Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
Хэргийн индекс | 129/2023/00660/и |
Дугаар | 211/МА2024/00014 |
Огноо | 2024-06-18 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 211/МА2024/00014
211/МА2024/00014
О нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч В.Ц, шүүгч Б.Н нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 129/ШШ2024/00201 дугаартай шийдвэртэй
А аймгийн О /хувийн хэргийн дугаар: 00000, РД: 000000/-ын нэхэмжлэлтэй
А аймгийн Э сумын 0 дүгээр багт байрлах “ЧЭ” ХХК-д холбогдох
“Булган хангай” хорооллын дулааны шугам ашигласны төлбөр 16,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
ерөнхий шүүгч Т.Дийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Х.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нарийн бичгийн дарга Д.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... А аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн а/80 дугаар захирамжаар 2015 онд ашиглалтад орсон “Булган хангай” хорооллын дэд бүтцийн ажлын хүрээнд бий болсон хөрөнгийг Өмчийн албаны /хуучин нэрээр/ үндсэн хөрөнгөд бүртгэхээр шийдвэрлэсэн. Аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж, хөрөнгийг Өмчийн албаны үндсэн хөрөнгөд бүртгэж, шугам сүлжээг мэргэжлийн байгууллагуудад нь хариуцуулахаар заасны дагуу дулааны шугам сүлжээг “ЧЭ” ХХК-д эзэмшүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. “ЧЭ” ХХК нь 2016, 2017, 2018 оны төлбөрөө бүрэн төлсөн бөгөөд 2019-2022 онуудад байгуулсан гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй тул 2 удаа шүүхэд хандаж төлбөрийг бүрэн барагдуулсан юм. ЧЭ ХХК-тай 2022-2023 оны дулааны шугам эзэмшүүлэх гэрээ байгуулахаар хүргүүлсэн боловч гэрээ байгуулаагүй, төлбөр төлөөгүй мөртлөө шугам сүлжээг ашиглаж үйл ажиллагаа явуулж байна. Дулааны шугам эзэмшүүлэх гэрээг байгуулахаар 3 удаа хүргүүлсэн боловч баталгаажуулж ирүүлээгүй, дулааны шугамыг ашиглан орлого олсоор байна. Хамгийн сүүлд О 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №342 дугаар албан бичгээр хандсан боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй. Иймд Булган хангай хорооллын дулааны шугам ашигласны 2022-2023 оны төлбөр 16,400,000 төгрөгийг “ЧЭ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Х.Г анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. “ЧЭ” ХХК-тай 2016 оноос хойш гэрээ байгуулж ажилласан. 2020 оноос хойш хоёр тал нь гэрээ байгуулахгүй яваад байгаа. Манай зүгээс гэрээ байгуулахаар удаа дараа гэрээгээ явуулдаг боловч хариуцагч тал гэрээг баталгаажуулж ирүүлдэггүй. Гэрээ байгуулаагүй хэр нь манай шугам сүлжээг ашиглаж дулааны үйл ажиллагаагаа явуулдаг. Анх гэрээ байгуулахад 0 байгууламж буюу ТОСК-ийн байр, 0 дугаар сургууль, 0 дугаар цэцэрлэг, Онцгой байдлын газрын байр гэсэн байгууламж байсан. Манай байгууллагыг үнээ буулга, үнэ өндөр байна гэсэн шаардлага хариуцагч талаас тавьдаг. Анх байгуулсан гэрээнээс хойш тухайн нутагт Прокурорын газрын байр, усан бассейн, С хороолол, Б, М гэх мэт 10 орчим аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Уг 10 байгууламжид хариуцагч тал нь халаалтын үйлчилгээ үзүүлж төлбөр авч байгаа. Ийм учраас манайх төлбөрөө багасгах боломжгүй. Манай төлбөр тооцооны үнэ тарифыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталж өгдөг. Үүний дагуу бид гэрээ байгуулдаг. Миний хувьд дур мэдээд үнэ тарифыг багасгах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага болох 16,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 1995 онд батлагдсан. 