Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2016/00798

 

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2016/00798

                                    Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1966 оны 08 дугаар сарын 02-ний өдөр төрсөн, 64 настай, эмэгтэй, Төв аймаг Өндөрширээт  сумын 1 дүгээр баг, Баянтуулд оршин суух, Балин овогт Сундуйн Алимаа /РД:НР66080268/-гийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Сугармаа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Алимаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

“... С.Алимаа миний бие 1966 онд Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн. 8-р анги төгсөөд аав ээжтэйгээ хамт мал маллаж байсан тул хөгжил нэгдэлд 1982-1990 оны 12 сарын 31 хүртэл 9-н жил ажилласан. Иймд архивын лавлагаа хөдөлмөрийн дэвтэр үндэслэн тухай үед нэгдлийн дарга хийж байсан. Одоо Зуунмод сумын иргэн С.Пүрэвсүрэн дарга Өндөрширээт сумын Баянтуул 1-р багын малчин С.Нямсүрэн нарыг гэрчээр сууж Миний Өндөрширээт сумын хөгжил нэгдэлд ажиллаж байсан 9-н жилийг  сэргээн тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Алимаа нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ:

 

“Миний бие нь тэр өндөр настай хүн асардаг ба манай гэр сумын төвөөс хол байдаг тул олон дахин ирж очиход хүндрэлтэй байна. Миний энэ байдлыг харгалзан үзэж намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хийж хэргийг минь шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан /хх 5, 6, 10, 14-15, 18-20, 23-24, 26/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Алимаа нь Төв амгийн Өндөрширээт сумын хөгжил нэгдэл 1982 оны 01 сарын 01 өдрөөс 1990 оны 12 сарын 31 өдрийг хүртэл ажилласан хугацааг сэргээн  тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

С.Алимаагийн ажилд орсон болон халагдсан тушаал нь Төв аймгийн Архив, Үндэсний төв архиваас гарч ирээгүйгээс нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас  олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор С.Алимаа нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, үнэлвэл: нэхэмжлэгч С.Алимаа нь Төв аймгийн Өндөрширээт  сумын  Хөгжил нэгдэлд 1982 оны 01 дугаар сарын 01 өдрөөс 1990 оны 12 сарын 31 өдөр  хүртэл Хөгжил нэгдэлд тус тус ажиллаж байсан байдал нь:

  1. Төв аймгийн архивын тасгийн 2016 оны 06 сарын 13 өдрийн 470 дугаартай С.Алимаагийн цалингийн түүвэр /хх 4/
  2. Сундуйн Алимаад 1986 оны 05 дугаар сарын 08 өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлээс  олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 5-6/,
  3. Төв аймгийн архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 06 өдрийн 565 дугаартай “Тус аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн даргын 1982-1987,1990 оны тушаалд холбогдбох баримт гаргаагүй тул иргэн С.Алимаад лавлагаа олгох боломжгүй байна” гэх бичилттэй лавлагаа  /хх 14/,
  4. Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн даргын  1988 оны 12 сарын 08 өдрийн ээлжийн амралт олгох тухай “... 12-р сард амрах хүмүүсийн 1-р хавсралтаар С.Алимаа  133 дугаартай...” гэх бичилттэй тушаал /хх 15/,
  5. Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн даргын  1989 оны 08 сарын 01 өдрийн ээлжийн амралт олгох тухай “... 12-р сард амрах хүмүүсийг 1-р хавсралтаар баталсугай...хавсралтын 19 дугаарт С.Алимаа ...” гэх бичилттэй 133 дугаартай тушаал /хх 16/,

        6. Гэрч Ц.Рэгзэдмаагийн тодорхойлолт /хх 10/, шүүхэд өгсөн мэдүүлэг /хх 18/, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /хх 19-20/,

        7. Гэрч С.Цэнд-Аюушийн тодорхойлолт /хх 23/, шүүхэд өгсөн мэдүүлэг /хх 25/, Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлт /хх 26/ бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.Алимаа Төв аймгийн Өндөрширээт сумын хөгжил нэгдэл 1982 оны 1 дүгээр сарын 01 өдрөөс 1990 оны 12 сарын 31 өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Балин овогт Сундуйн Алимаа нь Төв аймгийн Өндөрширээт сумын хөгжил нэгдэл 1982 оны 1 дүгээр сарын 01 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч С.Алимаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Э.АРИУНАА