Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 228

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,                                 

Улсын яллагч П.Ганбаатар,

Шүүгдэгч Ч.Б, Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Урианхай овогт Ч-н Б, Лувсанцэрэн овогт Б-н О нарт холбогдох эрүүгийн 1909001040151  дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 52 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЖЯ 85030513 / Урианхай овогт Ч-н Б,  

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод гөрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23 дугаар гудамжны 342 тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.3-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ЧЙ85032819 /  Лувсанцэрэн овогт Б-н О нар нь:  

 

- Ч.Б нь 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кроун кинг” пабд иргэн Б.Отай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас марган зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

- Б.О нь 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кроун кинг” пабд иргэн Ч.Бтэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас марган зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

                                                                                         

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ч.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ..”Чи иргэний хөдөлгөөнийг дэмждэг үү” гэж асуухаар нь би өөрийн үзэл бодлоо илэрхийлж “50 хувь дэмждэг” гэхэд “тэгээд үлдсэн 50 хувь нь хэнийг дэмждэг юм” гэж асуухаар нь “Та нарын шүүмжилдэг хүмүүсийг дэмждэг” гэж хэлсэн чинь намайг “Чи муу гомо банди” гэж хэлээд нүүрэн тус газар атгасан баруун гараараа цохьсон. Баруун гарын эрхий хурууг хазаж гэмтээсэн. Эмчилгээний зардал болох 1.620.000 төгрөгийг Одбаяр барагдуулсан. Одоо надад гомдол, санал байхгүй. Бид эвлэрсэн гэжээ. / 4-8 /

 

Хохирогч Б.О мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Бат-Эрдэнийн хувцаснаас нь зуурч аваад барьцалдсан чинь Бат-Эрдэнэ дээрээс гараараа цохиод байхаар нь би Бат-Эрдэнийн хурууг хазсан. Бат-Эрдэнэ бид хоёр дээр доороо ороод бие биенээ цохьсон. Бат-Эрдэнэ бидний шинэ жил дээр ирчихээд “Надтай зодолдох хүн байна уу” энэ тэр гээд байхаар нь би пиджакаа тайлж очоод зууралдаж эхэлсэн гэжээ.  / хх 7 /

 

Гэрч Г.Батболд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Зодуулсан гэх залуу Одко гэх залуутай зодолдож байхаар нь би дундуур нь ороод салгах явцад Мөнх-Амгалан намайг түлхэхэд би хажуу тийшээ унаад босч ирэхэд Халиунаа намайг салгаад аваад явсан гэжээ. / хх 11 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 820 дугаар дүгнэлтэнд:

1. Ч.Бат-Эрдэнийн биед тархи доргилт, хамар яс, зүүн нүдний ухархайн дотор хана хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дух, зүүн шанаа, зүүн хацар, зүүн чих, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун гарын 1,3 дугаар хурууны хазагдсан шарх, баруун гарын сарвуу, цээжний зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. / хх 18 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 843 дугаар дүгнэлтэнд:

1. Б.Оын биед зүүн дээд зовхи, дагз, зүүн тал, хүзүүнд цус хуралт, зүүн хөмсөгт няцарсан шарх, дээд уруул, зүүн хацар, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Зүүн хөмсөгний няцарсан шарх гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ./ хх 21 /

 

Хохирол барагдуулсан тухай баримт / хх 44 /

 

Яллагдагч Ч.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би прокурорын тогтоолтой уншиж танилцсан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Муудалцаад Одбаяртай харилцан зодолдсон гэжээ. / хх 50 /

 

Яллагдагч Б.О мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би прокурорын тогтоолтой уншиж танилцсан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Муудалцаад Бат-Эрдэнэ бид хоёр харилцан зодолдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 55 /

 

Шүүгдэгч Ч.Б-г 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 49-50 /

 

Шүүгдэгч Б.О-ыг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 54-55 /

 

Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 38-39 / зэрэг болно.

 

Шүүгдэгч, хохирогч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдол санал, нэхэмжлэх байхгүй. Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 620.000 төгрөг төлсөн. Бид эвлэрч найз нөхөд болсон. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кроун кинг” пабд иргэн Б.Отай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргаж зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

- Б.О нь 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кроун кинг” пабд иргэн Ч.Бтэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргаж зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Намайг “Чи муу гомо банди” гэж хэлээд нүүрэн тус газар атгасан баруун гараараа цохьсон. Баруун гарын эрхий хурууг хазаж гэмтээсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ч.Бат-Эрдэнийн мэдүүлэг / 4-8 /, …Бат-Эрдэнэ бидний шинэ жил дээр ирчихээд “Надтай зодолдох хүн байна уу” энэ тэр гээд байхаар нь би пиджакаа тайлж очоод зууралдаж эхэлсэн. Бат-Эрдэнэ бид хоёр дээр доороо ороод бие биенээ цохиж, хурууг нь хазсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Оын мэдүүлэг / хх 7 /, ...Ч.Бат-Эрдэнийн биед тархи доргилт, хамар яс, зүүн нүдний ухархайн дотор хана хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дух, зүүн шанаа, зүүн хацар, зүүн чих, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун гарын 1,3 дугаар хурууны хазагдсан шарх, баруун гарын сарвуу, цээжний зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 820 дугаар дүгнэлт / хх 18 /, ...Б.Оын биед зүүн дээд зовхи, дагз, зүүн тал, хүзүүнд цус хуралт, зүүн хөмсөгт няцарсан шарх, дээд уруул, зүүн хацар, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 843 дугаар дүгнэлт / хх 21 /, ...Хохирол барагдуулсан тухай баримт / хх 44 /, ...Одбаяртай харилцан зодолдсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ч.Бат-Эрдэнийн мэдүүлэг / хх 50 /, ... Бат-Эрдэнэ бид хоёр харилцан зодолдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Б.Оын мэдүүлэг / хх 55 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Б, Б.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ч.Б, Б.О нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрсдийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул тэдгээрийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан тус бүрийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Б, Б.О нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Ч.Б, Б.О нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                                 

1. Шүүгдэгч Урианхай овогт Ч-н Б, Лувсанцэрэн овогт Б-н О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч-н Б, Б-н О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ч.Б, Б.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Б, Б.О нар нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

5. Ч.Б, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Б, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