Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 245

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Д.Агар,

Шүүгдэгч Б.Г /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овогт Б.Гд холбогдох эрүүгийн 1811014730129 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч Тугчин овогт Б.Г, Монгол Улсын иргэн, 1974 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, химич технилогич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачид 6 гудамж, 192 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, ХГ-910 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ............

         Шүүгдэгч Б.Г /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Энхбаярын итгэмжилж өгсөн Хаан банкны виза картнаас зөвшөөрөлгүй, дур мэдэн гурван удаагийн үйлдлээр нийт 650.000 төгрөг завшсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Гас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би Энхбаярыг урьдын танидаг байсан юм. 2018 оны 5 сарын 9-ний өдөр Энхбаяртай Урт цагааны орчим уулзаж ойролцоо байдаг бааранд архи уусан. Энхбаяр өөрөө согтуу байсан учраас надад өөрийнхөө Хаан банкны виза картаа өгсөн. Тэр картаар нь ойролцоогоор 60.000-70.000 төгрөгний тооцоо гарч үргэлжлүүлээд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Мандухай зочид буудлын урд байдаг паабад орсон. Тэнд дахиж пиво уугаад 4 пивоны мөнгө картаар нь төлсөн. Тэндээс гараад бааранд оръё гээд Монгол нэртэй кароаке бааранд ороод нилээн удаан суусан. Тэр газарт пиво, архи дахиж авч уугаад Энхбаярын эхнэр нь залгаад Энхбаярыг гэрт нь хүргээд ирээч гэхээр нь бид 2 гараад таксинд суугаад Энхбаярын зааснаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байдаг гэрт нь хүргэж өгсөн. Энхбаярыг гэрт нь оруулахдаа картыг нь өгөхөө марчихсан байсан ...Маргааш өглөө нь гараад картаар нь дэлгүүрээс архи авч уусан. Картнаас нь мөнгө авахдаа АТМ-ээс бэлнээр мөнгийг нь аваад дэлгүүр орж архи ууж байсан ... ” гэх мэдүүлэг /хх-31-32х/,

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би өөрийн буруутай үйлдлээс болж хүний итгэж өгсөн зүйлийг дур мэдэн хэрэглэсэн” гэв.

Хохирогч Г.Энхбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Холбооны салбарын ажилчдын дундах шатрын тэмцээнд оролцоод байж байхад бүтэн нэрийг нь мэдэхгүй Ганаа гээд шатар тоглодог залуу хүрээд ирсэн. Тэгээд тэндээс гараад ялалтын баярын өдөр байсан мөн би тэмцээнд амжилттай оролцсон гээд тэмдэглэхээр болоод Урт цагааны урд талын “Пулл” пабад мурий Ганаатай цуг орсон. Тэгээд 0.5 литрийн Соёрхол архи ус ундаатай аваад суугаад тэрнийгээ уусан. Тэндээс гараад “Саксис” нэртэй караоке орж дуулахаар явсан. Тэнд ороод пиво уугаад мөн архи уусан. Ер нь орсон газруудад гарсан тооцоог би өөрийн Хаан банкны картаар төлсөн төлбөрийг төлөхдөө би картаа муруй Ганаад өгөөд Ганаа тооцоо миний картаар хийгээд яваад байсан. Тэр караоке баарнаас гараад таксинд муруй Ганаатай цуг суугаад гэрийнхээ гадаа эхлээд буусан. Тэгээд Ганаа цаашаа такситайгаа явсан яг хаашаа явсаныг би мэдэхгүй би гэртээ орж амарсан. Тэгээд маргааш өглөө нь би 11 цаг өнгөрөөд босоход миний карт байхгүйг мэдээд Ганаа руу залгахад гар утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд Ганааг над руу залгах байх гэж бодоод дээрээс би өөрөө ажилтай байсан болохоор картаа асуулгүй мартсан байсан. 2018 оны 5 сарын 11-ний өдөр өглөө би миний картнаас гүйлгээ хийгдэх бүрт захидал ирдэг гар утсаа асаахад надад нилээн олон захидал ирсэн. Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр миний картнаас 3 удаагийн гүйлгээ хийгдсэн байсан бөгөөд нийтдээ 650.000 төгрөг бөөнөөр нь авсан байсан мөн миний картыг уншуулаад хэд хэдэн удаагийн худалдан авалт хийсэн захидал ирсэн байсан. Ийм асуудал болсон байгааг би эхнэртээ хэлж Хаан банкан дээр очиж картаа хаалгасан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан ...” гэх мэдүүлэг /хх-18-22х/,

Хохирогч Г.Энхбаярын эзэмшлийн 5129014592 дугаартай Хаан банкны депозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хх-14-16х/,

Шүүгдэгч Б.Гын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч Балсангийн Гантулга нь 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Энхбаярын итгэмжилж өгсөн Хаан банкны виза картнаас зөвшөөрөлгүй, дур мэдэн гурван удаагийн үйлдлээр нийт 650.000 төгрөг завшсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжилж өгсөн Хаан банкны виза картнаас зөвшөөрөлгүй, дур мэдэн гурван удаагийн үйлдлээр нийт 650.000 төгрөг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Энхбаярт учруулсан гэм хорын хохирол 650.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Б.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг  ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.