Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01074

 

 

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01074

 

 

 Т ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/01622 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б, Х.Ц нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 719,233,235 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Зээлдэгч Б.Б, Х.Ц нар Т ХК-тай 2019 оны 06 сарын 26-ны өдөр 34000******* дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 560,000,000 төгрөгийг нэг сарын 1.06 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээл авсан. Гэтэл зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж 833 хоног зээлийн хугацаа хэтрүүлсэн. Иймд хариуцагч Б.Б, Х.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 553,406,172 төгрөг, зээлийн хүү 162,892,911 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,934,151 төгрөг, нийт 719,233,235 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Б хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Өмгөөлөгчтэй оролцмоор байна. Үндсэн зээлд маргахгүй. Хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар маргаж байна. Банкны тооцооллыг зөвшөөрөхгүй. Бид зээл авснаас хойш төлж байсан. Үндсэн зээл болон хүүгээс хэд хасагдсаныг мэдэхгүй. 166,000,000 орчим төгрөг төлсөн байх гэж бодож байна. Хүү, нэмэгдүүлсэн хүү нь хэтэрхий их байна гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Б.Б, Х.Ц нараас 716,299,084 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,934,151 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б.Б-ийн өмчлөлийн С дүүрэг, **-р хороо, **-р хороолол /****/, У-ны гудамж, **-р байрны 1/2 тоот хаягт байрлах 87.91 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д аймгийн Х сумын **-р баг, У баруун хэсэг, *-** тоот хаягт байрлах 09****** нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-06****** дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбай бүхий газар, Д аймгийн Х сум, **-р баг, Д А-2-р гудамж, ** тоот хаягт байрлах ************ нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-06********* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбай бүхий газрыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 3,824,317 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 3,809,645 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Б.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Хариуцагч нар 2019 оны 06 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, барьцаа хөрөнгийг барьцаалан, бизнесийн үйл ажиллагаанд зориулан 560,000,000 төгрөгийг зээлж авсан. 2020 оны 09 сараас Ковид-19 цар тахлын нөлөөлөл үйлчлэн бизнесийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Зээлийн гэрээний эргэн төлөлтийг бид бизнесийн үйл ажиллагаа явуулж орлого олж төлөх нөхцөлтэй байсан. 2019 оны 06 сарын 29-ний өдрөөс 2021 оны 11 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд бид 166,979,044 төгрөг төлсөн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй буюу зээлийн гэрээний эргэн төлөлт доголдож эхэлсэн үеэс эхлэн банкинд хандан зээлийн гэрээний төлөлтийг хойшлуулах, цар тахалтай байх үеийн хүүг зогсоох, тодорхой дэмжлэг үзүүлэх талаар удаа дараа уулзан шаардлага тавихад таны асуудлыг удахгүй шийдвэрлэнэ, зохих дэмжлэг арга хэмжээнүүд Монгол Улсын Засгийн газраас гарна, та нар санаа зовохгүй байж болно гэх хариултыг хэлж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй мөртлөө шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Цар тахлын үед Засгийн газраас зээл болон зээлийн гэрээтэй холбоотой шийдвэр тогтоолууд гарсан боловч энэ тогтоол шийдвэрүүд манай зээлэнд хэрэгжиж үр дүн гараагүй. Мөн зээлийн гэрээний төлөлтөнд тооцоолол хийвэл 2021 оны 11 сард шаардах эрх нь үүссэн. Зээлийн гэрээний 6.2.1-д заасныг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэхээр байна. Зээлийн эргэн төлөлт зөрчигдөж биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад өнөөдрийг хүртэлх хугацааны хүү, алданги тооцсон нь нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэх бодит үндэслэл бий болсон.

