Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 181/2023/03042/И |
Дугаар | 210/МА2024/01073 |
Огноо | 2024-05-20 |
Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2024/01073
2024 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 210/МА2024/01073 |
Б.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/01021 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М ХК-д холбогдох, даатгалын нөхөн төлбөрт 46,582,730 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, хариуцагчийн өмгөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б-ийн охин Б.О нь Х банкнаас 46,600,000 төгрөгийн зээл авч орон сууц худалдан авсан. Үүнтэй холбоотой М ХХК-тай 2021 оны 11 сарын 29-ний өдөр *********** дугаартай Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-г байгуулсан. Уг даатгалын гэрээгээр зээлдэгч Б.О-гийн амь нас, эрүүл мэнд нь гэнэтийн ослын эрсдэлээс хамгаалагдсан байсан. Харамсалтай нь Б.О 2022 оны 08 сарын 14-ний өдөр зам тээврийн ослын улмаас нас барсан. Улмаар зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлтийг М ХХК-д гаргасан боловч 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 01/12-03 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу өгсөн. Бид энэ асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Тэр гомдлын хариуг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 9/877 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Гэтэл М ХХК-аас нөхөн төлбөрийг төлөөгүй. Бид М ХХК-аас 2021 оны 11 сарын 29-ний өдрийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 2.2, 2.3, 2.14-т заасны дагуу нөхөн төлбөрийг талийгч охин Б.О-гийн Х банк дахь дансанд шилжүүлж, орон сууцны зээлийг хаахыг хүссэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд нөхөн төлбөр авч чадаагүй. Даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас тухайн даатгуулагчийн амь нас хохирсон, даатгалын тохиолдол болсон учраас нөхөн төлбөр авах эрхтэй. Мөн М ХХК, Х банк ХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулаад, зуучилдаг гэж ойлгож байгаа. Гэтэл мэдүүлгийн хуудас буюу өөрийн даатгагчаа сонгох боломжийг хааж, зөвхөн М ХХК-ийн нөхцөлөөр гэрээ байгуулснаас болоод хохирсон. Даатгуулагчид даатгалын нөхцөл бүрийг тайлбарлан мэдүүлгийн хуудсыг бөглүүлсэн бол маргаан үүсэхгүй. Нэхэмжлэгчээс М ХХК-д шийтгэх тогтоол авахаас өмнө даатгуулагч нас барсан талаар мэдэгдсэн. Гэтэл М ХХК Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан холбогдох дүрэм, журамд заасны дагуу нөхөн төлбөртэй холбоотой ямар баримтууд бүрдүүлж өгөх талаар даатгуулагчийг мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй. Хохирогч залуугаараа нас барсан учраас буяны ажилд нь зориулж буян болох гэж 108 мод тарих газар авсан. 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын 1-р хавсралтаар хүний сэтгэл санаанд учирсан хохирлыг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлалын 3.3-т заасан. Гэтэл 2021 оны 10 сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолоор Ч.Д-ээс гэмт хэргийн хохирол, хор уршгаас учирсан нөхөн төлбөргүй буюу цаашид нэхэмжлэх эрх нь хаалттай байхаар шүүх шийдвэрлэсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2024 оны 07 сарын 31-ний өдрийн А268, А275 тоот тушаалын 1-р хавсралтаар баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэл санаанд учирсан хохирлын зэрэг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.2, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-т зааснаар нөхөн төлнө. Ч.Д нь хохирлыг нөхөн төлөхдөө ипотекийн зээлийн төлбөр гэж төлөөгүй. Нэхэмжлэгчээс 2023 оны 10 сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлсэн. 2021 оны 11 сарын 29-ний өдрийн 08 дугаартай зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 3.1.4 болон 3.1.7 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 2.2, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар 46,582,730 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Даатгуулагч Б.О нь 2021 оны 11 сарын 29-ний өдөр ************* дугаартай Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-г 3 жилийн хугацаатай, хураамжийг жил бүр төлөх нөхцөлтэй байгуулсан. Даатгуулагч нь 2022 оны 08 сарын 14-ний өдөр зам тээврийн ослын улмаас нас барж даатгалын тохиолдол үүссэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн эрүүгийн шүүхэд гаргасан хүсэлт, мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолд дурдсан нь даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээгээр хамгаалсан эрсдэлийн хохирлыг буруутай этгээд нөхөн төлсөн, хор уршгийг бүрэн арилгасан шүүхийн шийдвэр болон бусад баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн шүүхэд гэм хор, хохирлын асуудлыг нэг мөр шийдвэрлэсэн, тухайн үед банкны зээлээ нэхэмжлэх боломж байсан. Буруутай этгээдээс хохирогчийн ар гэрт нийт 105,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байдаг. Энэ өр төлбөрт банкны зээл багтсан гэж илэрхийлсэн байдаг. Даатгалын компани Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасны дагуу нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдсөн гэж үзэж байна. Анх хохирогчийн ээж нь нөхөн төлбөр хүссэн өргөдөлд бүх зардал, хохирлуудаа бичсэн байсан. Тухайн даатгалын тохиолдол үүссэнд маргаагүй. Гэхдээ нөхөн төлбөр олгох нөхцөлийг даатгалын гэрээ, дүрэм журмаа баримталж шийдвэрлэнэ. Энэ маргааны хувьд гэм буруутай этгээдээр хохирлоо бүрэн төлүүлсэн учраас даатгалын компаниас даатгалын гэрээний 3.1.4, 3.1.7, 8.5-д зааснаар нөхөн төлбөр олгох боломжгүй гэдэг шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар өвлүүлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өвлөгдсөн байна. Тэгэхээр даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэх эрх өвлөгдөөгүй гэж үзэж байх тул төлбөр нэхэмжлэх эрхгүй. Зөвхөн М ХХК-ийг сонго гэж ятгасан, дарамталсан гэх нөхцөл байдал үүсээгүй. Хэрвээ ийм үйл баримт байвал баримтаар нотлох шаардлагатай. М ХХК-ийн гэрээ нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдсэн албан ёсны гэрээ буюу зах зээлд нийлүүлж борлуулж болно гэдгийг зөвшөөрсөн. Хорооноос зөвшөөрсөн гэрээг зарж борлуулсан нь нэг талын ашиг сонирхлыг барьсан, хууль бус гэж хэлэх үндэслэлгүй. Мэдүүлгийн маягтын хувьд Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.5-д заасан. Хэрвээ мэдүүлгийн маягтыг бөглүүлээгүйгээс хохирсон гэж үзэж байгаа бол бөглүүлэх асуудал нь зуучлагчийн үүрэг юм. М ХХК шууд буруутай гэж үзэх үндэслэлгүй. Сэтгэл санааны хохирлын хувьд Улсын Дээд шүүхийн тогтоол мөн Шүүх шинжилгээний тухай хуульд орсон өөрчлөлтүүд нь журам батлагдахаас өмнөх тохиолдолд хамаарахгүй. Үүнтэй холбогдуулж сэтгэл санааны хохирол гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Мөн мод тарих газар авсан нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хор уршигт хамаарахгүй. Хохирлын нөхөн төлбөрийг шаардлагатай зүйлд зарцуулаагүй гэм буруутай этгээд эсвэл даатгагчийн буруу мэт харагдуулж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтад оршуулгын зардалд 26,000,000 төгрөгийн хохирол гарсан. Гуравдагч этгээдээс 79,000,000 төгрөгийг нэмж төлсөн. Эрүүгийн хэргийн анхан шатны шийтгэх тогтоол хүчин төгөлдөр, хохирлыг бүрэн төлсөн гэж заасан. Тухайн мөнгөө юунд зарцуулсан нь баримтаар тогтоогдсон байх ёстой. Хохирогч талаас иргэний журмаар явна гэж мэдэгдэхгүй байсан учраас шүүх өөр нэхэмжлэл байхгүй гэж үзээд, гэм хорыг бүрэн арилгасан. Иймд гэм хорыг арилгасан учраас даатгагч нөхөн төлбөр төлөх шаардлагагүй. Шийтгэх тогтоолд яагаад иргэний хариуцагч гэж дурдаагүй гэхээр прокурорын шатанд хохирогч хүсэлтээ гаргаад, нөхөн төлбөр авсан оролцохгүй гэдгээ нотариатаар батлуулж шүүхэд өгсөн болохоор шүүх иргэний нэхэмжлэгч гэж үзэхгүй, шийтгэх тогтоолд дурдаагүй. Мөрдөн байцаалтын шатанд Б.Б-ийг иргэний хариуцагчаар татсан тогтоол байгааг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Эрүүгийн хэргийг шийдэхдээ давхар иргэний хэргийг шийдэх боломжтой байхад өөр нэхэмжлэх зүйлгүй гээд хүсэлтээ өгсөн учраас Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгагч гэм хорын үүргээс чөлөөлөгдөнө. Мөн мод тарьсан, газар авсан гээд нотлох баримтгүй зүйл ярьж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар хариуцагч М ХХК-аас 46,582,730 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-ний 3.1.4 болон 3.1.7 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 390,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
5.1. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн нэхэмжлэл зэргээр даатгалыг зуучлагчаар буюу Х банкаар дамжуулан хийлгэсэн нь тогтоогддог. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ зуучлагчийн буруутай үйлдэл биш даатгагч мэдүүлгийн маягтыг бөглүүлээгүй мэтээр шийдвэрлэсэн нь Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.5-д заасныг бүхэлд нь үгүйсгэж дүгнэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хамтран ажиллах гэрээгээр мэдүүлгийн маягт бөглүүлээгүйгээс үүсэх хариуцлагыг зохицуулдаггүй. Нөгөө талаас мэдүүлгийн маягт нь даатгалын гэрээг дагалдах бичиг баримт бөгөөд даатгалын гэрээгээр талууд даатгалын харилцааны үндсэн, гол асуудлуудыг харилцан тохиролцож байгуулдаг тул мэдүүлгийн маягт болох туслах, дагалдах баримт бичгийг гол болгож нөхөн төлбөрийн шийдвэрлэлтэд нөлөөлөхүйц байдлаар үзсэн нь үндэслэлгүй.
5.2. Нэхэмжлэгчээс даатгалын гэрээний нөхөн төлбөр шаардаж нэхэмжлэл болон тайлбар гаргаж байсан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг "хохирол" шаардсан мэтээр нэхэмжлэлийн хүрээнээс давсан дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчсөн байна.
5.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д дүгнэснийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйл байхгүй хохирлоо бүрэн төлүүлж авсан, биечлэн оролцохгүй гэж өргөдөл өгсөн байдаг. Сэтгэл санааны хохирлыг зэргээр тогтоосон шүүх эмнэлгийн дүгнэлт, түүнийг эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтгүй, уг нөхцөл байдал баримтаар нотлогдоогүй. Нэхэмжлэгчээс 108 мод тарьсан, газар авсан гэх баримтыг ирүүлээгүй тул буруутай этгээдийн барагдуулсан төлбөрөөс 108 мод тарьсан, газар авсан, сэтгэл санааны хохирлоо барагдуулсан гэх нэхэмжлэгч талын тайлбар хөдөлшгүй баримтаар тогтоогдоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбараа нотолсон баримтыг шаардаагүй хэр нь хариуцагч болон гуравдагч этгээд нарыг ипотекийн зээл төлөгдсөн эсэх, даатгалаас нөхөн төлбөр шаардах эрхтэй эсэх, даатгалын нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдсөн гэж үзэх эсэх талаар баримтаар нотлоогүй гэж хэт нэг талыг барьсан, нэхэмжлэгчид давуу байдал олгосон шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Шийтгэх тогтоол болон эрүүгийн хэрэгт авагдсан баримтууд нэхэмжлэгч цаашид нэхэмжлэх зүйлгүй, хохирол бүрэн барагдаж, төлөгдсөн гэх тайлбарууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад түүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн, шийтгэх тогтоолоор хохирлын асуудлыг нэг мөр шийдвэрлэсэн байтал түүнийг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
5.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 5.7-д дүгнэснийг зөвшөөрөхгүй. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу тогтоол хэлбэрээр гараагүй учраас даатгагчаас Захиргааны хэргийн шүүхэд хандан маргаан үүсгэх үндэслэлгүй бөгөөд Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу даатгалын гэрээнээс үүдсэн аливаа маргааныг иргэний шүүх шийдвэрлэнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйа тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч тал хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан зээлдэгчийн амь насны даатгалд заасан эрсдэлийн улмаас тухайн даатгалын зүйл бий болсон учраас Даатгалын тухай хууль болон даатгуулагч, даатгагч нарын хооронд байгуулагдсан зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээнд заасны дагуу нөхөн төлбөрийг олгох нь зөв гэж үзэж байна. Учир нь осол болсон 2022 оны 08 сарын 14-ний өдрөөс хойш даатгалын гэрээнд заасны дагуу М ХХК-д нэхэмжлэгч талаас осол болсон талаар мэдэгдэж, хууль зүйн туслалцаа авах, гэрээнд заасан нөхөн төлбөр авах талаар асуухаар 2-3 удаа хохирогчийн эцэг, эх биечлэн очиж байсан. М ХХК нь буруутай этгээдээс гаргуулах боломж байна гэж үзвэл даатгалын гэрээний 5-д М ХХК-ийн эрхийг тодорхой заасан. Хэрэв гуравдагч этгээдтэй холбоотой ямар нэгэн асуудал үүсэхэд даатгагчтай хамтарч ажиллах боломж байсныг даатгагч харж үзээгүй, өөрийн эрхээ хэрэгжүүлж, үүргээ биелүүлж чадаагүй. Үүнээс шалтгаалан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38, 107 дугаар зүйлд заасан мэтгэлцэх эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй. Мөн Х банк ХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээгээ гаргаж өгөх 10 сарын хугацаа байхад гаргаж өгөөгүй. Иймд Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулаад баримтжуулахаар заасан. Мөн нарийвчлан ипотекийн зээлийн үйл ажиллагааны журамд даатгалын гэрээг танилцуулах, баталгаажуулах, хэрэв танилцуулаагүй тохиолдолд нөхөн төлбөрийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх талаар заасан. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
7.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д эрүүгийн хэргийн материалд бүрдүүлж өгсөн санхүүгийн баримттай 26,000,000 төгрөгөөс гадна 79,000,000 төгрөгийг нэмж төлсөн. Энэ мөнгөөр Б.Б мод тарина уу, ипотекийн зээлээ төлнө үү надад хамаагүй бөгөөд би бүх хохирол түүний үр дагавар болох хор уршгийг төлж барагдуулснаа баталгаажуулж цаашид Ч.Д надаас эрүү, иргэний аль ч журмаар ямар нэгэн гомдол санал гаргахгүй, иргэний журмаар нэхэмжлэлгүй гэсний баталгаа юм.
7.2. Анхан шатны шүүх "М" ХХК-аар ипотекийн зээлийн үлдэгдэл 46,582,730 төгрөгийг Б.Б-д төлүүлэхээр шийдвэрлэсэн. "М" ХХК төлснийхөө дараа Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасныг үндэслэж Ч.Д надаас дээрх мөнгийг нэхэмжлэх шаардлага гаргах болно. Ипотекийн зээлийн үлдэгдлээс илүү мөнгийг Б.Б-д өгч гэм хор арилгасныг эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тогтоосон байхад иргэний хэргийн анхан шатны шүүх даатгалын компаниас нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай зөрчилдөж байна.
7.3. Мөн шүүх олон хүүхдээ тэжээх гэж кран барьж хоолоо залгуулдаг иргэн намайг үйлдсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээгээд явж байхад давхар шийтгэж байгаа нь шударга бус бөгөөд маш их гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8. Нэхэмжлэгч тал гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Манайх 105,000,000 төгрөг авсан бөгөөд зорилго нь даатгалын 46,000,000 төгрөгөөс тусад нь авна гэсэн үүднээс бичиг хийж өгсөн. Гэвч ипотекийн зээлд зарцуулна гэсэн тохиролцоо байхгүй, энэ талаар хэлсэн зүйлгүй бөгөөд хэлсэн гэж үзвэл Ч.Д-гийн зүгээс ямар нэгэн баримт гаргаж өгөх байсан. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байсан. Иймд гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 46,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 22/
Гуравдагч этгээд Ч.Д нь хариуцагч М ХХК-ийн байр суурийг дэмжин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.
3. Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Х банк ХК болон Б.О нар 2021 оны 11 сарын 29-ний өдөр Ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 46,600,000 төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон; /хх 100-105/
3.2. Дээрх Ипотекийн зээлийн гэрээ-ний 4.2.4-т заасны дагуу Б.О нь М ХХК-тай 2021 оны 11 сарын 29-ний өдөр Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-г 3 жилийн хугацаатай байгуулж, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдлийг даатгуулж, даатгалын хураамжид 37,280 төгрөг төлсөн; /хх 12-15/
3.3. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2022 оны 08 сарын 14-ний өдөр даатгуулагч Б.О нь зам тээврийн осолд орж, нас барж, даатгалын тохиолдол бий болсон;
3.4. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/794 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ч.Д гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн; /хх 36-39/
3.5. Даатгуулагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б даатгалын нөхөн төлбөр авах тухай хүсэлт гаргасныг даатгагч М ХХК эс зөвшөөрч, нөхөн төлбөр олгох боломжгүй хариуг өгсөн. /хх 11/
4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4-т тус тус заасныг анхаараагүйн улмаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
4.1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхөөр, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4-т даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн бол даатгагч нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж болохоор тус тус зохицуулжээ.
4.2. Өмнө дурдсан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/794 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...Шүүгдэгч Ч.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт ...нийт 105,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-өөс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...Ч.Д-д холбогдуулан ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болсон бөгөөд оршуулгын зардал болон бусад хохирлоо бүрэн барагдуулж авсан учир Ч.Д-д оногдуулах ялыг тэнсэж өгнө үү. Шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ... гэж, тогтоох хэсгийн 6-д ...Ч.Д ... гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй... гэж тус тус тусгажээ. /хх 36-39/
4.3. Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 9/877 тоот албан бичигт ...даатгуулагчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардалд 24,000,000 төгрөг, буяны ажилд 17,000,000 төгрөг, цалингийн зээл, өрөнд 6,000,000 төгрөгийг зарцуулсан талаар өргөдөл гаргасан... агуулга дурдагджээ. /хх 9-10/
5. Дээрхээс үзвэл, гуравдагч этгээд Ч.Д нь хохирогчийн ар гэрт нийт 105,000,000 төгрөгийг төлсөн, үүнээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь буяны ажил, зарим зардалд нийт 47,000,000 төгрөгийг зарцуулсан, улмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхэд Ч.Д-ээс нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан тухайгаа илэрхийлсэн, шүүх уг нөхцөл байдлыг харгалзан үзээд Ч.Д-д тэнсэн харгалзах ял оногдуулсан гэж дүгнэхээр байна.
Өөрөөр хэлбэл, даатгуулагчийн хууль ёсны төлөөлөгч нь гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан, хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн байх тул даатгагч нь нөхөн төлбөрийг олгохоос татгалзах эрхтэй.
6. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгагчид шилжих тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээрээ хохирлыг бүрэн төлсөн гуравдагч этгээд Ч.Д нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөрийг М ХХК-д дахин төлөх нөхцөл байдлыг үүсгэхээр байгаа нь шударга ёсонд нийцэхгүй юм.
Энэ талаарх хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/01021 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4-т тус тус зааснаар хариуцагч М ХХК-д холбогдох, даатгалын нөхөн төлбөрт 46,582,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М ХХК-аас 2024 оны 04 сарын 26-ны өдөр төлсөн 461,150 төгрөг, гуравдагч этгээд Ч.Д-ээс 2024 оны 04 сарын 26-ны өдөр төлсөн 390,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Д.НЯМБАЗАР