Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01257

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 19 210/МА2024/01257

 

 

 

С.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/01282 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК-нд холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Би, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Э ХХК-ийн У салбарт хүнд даацын автомашины жолоочоор ажилд орсон бөгөөд өдийг хүртэл ажилдаа сэтгэл гарган ажиллаж, зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл намайг У салбарын захирлын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/571 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халсан. Миний бие ажил үүргээ гүйцэтгэж явах үед буюу 2023 оны 05 дугаар 17-ний өдрийн 21:20 минутын үед /41-90 ӨМҮ/ тээврийн хэрэгслийн жолооч Б.Э нь ачилт руу орох үедээ /.../ миний эзэмшиж байсан тээврийн хэрэгслийн хаалгыг 2 дугаар чиргүүлээрээ шүргэсэн осол гаргасан. Гэвч Техникийн комиссын актаар намайг буруутай гэж тогтоож, осол гаргасан биш осолд хохирсон талыг ажлаас халсанд гомдолтой байна. Миний бие урьд өмнө сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд ажлаас халсан сахилгын давтан зөрчил гаргасан гэж дүгнэн хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаал нь үндэслэлгүй.

 Намайг осол болсон газрыг орхиж явсан гэдэг нь дотоод журамд зааснаар зөрчил гэсэн боловч үүнийг эрх бүхий этгээд олж тогтоох ба хариуцагч нь өөрсдөө дүгнэх боломжгүй. Мөн зөрчил гарсан гэж үзэж байгаа тохиолдолд заавал мэдэгдэнэ гэсэн.

Хариуцагч нь надад Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар тайлбар гаргах боломжоор хангаагүй, дотоод журамд 123.3-ыг баримтлан гэсэн боловч баримтлаагүй. Бид сахилгын шийтгэл авсан аваагүй гэдгээ мэдэхгүй явсан. Дотоод журам дээр заавал мэдэгдэнэ, гарын үсэг зурна. Эргээд арга хэмжээ авсан гэж мэдэгдээгүй. Нэг дэх зөрчил гарсан эсэхийг дүгнэх ёстой болчхоод байгаа. Нэг дэх зөрчил гаргасан гэж үзвэл процессын хувьд алдаатай байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э.Чинзоригийн тайлбар, татгалзлын агуулга:

С.Б нь Э ХХК-ийн У салбарын захирлын 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/376 тоот тушаалаар гурван сарын туршилтын хугацаатай 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/952 тоот тушаалаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, манай компанид Тээвэрлэлт, логистикийн хэлтсийн Хүнд даацын автомашины жолооч албан тушаалд томилогдсон. Тэрээр ажиллах хугацаандаа Химийн бодисын удирдлага зохицуулалтын журам зөрчиж, ахуйн хэрэглээний саванд химийн бодис хийж, аюулгүй ажиллагааны зөрчил гаргасан тул 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр У салбарын захирлын Б/437 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 16.1, Зөрчлийг бүртгэх, хариуцлага тооцох тухай журмын 5.3.2, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2.2, Сахилгын шийтгэл ногдуулах хуудас"-ыг тус тус үндэслэн түүнд хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Гэтэл С.Б нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жилийн хугацааны дотор буюу 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр У нүүрс ачиж буулгах талбайд аюулгүй ажиллагааны журам зөрчин осолд холбогдож, Хөдөлмөрийн гэрээний 7.2.16, Нүүрс тээвэрлэлтийн үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны 4.1.7-д заасны дагуу мэдэгдэлгүй ослын газрыг дур мэдэн орхиж явсан нь Хөдөлмөрийн гэрээний 7.2.2, 7.2.8, 9.2.4, тус тус зөрчиж, сахилгын давтан зөрчил гаргасан тул 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болно.

Ажилтан нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан тул ажил олгогчийн зүгээс Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Уул уурхайн салбар нь өндөр эрсдэл бүхий нөхцөл байдалд ажилладаг учраас дагаж мөрдвөл зохих хэм хэмжээг заавал мөрдөж байж, үүсэх аюулаас урьдчилан сэргийлдэг. Мөн уурхайн бүсэд осол холбогдсон ажилтан ослыг заавал мэдээлэх үүрэгтэй байдаг. С.Б нь дээр дурдсан сахилгын шийтгэлүүдийг хүлээн зөвшөөрч, хариу тайлбар өгсөн бөгөөд сахилгын шийтгэл тус бүр дээр сахилгын шийтгэл ногдуулах хуудасны дагуу бүртгэл үйлдсэн болно.

Иймд, нэхэмжлэгч С.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан давтан зөрчлийг гаргасан нь баримтаар нотлогдож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бг хариуцагч Э ХХК-ийн У салбарын Хүнд даацын автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 40,366,991 /дөчин сая гурван зуун жаран зургаан мянга есөн зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгон, хариуцагчид олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлөхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Бгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 429,984 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбат давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачлагчаар цуцалж болно: мөн хуулийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан... гэж заасан.

Нэхэмжлэгч С.Бг Химийн бодисын удирдлага зохицуулалтын журам зөрчиж, ахуйн хэрэглээний саванд химийн бодис хийж, аюулгүй ажиллагааны зөрчил гаргасан тул 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр У салбарын захирлын Б/437 тоот тушаалаар түүнд хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан талаар 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн бөгөөд түүний өөрийн тайлбар болон сахилгын шийтгэл ногдуулах хуудасны хуулбараар нотлогддог.

Энэ талаар анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.6 дахь заалтад зааснаар хариуцагч нь Нүүрс тээвэрлэлтийн үеийн аюулгүй ажиллагааны зааврыг баталж, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс дагаж мөрдөн, Нүүрс тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны зөрчсөн сахилгын зөрчил гаргасан болох дээр үндэслэл бүхий дүгнэлтийг өгсөн.

Харин С.Б нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жилийн хугацааны дотор буюу 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нүүрс ачиж буулгах талбайд аюулгүй ажиллагааны журам зөрчин машины кабины хаалгыг онгорхой орхисноос 41-90 ӨМҮ тээврийн хэрэгслийн жолооч У нүүрс ачиж буулгах талбайд ачилт руу орохдоо 2-р чиргүүлээрээ хаалгыг шүргэж эвдсэн осол өртчихөөд журмын дагуу эрх бүхий этгээдүүдэд мэдэгдэлгүй, тухайн талбайд тээврийн хэрэгслийг хүлээлцэлгүй хаяж явсан зөрчил гаргасан. Уг ослын хувьд тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын даатгалд мэдэгдээгүй хаяж явсан учир ослын тохиолдолд даатгалаас нөхөн төлбөр авах эрхийг С.Б хаасан байдаг.

Ийм учир нэхэмжлэгчийг сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлээр 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Харин анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч ... хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ... мөн Хөдөлмөрийн дотоод журмын 16.1-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдэж, тайлбар авсан байдал нь баримтаар тогтоогдсонгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Тухайн зөрчлийг нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гаргасан ба зөрчил бүртгэх хариуцлага тооцох журмын дагуу компани зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Өөрөөр хэлбэл, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр техникийн комиссын ат үйлдэл тухайн актад гаргасан зөрчлийг тусган жолооч С.Б танилцаж Бат гэж гарын үсэг зурсан байдаг /хх- ийн 56 хуудас/. Мөн сахилгын шийтгэл ногдуулах хуудсаар У НАБТ-д осолд холбогдож, холбогдох журмын дагуу мэдэгдэлгүй, ослын газрыг дур мэдэн орхиж явсан гэж зөрчлийн агуулгыг дурдаад Хөдөлмөрийн гэрээний 7.2.2, 7.2.8, 7.2.16, 9.2.4, Нүүрс тээвэрлэлтийн үеийн аюулгүй ажиллагааны зааврын 4.1.7 зөрчсөн талаар мэдэгдэхэд уг хуудасны танилцсан хэсэг дээр Бат гээд Б мөн гарын үсгээ зурж, танилцаж баталгаажуулсан байдаг /хх-ийн 55 хуудас/.

