| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2016/00201/И |
| Дугаар | 00213 |
| Огноо | 2016-07-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 00213
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол би Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р баг Сэвсүүл гэх газар оршин суух Хүлдгээгийн Бат-Өлзий /РД:ОМ56060117, утас:95783926/-гийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сум Гонир 3-р баг 4-р хэсэг задгайд оршин суух Борлууд овогт Ядамсүрэнгийн Баатарцогт /РД:ОМ77021617, утас:94948144/-д холбогдох 850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Х.Бат-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 10 сард Я.Баатараас гунжин үхэр авахаар наймаа хийж 400000 төгрөг, 1 хонь, 1 ямаа өгсөн. Авсан үхэрээ өвөлжүүлээд байж байхад хавар өөр хүн ирээд миний үхэр гээд аваад явсан. Саяхан үхрээ авах гээд очиж уулзтал өгөхгүй явдаг газраараа яваад олоод ав гээд байх юм. Үхрийг нь өвөлжүүлэх гээд 1 машин өвс /200000 төгрөг/ худалдан авсан. Өвс авсан 200000 төгрөг, бэлэн өгсөн 400000 төгрөг, 1 хонь, 1 ямаа буюу нийт 850000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х.Бат-Өлзий шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэн Баатарцогтоос 850,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нийт нэхэмжилсэн үнийн дүнгийн 250,000 төгрөгнөөс татгалзаж, 600,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Хариуцагч Я.Баатарцогт шүүхэд гаргасан тайлбартаа: Ядамсүрэн овогтой Баатарцогт миний бие иргэн Бат-Өлзийгийн нэхэмжилсэн 600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Баатарцогт би Бат-Өлзий гуай энэхүү тайлбарыг зөвшөөрсөн өдрөөс эхлэн 4 хувааж буюу 4 сарын хугацаанд төлж барагдуулах болно гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Х.Бат-Өлзий нь хариуцагч Я.Баатарцогтоос 850,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.Бат-Өлзий нь нэхэмжилсэн 850,000 төгрөгийн 250,000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Я.Баатарцогт үлдэгдэл 600,000 төгрөгийг 4 хувааж барагдуулахаар тохирч, зохигч талууд эвлэрсэн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан баримт, хуульд харшлах зүйлгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Бат-Өлзий, хариуцагч Я.Баатарцогт нар харилцан тохиролцож хариуцагч Я.Баатарцогт нь 600,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Бат-Өлзийгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн нэгдсэн сангийн 130400941 тоот данснаас 9325 төгрөгийг, хариуцагч Я.Баатарцогтоос 9325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.Бат-Өлзийд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