Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
Хэргийн индекс | 182/2023/04750/И |
Дугаар | 210/МА2024/01256 |
Огноо | 2024-06-19 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2024/01256
2024 06 19 210/МА2024/01256
Бийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2024/01853 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Бийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С ХХК-нд холбогдох,
2022 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болон орон сууны үнэнд 143,462,000 төгрөг төлөхөөс 122,500,000 төгрөг төлсөн болохыг тус тус тогтоолгож, ... дүгээр хорооны нутаг дэвгэрт баригдаж байгаа .... residence орон сууцны С байр, 1 дүгээр орц, 15 дугаар давхар F-тип загварын 65.21 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөлийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах, орон сууц хөлслөх гэрээний төлбөрт төлсөн 18,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, хариуцагчийн төлөөлөгч Г.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Хариуцагч С ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр О ХХК-тай орон сууц захиалан бариулах тухай гэрээг байгуулж, ... дүгээр хорооны нутаг дэвгэрт баригдаж байгаа .... residence орон сууцны С байр, 1 дүгээр орц, 15 дугаар давхар F-тип загварын 65.21 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2023 оны 01 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон. Үүний дараа тус компани нэхэмжлэгч Б надтай 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулж, дээрх орон сууцыг 1 м.кв-ыг 2,200,000 төгрөгөөр үнэлж нийт 143,462,000 төгрөгөөр худалдаар харилцан тохиролцсон.
Би, гэрээний дагуу орон сууны төлбөрийг гэрээ байгуулсан өдөр 20,000,000 төгрөгийг төлөөд мөн Toyota Alphard автомашиныг 85,000,000 төгрөгт тооцож өгсөн ба үлдэгдэл 38,462,000 төгрөгийг сар бүрийн 01-ний өдөр өгөхөөр тохирсон юм. Үүнээс миний бие 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 7,500,000 төгрөг, нийт 122,500,000 төгрөг төлж одоо 20,962,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Харин хариуцагч нь гэрээний хугацаанд байрыг ашиглалтад оруулахгүй, гэрээг цуцлана, чамаас алданги тооцно гээд миний төлсөн төлбөрөөс алданги тооцож, суутгал хийнэ гэх мэтээр надад тайлбарлаж, гэрээ цуцлах мэдэгдэл өгч, миний өмчлөх эрхэд ноцтой хохирол учруулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна.
Тиймээс 2022 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болон орон сууны үнэнд 143,462,000 төгрөг төлөхөөс 122,500,000 төгрөг төлсөн болохыг тус тус тогтоолгож, ... дүгээр хорооны нутаг дэвгэрт баригдаж байгаа .... residence орон сууцны С байр, 1 дүгээр орц, 15 дугаар давхар F-тип загварын 65.21 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөлийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах, орон сууц хөлслөх гэрээний төлбөрт төлсөн 18,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт шаардлага хангаагүй тул орон сууцыг шилжүүлэх боломжгүй. Тухайн эд хөрөнгө бий болоогүй, улсын комисс хүлээж аваагүй. Харин нэхэмжлэгч нийт 122,500,000 төгрөг төлсөн тухайд маргахгүй ба талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүсээгүй, энэ талаар 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр тохиолцсон зүйл байхгүй. Нэхэмжлэгч Б.Б нь 20,962,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч С ХХК-нд холбогдох 2024 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, орон сууны үнэнд 143,462,000 төгрөг төлөхөөс 122,500,000 төгрөг төлсөн болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу ...-р хорооны нутаг дэвгэрт баригдаж байгаа .... residence орон сууцны С байр, 1-р орц, 15 давхар F-тип загварын 2 өрөө 65,21м.кв орон сууцыг С ХХК-иас гаргуулж өмчлөлийг шилжүүлэх, орон сууц хөлслөх гэрээний төлбөрт төлсөн 18,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 875,260 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн гол агуулагыг хангаагүй хэт нэг талыг барьсан, хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт авагдаагүй, огт байхгүй гэрээг шийдвэрийн үндэслэл болгосон, талуудын хооронд байгуулсан гэрээ нь гэрээний оролцогч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд түүнийг шүүгч өөрийн үзэмжээр тайлбарласан, нэхэмжлэлээ ойлгоогүй, хэргийг судлаагүй, нэхэмжлэгч Б намайг шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж байсанд дургүйцсэн байдалтай хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дугаар зүйлд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үл хөдөлх худалдах, худалдан авах гэрээ байгууллагдсан, мөн гэрээний төлбөрийн нөхцөлд тээврийн хэрэгсэлийг гэрээний төлбөрт оролцуулж өгсөн, түрээсийн гэрээгээр Б намайг орон сууц хөлсөлж сууж байгаа нь тогтоогдож байна хэмээн үзсэн мөртлөө төгсгөл хэсэгт уг гэрээ нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй байна гэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, нэхэмжлэлийг ойлгоогүй, зөвхөн нэхэмжлэлийг өнгөц хэлбэрээр шийдвэрлэсэн байна.
Үндэслэл хэсгийн 9 дүгээр зүйлд гэрээ нь Иргэний хуулийн 189.1 дэх хэсгийг хангасан, талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, гэрээг бичгээр байгуулсан болох нь зохигчдын тайлбар хэргийн үйл баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн бөгөөд энэхүү гэрээ нь хэзээ, ямар хуулийн заалтаар, ямар баримтаар хүчингүй болсон, гэрээний нөхцлийг талууд өөрсдөө чөлөөтэй байгуулсан, гэрээний хугацааг уг гэрээний 2.1 дэх хэсэгт гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэнээр дуусгавар болно гэж өөрсдөө тодорхойлсон байтал шүүгч нь өөрийн үзэмжээр гэрээ нь цуцлагдсан мэтээр үндэслэсэн нь хууль болон гэрээг буруу тайлбарласан байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзахыг хориглосон байх бөгөөд нэхэмжлэгч би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээгээр хүлээсэн төлбөрийнхөө 90 хувийг төлсөн бөгөөд үлдсэн төлбөрийг төлөхдөө ялимгүй зөрчил гаргасан, тохирсон хугацааг ялимгүй хэтрүүлсэн, хариуцагч буюу худалдагч талд 6,5 сая төгрөгийг шилжүүлсэн боловч тэрээр над руу буцаан шилжүүлж гэрээг ноцтой зөрчсөн, бид хуульд зааснаар аман хэлцэл байгуулахдаа худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ 95 буюу түүнээс дээш хувьтай биелүүлэхэд үлдэгдэл төлбөрөө өгье гэж тохирсон байхад түүнийг шүүгч анзаараагүй, зөвхөн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хэт туйлшралаар хэргийг шийдвэрлэсэн.
Мөн нэхэмжлэгч би гэрээний 1.3 дугаар зүйлд төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги, хохирлыг нөхөн төлөх үүргийг хүлээнэ гэж заасныг тайлбарласан бөгөөд шүүгч анзаараагүй, гэрээг анх байгуулахдаа ирээдүйд бий болох хөрөнгө гэдгийг хүлээн зөвшөөрсөн, гэхдээ талууд гэрээний 1.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгө гэж гэрээнд оруулж биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй үл хөдлөх хөрөнгө болохыг баталж байна гэж оруулсан ба энэ нь уг үл хөдлөх хөрөнгө нь хэдийгээр ирээдүйд бий болох хэдий ч гэрээгээр бол бодит хөрөнгө юм. Гэтэл шүүгч үүнийг тухайн хөрөнгө бий болоогүй учир нэхэмжлэх эрх үүсэхгүй гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгож гэж нэхэмжлэлийн шаардлагын хэсэгт оруулсан бөгөөд энэ гэрээ нь хэзээ, ямар хуулийн заалтаар хүчингүй болсон буюу цуцлагдсан, гэрээг цуцлахад нөлөөлсөн ямар баримт хэрэгт авагдсаныг дурьдаагүй, нэхэмжлэлийн шаардлага болох 122,500,000 төгрөг төлснийг ямар хууулийн заалт, гэрээний хэсэг, ямар нэг баримтаар төлөөгүй, төлсөнийг тогтоох боломжгүй гэж үзсэнийг тайлбарлаагүй.
Шийдвэрийн үндэслэл хэсгийн 11, 12, 13, 15, 16 дугаар зүйлд заасан 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээ гэж үндэслэсэн нь тийм гэрээ хэрэгт авагдаагүй, уг огноо нь өнөөдрийн байдлаар үүсээгүй, шийдвэрт хэт туйлширч хандсан, хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдлэсэн.
2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 8.2 дугаар зүйлд гэрээнд тусгагдаагүй харилцааг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулна гэж заасан ба Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана гэж зааснаар хугацаандаа ашиглалтад ороогүй үл хөдлөх хөрөнгийн асуудлаас болж иргэн Б би орох оронгүй болж бусдын орон сууцыг Хөлсөлж амьдарч байгаа нь надад учирч буй хохирол мөн билээ.
Иймд, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 182/ШШ2024/01853 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн төлөөлөгч Г.Лгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Манай компани барилга барьж байгаа компани биш. Худалдаж авсан объектоо Бд зарсан бөгөөд түрээсийн төлбөрийг шаардах эрхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Б нь хариуцагч С ХХК-нд холбогдуулан 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болон орон сууцны үнэд 143,462,000 төгрөгөөс 122,500,000 төгрөг төлсөн болохыг тус тус тогтоолгож, ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй .... residence орон сууцны С байр, 1 дүгээр орц, 15 дугаар давхар, F-Тип загварын 65.21 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, учирсан хохиролд 18,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд;
3.1. Нэхэмжлэгч Б нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч С ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй .... residence орон сууцны С байр, 1 дүгээр орц, 15 дугаар давхар, F-Тип загварын 65.21 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 143,462,000 төгрөгөөр худалдан авах,
3.2. Гэрээний төлбөрөөс нэхэмжлэгч нь хариуцагчид 20,000,000 төгрөгийг төлж, мөн 85,000,000 төгрөгт Тоёото альфард маркийн автомашиныг тооцон өгч, үлдэх 38,462,000 төгрөгийг 4 сарын хугацаанд сар бүрийн 01-ний өдөр 10,000,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 8,462,000 төгрөгийг сүүлийн сард төлөхөөр тохирсон ба нийт 122,500,000 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй.
Анхан шатны шүүх эдгээр үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
4. Зохигчдын байгуулсан худалдах, худалдах авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хариуцагч С ХХК нь орон сууцыг 2023 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд орсны дараагаар нэхэмжлэгч Бийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах үүрэг хүлээсэн байна.
Гэтэл талуудын тайлбараар нэхэмжлэгч Б, хариуцагч С ХХК нар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч тухайн орон сууцыг О ХХК нь барьж байгаа бөгөөд одоогоор ашиглалтанд оруулаагүй, хариуцагч нь энэхүү компаниас авах орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн ба нэхэмжлэгч нь гүйцэтгэгч тус компанитай гэрээ, хэлэлцээр байгуулаагүй байна.
Анхан шатны шүүхийн нэхэмжлэгч Б болон хариуцагч С ХХК нарыг анхнаасаа орон сууцыг О ХХК нь барьж байгаа тухай мэдэж байсан, хариуцагч нь тус орон сууцыг гуравдагч талаас хүлээн авахаар тохирсон, орон сууц ашиглалтад ороогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардах эрх хэрэгжих нөхцөл бүрдээгүй гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй.
5. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хаан банк ХК дахь өөрийн эзэмшлийн 5037074622 тоот данснаас 6,500,000 төгрөгийг хариуцагч С ХХК-ийн эзэмшлийн 5163209580 тоот дансанд шилжүүлсэн боловч хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан гэсэн үндэслэлээр буцааж шилжүүлсэн байна.
Гэвч нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн дийлэнх хэсгийг төлсөн байхад хариуцагчийн зүгээс гэрээ цуцлагдсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй буюу Иргэний 249 дүгээр зүйлийн 249.1-д Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж заасантай нийцэхгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хэдийгээр худалдах, худалдан авах гэрээний үлдэх төлбөр 8,462,000 төгрөгийг хугацаа хожимдуулж төлсөн байх боловч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээ цуцлагдах учиргүй юм.
6. Зохигчид гэрээний зүйлийг өөр этгээд барьж гүйцэтгэж байгаа болон орон сууц ашиглалтанд орох хугацаа болоогүй, мөн уг үл хөдлөх эд хөрөнгийн хувьд улсын бүртгэлд бүртгэгдэх нөхцөл бүрдээгүй байгаа талаар маргаагүй атлаа нэхэмжлэгч нь өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй.
Харин нэхэмжлэгч Б нь орон сууцыг ашиглалтанд орсны дараагаар хариуцагч С ХХК-нд холбогдуулан уг шаардлагыг гаргахад энэ магадлал саад болохгүйг дурдав.
Мөн нэхэмжлэгчийн 122,500,000 төгрөгийг төлсөн болохыг тогтоолгох нь өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэл болох тул бие даасан шаардлага болохгүй учир анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Бийн учирсан хохиролд 18,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд талууд хохирол нөхөн төлөх талаар гэрээгээр тохиролцоогүй, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт учир дутагдалтай болжээ.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д Гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж зааснаар хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч Бд орон сууц ашиглалтанд оруулах хугацаа хэтэрсэнтэй холбоотой учирсан хохирлыг мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Б нь орон сууц хөлслөх гэрээний төлбөрт Л.Ганзоригт 18,700,000 төгрөгийг бодитоор төлсөн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.
8. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгч Б нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч С ХХК-тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээний оныг 2024 он гэж буруу бичсэн техник шинжтэй алдаа гаргасан байх тул уг оныг залруулсан өөрчлөлт оруулна.
9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2024/01853 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад 2024 оны гэснийг 2022 оны гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 875,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Б.МАНДАЛБАЯР