4.2.  Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасны дагуу бид энэ хүртэлх хугацаанд төлсөн төлбөрийг үндсэн зээлийн төлөлтөнд тооцуулж хасуулах хүсэлтэй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу энэ гэрээ нэг талын санаачилгаар байгуулагддаг бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон нөхцөл үүссэн байхад гэрээгээ цуцлаагүй, хариуцагчийг хүүгийн дарамтанд оруулах нөхцөл бий болгосон. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн үүрэгтэй холбоотой төлөгдөж буй төлбөрөө зээлийн гэрээний дагуу үүсэх үндсэн болон нэмэлт үүргийн алинд суутгуулахыг сонгох, илүү хүнд нөхцөлтэй үүрэгт тооцуулах эрхийг үүрэг гүйцэтгэгчид олгогдсон байна.

4.3.  Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2.7-д заасан нь үүрэг гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэх дарааллыг хуульд тогтоосноос өөрөөр тогтоон хязгаарласан шинжтэй байна. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8-д зааснаар стандарт нөхцөл бүхий гэрээний санал хүлээн авагч тал нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэн байгаа тохиолдолд нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн бол уг стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байхаар заасан. Иймд хариуцагч нь зээлийн төлбөрийг 833 хоногоор хугацаа хэтрүүлсэн боловч төлсөн 166,979,044 төгрөгийг зээлийн гэрээний 2.2.7-д зааснаар бус, харин Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар тооцох үндэслэлтэй. Анхан шатны шүүх дүгнэхдээ нарийвчлан дүгнэлт тооцоолол хийгээгүй, ерөнхий байдлаар бодож төлбөрийн задаргааг хийсэнгүй. Талууд хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн талаар тохиролцсон боловч гэрээнд хүүгийн хэмжээг заагаагүй нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2-т заасныг зөрчсөн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй.

4.4.  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4-т заасан ба тус банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 сарын 23-ны өдрийн А-203 тоот тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 1.3.9-д гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд Иргэний хуульд заасан хувиас хэтрэхгүй хувь хэмжээгээр үндсэн хүүг нэмэгдүүлж тооцсон хүүгийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн хүү гэж тодорхойлж, 1-р хавсралтын нэгийн 4-т нэмэгдүүлсэн хүү тооцох аргачлалыг томъёогоор тооцоолсон нь үндэслэлтэй эсэх, зээлийн гэрээний үндсэн задаргаа байхгүй, зээлийн гэрээний эргэн төлөлтөд төлсөн төлбөрийг хэрхэн, яаж тооцсон зэрэг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй нөхцөл байдал тогтоогдож байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3, 25 дугаар зүйлийн 25.2-т заасан зохицуулалтаас үзвэл хэтэрсэн хугацааны хүүг, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл төлөх ба хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээ нь зээлийн гэрээгээр тохирсон үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрэх ёсгүй. Зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь гэрээний үндсэн үүрэгт, хэтэрсэн хугацааны хүү нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэгт тус тус хамаардаг тул эдгээрийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэл өөр бөгөөд үүнийг шүүх банкнаас тодруулсны эцэст эрх зүйн дүгнэлт өгөх ёстой байсан.

4.5.  Иргэн намайг хууль зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээр огт хангаагүй болно.

Иймд дээрх нөхцөл байдал шалтгааныг тодруулан хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон зээлийн эргэн төлөлтийн тооцоолол, Ковид-19 нөхцөл байдлыг харгалзан шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