1997 онд Улсын Их Хурлын тогтоол гарч төр болон орон нутгийн өмч хөрөнгийн зааг ялгааг гаргаж өгсөн. Энэ цагаас хойш орон нутгийн өмч хөрөнгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал захиран зарцуулах эрхтэй болсон. 2015 онд орсон хөрөнгийг тухайн үед орон нутгийн өмчид бүртгээд Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журмын дагуу гэрээ байгуулсан. Тухайн үед буюу анх н.Ө захирал уг гэрээг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурж гэрээ байгуулсан. О хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс батлан гаргасан эрх зүйн баримт бичиг. Уг журмын дагуу Засаг дарга захирамж гаргаад орон нутгийн өмчид бүртгээд мэргэжлийн байгууллагад нь хариуцуулахаар болсон. Ийм учраас бид чиглэл чиглэлийнх нь байгууллага аж ахуй нэгжид хариуцуулж ажиллахаар болсон. Цэвэр усны шугам сүлжээгээ төрийн өмчид “Ар ус ундарга” ХХК-д өгсөн, дулааны шугамаа “ЧЭ” ХХК-д хариуцуулж өгсөн. Тухайн үед “ЧЭ” ХХК уурын зуухнууд барьсан байсан учраас уурын зуух барьсан компанидаа дулааны шугамаа хариуцуулсан. Орон нутгийн өмчийг үнэ төлбөргүй ашиглуулна гэж байхгүй, ямар нэг байдлаар бусад иргэд, хуулийн этгээдэд үнэ төлбөртэй хариуцуулна. Энэ талаараа гэрээгээ байгуулсан. Гэрээнийхээ дагуу түрээсийн төлбөрөө нэхэмжилж байна гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын хувьд А аймгийн О гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Яагаад хүлээн зөвшөөрөх боломжгүй талаараа хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн тайлбарлая. Нэхэмжлэлийн шаардлагыг харахаар төр ямар хууль тогтоомжид үндэслэж уг төлбөрийг нэхэмжлээд байгааг миний хувьд ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн шугам сүлжээ нь нийтийн өмч гэж харж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан өмч гэж үзэж байна. Хэргийн материал дотор А аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А80 дугаартай “Хөрөнгө бүртгэлд бүртгэх тухай” гэсэн захирамж байдаг. Тухайн захирамжид Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасны дагуу орон нутгийн өмчийн эд хөрөнгийн нэгдсэн бүртгэл хөтлөх, эд хөрөнгийн тооллого явуулах ажлыг зохион байгуулах нь Засаг даргын эрх хэмжээний асуудал учраас хуульд заасны дагуу захирамж гаргаж, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар улсын төсвийн хөрөнгөөр баригдсан Б хорооллын дэд бүтцийн шугам сүлжээг орон нутгийн өмчид бүртгэсүгэй гэсэн байдаг. Тухайн шугам сүлжээг орон нутгийн өмчид бүртгэж авчхаад засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагад хариуцаж ажиллахыг О дарга Х.Г, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга н.О нарт даалгасан. Уг захирамжаар ямар нэг хөрөнгийг түрээслэх болон төрийн өмчит хөрөнгийг бусдад гэрээгээр ашиглуулах, эсхүл үнэ төлбөргүй ашиглуулах зэргийг зохицуулсан зүйл байхгүй. Ийм учраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зарим зүйл заалтыг харах ёстой. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т: Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн болон түрээсийн гэрээгээр, мөн хуулиар зөвшөөрсөн бол үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно гэж заасан. Үүнээс харахад бүх нийтийн дулааныг хангахад зориулсан шугам сүлжээ учраас үнэ төлбөргүй ашиглаж болохоор нөхцөл байдал харагддаг. Орон нутгийн өмчийн эзэмшүүлэх гэрээ гээд нэхэмжлэгч тал гаргаж өгөөд байдаг. Хэрвээ гэрээ байгуулагдсан бол төрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэх журмыг Улсын Их Хурал баталж гаргах ёстой. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно гэсэн байдаг. Засгийн газар уг шугам сүлжээг түрээслэхтэй холбоотой журмыг тогтоосон эсэхийг мэдэхгүй байна. Хэргийн материалд энэ талаар баримт авагдаагүй байна. Хэрвээ түрээсийн гэрээ байгуулахаар бол Иргэний хуульд заасны дагуу түрээсийн төлбөр, түрээс төлөх хугацаа, түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, үүсэх үр дагавар, түүнийг арилгах нөхцөл зэргийг заавал тусгаж оруулах ёстой. Харин хэрэгт авагдсан уг гэрээнд эдгээр зүйлс байхгүй, тусгагдаагүй. Шүүх үүнийг анхаарч үзнэ үү. Бид Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг өнөөдөр харах ёстой. Орон нутгийн өмч гэдэг нь нийтийн зориулалттай өмч, эсхүл орон нутгийн өөрийнх нь өмчийг хэлдэг юм байна. Миний хувьд тухайн шугам сүлжээг нийтийн зориулалттай өмч гэж харж байна. Сая мөн нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч “Нийтийн зориулалттай өмч учраас хэрэглэж байгаа аж ахуй нэгжүүд нь нэмэгдсэн” гэж байна. Ганцхан “ЧЭ” ХХК ашиглаагүй, бусад хувь хүмүүс, аж ахуй нэгж, орон сууцууд ашиглаж байгаа учраас тухайн шугам сүлжээ бол гарцаагүй нийтийн өмч байна. Уг нийтийн өмчийн өмчлөгч нь хэн байх вэ гэхээр тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь байдаг юм байна. Тухайн өмчлөгчөөс нь орон нутгийн өмч хөрөнгийн эзэмшүүлэх, ашиглуулах, түрээслүүлэх, захиран зарцуулах эрх гарах ёстой юм байна. Хэргийн материалд ямар нэгэн тийм эрх байхгүй. Засаг даргын захирамж л байгаа. Засаг дарга нь орон нутгийн өмчтэй холбоотой ямар асуудлыг шийдвэрлэх вэ гэхээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг Засгийн газрын үйл ажиллагаанд нийцүүлэх л үүрэгтэй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дагуу орон нутгийн өмчийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь Засаг даргад байна. Засаг дарга нь уг эрхээ эдэлж байгаа эсэхтэй холбоотой баримт хэрэгт байхгүй. Ийм учраас гэрээ байгуулж төлбөр нэхэмжлээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талын нэхэмжлээд байгаа 16,400,000 төгрөгийг гаргаж шийдвэрлэх боломжгүй байна. Яагаад боломжгүй гэж үзэж байна вэ гэхээр хэрэгт цугларсан материалыг хараад үзэхээр нэгдүгээрт А аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А80 тоот хөрөнгө бүртгэлд бүртгэх тухай захирамж байгаа. Уг захирамж нь уг хөрөнгийг орон нутгийн өмч хөрөнгөд бүртгэ гэсэн утга бүхий л захирамж, түүнээс гэрээ байгуулаад түрээсэл гэсэн зүйл огт байхгүй. Ийм учраас уг төлбөрийг төлөх үндэслэлгүй байна. Дараагийн асуудлын тухайд нэхэмжлэгч тал Засаг дарга хөрөнгийг бүртгэсэн учраас Орон нутгийн өмчийн шугам сүлжээ эзэмших гэрээг байгуулах ёстой гэж ойлгоод байх шиг байна. Тийм зүйл байхгүй, Засаг дарга зөвхөн хөрөнгийг л бүртгэсэн. Гэрээ байгуулах талаар ямар ч шийдвэр байхгүй. Ийм учраас Орон нутгийн өмчийн шугам сүлжээг эзэмших 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээ нь байгуулагдах эрхгүй, эрх зүйн чадамжгүй гэрээ байна. Мөн хэргийн материалд А аймгийн Аудитын газраас “ЧЭ” ХХК-д тулган баталгаажуулалтын хуудас явуулсан талаарх баримт авагдсан байгаа. Аудитын газар нь ийм баримт бичгийн явуулах эрх бүхий этгээд биш, Төрийн Аудит гэхээрээ хэмжээшгүй эрхтэй байгууллага биш. Бүх албан бичиг хуулийн дагуу байх ёстой. Хууль бусаар тулган шаардаж болохгүй. Магадгүй Улсын Их Хурлаас болон Засгийн газраас тухайн төрийн өмчийн түрээсэлнэ гээд тогтоогоод өгсөн бол бид өнөөдөр түрээсийн төлбөрөө төлөөд явах боломжгүй. Гэвч түрээслэх талаар ямар ч эрх бүхий этгээдийн тогтоол шийдвэр гаргаагүй байхад түрээсийн гэрээ байгуулаад төлбөр нэхээд байгаа нь үндэслэлгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгч тал урьд шүүхээр шийдвэрлүүлж байсан 2 удаагийн шүүхийн шийдвэр байгаа гэж байна. Урьд нь хариуцагч тал шүүх хуралдаанд ирээгүй учраас шүүх хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч шүүх хуралдаанд оролцсон бол шийдвэр өөр гарахыг үгүйсгэхгүй. Өмнө нь хариуцагч байхгүй үед шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, өнөөдөр шүүх хуралдаанд хариуцагч тал оролцож, татгалзлаа тайлбарлаж байгаа нөхцөл байдал хоёр өөр. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журмын дагуу Засаг дарга захирамж гаргасан гэж байна. Уг Засаг даргын захирамжид зөвхөн эд хөрөнгийн орон нутгийн өмчид бүртгэх асуудлыг л тусгасан байдаг. Түүнээс түрээсийн гэрээ байгуулж төлбөр ав гэж зохицуулаагүй байдаг. Хоёрдугаарт төр өөрийн өмч хөрөнгийг хуульд зааснаар түрээслүүлэх эсхүл үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж болно гэж заасан. Түрээсийн гэрээ гэдэг бол нэгдүгээрт Иргэний хуульд зааснаар ашиг олох зориулалттай хийгддэг гэрээ. Үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж ашиглуулж болно гэдэг бол бас өөр нэг зохицуулалт. Өөрөөр хэлбэл нэг зүйлийг үнэ төлбөргүй эзэмшиж ашиглахыг хэлж байгаа. Уг гэрээ нь шугам сүлжээг эзэмшүүлэх гэрээ. Түүнээс түрээсийн гэрээ биш. Хуульд түрээсийн гэрээ байгуулж болно, эсхүл үнэ төлбөргүй эзэмшүүлж болно гэж заасан. Түүнээс эзэмшүүлэх гэрээ байгуулчхаад төлбөр яриад байх болохгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв..
А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 129/ШШ2024/00201 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч “ЧЭ” ХХК-иас 16,400,000 /арван зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А аймгийн От олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч А аймгийн О нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “ЧЭ” ХХК-иас 239,950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б давж заалдах журмаар гаргасан гомдолд: А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04-р :арын 23 ний өдрийн 129\ШШ2024\00201 дугаартай шийдвэрийг 2024 оны 05 дугаар сарын 13 өдөр <үлээн аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах нь. Анхан шатны шүүх нэхэмжлэгч А аймгийн О нэхэмжлэлтэй хариуцагч “ЧЭ” ХХК-д холбогдох “Булган хангай “ хорооллын дулааны шугам ашигласны төлбөр 16 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэхдээ иргэний хууль, болон тухайн харилцааг нарийвчилсан зохицуулсан Төрийн болон орон нутгийн өмчийн ухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. “Булган хангай “ хорооллын дулааны шугам нь орон нутгийн нийтийн зориулалтай, тухайн орон нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулсан өмч юм. Мөн “ЧЭ” ХХК нь тухайн “Булган хангай“ хорооллын нийт хүн ам, хуулийн этгээд, айл өрхийг дулаанаар хангаж байгаа байгууллага юм. Хэрвээ орон нутгийн нийтийн зориулалтай өмчийг, тухайн этгээдүүдийг дулаанаар хангаж буй “ЧЭ “ ХХК-нд түрээслэх, түрээсийн гэрээгээр ашиглуулбал, зохих этгээдийн зөвшөөрөл, шийдвэрийн үндсэн дээр гэрээ байгуулагдах ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Х.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 1996 онд батлагдсан. 1997 онд төр өмчөө тоолоод 1999 оны 29 дүгээр тогтоолоор өмчлөлд шилжсэн. 1999 оноос орон нутгийн өмч бий болсон. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал бол орон нутгийн өмчийг захиран зарцуулах эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд 2000, 2007, 2014, 2017 онуудад Орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн эд хөрөнгийг зохицуулах журмыг баталсан байгаа. Өөрөөр хэлбэл өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэхдээ аймгийн Засаг дарга нь энэ журмын хүрээнд Оийг эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна гэж заасан. Мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т орон нутгийн өмчийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас өгсөн эрх хэмжээний хүрээнд Засгийн газрын гаргасан бодлого шийдвэрийн дагуу захиран зарцуулах эрх үүрэгтэй. 2013-2014-2015 онд улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн дэд бүтцийн ажлын хүрээнд бий болсон 4,8 тэрбум төгрөгийг тухайн үед Ар Ус Ундарга ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэр гарсан. Тухайн үед Ар Ус Ундарга ХХК хөрөнгийг хүлээж аваагүй учраас 2016 онд орон нутгийн өмчийн албанд бүртгэхээр шийдвэрлэж шугам сүлжээг мэргэжлийн байгууллагад эзэмшүүлж, ашиглуулна гэдэг шийдвэр гарсны дагуу орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийг тогтоох журмын 6 дугаар зүйлд заасны дагуу ерөнхий түрээсийн гэрээ гэдгээр орсон байгаа. Түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн хувьд 1м2-ийг суманд 2000-5000 төгрөг, аймагт 8000-15000 төгрөгөөр үнэлж бусад хөрөнгийн хувьд 2 тал гэрээгээр харилцан тохиролцож шийдүүлнэ гэсэн журмын дагуу 2016 оны 09 дүгээр сард ЧЭ ХХК-д орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан байгаа. Энэ гэрээний дагуу тухайн компанид 4 газар үйл ажиллагаа явуулж байсан бол одоо прокурор, усан бассе, сувд хорооллын 2 орон сууц зэрэг үйл ажиллагаа нэлээн өргөжсөн. Энэ хүрээнд тухайн компани, бизнесийн байгууллага ашиг олж байгаа. Энэ утгаараа манай гэрээ эхний жил хэвийн үргэлжилсэн. Тухайн компани түрээсээ төлөөд явж байсан. Аудитын ирүүлсэн тулган шаардах бичиг нь энэ хэрэгтэй ямар ч хамааралгүй. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримт гаргаж өгөх үед өгсөн байгаа. Аудитын байгууллага нь өөрийнхөө эрх хэмжээнд А аймгийн орон нутгийн өмчийн эзэмшилт ашиглалтыг захиран зарцуулах явцад өмчийн албаны бүртгэл манай От бүртгэлтэй байгаа ашиглалтын явцыг мөнгө нь дутуу төлөгдсөн байна, үүнийг төвлөрүүл гэсэн шийдвэр гарсан. Засаг дарга шийдвэр гаргахдаа холбоотой Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зохицуулах журмаар гаргасан шийдвэр гэж үзэж байна. Манайх анхан шатны шүүхээр 2 удаа орсон. Эхлээд тулган шаардах бичигтэй 2019-2021 оны, 2020-2021 оныхыг төлөөгүй байсан. 2023 онд төлбөрийг нь барагдуулсан. Орон нутгийн өмчийг үнэ төлбөргүй ашиглуулах захирамж гаргах нь аймгийн иргэдийн Хуралд байгаа. Аймгийн иргэдийн хуралд үнэ төлбөртэй, төлбөргүй ашиглуул гэсэн шийдвэр гараагүй. Мэдээж аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд иргэдийн хурал, орон нутгийн өмчөөр баталсан эд хөрөнгийг харилцааг тогтоох журмын дагуу тухайн байгууллагатай гэрээ байгуулсан, төлбөрөө тохирсон. Төлбөр буулгах асуудал ярьсан. Тэгэхдээ буулгах ямар ч үндэслэл байхгүй. Харин ч манайхаас өсгөнө гэдэг талаас нь ярьсан. Анхны үйлчлэгч иргэн байсан бол одоо тухайн газарт суурьшлын бүс бий болоод хэрэглэгч маш их болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаан гаргасан саналдаа: Булган хангай хорооллын дулааны шугам сүлжээ орон нутгийн төрийн өмчит газар болох нь нотлогдон тогтоогддог. Гэхдээ орон нутгийн өмч гэхээр л орон нутгийн өмчийн газрыг бусдад түрээслээд яваад байх эрхтэй юу гэдгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг харах ёстой. Тухайн хуулийн 57 дугаар зүйлд орон нутгийн төрийн өмчийн газар гэдгийг эрх байгууллагын шийдвэрээр буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон. Өмнө нь мөрдөгдөж байсан ийм хуулийн дагуу Төр хувийн хэвшлийн түншлэлийн болон түрээсийн гэрээгээр, хуулиар зөвшөөрсөн буюу үл хөдлөх хөрөнгөө эзэмшиж ашиглаж болно гэсэн хуулийн заалттай. Төрийн өмчийг түрээслэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газарт тогтоож хэрэглэдэг. Орон нутгийн өмчийн тухайд тухайн орон нутгийн өмч нь нийтэд хамаарна гэж заасан. Жишээ нь бусдад түрээслэхийг О нь шийддэг. Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гарч байж орон нутгийн өмчийн газрыг бусдад түрээслэх хуулийн зохицуулалттай. А аймгийн Засаг даргын захирамж байдаг. Энэ юу гэсэн захирамж вэ гэхээр бүртгэж аваа гэсэн захирамж байдаг. 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/85 тоот хөрөнгийн бүртгэлд бүртгэх тухай гэсэн захирамж байгаа. Булган хангай хорооллын дэд бүтцийн шугамыг орон нутгийн төрийн өмчид бүртгэ гэсэн байдаг. Бусдад түрээслэх, ашиглах талаарх хуулийн зохицуулалт байхгүй. Хэрвээ төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар түрээсийн гэрээ, эзэмшүүлэх, ашиглуулах нь өөр юм. Түрээсийн гэрээгээр Иргэний хуульд заасны дагуу, Төрийн хувийн хэвшлийн гэрээгээр явах ёстой. Тухайн үед энэ хууль хүчин төгөлдөр болоогүй байсан болохоор Иргэний хуульд заасан түрээсийн гэрээгээр явах ёстой байсан болов уу гэж харж байна. Түрээсийн гэрээ байгуулахдаа зохих зөвшөөрлийг орон нутгийн өмчөөр авч зохих зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэх ёстой. Гэтэл ийм зөвшөөрөлгүй гэрээ хийгээгүй мөнгийг нь аваад байсан байдаг. Түрээсийн гэрээ нь Иргэний хуульд заасан нөхцөл үндэслэлийн дагуу болон 2024 онд түрээсийн гэрээг “Э” ХХК-тай хийх гэж байгаа бол хувийн хэвшлийн түншлэлийн болон түрээсийн гэрээ хийх ёстой. Хэрэгт 1 гэрээний хувь авагдсан байдаг. Тэнд юу гэж заасан гэхээр орон нутгийн өмчийн шугам сүлжээ эзэмшүүлэх гэрээ гэж байдаг. Эзэмшүүлэх, ашиглуулах нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд түрээсийн гэрээний заалт биш, хуулиар зөвшөөрсөн бол үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно гэсэн хуулийн заалттай. Энэ нь түрээсийн гэрээ биш, эзэмшүүлэх гэрээ байна. Түрээсийн гэрээ нь өөр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ нь өөр. Гэрээг Ө болон ЧЭ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ганхуяг нар байгуулсан байдаг. Энэ нь үнэ төлбөргүй ашиглах гэрээний загвар юм. Түрээсийн гэрээ гэж байгаа бол Төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний түрээсийн гэрээгээр, үүнээс өмнө шинэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх асуудал яригдаж байгаа учраас Иргэний хуульд заасны дагуу түрээсийн гэрээний зохицуулалт яригдах ёстой. Гэтэл тийм биш эзэмшүүлэх гэрээ хийгдсэн. Эзэмшүүлэх гэрээ хийгдэж байгаа бол үнэ төлбөргүй байна. Энэ хэрэгт орон нутгийн өмчид бүртгэгдсэн зүйл нь иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэр байдаг. От бүртгэгдсэн ийм хөрөнгө байгаа юм байна, энэ хөрөнгийг бусдад түрээсээр ашиглуулах гэсэн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гарч А аймгийн Э сумаас гарах юм уу эсхүл А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гарах юм уу түрээсээр эзэмшүүлэхийг зөвшөөрч байна гэсэн. Түүний үндсэн дээр о гэрээ биш, орон нутгийн өмчийн түрээсийн гэрээгээр бусдад эзэмшүүлнэ гэсэн ийм гэрээ хийх ёстой байтал буруу гэрээ байгуулсан. Иргэний хуульд зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр болж тооцогдох хуулийн зохицуулалттай. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Эрүүгийн хуульд заасан холбогдох зохицуулалтаар уг хэргийг шийдэх ёстой байсан. Гэтэл шүүх түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн. А аймаг дахь төрийн аудитын газраас ЧЭ ХХК-д тэдэн төгрөг төлөөгүй үлдэгдэлтэй байна гэсэн бичиг ирүүлсэн. Аудит гэрээнд оролцоод ингэж бичиг явуулах байгууллага мөн үү. Гэхдээ үүний өмнөх мөнгө төлөгдсөн. Шүүх хуралдаанд хариуцагч ирээгүй учраас төлбөрийг нь гаргаж шийдсэн. Үүнийг өмнөх шүүхийн шийдвэртэй гэж үзэх үндэслэл байхгүй. Энэ төлбөрийн асуудлыг анхан шатны шүүх өмнө нь шийдэх байсан бол төр гэрээ байгуулах зөвшөөрөлтэй байсан юм уу,гэрээ хууль зүйн үндэслэлийн дагуу байсан уу гэдэг талаас нь харж шийдэх ёстой байсан. Энэ нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх анхааралтай шийдэж өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч А аймгийн О, хариуцагч “ЧЭ” ХХК-д холбогдуулан “Булган хангай” хорооллын дулааны шугам ашигласны төлбөр 16,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан байна.
Хариуцагч “ЧЭ” ХХК “...”Булган хангай” хорооллын дулааны шугам сүлжээг ганцхан “ЧЭ” ХХК ашиглаагүй, бусад хувь хүмүүс, аж ахуйн нэгж, орон сууцууд ашиглаж байгаа учраас тухайн шугам сүлжээ бол нийтийн өмч. Уг нийтийн өмчийн өмчлөгч нь хэн байх вэ гэхээр тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Тухайн өмчлөгчөөс орон нутгийн өмч хөрөнгийг эзэмшүүлэх, ашиглуулах, түрээслүүлэх, захиран зарцуулах эрх гарах ёстой. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дагуу орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь Засаг даргад байна. Засаг дарга уг эрхээ эдэлж байгаа эсэхтэй холбоотой баримт хэрэгт байхгүй. Ийм учраас гэрээ байгуулж төлбөр нэхэмжлээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч О өмчлөлийн дулааны шугамыг хариуцагч “ЧЭ” ХХК 2022-2023 онд ашигласан, мөн уг хөрөнгөөс орлого олж байгаа учраас Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-т заасан буцаан шаардах шаардлагад нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хөрөнгө ашигласны төлбөр хамаарах тул нэхэмжлэгч О 2022-2023 оны дулааны шугам ашигласантай холбоотой төлбөрийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч “ЧЭ” ХХК-иас шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч “ЧЭ” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч ...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ иргэний хууль, болон тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн болон орон нутгийн өмчийн ухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. “Булган хангай “ хорооллын дулааны шугам сүлжээ нь орон нутгийн нийтийн зориулалттай өмч учир “ЧЭ“ ХХК-нд түрээслэх, түрээсийн гэрээгээр ашиглуулбал зохих этгээдийн зөвшөөрөл, шийдвэрийн үндсэн дээр гэрээ байгуулагдах ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү... гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, маргааны үйл баримтыг зөв тодорхойлсон байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2.4-т Засаг дарга орон нутгийн өмчийн эд хөрөнгийн нэгдсэн бүртгэл хөтлөх эрхийг хэрэгжүүлэхээр заасан ба А аймгийн Засаг даргын 2016 оны 03 сарын 02-ны өдрийн а/80 дугаар хөрөнгө бүртгэлд бүртгэх тухай захирамжаар улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн Булган хангай хорооллын дэд бүтцийн цэвэр бохир усны болон дулааны шугамыг Өмчийн албаны хөрөнгөд бүртгэж, бүртгэлд авсан шугамын ашиглалт, засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагуудад хариуцуулан хяналт тавьж ажиллахыг Х хэлтэс, Оийн төлөөлөгчид даалгажээ.
Энэ дагуу О “ЧЭ” ХХК-тай гэрээ байгуулан, дулааны шугамыг эзэмшүүлж, “ЧЭ” ХХК гэрээний дагуу 2016, 2017, 2018 оны төлбөрийг гэрээний дагуу, 2019-2021 оны төлбөрийг шүүхийн шийдвэрээр тус тус төлсөн байна.
Мөн 2022-2023 онд орон нутгийн өмчийн шугам, сүлжээ эзэмшүүлэх гэрээ байгуулах саналыг “ЧЭ” ХХК-д хүргүүлсэн боловч “ЧЭ” ХХК хариу ирүүлээгүй, гэрээ байгуулаагүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Гийн тайлбараар тогтоогджээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Төрийн өмч нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмчөөс бүрдэнэ. Төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өмч нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөд хуваагдана.” гэж, 6 дугаар зүйлийн 2-т “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна.” гэж тус тус заасан тул улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн Булган хангай хорооллын дэд бүтцийн дулааны шугам нь төрийн нийтийн зориулалттай өмч биш, төрийн өмч юм.
Дээрх хуулийн 27 дугаар зүйийн 1-т “Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр концессын /концессын гэснийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэж өөрчлөлт оруулсан/ болон түрээсийн гэрээгээр, мөн хуулиар зөвшөөрсөн бол үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно.” гэж, 28 дугаар зүйлийн 1-т “Төрийн нийтийн зориулалттай өмчийг түрээслүүлэх журмыг Улсын Их Хурал, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно.” гэж, 2-т “Засгийн газраас тусгайлан журамласнаас бусад үл хөдлөх хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төрийн өмчит хуулийн этгээд эдэлнэ.” гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч О нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн гэрээ /хх-ийн 8/ нь хэдийгээр Огийн өмчийн шугам, сүлжээ эзэмшүүлэх гэрээ гэж байгаа ч халаалтын 8 сард шугам, сүлжээг ашиглуулсны төлбөр тооцохоор заасан байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2-т зааснаар О, сүлжээг түрээсээр эзэмшүүлэх гэрээ байгуулах санал гэж, Оийн газрыг Б хорооллын дулааны шугамыг түрээсээр эзэмшүүлэх эрхийг эдлэх төрийн өмчит хуулийн этгээд гэж тус тус дүгнэх үндэслэлтэй.
Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 3-т Түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан нөхцөлөөс гадна эд хөрөнгө түрээслүүлэх хугацаа, төлбөр, нөхцөл, хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, үүсэх үр дагавар, түүнийг арилгах журмыг заавал тусгахаар зохицуулсан.
Хариуцагч “ЧЭ” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бн “...Түрээсийн гэрээ байгуулахаар бол Иргэний хуульд заасны дагуу түрээсийн төлбөр, түрээс төлөх хугацаа, түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, үүсэх үр дагавар, түүнийг арилгах нөхцөл зэргийг заавал тусгаж оруулах ёстой. Харин хэрэгт авагдсан уг гэрээнд эдгээр зүйлс байхгүй, тусгагдаагүй...” гэсэн тайлбар үндэслэлтэй хэдий ч хариуцагч “ЧЭ” ХХК нэхэмжлэгч О гэрээ байгуулах саналд ямар нэгэн хариу өгсөн талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй, гэрээ байгуулаагүй атал орон нутгийн өмчийг 2022, 2023 онуудад ашигласан болох нь зохигчдын тайлбараар тогтоогджээ.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлэн, үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, Иргэний хуулийг зөв хэрэглэн, хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагч “ЧЭ” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв..
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239.950 төгрөгийг Төрийн сангийн дансанд үлдээх нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн 129/ШШ2024/00201 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 дугаар сарын 21-ны өдөр төлсөн 239,950 /хоёр зуун гучин есөн мянга есөн зуун тавин / төгрөгийг Төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай