг өгсөн ч шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй байж мэдэгдсэн мэтээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, эсвэл хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Н ХХК-иас хариуцагч Т ХХК-нд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,368,188.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс хүлээн зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч Н ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Т ХХК-тай худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хариуцагчийн буюу худалдан авагчийн захиалгаар худалдахаар харилцан тохиролцсон байна /х.х 5-8/.
4. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хариуцагч Т ХХК-нд 71,763,871.00 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон /х.х 10-34/.
5. Гэвч хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зохигчдын тооцоо нийлсэн актыг эс хүлээн зөвшөөрч, улмаар шүүх хуралдааныг түүний эзгүйд хийсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ /х.х 9/.
6. Анхан шатны шүүх энэ хэрэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийн төлөөлөгчид нэхэмжлэлийг хувийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гардуулж, хариуцагчийн хэргийг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх хүсэлтийг хангахгүй орхисон нь үндэслэлтэй.
7. Харин анхан шатны шүүх хариуцагчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон ирүүлэх боломжтой байсан гэсэн үндэслэлээр хүлээн аваагүйг буруутгахгүй боловч хариуцагчид тийнхүү итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон ирүүлэх боломж олгох ёстой байжээ.
8. Хэрэгт хариуцагчийн төлөөлөгч Д.Э нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр гарч, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр буцаж орсон баримт авагдсан ба тэрбээр өвчний учир гадаад улсад эмчилгээ хийлгэсэн гэсэн тайлбар нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтэд хавсаргасан баримтаар тогтоогдож байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох болон итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон ирүүлэх боломжгүй байсан байх тул хэргийг түүний эзгүйд шийдвэрлэсэн нь талуудын мэтгэлцэх эрхэнд нийцээгүй байна.
10. Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/03715 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,566.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Б.МАНДАЛБАЯР