5.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Шүүх хариуцагчийг өмгөөлөгч авах эрхээр хангаж шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулсан. Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нь дахин хичээл заах учраас шүүх хуралдаанд оролцохгүй гэх агуулгатай хүсэлт ирүүлснийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хянаж үзээд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Түүнээс өмгөөлөгч авах хүсэлт гаргахад нь хангахгүй орхиж, хэргийг шийдвэрлэсэн зүйл байхгүй. Мөн банк шүүхэд эрт хандаагүй учраас хариуцагч зээлийн хүүгийн дарамтад орсон гэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэзээ тодорхойлж, хэдэн төгрөг шаардах нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх юм. Энэ гэрээ 2029 оны 07 сарын 20-ны өдөр дуусгавар болох урт хугацааны шугамын зээл буюу зээлийн батлан даалтын сангаас нэхэмжлэхтэй зээл юм. Түүнчлэн, зээлийн хүүг үндсэн төлбөрөөс хасах ёстой гэх үндэслэл гомдолд дурдсан. Зээлийн гэрээ байгуулагдан зээлийн эргэн төлөх хуваарь батлагддаг бөгөөд 3 шатны хорооны шийдвэрээр баталгааждаг. Зээлдэгч нарын хүсэлтээр эхний нэг жил үндсэн зээлээс чөлөөлсөн бөгөөд зөвхөн хүүгээ нэг жилийн хугацаанд төлнө гэдэг эргэн төлөх хуваарийг зээлдэгч нар зөвшөөрснөөр гэрээ байгуулсан. Банк ашгийн төлөө байгууллага учраас журамд зааснаар зээлийн хүүг түрүүлж авах нь банкны эрх ашигт нийцэж байна. Зээлийн тооцооллыг энгийн байдлаар гаргасан гэх боловч тооцооллыг компьютер, программаар тооцоолсон. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд тооцоолол гаргаж, хэргийг шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2.   Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Б.Б, Х.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 553,406,172 төгрөг, зээлийн хүү 162,892,911 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,934,151 төгрөг, нийт 719,233,235 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар ...хүү, нэмэгдүүлсэн хүү хэтэрхий их байна... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 49, 67-72/

3.   Талууд 2019 оны 06 сарын 26-ны өдөр 34000********** тоот Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Т ХК нь 560,000,000 төгрөгийг нэг сарын 1.06 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдүүлэх, Б.Б, Х.Ц нар зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамтаар буцаан төлөх, үндсэн зээл төлөх үүргийг эхний 24 сарын хугацаанд чөлөөлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 10-13/

Мөн өдөр талууд 34000*********** тоот Барьцааны гэрээ байгуулж, Б.Б-ийн өмчлөлд бүртгэлтэй, С дүүргийн *-р хороо, *-р хороолол /*****/, У-ны гудамж **-р байрны 1/2 тоот хаягт байршилтай 87.91 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д аймгийн Х сум, *-р баг, У баруун хэсэг, *-** тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Д аймгийн Х сум, *-р баг Д А-2-р гудамж, ** тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх 14-18/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

5. Нэхэмжлэгч тал үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг шүүхэд гаргаж өгсөн, уг тооцооллыг хариуцагч тал өөрийн тооцооллоор няцаагаагүй. /хх 24-25/

Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.Б, Х.Ц нараас 716,299,084 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгож, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай тус тус нийцжээ.

6.   Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

6.1. Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нь зээлдэгч нарыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул ...банкинд хандан зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, зээлийн хүүг зогсоох, тодорхой дэмжлэг үзүүлэх талаар шаардлага тавьсан боловч арга хэмжээ аваагүй... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

6.2. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлэх эсэх нь нэхэмжлэгчийн буюу банкны бүрэн эрхэд хамаарах тул ...нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдсэн... гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Өөрөөр хэлбэл, шаардах эрхийг үүрэгжүүлэх боломжгүй.

6.3. Өмнө дурдсанчлан, хариуцагч тал нь нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг өөрийн тооцооллоор няцаагаагүй. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй.

Түүнчлэн, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоос үзвэл банк нь хариуцагч нарын төлсөн 166,680,055 төгрөгийг зээлийн гэрээний үүргээс хасч тооцсон байна.

Иймд ...шүүх нарийвчлан тооцоолол хийгээгүй, ерөнхий байдлаар бодож төлбөрийн задаргааг хийсэн... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6.4.  Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ-ний хугацаа дуусаагүй байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг хэрэглэх боломжгүй. Энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

6.5.  Хариуцагч талын гаргасан өмгөөлөгч авах хүсэлтийг шүүх хүлээн авч, 2024 оны 03 сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, хариуцагч талын хууль зүйн туслалцаа авах эрхийг хангасан байна. /хх 61-62/

Их сургуульд хичээл заадаг гэх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгахгүй.

Иймд ...хууль зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээр огт хангаагүй... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/01622 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Б-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 3,809,645 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Д.НЯМБАЗАР