| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0174/Э |
| Дугаар | 177 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
улсын яллагч Э.Халиун,
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809053420057 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Совор” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт ажилладаг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Сүхбаатар дүүргийн дүүргийн 9 дүгээр хороо, 77 дугаар байрны 51 тоотод тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Н.Б /регистрийн дугаар /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Н.Б нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр согтуурсан байх үедээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны 77-51 тоотод байх гэртээ эхнэр Ө.Болортуяатай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас “чи энэ гэрээс зайл, би яахаараа явдгийн” гэх зэргээр харилцан маргалдаж улмаар Ө.Болортуяаг боох, толгой нүүр тус газарт гараараа цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Быг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр согтуурсан байх үедээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны 77-51 тоотод байх гэртээ эхнэр Ө.Болортуяатай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас “чи энэ гэрээс зайл, би яахаараа явдгийн” гэх зэргээр харилцан маргалдаж улмаар Ө.Болортуяаг боох, толгой нүүр тус газарт гараараа цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Н.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр согтуурсан байх үедээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны 77-51 тоотод байх гэртээ эхнэр Ө.Болортуяатай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас “чи энэ гэрээс зайл, би яахаараа явдгийн” гэх зэргээр харилцан маргалдаж улмаар Ө.Болортуяаг боох, толгой нүүр тус газарт гараараа цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ө.Болортуяагийн “2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 23 цагийн үед өөрийн найз Нарангэрэл Стар центрийн доор караокед сууж байна гэхээр нь би очоод жоохон суугаад байж байтал манай нөхөр Н.Б гар утсаар залгаж надтай яриад чи хаана байна гэж асуухаар нь найзын хамтаар караокед байна караоке газраас гараад өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 77 дугаар байрны 51 тоот гэртээ нөхрөөсөө түрүүлээд орчихсон юм. Тэгсэн чинь миний араас манай нөхөр нь гэрийн хаалга хүчтэй нүдээд байхаар нь гэртээ оруулсан чинь чи ямар нэгэн юмнуудтай караокед сууж байгаа юм бэ гэж хэлээд намайг хардаад байсан. Нөхөртэйгээ би хэрүүл хийсэн. Нөхөр Н.Б нь орон дээр хэвтээд гар утсаа оролдоод байхаар нь би гар утсыг нь булааж авчхаад үзсэн чинь эмэгтэй хүнтэй ярьсан гар утасны дугаарыг нь харсан чинь Оюунсувд гэдэг нэртэй эмэгтэй хүнтэй ярьсан байсан. Тэгсэн чинь нөхөр миний гараас утсаа булааж авах гээд надтай ноцолдоод байхаар нь би нөхрийнхөө хүзүү гэдэс хэсэгт гараараа маажсан чинь манай нөхөр миний хүзүүнээс гараараа боож дараад баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. ...манай нөхөр Н.Б нь архи уусан согтолттой байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-22/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹12750 тоот актын “…Ө.Болортуяагийн биед дух, баруун шанаа, баруун дээд, доод зовхи, зүүн бугалга, зүүн шуу, зүүн дал, хүзүү, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-29/,
Шүүгдэгч Н.Б мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…би Болортуяагийн нүүр тус газар руу гараараа нэг удаа цохиод Болортуяаг өөрөөсөө холдуулах гээд нилээд ноцолдож бие бие нээсээ түлхэлцээд байсан. Тэгээд Болортуяа нь гар утсаар ээж, аав руугаа залгаад нөхөр намайг зодоод байна гэж хэлсэн чинь удалгүй манай гэрт цагдаа нар ирээд намайг барьж аваад эрүүлжүүлэхэд оруулаад хонуулсан юм...би архи уусан байсан...Эхнэр Болортуяад цохиулсны дараа нуруу хүзүү хэсэгт маажуулсан сорвитой байгаа. Одоо гэмтэл зүгээр болсон....би Улсын эмнэлэг болон хувийн эмнэлэг үзүүлээгүй....шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би Болортуяагийн биед гэмтэл учруулснаа зөвшөөрч байна…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Н.Бд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Н.Бд 600 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Бд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Н.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР