Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2018/0059

 

 

“А г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:       Г.Банзрагч

Б.Мөнхтуяа

Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох   

 Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүй, татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 129***  дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгах” 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0619 дүгээр шийдвэр,  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0758 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтэмүүлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Очирбал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр, Р.Энхтайван,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар, түүний өмгөөлөгч М.Бадрал, С.Цэрэндорж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхжаргалын өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, Д.Данзандорж нар,  

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0619 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 19 дүгээр зүйлийн 19.12, 25 дугаар зүйлийн 25.1.8, 60 дугаар зүйлийн 60.4-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас дахин шинэ акт гаргах хүртэл Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг тус тус 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байна.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0758 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0619 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 19 дүгээр зүйлийн 19.12, 25 дугаар зүйлийн 25.1.8, 60 дугаар зүйлийн 60.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А г” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 129***  дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А г” ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “А г” ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд хандан “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүй, татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 129***  дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0619 дүгээр шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас дахин шинэ акт гаргах хүртэл Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг тус тус 6 cap хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

4. Анхан шатны шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын ихэнх хэсэгт эрх зүйн дүгнэлт өгөөгүй нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж чадаагүй тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэтэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0758 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

5. Тус магадлалаар хэргийг шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг барин, зөвхөн хариуцагч болон гуравдагч этгээд “Б ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн өмгөөлөгчдийн гаргасан тайлбарыг шууд хүлээн авч, нотлох баримтгүйгээр гуравдагч этгээдийн ярьсан зүйлийг магадлалын Хянавал хэсэгт тусгаж, нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөхдөө хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

6. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээхийг даалгах шаардлага гаргасан атал Магадлалын Хянавал хэсгийн 19 дэх талд “... Энэхүү 615 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар дүгнэхийн тулд тушаалд өөрт нь дурдаад буй Ашигт малтмалын тухай хуулийн ... -т заасан журмыг баримтлаагүй, ... зөрчиж, ... тусгай зөвшөөрөл олгосон гэх үндэслэл үнэхээр бодитой байсан эсэх талаар дүгнэх шаардлагатай..., Мөн “А го” ХХК нь Төв аймгийн Засаг дарга дэмжиж зөвшөөрөл өгсөн мэтээр зөрүүтэй баримт бүрдүүлж тусгай зөвшөөрөл авсан нь баримтаар нотлогджээ” гэж дүгнэсэн бөгөөд энэ талаар дүгнэлт хийхдээ “А го” ХХК-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж тайлбар, мэдүүлэг авалгүй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. “А г” ХХК-ийн эзэмшиж байсан 129***  дугаар тусгай зөвшөөрлийн талбайд анх хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд нь “А го” ХХК бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйл болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч, эзэмших эрхийг олж авсан болно. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн нотлох баримтад тулгуурлалгүй, “А го” ХХК-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Анхан болон давж заалдах шатны журмаар хэргийг шийдвэрлэх үед хариуцагч болон гуравдагч этгээд, шүүх бүрэлдэхүүн нь нэхэмжлэгч “А г” ХХК-аас “А го” ХХК хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хэрхэн авсан, энэ нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг тодруулах үед нэхэмжлэгч “А го” ХХК-ийн асуудлыг бид мэдэхгүй талаар хангалттай тайлбарласан. Хэрэв уг асуудалд эрх зүйн дүгнэлт өгөхөд “А го” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хэрхэн олж авсан асуудал нь чухал байсан бол шүүх хэргийг бүх талаас нь бүрэн гүйцэтгэт шийдвэрлэхийн тулд “А го” ХХК-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах эрх, боломж байсан хэдий ч уг эрхээ хэрэгжүүлээгүй нь хууль зөрчсөн хэмээн үзэж байна.

7. Магадлалын 19 дэх тал буюу Хянавал хэсэгт “...Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-аас 19.6-д заасан журмыг баримтлаагүй болох нь мөн адил нотлогдож байна. ... “А го” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа Б  дүүргийн Засаг даргаас бус Төв аймгийн Засаг даргаас албан ёсны дэмжсэн санал авсан мэтээр материал бүрдүүлж ...” гэсэн нь үндэслэлгүй. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, 19.5 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь өөрөө энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад мэдэгдэх, энэхүү мэдэгдлийг хүлээн авмагц ... 30 хоногийн дотор хариуг төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхээр хуульчилсан. Энэхүү зохицуулалт нь 1997 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулинд байсан зохицуулалт билээ. Гэтэл энэ талаар буюу Ашигт малтмалын газраас тухайн үед мэдэгдэл хүргүүлж байсан эсэх, түүнд хариу өгсөн эсэх талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Магадлалд дурдсанаар “А го” ХХК-г хуурамч баримт бүрдүүлж, тусгай зөвшөөрөл авсан мэтээр дүгнэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.3, 19.4, 19.5 дахь хэсэгт заасанд нийцэхгүй, хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