Түүнчлэн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Зөрчил бүртгэх хуудсаар ослын нуун дарагдуулсан, дүрэм журмын ноцтой зөрчил гээд зөрчлийн хор хохирлын талаар дурдаж Бат- Амгалан мөн Бат гэж гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг /хх-ийн 58 хуудас/

Нэхэмжлэгч нь гарын үсгээ Б гэж бичихээс гадна ихэвчлэн Бат гэж товчилж бичдэг байдал нь хэрэгт авагдсан баримтууд болох энэ хэрэгт төлөөлүүлэхээр И.Зйд өгсөн итгэмжлэлд байх гарын үсэг /хх-ийн 3 хуудас/, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуудас бүрт /хх-ийн 9-11 хуудас/, компани дотоод мөрдөх дүрэм журмын танилцуулга болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа /хх-ийн 54 хуудасны ар тал/ зэрэг маш олон баримтаар нотлогдож байна.

Манай компани Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа нээлттэй арилжаалдаг болсноор Монгол Улсад дагаж мөрдөж буй хууль тогтоомжоос гадна хөрөнгийн биржээс тавьж буй олон улсын стандарт, хэм хэмжээг даган биелүүлдэг. Тиймдээ ч дотоодод үүссэн аливаа зөрчилд сахилга хариуцлага тооцох үед маш их хяналт шалгалт хийж, олон үе шаттайгаар осол, зөрчлийг нотолж, тухай бүрт баримтын бүрдүүлэлтийг хийдэг.

Нэхэмжлэгч С.Бгийн хувьд шууд удирдлага болон хүний нөөцийн хэлтсээс зөрчилд холбогдсоноос хойш 3 уулзалт хийж тайлбар тодруулга авсан байдаг. Тухай бүртээ зөрчил бүртгэх хуудас, сахилгын шийтгэлийн хуудас, техникийн комиссын актыг үйлдээд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноор сахилгын шийтгэл авагдсан тушаалыг гардуулсан байдаг.

Мөн тэрээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаг дуусгавар болгож, тойрох хуудсаа өөрөө зуруулж явсан байдаг бөгөөд ажлаас гарсны дараа өөрийн хэсгийн ахлагч руугаа анх ажилд орохдоо 33 сая төгрөгийн өртэй байсан өр зээлээ төлж барагдуулсан, машин тэрэгтэй ч болсон, та хэдийгээ уурлуулж байсан бол уучлаарай, Энержи хамт олонд баярлалаа" гэх мессеж хүртэл бичсэн талаар хэрэгт нотлох баримтаар хавсаргагдсан байхад ажил олгогчоос зөрчлийг мэдэгдээгүй гэж шүүх дүгнэсэн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх ажилтны гаргасан зөрчил давтан зөрчил мөн болохыг зөв үнэлж дүгнэсэн хэр нь ажил олгогчоос давтан гаргасан зөрчлийг шалгах явцыг тухай бүрт нь С.Бд мэдэгдэж, тайлбар гаргах эрхийг хангасан талаар хэрэгт баримт хангалттай авагдсан байхад Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг хангаагүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг ойлгосонгүй.

Хариуцагчийн зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас А.Д шүүх хуралдаанд оролцох бол бусад төлөөлөгч нар оролцохгүй талаар 2024 оны 03 дугаар сарын 01-ний хурал дээр мэдэгдсэн ба нэхэмжлэгч нарын нотлох баримт гаргуулах хүсэлтээр уг хурал хойшлогдож 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр товлогдсон. Хурал товлогдох үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Дашзэвэг нарын хурал мөн 28-ны өдрийн 9 цагт товлогдсон талаар мэдэгдэхэд шүүх олон хэрэгтэй, шүүгчид 7 хоногт 2 өдөр хурал товлох эрх үүсэж байгаа, хурлуудаа 30 минутын зайтай товлож байна, өөр өдөр товлох боломжгүй, тэгээд энэ хурлын үдээс хойш буюу 14 цаг 30 минутад товлож байна, эхний хурал чинь өглөө байна гээд товлосон байдаг.

Хурал товлогдсон 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 09 цагт эхэлсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Дашзэвэг нарын хурал оройн 21 цаг өнгөрч байхад дууссан. Би, шүүх хурал үргэлжлэн явагдаж байгаа хүндэтгэн үзэх шалтгаан болон хуралд биечлэн оролцох боломжоор хангаж өгөх хүсэлтийг хурлын дундуур хүнээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсээр байхад хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж хууль бус шийдвэр гаргасан.

Иймд, анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2024/01282 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч С.Бгаас хариуцагч Э ХХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ...өдрүүдэд сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн гэсэн үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Бг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус тус сахилгын зөрчил гаргасан болохыг зөв тогтоосон боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

4. Хариуцагч Э ХХК-ийн У салбарын захирлын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/571 тоот тушаалаар С.Бг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5-д тус тус заасныг үндэслэн давтан сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр жолоочийн ажил, албан тушаалаас чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ /х.х 33/.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж, 123 дугаар зүйлийн 123.2.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэж тус тус заасан.

 

5. Хариуцагч Э ХХК-ийн У салбарын захирлын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/437 тоот тушаалаар нэхэмжлэгч С.Бг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Химийн бодисын удирдлага зохицуулалтын журам зөрчиж ахуйн хэрэглээний саванд химийн бодис хийсэн гэсэн үндэслэлээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна /х.х 22/.

 

Нэхэмжлэгч нь ажил олгогч байгууллагын хаалттай сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаагүй тул уг зөрчлийг зөвшөөрч маргаагүй гэж үзнэ.

 

6. Хариуцагч Э ХХК-ийн Нүүрс тээвэрлэлтийн үеийн аюулгүй ажиллагааны зааврын 4 дүгээр зүйлийн 4.1.7-д Замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй элдэв саад гарсан тохиолдолд түүнийг арилгах, хэрэв бололцоогүй бол зам тээврийн осол гарсан тухай хөдөлгөөнд оролцогчдод урьдчилан анхааруулж шууд удирдлага болон диспетчерт мэдэгдэнэ.. гэж, мөн зохигчдын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.8-д Сонор сэрэмжтэй байж ажлын байрны аюулгүй ажиллагаанд анхааран хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагыг мөрдөн ажиллах, эзэмшиж буй тоног төхөөрөмж, машин техникийн дүрэм зааврыг чанд мөрдөх, болзошгүй аюулаас сэргийлэх гэж, 9 дүгээр зүйлийн 9.2.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр ба түүнээс дээш удаа давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж тус тус заажээ /х.х 49-54/.

 

Хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгч С.Бд 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус тус холбогдох журмуудыг танилцуулсан байна /х.х 130, 131/.

 

7. Нэхэмжлэгч С.Б нь уурхайн талбарт автомашины хаалгыг онгорхой орхисны улмаас осол гарсан, мөн ослын талаар эрх бүхий этгээдэд мэдэгдэхгүй байх зэрэг нь зөрчлийг гаргажээ.

 

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчид 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нүүрс ачиж буулгах талбайд аюулгүй ажиллагааны журам зөрчиж осолд холбогдсон, ослын газрыг дур мэдэж орхин явсан зөрчлийн талаар техникийн комиссын акт болон зөрчил бүртгэх хуудас-аар тус тус мэдэгдэж, улмаар ажлаас чөлөөлөх шийтгэл ногдуулах тухай сахилгын шийтгэл ногдуулах хуудас-аар мэдэгдэх ажиллагааг гүйцэтгэж, улмаар 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийг нь ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт нийцжээ. /х.х 55-58/

 

8. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтнаас тайлбар авах журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон нь буруу болжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт ажилтан сахилгын ноцтой зөрчил гаргасан, мөн сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тул мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй.

 

Хариуцагч компанийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид гаргасан зөрчлийн талаар мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулах ажиллагааг гүйцэтгэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

9. Хариуцагч Э ХХК нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд А.Д, Д.Рэнцэнбадам, Г.Оюун-Э нарт итгэмжлэл олгосон бөгөөд дил эрх олгогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас А.Д нь хүндэтгэн үзэх шалтгаантай байхад нөгөө төлөөлөгчид хариуцагчийг шүүх хуралдаанд төлөөлөн оролцож, мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлэх боломжтой байх тул хариуцагчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй талаар гомдол үндэслэлгүй.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/01282 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Бгийн гаргасан хариуцагч Э ХХК-нд холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429,984.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

 

Б.МАНДАЛБАЯР