Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 195

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Алтанхүүд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

           Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор Ц.Гансүлд,

          Ялтан Б.Алтанхүүгийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,

          Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Б.Батаа, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Алтанхүүгийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Алтанхүүд холбогдох 2016 2601 1939 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бат овгийн Баасангийн Алтанхүү, 1981 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 25 дугаар гудамжны 73 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЦИ81061215/,

 

Б.Алтанхүү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 21-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 25-110 тоотод иргэн Л.Энхнямыг шалтгаангүйгээр, хүрзийг зэвсгийн чанартай хэрэглэж, толгойд нь цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Алтанхүүгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Алтанхүүг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Б.Алтанхүүг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Алтанхүүд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Алтанхүү нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон малгайтай саарал өнгийн эмэгтэй хүний ноосон цамц, ягаан өнгийн эмэгтэй хүний срочкин цамц, хар эрээн өнгийн эмэгтэй ретүзэн өмдийг хохирогчийн хүсэлтээр түүнд буцаан олгож, ногоон өнгийн туяатай бугуйвчны 3 хэсэг зүйл, 127 см урттай модон иштэй хүрзийг устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Алтанхүүгээс 1.017.390 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Энхнямд олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар Л.Энхням нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Б.Алтанхүүд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Алтанхүүгийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Б.Алтанхүү нь анхан шатны шүүх хуралдаанаас хойш хохирогч Л.Энхнямд хохирлын мөнгийг төлж барагдуулсан. Иймд түүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэжмээ, ар гэрийнх нь амьдрал хувийн бусад байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан тул хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

Б.Алтанхүү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 21-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 25-110 тоотод иргэн Л.Энхнямыг шалтгаангүйгээр, хүрзийг зэвсгийн чанартай хэрэглэж, толгойд нь цохиж, зүүн чамархайн хуйх, зүүн бугуйнд шарх, зүүн шуу, сарвуунд зулгаралт, баруун мөр, дал, баруун, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Эд зүйл, хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5, 6-7/, эд зүйл, бугуйвчинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8, 9/, эд зүйлийн үнэлгээ /хх 11/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Э.Лхагвадоржийн бичсэн илтгэх хуудас /хх 15/, эд мөрийн баримт /хх 22, 23/,

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Энхнямын мэдүүлсэн “... орой 22 цагийн орчимд гадагшаа гарч жорлон орчихоод гараад ирэхэд араас нэг хүн хүрзээр цохиод авсан. Тэгэхээр нь би толгойгоо гараараа хаагаад доошоо суугаад “хэн бэ” гээд орилсон. Тэгтэл тэр хүн ямар ч үгийн зөрүүгүй намайг “май чи” гээд хүрзээр цохиод байсан. Би 3-4 удаа өнхөрч босч ирсэн. Би жорлонгийн урд очоод нөгөө хүнээс хүрзийг нь булааж аваад царайг нь харахад манай гэрийн ойролцоо байдаг Алтаа буюу Б.Алтанхүү ах байхаар нь “яаж байгаа юм бэ Алтаа ахаа, болиочээ, хүн андуураагүй биздээ” гэхэд ямар ч үг дугараагүй. Тэгээд би хүрзний ишнээс барьсан байхад Алтаа ах миний шанаа руу цохисон. Намайг газар унахад Алтаа ах ахин хүрзээр балбасан. Б.Алтанхүү намайг зодох шалтгаан байхгүй, би Б.Алтанхүүд ямар ч гэм хийгээгүй, түүнтэй тааралдаагүй удаж байна. ... Б.Алтанхүү ах ямар ч үгийн зөрүүгүй манай хашаанд байсан хүрзээр цохиж зодсон. Тухайн үед харсан үзсэн хүн байхгүй, гадаа харанхуй болсон байсан ...” /хх 24-26, 27/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Энхцэцэгийн мэдүүлсэн “... Б.Алтанхүү Л.Энхнямыг цохиж, зодсоныг би хараагүй болохоор мэдэхгүй байна. Тэгээд би маргааш нь Ц.Чанцал эгчийн гэрт очоод уулзахад “танай нөхөр манай охин Л.Энхнямыг хүрзээр толгой, түрүүгүй нүдсэн байна, манай хүүхэд Гэмтлийн эмнэлэг дээр очоод гар дээрээ оёдол тавиулсан” гэж хэлж байх шиг байсан ...” /хх 28-29/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Чанцалын мэдүүлсэн “... Л.Энхням гаднаас толгойноос нь цус гоожсон, хувцас нь цус шороо болсон байдалтай орж ирээд “намайг Б.Алтанхүү ах алах шахлаа, хүрзээр толгой, гар луу цохиж, зодоод явчихлаа” гэсэн. Тэгээд би сандраад шууд эмнэлэг, цагдаа дуудсан ...” /хх 31-32/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Мөнхзулын мэдүүлсэн “... манай гэрийн хойд талд “ээжээ, ааваа” гэж орилсон. Тэгэхээр нь нөхрийн хамт хаалгаар гарч нилээн харсан. ... тэгээд гэртээ байж байтал хөрш айлын Ц.Чанцал эгч орж ирээд “Г.Энхцэцэгийн гар утасны дугаарыг өгөөч, нөхөр Б.Алтанхүү нь манай охин Л.Энхнямыг зодчихлоо, хүрзээр зодсон байна” гэж хэлсэн ...” /хх 33-34/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Ганбатын мэдүүлсэн “... гэртээ ирээд хоол идээд сууж байтал гадаа нэг хүн бүдэрч унаж байгаа юм шиг пид, пад гээд хүн ёолох чимээ гарсан. ...тэгээд удалгүй гаднаас зүүн арын айлын эгч Ц.Чанцал орж ирээд “Б.Алтанхүүгийн гар утасны дугаар байна уу, манай охин Л.Энхнямыг зодсон байна” гэхэд манай эхнэр Б.Алтанхүүгийн эхнэр Г.Энхцэцэгийн гар утасны дугаарыг өгсөн ...” /хх 35/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Цогтжаргалын мэдүүлсэн “... Л.Энхням гэх эмэгтэй үүдний орчим сандал дээр суусан толгой, гарнаас нь цус гарсан байдалтай байсан. Учир байдлыг асуухад “өмнө нь манай хөрш байсан Б.Алтанхүү гэх залуу намайг жорлон ороод гараад ирэхэд юу ч хэлэлгүйгээр намайг хүрзээр цохисон, тэгээд би “Б.Алтанхүү ахаа би таныг таньж байна шүү дээ, та яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэтэл хүрзээ шидчихээд зугтаагаад яваад өгсөн” гэж хэлсэн ...” /хх 36-37/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Лхагвадоржийн мэдүүлсэн “... Энхцэцэг нь “манай Б.Алтанхүү сая цагдаад дуудлага өгсөн чинь хойд уул руу зугтаачихлаа” гэж хэлсэн ...” /хх 38-39/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмч М.Золжаргалын мэдүүлсэн “... би Л.Энхнямын биеийг үзэж түүний биед зүүн чамархайн хуйх, зүүн бугуйнд шарх, зүүн шуу, сарвуунд зулгаралт, баруун мөр, дал, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон, дээрх гэмтлүүд нь иртэй, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байсан. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан. Л.Энхнямын биед учирсан зүүн чамархайн хуйх, зүүн бугуйнд үүссэн шарх гэмтлүүд нь ирмэгтэй зүйлийн 1, 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх бөгөөд дээрх зүүн чамархайн хуйх, зүүн бугалганд үүссэн шарх гэмтлүүд нь хэрэг гарах хугацаанд үүссэн байх боломжтой, бусад сарвуунд зулгаралт, баруун мөр, дал, баруун, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хүрзний иш хэсэг буюу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсч болно ...” /хх 44-45/ гэх мэдүүлгүүд

 

Хохирогч Л.Энхнямын биед “... зүүн чамархайн хуйх, зүүн бугуйнд шарх, зүүн шуу, сарвуунд зулгаралт, баруун мөр, дал, баруун, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10259 тоот дүгнэлт /хх 47-48/,

 

Б.Алтанхүү нь “... сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх баримт, мэдээлэл үгүй байна, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр буюу гэмт хэрэг үйлдэх үед болон гэмт хэрэг үйлдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдсөн гэх шинж тэмдэг үгүй байна, хэргийн талаар үнэн бодитой мэдээлэл өгөх чадвартай байна, хэрэг хариуцах чадвартай байна ...” гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 878 тоот бүрэдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх 57-60/,

 

Хохирогч Л.Энхнямын “Энх-Ундрам” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хх 65-70/, Б.Алтанхүүгийн сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд Б.Алтанхүүд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд анхан шатны шүүхээс “гэмт хэрэг гарсан байдал, түүнийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

Шүүгдэгч Б.Алтанхүү нь ямар ч шалтаг шалтгаангүйгээр, хүрзийг зэвсгийн чанартай хэрэглэж, хохирогч Л.Энхнямын толгойд нь цохиж, зүүн чамархайн хуйх, зүүн бугуйнд шарх, зүүн шуу, сарвуунд зулгаралт, баруун мөр, дал, баруун, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирласан үйлдэл нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн агуулсан байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

                                                                                                          

Танхайн сэдэлт нь урьдаас төлөвлөгдөөгүй, тухайн агшинд гэнэт, зарим тохиолдолд ялимгүй зүйлийг шалтаглан үүсдэг бөгөөд хохирогчийн зүгээс эхэлж ямар нэгэн өдөөн хатгалт хийгддэггүй, уг үйлдэл нь бусдыг илтэд үл хүндэтгэсэн зэрэг шинжийг агуулсан байдаг.

 

Харин хохирогч Л.Энхнямын зүгээс Б.Алтанхүүг өдөөн хатгасан, улмаар уг гэмт хэрэг үйлдэгдэх тодорхой шалтгаан тогтоогдоогүй байна.

 

Б.Алтанхүүгийн үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүх, шүүгдэгч Б.Алтанхүүд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, ялтны гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

          Ялтан Б.Алтанхүүгийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн “… Б.Алтанхүү нь анхан шатны шүүх хуралдаанаас хойш хохирогч Л.Энхнямд хохирлын мөнгийг төлж барагдуулсан, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдол гаргаж байгаа боловч энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан бичгийн баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байх тул өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэнгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Алтанхүүгийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,                                     

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВААСҮРЭН                   

                                   

                        ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

 

                                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