8. Мөн магадлалын 20 дахь талд А г” ХХК-ийн энэхүү ашиглалтын лицензийг олж авсан, эзэмшсэн процессыг шударгаар явагдсан гэж дүгнэх боломжгүй байна. ... “А г” ХХК нь ямар ч хайгуул хийгээгүй төдийгүй, ямар нэгэн зардал гаргахгүй, ганц нэг бичиг баримтыг зөрүүтэй бүрдүүлэх зэргээр сууж байгаад 430.2 сая тонн нүүрсний нөөц бүхий талбайн ашиглалтын лицензтэй болж байгаа нь шударга биш байна.” гэсэн нь хэтэрхий нэг талыг баримталсан дүгнэлт хийсэн төдийгүй “Б ” ХК-ийн тайлбарыг 100 хувь хүлээн авч нотлох баримтад тулгуурлалгүй, үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь шударгаар төдийгүй холбогдох төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр 129***  тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан бөгөөд ганц ч бичиг баримтыг зөрүүтэй бүрдүүлээгүй, хууль тогтоомжийн дагуу өргөдөл гаргах замаар тусгай зөвшөөрлийг эзэмших эрх үүссэн. Тодруулбал, “А г” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1126 дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан журмын дагуу “А го” ХХК-иас шилжүүлж авсан бөгөөд өнөөдрийг хүртэл тус 1126 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байгаа болно. Нэхэмжлэгч “А г” ХХК-г тухайн тусгай зөвшөөрлийг хууль ёсоор шилжүүлэн авсан эсэх талаар үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

9. Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалаар “А г” ХХК-ийн эзэмшиж байсан 129***  тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохын өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигчид ямар нэгэн мэдэгдэл хүргүүлж, тайлбар гаргах боломжоор хангаагүй. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай шийдвэрлэх бол Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.4 дэх хэсэгт “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ.” гэж хуульчилсан. Монгол Улсын дээд шүүхийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолд “... хуулийн 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж тайлбарласан. Гэтэл хариуцагч нь энэхүү зарчмын дагуу 616 дугаар тушаалыг гарсны дараа хугацаа хэтрүүлж мэдэгдсэн төдийгүй гарахын өмнө тайлбар, үндэслэл гаргах боломжоор хангаагүй, мэдэгдэл хүргүүлээгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 40 дэх талд авагдсан Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын “Тушаалын дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-6585 тоот мэдэгдлийг “А г” ХХК-д чухам хэзээ, хэрхэн хүргэсэн, илгээсэн, хүлээн авсан эсэх талаар нотлох баримт авагдаагүй. Харин 615 дугаар тушаалын хувьд гарахын өмнө болон гарсны дараа огт мэдэгдээгүй.

10. Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалыг “Б” ХК-ийн гаргасан гомдлыг шийдвэрлэх хүрээнд гаргасан. Хавтаст хэргийн 38 дахь талд авагдсан Уул уурхайн сайдын албан даалгавар нэртэй 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаар албан бланк дээр хэвлэгдээгүй, Уул уурхайн яамны архивд хадгалагдаагүй тухайн үеийн сайд Д.Ганхуягийн гарын үсэгтэй албан бичгийг үндэслэсэн байдаг. Тус албан бичигт дурдсан “Б” ХК-ийн удирдлагаас гаргасан 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/680 тоот болон “Б” ХК-иас ... удаа дараа Ашигт малтмалын газарт хандан, асуудал тавьж, танилцуулж байсантай холбоотой нотлох баримтыг хэрэгт хавсаргах шаардлагатай. Түүнчлэн Магадлалын Хянавал хэсгийн 22 дахь талд “... Уул уурхайн сайдын тушаалтай холбогдуулан ямар нэгэн шаардлага гаргаагүй тул тухайн захиргааны актын талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, шийдвэрлээгүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрлээгүй асуудлаар дүгнэлт хийх боломжгүй.... ийм нөхцөлд давж заалдах шатны шүүхээс сайдын тушаалыг хууль зөрчсөн байна гэж дүгнээд, энэхүү хууль зөрчсөн тушаалыг үндэслэн захиргааны акт гаргасан нь буруу гэсэн байдлаар хэргийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой, хэргийг бүхэлд нь шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байна. Учир нь Уул уурхайн сайд Ашигт малтмалын газрын даргад хандан аливаа гуравдагч этгээдийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг даалгах нь хууль тогтоомжид нийцсэн эсэх, улмаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломжийг хязгаарлах үндэслэл болох эсэх талаар үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагатай. Түүнчлэн Хавтаст хэргийн 162, 172 дахь талд авагдсан Уул уурхайн яамны 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3/709 дугаар албан бичигт дурдсанаар Уул уурхайн яамны архивд “Хууль бус тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авах тухай” албан бичиг байхгүй тухай нотлох баримтыг огт үнэлээгүй.

