Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 184

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          улсын яллагч П.Эрдэнэбаатар,

          шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Хд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809054460123 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1972 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Засал чимэглэгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, Хадат 4 дүгээр гудамж 42-6 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б.Х /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Хадатын 4-42-6 тоотод буюу өөрийн гэртээ хамтран амьдрагч хохирогч Л.Ундармаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж “уруулд хаван, цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Хыг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Хадатын 4-42-6 тоотод буюу өөрийн гэртээ хамтран амьдрагч хохирогч Л.Ундармаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж “уруулд хаван, цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Б.Хд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Хадатын 4-42-6 тоотод буюу өөрийн гэртээ хамтран амьдрагч хохирогч Л.Ундармаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж “уруулд хаван, цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн хохирол учруулсан болох нь хохирогч Л.Ундармаагийн “Гэртээ ортол манай нөхөр Хүдэрчулуун болон хүү Булган-Эрдэнэ нар сууж байсан. Ингээд би нөхөртөө чи миний төрсөн өдрөөр надад баяр хүргэсэнгүй манай ажпынхан надад баяр хүргэж байхад чи яагаад надад баяр хүргэхгүй байна гэж хэлсэн. Тухайн үед Хүдэрчулуун гэрт ууртай байсан бөгөөд намайг архи дарс уулаа чи гэж дайрсан. Тэгээд надтай хэрэлдэж байгаад миний уруул руу гараараа цохисон. Дараа нь би Хүдэрчулуунаас айгаад гэрээсээ гарч зугтаатал намайг Хүдэрчулуун хойноос гүйж ирж хувцаснаас чирээд гэр лүү оруулаад хэл амаар доромжилж нүүр рүү маань 2-оос 3 удаа цохиж гэмтэл учруулсан. ...Тухайн үед би өөдөөс нь хэрэлдээд галын төмрөөр гар луу нь нэг удаа цохисон. ...Дараа нь Хүдэрчулуун гадаа гараад намайг агсам согтуу тавиад байна гэж цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг  /хх-19-20/,

 

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹13915 тоот актын “…Л.Ундармаагийн биед дээд уруулд хаван, цус хуралттай, хамар яс болон баруун нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай зэрэг гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэсэн дүгнэлт /хх-32/,

 

          Шүүгдэгч Б.Хы мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2018 оны 11 дүгээр хорооны 20-ны өдрийн шөнийн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Хадатын 4-42Б тоот гэртээ хүүтэйгээ сууж байхад, эхнэр маань орж ирээд надад хандаж чи миний төрсөн өдөр болж байхад баярын мэнд хүргэсэнгүй гэж орилж хашгичаад гэрт агсам тавьж эхэлсэн. Тэгэхээр нь би эхнэр Л.Ундармаад хандаж чи хүүхдээ айлгаад байна боль гэж хэлээд зуух руу очоод нүүрс хийх гэж байтал эхнэр Л.Ундармаа мань галын хүйтэн төмөр гартаа бариад над руу орилж хашгичаад миний баруун гар болон нуруу руу төмрөөр 4-5 удаа цохихоор нь би баруун гараараа уруул руу нь нэг удаа цохисон. Дараа нь Л.Ундармаа надад хандаж би чамаас сална, би явна гэж хэлээд гэрээсээ гараад явсан. Удалгүй би эхнэрийнхээ араас гараад гэррүүгээ эхнэрээ оруулах гэтэл өөдөөс эсэргүүцээд орохгүй байсан. Тэгэхээр нь би гэр рүү оруулах гэтэл эхнэр Л.Ундармаа нь газарт унаад босож өгөхгүй байхаар нь би хоёр гарынх нь суганаас татаж босгоод гэр рүү тэвэрч оруулсан. Итгээд оруулахад Л.Ундармаагийн куртикнийх нь хоёр суга урагдчихсан байсан ба тухайн үедээ Л.Ундармаа нь өөрийнхөө гараар куртикнийхээ суганаас татаж ураад надад хандаж чи миний куртикний сугыг урсан, дараа нь агсам тавиад болохгүй айлгаад байхаар нь цагдаа дуудсан юм…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Х нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Хүрэлчулуунд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч Б.Хд 600 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Хд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Хд нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

                       

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР