Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 181/2023/05591/И |
Дугаар | 210/МА2024/01075 |
Огноо | 2024-05-20 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2024/01075
2024 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 210/МА2024/01075 |
Р ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/01332 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Д, Х.Х нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 67,779,765 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Б.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, хариуцагч Х.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч Б.Д нь 2018 оны 04 сарын 03-ны өдөр 19/18 дугаартай зээлийн гэрээг байгуулж 150,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 2.5 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2 ширхэг орон сууц, эзэмших эрхтэй 2 газрыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний хугацааг хариуцагч Б.Д-гийн хүсэлтээр 2019 оны 04 сарын 03-ны өдрөөс 2019 оны 07 сарын 03-ны өдөр хүртэл 3 сараар, 2019 оны 07 сарын 03-ны өдрөөс 2020 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл 8 сараар, 2020 оны 03 сарын 03-ны өдрөөс 2020 оны 09 сарын 03-ны өдөр хүртэл 6 сараар тус тус сунгасан. Хариуцагч Б.Д нь өнгөрсөн хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 108,330,000 төгрөг, үндсэн хүүнд 70,281,841 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,194,460 төгрөгийг төлсөн байдаг. Хариуцагч Х.Х нь энэ зээлийн хамтран зээлдэгч бөгөөд өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаанд тавьсан болно. 2022 оны 02 сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 41,670,000 төгрөг, зээлийн хүү 21,892,868 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,722,520 төгрөг, нийт 67,285,388 төгрөг байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 67,285,388 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Д хариу тайлбартаа: Миний бие Р ХХК-тай 2018 оны 04 сарын 03-ны өдөр 19/18 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 150,000,000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн 4 өрөө, 2 өрөө орон сууцаа болон Б суман дахь газраа тавьсан. Барьцаанд байгаа 220 мянгатын 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шүүгдэгч Х.Х д 2019 онд залилуулсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ********* тоот эрүүгийн хэрэг нь шилжээд 2024 оны 02 сарын 15-ны өдрийн шүүх хурлаар РХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр оролцуулах шаардлагатай гэж үзэж 60 хүртэл хоногийн завсарлага авч шийдвэрлэсэн. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр барьцаанд байгаа 2 өрөө орон сууцны өмчлөгч болохоо тогтоолгосны дараа энэ иргэний хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Р ХХК-ийн нэхэмжилж байгаа зээлийн үндсэн төлбөр 41,670,000 төгрөгийг төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй. Б.Д нь сүүлд Р ХХК-ийн захиралтай уулзаж тохиролцоод үндсэн зээлээ төлнө гэж хэлээд гарын үсэг зураад явсан гэдэг. Иймээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэжээ.
3. Хариуцагч Х.Х хариу тайлбартаа: Би Б.Д-гийн Р ХХК-иас 2018 онд авсан 150,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон. Хариуцагч Б.Д-гийн тайлбарыг дэмжиж, ижил байр суурьтай байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэжээ.
4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Б.Д, Х.Х нараас зээлийн төлбөр 67,285,388 төгрөгийг гаргуулж Р ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 494,377 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496,849 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д, Х.Х нараас 494,378 төгрөгийг гаргуулж Р ХХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч Б.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
5.1. Б.Д нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд барьцаа хөрөнгө болох С дүүргийн *-р хороо, 220 мянгат гудамж **-р байр, ** тоот орон сууцыг хамтран зээлдэгч Х.Х-д залилуулсан гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр нэхэмжлэгч Р ХХК-ийг татсан шүүгчийн захирамж гарсан болно. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар хариуцагч Х.Х нь гэм буруутайд тооцогдох юм бол иргэний хэрэгт хариуцагчаар татах нь үндэслэлгүй болох тул хэргийг түдгэлзүүлэх хүсэлт удаа дараа гаргасан боловч шүүгч авч хэлэлцээгүй. Эрүүгийн шүүхийн шүүгчийн захирамж тухайн үед бичгээр гараагүй байсан тул гаргаж өгөх боломжгүй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн.
5.2. Хэрэгт Б.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.
5.3. Анхан шатны шүүхийн шийдвэрт зээлийн гэрээг 3 удаа сунгасан гэх баримт байх боловч өмнөх зээлийн үлдэгдэл хүүг дараагийн зээлийн үндсэн зээлд оруулж гэрээ байгуулсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага хүүнээс хүү тооцогдож гарсан тул шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 21,892,868 төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй, шүүгч хэргийг буруу шийдвэрлэсэн, мэтгэлцэх эрхээр хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтыг хууль зүйн хувьд үндэслэлтэй дүгнэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтыг нотолгооны ач холбогдолтой гэж үзэж зээлийн гэрээний төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийн дагуу хариуцагч Б.Д хуралд оролцсон бөгөөд шүүхээс удаа дараа өмгөөлөгч авах эсэхийг тодруулахад өмгөөлөгчгүй шууд оролцоно гэх тайлбар өгсөн. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан өмгөөлөх эрхээр хангаагүй гэх гомдол үндэслэлгүй. Үндсэн хариуцагч нь өмгөөлөгчгүй оролцоно гэж тайлбарласан бөгөөд сүүлд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулсан. Түүнчлэн, эрүүгийн хэргийн талаар дурдсан боловч энэ үндэслэл нь үндсэн зээлийн гэрээтэй ямар ч хамааралгүй. Барьцаанд тавьсан зээлтэй холбоотой асуудал нь үндсэн болон хамтран зээлдэгч нарын хоорондын асуудал юм. Манайхтай байгуулсан гэрээний үндсэн зээлдэгч нь Б.Д бөгөөд барьцаанд тавьсан хөрөнгө нь түүний хөрөнгө учраас зээлийн гэрээг шийдвэрлэхэд эрүүгийн журмаар шийдвэрлэж буй асуудал хамааралгүй. Иймд анхан шатны шүүх энэ талаар дүгнэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч Б.Д, Х.Х нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 41,670,000 төгрөг, зээлийн хүү 21,892,868 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,722,520 төгрөг, нийт 67,285,388 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх 1-3/
Хариуцагч Б.Д нь дээрх шаардлагаас үндсэн зээл 41,670,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан. /хх 60, 83-88/
Хариуцагч Х.Х нь хариуцагч Б.Д-гийн гаргасан тайлбарыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. /хх 83-88/
3. Талууд 2018 оны 04 сарын 03-ны өдөр 19/18 тоот Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Р ХХК нь 150,000,000 төгрөгийг нэг сарын 2.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, Б.Д, Х.Х нар уг зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд гэрээнд заасан хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 10-13/
Дээр Зээлийн гэрээ-нд талууд 2019 оны 04 сарын 03, 2019 оны 07 сарын 03, 2020 оны 03 сарын 03-ны өдрүүдэд тус тус өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 2020 оны 09 сарын 03-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгаж, үүнтэй холбоотойгоор эргэн төлөлтийн хуваарийг өөрчилжээ. /хх 21, 22, 23/
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, тус гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
4. Хэрэгт талуудын хооронд 2018 оны 04 сарын 03-ны өдөр байгуулагдсан 19/18/1 тоот, 19/18/2 тоот болон 19/18/3 тоот Барьцааны гэрээ-нүүд авагдсан боловч нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргаагүй тул давж заалдах шатны шүүх эдгээр барьцааны гэрээний талаар хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв. /хх 14-16, 17-19, 24-26/
5. Зээлдүүлэгч Р ХХК нь 2018 оны 04 сарын 12-ны өдөр 150,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Д гийн өмчлөлд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ. /хх 20, 31/
6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор Зээл төлөлтийн дансны хуулга гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн, уг баримтад хариуцагч нарын төлсөн төлөлт, огноо зэргийг тодорхой тусгаж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг тусгасан байна. /хх 27-29/
Хариуцагч нар дээрх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг няцаах, үгүйсгэх тооцооллыг шүүхэд холбогдох нотлох баримтын хамт гаргаж өгөөгүй.
7. Иймд анхан шатны шүүх хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 67,285,388 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасантай нийцнэ.
8. Хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
8.1. Зээлдэгч Б.Д нь ...зээлдүүлэгч Р ХХК-ийн захиралтай уулзаж, зөвхөн үндсэн зээлээ төлөхөөр тохиролцсон... гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй.
Талууд дээрх байдлаар харилцан тохиролцож баримт үйлдсэн, эсхүл Зээлийн гэрээ-нд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан талаар баримт хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.
8.2. Барьцаа хөрөнгөө Х.Х-д залилуулсан гэх Б.Д-гийн гомдлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх нөхцөл байдал нь Зээлийн гэрээ-ний үүргийг хариуцагч нараас шаардсан маргаанд хамааралгүй буюу эрүүгийн журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө уг иргэний маргааныг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
8.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх үндсэн болон нэмэлт хугацаа дууссан байх тул анхан шатны шүүх ...хариуцагч Б.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоноос хойш хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй... гэж дүгнэн хүсэлтийг хангахгүй орхин маргааныг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/01332 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Д-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 267,414 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.НЯМБАЗАР