Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 08

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

            Нэхэмжлэгч: ....оршин суух *******гийн *******ын нэхэмжлэлтэй,  

            Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал, тус хурлын тооллогын комисст холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал тоолсон дүнгийн тухай” тооллогын комиссын 01 дүгээр тогтоол, “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгосон тухай” 04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулж, иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дахин явуулахыг Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, түүний өмгөөлөгч В.*******, хариуцагч Ж.*******, Э.*******, гуравдагч этгээд Т.*******, тэдгээрийн өмгөөлөгч Ө.*******, Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч *******гийн ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн нийтийн 2 дугаар хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 19-нд хийхээр товлож хурлыг хуралдуулсан. Уг хуралдаанаар тус багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох болон Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Хэрлэн сумын 4 дүгээр баг нь нийт 4506 иргэнтэй, 1909 өрхтэйгөөс уг хуралдаанд нийт 428 иргэн хүрэлцэн ирж Хэрлэн сумын ЗДТГ-ын ажилтнууд бүртгэлийн программаар шалган бүртгэж, тоолж оруулсан. Ийнхүү ирц хангалттай байсан тул хуралдааныг эхлүүлж, тооллогын комиссыг сонгосон. Иргэд тооллогын комиссыг 9 хүний бүрэлдэхүүнтэй байхаар шийдвэрлэсэн. Ингээд иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж тус багийн иргэн Э.******* нь Т.*******ийн нэрийг, иргэн Б.Оюунболд нь Ц.******* миний нэрийг тус тус дэвшүүлсэн.

            Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгоход иргэдийн саналыг илээр хураахаар шийдсэн. Иргэдийн өгсөн саналын дагуу нэр дэвшсэн Ц.******* миний бие нийт 244 хүний санал, нэр дэвшигч Т.******* нь нийт 219 хүний санал авсан болохыг тооллогын комиссын 9 гишүүн мэдээлсэн. Гэтэл тус тооллогын комисс нь тоологч Байгалсайханаас *******д өгсөн саналын тоон дээр 15 санал нэмсэн /бодит тооллогоор *******д 10 хүн санал өгсөн байсан/, тоологч Булганаас *******д өгсөн саналын тоон дээр 15 санал /бодит тооллогоор *******д 11 хүн санал өгсөн байсан/ буюу нийт 30 хүний саналыг нэр дэвшигч Т.*******д нэмж 249 хүн санал өгсөн гэж шийдвэр гаргасан. Тус хурал дээр “Саналыг буруу нэмсэн байна” гэж тоологч нарыг хэлэхэд тэдний үгийг хүлээж авалгүй Т.*******ийг 249 санал буюу 50.5%, Ц.******* намайг 244 санал буюу 49.5%-ийн санал авсан гэж үзэн тооллогын комисс нь “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал тоолсон дүнгийн тухай” 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоол гаргасан. Тооллогын комиссын тус тогтоол дээр иргэдийн саналыг тоолсон нийт 9 тоологчоос 5 тоологч нь тогтоолыг эс зөвшөөрч гарын үсэг зураагүй. Гэтэл ийм хууль бус тогтоол гарсныг мэдсээр байж тус багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ж.******* нь Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал тоолсон дүнгийн тухай” 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг үндэслэн Т.*******ийг Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсонд тооцож 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгосон тухай” 04 дүгээр тогтоолыг гаргасан.

           Бид тухайн үед тооны машинаар дүнг нэгтгэн, буруу дүн гарсан тухай хэлэхэд хурал даргалагчид түүнийг хүлээж аваагүй, хуралд оролцсон иргэдийн хувьд ч шударга бус тогтоолыг эсэргүүцэн, үзэл бодлоо илэрхийлж байсан. Дээрх тооллогын комиссын даргын нэр дэвшигч Т.*******ийн санал дээр зориуд 30 санал нэмж дүнг буруу гаргасан 01 дүгээр тогтоол, түүнийг үндэслэн гаргасан тус багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ж. 04 дүгээр тогтоолууд нь Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшин олонхийн буюу 244 хүний санал авсан Ц.******* миний сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

           Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал тоолсон дүнгийн тухай” тооллогын комиссын 01 дүгээр тогтоол, “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгосон тухай” 04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн нийтийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулж, иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох ажиллагааг дахин явуулахыг даалгаж өгнө үү гэв.