11. “Б ” ХК нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаж хэргийг шийдвэрлүүлэхэд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзээгүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг зөрчсөн. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалын 21 дэх талд “... Б  компанид мэдэгдсэн гэх нөхцөл байдал үгүй байна” гэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд гуравдагч этгээдэд олгосон тусгай зөвшөөрлийн талаар мэдээллийг “Б ” ХК-д хүргэх эрх зүйн зохицуулалт байхгүй. Түүнчлэн “Б ” ХК нь “А го” ХХК-д 129***  тусгай зөвшөөрөл олгосныг мэдсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Анх тусгай зөвшөөрлийг “А г” ХХК-д шилжүүлэхээс өмнө “А го” ХХК-ийн нэхэмжлэлтэй АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргад холбогдох “ГУУКГ-ын даргын 2006 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 650, 655 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгож, тус компанид өмнө нь олгогдсон 12164Х, 129***  тусгай зөвшөөрлийг сэргээлгэх” шаардлага бүхий захиргааны хэрэгт “Б ” ХК нь гуравдагч этгээдээр оролцсон байдаг. Улмаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар шийдвэрээр “А го” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 650, 655 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ашиглалтын 129*** , хайгуулын 12164Х тоот тусгай зөвшөөрлийг сэргээж шийдвэрлэсэн байдаг. Гуравдагч этгээд “Б ” ХК нь 2008 онд мөн яг адил тайлбар гаргаж шүүхэд тайлбарлаж байсан бөгөөд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 256, 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 364 дүгээр шийдвэрт “Б ” ХК-ийн гаргасан тайлбар, мэдүүлэг болон хүчин төгөлдөр 2 удаагийн шүүхийн шийдвэр болох нэгэнт тогтоогдсон үйл баримтаар нотлогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 15-19, 20-36 дахь тал/ Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй байдлаар зөвтгөж дүгнэсэнд гомдолтой байна.

12. 129***  тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх заалтыг баримталсан байдаг. Гэтэл тусгай зөвшөөрөл эзэмшигч “А г” ХХК нь хэзээ, хэрхэн, яаж тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн болох нь огтхон ч тодорхойгүй, зөрчил гаргасан, зөрчлийг хянан шалгасан талаар нотлох баримт огт авагдаагүй байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ... удаа дараа, эсвэл ноцтой зөрчлийн алийг нь гаргасан талаар хариуцагч тодорхой тайлбар гаргаагүй байтал давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмнөөс магадлалын 23 дахь талд "... нэхэмжлэгчийн тухайд ноцтой зөрчсөн гэдэгт тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг илтэд зөрчсөн буюу тусгай зөвшөөрлийг анх авахдаа илтэд зөрчсөн гэсэн агуулгаар хуулийг хэрэгжүүлж хариуцагч байгууллагаас захиргааны акт гаргасан байна” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Улсын Дээд шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт “... нөхцөл, шаардлага” гэдэгт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тусгай зөвшөөрлөөр тодорхой төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гүйцэтгэх явцдаа заавал дагаж мөрдвөл зохих, хууль тогтоомжоор тодорхойлсон болзол, шалгуур үзүүлэлтүүдийг хамааруулан ойлгоно гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, тодорхой төрлийн тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зөрчигдөх тухай ойлголт байдаг. Харин тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдөл гаргахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 14.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл бий. Гэтэл давж заалдах шатны хуулийн заалтын агуулгыг чухалчлалгүйгээр илтэд хариуцагчид ашигтай байдлаар тайлбарлаж гуравдагч этгээд “Б ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн өмгөөлөгчдийн гаргасан тайлбарыг хүлээн авч, хянавал хэсэгт тусгасан нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

13. Давж заалдах шатны шүүх өмнөх хүчин төгөлдөр 2 удаагийн шүүхийн шийдвэрийг илт үгүйсгэж, нэхэмжлэгчийн хөндөгдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөхөд хүргэсэн. “А г” ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр сэргээсэн тусгай зөвшөөрлийг “А го” ХХК-иас хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авсан. Тодруулбал, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар шийдвэр, 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 364 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр байх бөгөөд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг удаа дараа сэргээж байсан бөгөөд “Б ” ХК-ийн зүгээс энэ удаа тайлбарласантай яг адилхан тайлбар, мэдүүлэг өгч байсан болох нь шүүхийн шийдвэрүүдийн “Тодорхойлох” хэсэг болон “Үндэслэх”, “Тогтоох” хэсэгт дурдсан болно. Энэ нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй, шүүхийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа шийдвэрийг өөр шүүх үгүйсгэх, өөрчлөхгүй байх талаарх процессын эрх зүйн үндсэн хэм хэмжээг зөрчсөн байна.

14. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримт нь монгол хэлээр албан ёсоор орчуулагдсан байна” гэснийг зөрчсөн. Тодруулбал, 1 дүгээр хавтаст хэргийн 146-150 дахь талд 5 хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 62-70 дахь талд 9 хуудас гадаад хэлээр бичигдсэн материалуудыг Монгол хэлээр албан ёсоор орчуулаагүй нь нотлох баримт гэж үзэн үнэлэх боломжгүй атал дээрх материалуудыг үндэслэн магадлалын хянавал хэсэгт тусгасан байна.

15. Хэргийн оролцогч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг багтаан ойлгодог. Тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь захиргааны хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж, өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн. Гуравдагч этгээд болох “Б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Г.Жанчив, С.Мөнхжаргал, О.Чинхүсэл, Д.Хатанбаатар нар болно. Харин гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхжаргал нь өөрөө хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, Д.Отгонбат нартай, Д.Хатанбаатар нь өмгөөлөгч С.Цэрэндорж, М.Бадрал, Ц.Жавхлантөгс нартай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан тул хэргийн оролцогчийн өмгөөлөгч нар биш билээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч ... давж заалдах гомдол гаргах эрхтэй” байдаг. Гэтэл гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

16. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5 дахь заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

17. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ гүйцэд хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна.

            18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана” мөн зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заажээ.

19. Хуулийн дээрх заалт нь хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тохиолдолд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал  захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх эрх зүйн зохицуулалт юм.

20. Шүүхийн шийдвэрт нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзэн нэмж тодруулахаар дурдсан “129***  тоот тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах төлбөрийг төлсөн эсэх” асуудлыг шүүх нотлох үүргийн хүрээнд зохих байгууллага албан тушаалтнаас холбогдох нотлох баримт, лавлагаа гаргуулан эрх зүйн дүгнэлт хийх боломжтой байхад уг ажиллагааг хариуцагчид хамааруулж маргаан бүхий захиргааны актуудыг түдгэлзүүлсэн нь буруу бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

21. Харин “Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх гэрээ №1”-д заасны дагуу “Б” ХК-иас төлсөн төлбөр нь зөвхөн тус компанийн 1371А тусгай зөвшөөрөлтэй талбайд, эсхүл тухайн хүрэн нүүрсний орд бүхэлдээ хамааралтай эсэхийг ялгаж тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, уг үйл баримтад анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй байхад давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгч дээрх агуулгаар /бүрэн төлөөгүй гэх мэт/ гомдол гаргаагүй тул тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй” гэсэн нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагад нийцэхгүй байхаас гадна хариуцагч тухайн маргааныг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 7 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан талаар баримт байхгүй байхад зөвхөн хариуцагчийн тайлбараар “алдаатай шийдвэрээ өөрөө зөвтгөсөн нь зөв” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасанд нийцээгүй байна.

22. “Б” ХК-ийн гүйцэтгэх захирал М.О, Э.Н, Үйлдвэр технологи эрхэлсэн дэд захирал Н.Б нараас зохих этгээдүүдэд олгосон итгэмжлэл хэрэгт авагдсан боловч хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд хэн болохыг нотолсон баримт байхгүйг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

23. Анхан шатны шүүх гуравдагч этгээд “Б” ХК-иас гэрээний дагуу төлсөн 94694 ам.долларын төлбөр нь аль талбайд хамааралтай эсэх, баримт лавлагааг цуглуулах, хариуцагч тухайн маргааныг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 7 дугаар зүйлд заасан журмыг баримталсан эсэх, гуравдагч этгээд “Б ” ХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд хэн болохыг тодруулж, энэ талаарх нотлох баримтыг хавсаргаж, маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэвэл зохино.

24. Нотлох баримт дутуу, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчилтэй байхад Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0619 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0758 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 

                        ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН