Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01265

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 21 210/МА2024/01265

 

 

 

Н.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/02504 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Тийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.От холбогдох,

 

32,034,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Миний бие 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Д.Оээс түүний Улаанбаатар хот, ... дүүрэг, 10 дугаар хороо, ... 14 дүгээр гудамж, 435 тоот хаягт орших 436 м.кв талбай бүхий газраас 180 м.кв газрыг 3*4 метрийн харьцаатай хувийн сууцын хамт худалдаж авахаар тохиролцож, холбогдох гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлээд хэлэлцэн тохиролцсон үнийг худалдагчид төлсөн ба Д.О нь надад худалдсан газар болон хувийн сууцынхаа холбогдох баримт бичгийг миний нэр дээр 2010 оны 10 дугаар сарын дотор шилжүүлэхээр тохиролцсон.

Гэвч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн баримт бичгийг худалдагч нь тохиролцсон хугацаандаа шилжүүлж өгөөгүй учир би, ... дүүргийн шүүхэд Д.Од холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 671 дүгээр захирамжаар бичиг баримт /газрын гэрчилгээ/ гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Д.О нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харамсалтай нь энэхүү шүүхийн шийдвэрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн боловч өнөөг хүртэл тодорхойгүй шалтгаанаар бодитой биелэгдээгүй байгаа болно.

Мөн Д.О нь дээр дурдсан 436 м.кв талбай бүхий газрынхаа 256 м.кв газрыг 4*6 метрийн харьцаатай хувийн сууцын хамт Б.Г гэгчид худалдсан ба тэрбээр 436 м.кв газрын өмчлөгчөөр өөрийгөө дангаар бүртгүүлж, гэрчилгээ гаргуулж аваад цааш төрсөн дүү Б.От шилжүүлсэн. Хариуцагч Б.О нь тухайн газар болон газар дээр баригдсан байсан хувийн сууцнуудыг дахин төлөвлөлтөд хамруулж, нураалгасан байна.

Би, хариуцагч Б.Оийн миний Д.Оээс худалдаж авсан газар, хувийн сууцыг надад мэдэгдэхгүй, миний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн дахин төлөвлөлтөд хамруулж, нураалгасан хууль бус үйлдлийг мэдсэн даруйдаа ... дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бичгээр гомдол гаргасан бөгөөд тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаад 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 848 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэлээ.

Иргэн Б.Г, түүний төрсөн дүү Б.О, нөхөр н.Б нарын хууль бус үйлдэл, хуулийн байгууллагуудын харилцан уялдаагүй, ажил хариуцсан алба хаагчдын хариуцлагагүй, хайнга байдлаас болж өнөөг хүртэл олон жилийн хугацаанд сэтгэл санаа, хөрөнгө мөнгө, цаг хугацаагаараа хохирч байна. Цаашид үүссэн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлж, өөрт учирсан хохирлоо нэг мөр арилгуулахаар газар, хувийн сууцаа өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр үнэлж, ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Иймд, хариуцагч Б.Оээс 180 м.кв талбай бүхий газрын үнэ 12,000,000 төгрөг, 3*4 метрийн харьцаатай хувийн сууцын үнэ 20,000,000 төгрөг, нотлох баримт хуулбарлан авахтай холбоотой гаргасан зардал 34,000 төгрөг, нийт 32,034,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Миний бие өөрийн төрсөн ах Б.Гээс ... дүүрэг, 10 дугаар хороо, ... 14 дүгээр гудамж, 435 тоотын хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 436 м.кв газрыг 2018 онд бэлэглэлийн гэрээгээр хууль журмын дагуу бичиг баримтаа бүртгүүлж өмчлөлдөө шилжүүлсэн. Гэвч 2021 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөнд орж газраа шилжүүлэн өгсөн ба байшинг нурааж газрыг цэвэрлэсэн.

Манай ах Б.Г нь 2007 онд гэр бүлийн хамтаар гадаад улс руу яваад одоог болтол ирээгүй байгаа. Түүнийг байхад болон намайг нэр дээрээ шилжүүлэх хүртэл газрын маргаан гардаггүй байсан. Гэтэл дахин төлөвлөлтөнд ороод тэнд байсан бүх зүйл буулгагдсны дараа гэнэт цагдаа дуудаж энэ тухай хэлсэн. Би, өөр хүний өмч байдаг тухай огт мэдээгүй. Тэнд хүн амьдардаггүй байсан бөгөөд ахыг гадаад явснаас хойш би хаяа эргэж тойрдог байсан. Гэтэл 2004 онд хашаа байшинтай байсан бөгөөд П.О нь нүүхгүй байсан учир ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж албадан нүүлгүүлж байсан, тэр үед ч гэсэн хүнд зарсан тухай яригдаж байгаагүй юм.

Ах бид хоёр ... дүүрэг, 10 дугаар хороо, ...н 14 дүгээр гудамж, 435 тоот хаягт байрлах 436 м.кв газрыг хууль журмын дагуу худалдан авсан, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, гэрчилгээ шилжүүлэхэд ямар нэгэн маргаангүй шилжиж байсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.От холбогдуулан гаргасан газрын үнэ 12,000,000 төгрөг, 3*4 метрийн харьцаатай хувийн сууцны үнэ 20,000,000 төгрөг, нотлох баримтын хуулбарлан авахтай холбоотой гарсан зардал 34,000 төгрөг, нийт 32,034,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх: ........газар өмчлүүлэх асуудал буюу Засаг даргын захирамж болон улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар Д.О, Н.Т нар эрх бүхий байгууллагад хандаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Н.Т нь Д.Отэй 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдөр... хэлцлийг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байна.

Энэхүү хэлцлийн агуулгаас үзвэл ... дүүргийн 10 дугаар хороонд байрлах газар болон байшинг худалдан авахаар харилцан тохиролцсон гэж үзэхээргүй байна..." гэх агуулга бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Тодруулбал, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.", 40.2. "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасны дагуу хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбарыг үнэлж чадаагүйгээс үүдэж мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. дахь хэсэгт зааснаар "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэх шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан гэж үзэж байх тул давж заалдах гомдлын үндэслэлийг дор дэлгэрэнгүй байдлаар тайлбарлая.

Нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий газар, байшинг худалдаж авснаас хойш өнөөг хүртэл 14 жил орчмын хугацаанд цагдаа, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг хууль, хяналтын байгууллага болон бусад төрийн байгууллага, албан хаагчдад удаа дараа өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн асуудлаар гомдол, хүсэлт, нэхэмжлэл гаргаж, хөөцөлдөж ирснийг тэмдэглэе.

Хавтаст хэрэгт авагдсан:

-Нийслэлийн ... дүүргийн шүүхийн шүүгчийн 2005 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 639 дүгээр захирамж: "...шүүх хуралдааны шатанд газар эзэмших эрхийн талаар болон Гэд эзэмшүүлэхээр олгосон газрын хэмжээний талаар маргаантай нь зохигчдын тайлбараар тогтоогдож... байна..."

-2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн "Хэлцэл": "...2,500,000 төгрөг нь худалдаж авах 14*14 газар, 4*3 харьцаатай байшингийн үнэ болно."

-Нийслэлийн ... дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 913 дугаар тогтоол: "...436 м.кв талбайтай газрын маргааны асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй...".

-... дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 671 дүгээр захирамж: "...Д.О нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй...".

-2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн "Баримт": "..О би өөрийн эзэмшилд байсан 436 м газрыг 2 байшингийн хамт айлд хуваан зарсан юм. 2004 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 4*6-ын харьцаатай байшинг 256 м газрын хамт Баярсайхан овогтой Гэд 800,000 төгрөгөөр зарсан. Дараа нь 180 м газрыг 3*4 харьцаатай байшингийн хамт 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ням овогтой Тт 2,500,000 төгрөгөөр тооцож үнэд нь мал авсан. Энэ 2 айлд өөрийн эзэмшилд байсан 436 м газрыг зарсан нь үнэн гэдгээ нотариатаар баталгаажуулав." зэрэг болоод бусад бичмэл нотлох баримтуудаар иргэн Д.Опонпил нь өөрийн эзэмшлийн газар, 2 ширхэг байшинг Б.Г, Н.Т нарт хувааж, салгаж худалдаж, үнийг нь авсан үйл баримт хангалттай тогтоогддог.

Нэхэмжлэгчийн хувьд Б.Г гэгч нь үүссэн нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар ашиглаж, маргаан бүхий газрыг бүхэлд нь өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч, улмаар эрхээ бусдад шилжүүлж, Монгол Улсын хилээр гарч гадаад улс руу яваад өнөөг хүртэл буцаж ирэхгүй байгаагаас өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахад саад учирсныг тайлбарладаг. Түүний тайлбар үндэслэлтэй болохыг Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн: "... Б.Г... нь Сүхбаатар төмөр замын боомтоор 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гарсан, Алтанбулаг авто замын боомтоор 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдөр орсон, Буянт-Ухаа агаарын замын боомтоор 08 дугаар сарын 01-ний өдөр улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан байна... гэх баримтаас харж болно.

Нөгөөтээгүүр Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт: "Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй" гэжээ.

Хуулийн энэхүү зохицуулалтуудын хүрээнд аливаа этгээд гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялгийг шударгаар буюу тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд тухайн хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүсэхээр байна. Энд дурдаж буй шударгаар олж авах гэдэг нь хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр бусдын хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авахыг ойлгох бөгөөд энэ тохиолдолд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс уг хөрөнгийг олж авахдаа хууль болон гэрээг зөрчөөгүй, үнэнч, шударга хандсан байхыг шаарддаг билээ. Иймд, хариуцагчийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийг гомдолд дурдаж буй газар, байшингийн асуудлаар Б.Г, Д.О, Н.Т нарын хооронд маргаантай байсныг мэдэх боломжтой атлаа түүний бусдаас худалдаж авсан, олон жил амьдарч байсан газар, байшинг дур мэдэн устгасан буюу Нийслэлийн ... дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/453 дугаар... захирамжаар 95,011,128 төгрөгийн нөхөх олговор авч, хувьдаа завшсанд гомдолтой байгаа юм.

Дээрх өгүүлсэнчлэн нэхэмжлэгчийн хувьд анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нь хангалттай үнэлж чадаагүйд гомдолтой байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар гарын 08-ны өдрийн 101/ШШ2024/02504 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Н.Тээс хариуцагч Б.От холбогдуулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр 32,034,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар ... дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 тоот шийдвэрээр Б.Гэд ... дүүрэг, 10 дугаар хороо, ...н 14 дүгээр гудамж, 435 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг амины зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгосон ба хожим газар эзэмшигч нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрээр тухайн газрын өмчлөгч болжээ /х.х 52-55/.

 

4. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "Улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно гэж заасан.

 

Анхан шатны шүүх Нийслэлийн Засаг даргын газар өмчлүүлэх тухай шийдвэр болон Б.Гэд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр олгосон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000303661 тоот дугаартай гэрчилгээг тус тус үндэслэн түүнийг Г-2202015453 тоот улсын бүртгэлийн дугаартай ... дүүрэг, 10 дугаар хороо, ...н 14 дүгээр гудамж, 435 тоот хаягт байрлах нэгж талбарын 18641313629571 тоот дугаартай газрын хууль ёсны өмчлөгч гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ /х.х 65, 61, 106/.

 

5. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж, мөн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заасан.

 

6. Хэрэгт авагдсан баримтаар газар өмчлөгч Б.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээгээр энэхүү газрын өмчлөх эрхийг Б.От үнэ төлбөргүй шилжүүлэхээр харилцан тохиролцож, талууд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар Б.Гийн өмчлөх эрх дуусгавар болж, харин хариуцагч Б.Оийг тухайн газрын өмчлөгч гэж тооцно /х.х 59, 62/.

 

Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

Мөн хариуцагч Б.О нь улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн Б.Гээс газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан учир тийнхүү гэрээ, хэлцэл байгуулахдаа Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар бүртгэлд үндэслэсэн байх тул хариуцагчийг шударгаар хандсан гэж үзнэ.

 

7. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7.1. Хэрэгт авагдсан баримтаар Д.О нь 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Н.Тт 2,500,000.00 төгрөгт дүйцүүлэн ямаа 20, үхэр 2-ыг авсан нь үнэн бөгөөд 14*14 харьцаатай газар болон 3*4 харьцаатай байшингийн үнэ гэж тодорхойлсон бичиг өгсөн бол, мөн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ... дүүрэг, 10 дугаар хороо, ...н 14 дүгээр гудамж, 435 тоот хаягт байрлах өөрийн эзэмшилд байсан 436 м.кв талбайтай газраас 2004 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Б.Гэд 256 м.кв талбайг нь 3*6 харьцаатай байшингийн хамт 800,000.00 төгрөгөөр, 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 180 м.кв талбайг нь 3*4 харьцаатай байшингийн хамт Н.Тт 2,500,000.00 төгрөгөөр худалдсан гэжээ /х.х 7, 12/.

 

Гэвч Д.Одондил, Н.Т нарын энэхүү хэлцэл Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул хүчин төгөлдөр гэж дүгнэхгүй.

 

7.2. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан.

 

Гэтэл Д.О нь зохигчдын маргаж байгаа газрыг эзэмшиж байгаагүй байх учир нэхэмжлэгч Н.Тийг эрх бүхий этгээдээс газрын эзэмших эрхийг шилжүүлж аваагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т Эрх буюу шаардах эрх эзэмшигч нь уул эрхийг эзэмшиж байсан хэмжээгээрээ өөр этгээдийн өмчлөлд шилжүүлж болно гэж зааснаар аливаа этгээд гагцхүү өөрт байгаа эрхийг бусдад шилжүүлэх боломжтой юм.

 

Хэдийгээр хэрэгт ... дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 671 тоот захирамжаар Н.Тийн гаргасан Д.Од холбогдох газрын гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн боловч энэхүү шүүхийн захирамж биелэгдээгүй тул нэхэмжлэгч Н.Тийг газрын эзэмшигч гэж тооцохгүй /х.х 9/.

 

7.3. ... дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/453 тоот захирамжаар тус дүүргийн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих бүтээн байгуулалтын улмаас газрын нөлөөлөлд өртсөн 15 өрхийн газрыг нөхөн олговортойгоор улсын хэрэгцээнд авах тухай шийдвэрийн хүрээнд хариуцагч Б.Оийн өмчлөлийн ... дүүрэг, 10 дугаар хороо, ...н 14 дүгээр гудамж, 435 тоот хаягт байрлах газрыг дахин төлөвлөлтөд хамруулжээ /х.х 154-158/.

 

Үүнээс үзвэл хариуцагч Б.О нь бусдын биш өөрийн өмчлөлийн газар, хувийн сууцыг 95,011,128.00 төгрөгийн нөхөн олговортойгоор улсын тусгай хэрэгцээнд өгч, түүний өмчлөх эрх нь дуусгавар болсон байх тул хариуцагчийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэхгүй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/02504 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг тус хэрэгт давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Б.МАНДАЛБАЯР