            Хариуцагч Ж.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагт Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралдаан Политехникийн коллежийн зааланд болсон.  Хурал 11 цагт эхлэх байсан ч цагтаа эхлэхгүй иргэдийн бухимдлыг маш ихээр хүргэж байсан. Засаг даргад нэр дэвшигч О. нь хурлын заалны хаалга барьсан хойно ч хүн оруулах гээд л гүйгээд байсан. Миний бие О.д хурал эхлүүлэх тухай удаа дараа сануулан хэлж байж арай гэж зааланд цугларсан иргэд бахиралдаж байж хурлыг эхлүүлсэн. Хурал эхэлснийг зарлахад О. надад хуралдаанд оролцогчдын гарын үсэгтэй бүртгэлийг авчирч өгсөн. Ингээд миний бие хурлыг эхлүүлсэн. Хурал хууль журмын дагуу эхэлж тооллогын комисс байгуулах гэж их удсан. Арай гэж байгуулаад хурлын дарааллын дагуу Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын шинэ даргыг сонгох санал хураалт эхэлсэн. Тоологч нар санал хураалтын дүнгээ тооллогын комиссын даргад хэлээд бичүүлж, дарга нь нэмж нэгтгэсэн дүнг надад авчирч өгсөн. Миний бие хуралдаанд оролцогчдод дүнг танилцуулж, иргэдийн Нийтийн Хурлын шинэ даргаар Т.******* сонгогдсоныг зарласан. Тухайн үед ямар ч тоологч надад гомдол гаргаж байгаагүй. Хуралдаанд Т.******* 249 хүний санал, Ц.******* 244 хүний санал авсан. Олонхийн санал авсан Т.*******ийг Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын шинэ даргаар томилсон тогтоол болон өөрийгөө чөлөөлсөн тогтоолуудыг уншиж батлуулсан. Ингээд би хуралд холбогдолтой материалуудыг хурлын шинэ даргаар сонгогдсон Т.*******д хүлээлгэн өгч тайзнаас бууж зааланд суусан болно. Ж.******* миний бие нь өөрийн гаргасан 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал тоолсон дүнгийн тухай” тооллогын комиссын 01 дүгээр тогтоол, “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгосон тухай” 04 дүгээр тогтоолуудыг тус тусад нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Ц.*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие тухайн хуралдаанд тооллогын комиссын дарга гэсэн түр ажил үүргийг гүйцэтгэж байсан ба хуралдаанд оролцсон нийт иргэдийг бид ямар нэгэн зөрүүгүй, үнэн зөв тоолсон тул 01, 04 дүгээр тогтоолууд хүчин төгөлдөр юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Гуравдагч этгээд Т.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагт Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралдаан болсон. Хурал хууль журмын дагуу эхэлж, эхлээд тооллогын комисс байгуулах гэж их удсан. Хурал цагтаа эхлэхгүй, тооллогын комиссоо байгуулах гэж удсан зэргээс болж иргэд их л бухимдаж байсан ба тооллогын комиссоо байгуулаад хурлын дарааллын дагуу Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын шинэ даргыг сонгох санал хураалт эхэлсэн. Хуралдаан Политехникийн коллежийн зааланд болсон. Хуралаар миний бие Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон. Хуралдаанд Т.******* миний бие 249 хүний санал, Ц.******* 244 хүний санал авсан. Ж.******* надад өөрийн гаргасан 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн иргэдийн Нийтийн Хурлын 04 дүгээр тогтоол, тооллогын комиссын 01 дүгээр тогтоолууд болон хуралд оролцогчдын гарын үсэгтэй бүртгэлийг хүлээлгэж өгсөн. Миний бие дээрх тогтоолуудыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь иргэн Т.******* миний хууль ёсны эрх ашгийг ноцтой хохироож байна. Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангасан эсэх, хэн хэзээ үйлдсэн нь тодорхойгүй баримтаар Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан сонгох сонгогдох эрхийг хохироож болохгүй. Иймд нийт сонгогчдын олонхийн санал авсан Т.******* миний эрх ашгийг хамгаалж, Ц.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.        

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.******* нь “Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал тоолсон дүнгийн тухай” тооллогын комиссын 01 дүгээр тогтоол, “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгосон тухай” 04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулж, иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дахин явуулахыг Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ. Тухайлбал:

            Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж энэхүү хуралдаанаар хуралдааны хэлэлцэх асуудал, дарааллыг 01 дүгээр тогтоолын хавсралтаар[1], хуралдааны дэгийг 02 дугаар тогтоолоор[2], тооллогын комиссыг 03 дугаар тогтоолоор[3] ...тус тус баталсан байна.

            1. Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагт Хэрлэн сумын Политехникийн коллежийн зааланд эхэлж, тус хуралд 429 иргэн оролцсон болох нь хурлын тэмдэглэлээр батлагдаж байна.[4]

            Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад 2 хүн нэр дэвшиж, санал хураалтыг илээр явуулсан бөгөөд нэр дэвшигч Т.******* 249 хүний санал буюу 50.5 хувийн, Ц.******* 244 хүний санал буюу 49.5 хувийн санал авч, Төмөрбаатарын *******ийг тус багийн хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн санал авсан гэж үзээд тооллогын комиссын  2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Хэрлэн сумын иргэдийн Нийтийн Хуралд өргөн мэдүүлжээ.[5]

            Мөн тооллогын комиссын дээрхи тогтоолыг үндэслэн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Т.*******ийг Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсонд тооцож баталжээ.[6]

            2. Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоол нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үзэхэд илтэд хууль зөрчсөн, зөрүүтэй байна. Тухайлбал:

            Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал тоолсон дүнгийн тухай” 01 дүгээр тогтоолоор тус багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад өрсөлдсөн 2 нэр дэвшигчийн авсан саналыг тооцож үзэхэд Т.******* 249 хүний, Ц.******* 244 хүний санал буюу 2 нэр дэвшигчийн саналыг нэмхэд 493 хүн санал өгсөн харагдаж байна.

            Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэлд 429 иргэн, Хэрлэн сумын “хүн ам, өрхийн мэдээллийн сан” гэдэг программын бүртгэлээр 431 иргэн, гэрч , , , , , , , нарын мэдүүлгээр 400-430 орчим хүн тус багийн иргэдийн Нийтийн Хуралд тус тус оролцсон болох нь дээрхи хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Гэтэл Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоол нь дээр дурдсан нотлох баримтуудтай харьцуулахад илт зөрүүтэй байна.

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т, … багийн иргэдийн Нийтийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага мөн”  бөгөөд ...үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг баримтлах талаар хуульчилсан. 

           Түүнчлэн тус багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын тогтоолд комиссын гишүүдээр бүрэн гарын үсэг зуруулаагүй, эмх замбараагүй, зохион байгуулалтгүй болсон нь хурлын тэмдэглэл болон хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр[7] нотлогдож байна.

            Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах, үйл ажиллагаандаа ардчилсан, шударга ёс эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж чадаагүй байна.

            Иймд шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал тоолсон дүнгийн тухай” тооллогын комиссын 01 дүгээр тогтоол, “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгосон тухай” 04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулж, иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дахин явуулахыг Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал тоолсон дүнгийн тухай” тооллогын комиссын 01 дүгээр тогтоол, “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгосон тухай” 04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулж, иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дахин явуулахыг Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     П.АМАРЖАРГАЛ

 


[1] Хэргийн 21-23-р хуудас

[2] Хэргийн 24-27-р хуудас

[3] Хэргийн 28-р хуудас

[4] Хэргийн 36-39-р хуудас

[5] Хэргийн 29-р хуудас

[6] Хэргийн 30-р хуудас

[7] Хэргийн 48,50,52,54,56,58,60,62,64,67,70, 72,98, 100, 104,126-р хуудас