Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 322

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

          Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

          Шүүгдэгч Д.Г /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909008840308 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д.Г

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

      Яллагдагч Д.Г нь 2019 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 20 дугаар гудамжны 781Б -тоотод байрлах нийтийн байранд хохирогч Г.Батбаяртай илүү түлхүүр байвал өгөөч хэмээн хаалга дахин дахин тогшсон гэх шалтгааны улмаас маргалдан цохиж түүний эрүүл мэндэд 1 шүдний булгарал, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Д.Г нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.

     

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Д.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 20 дугаар гудамжны 781Б -тоотод байрлах нийтийн байранд хохирогч Г.Батбаяртай илүү түлхүүр байвал өгөөч хэмээн хаалга дахин дахин тогшсон гэх шалтгааны улмаас маргалдан цохиж түүний эрүүл мэндэд 1 шүдний булгарал, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол учруулж хохоирогчийн бие эрх чөлөөнд халдсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Г гэмт үйлдлээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогч Г.Батбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлсэн нь зөв байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Д.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.Г-ын гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг үнэлж, гэм бурууг шийдвэрлэх үндэслэлтэй.

Эрүүгийн 1909008840308 дугаартай хэргээс:

Хохирогч Г.Батбаярын “...би 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 20 дугаар гудамжны 781Б тоотод байрлах нийтийн байрныхаа өрөөний түлхүүрийг машинд хийж явуулаад гэртээ орж чадахааргүй болсон. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн алдад тухайн нийтийн байр ругаа очоод эзнээс нь илүү түлхүүр байгаа эсэхийг асуухаар гэрийнх нь хаалгыг тогшсон чинь хаалгыг нэг зүс таних ах тайлсан. Тэгээд тухайн ахад хандаж “нийтийн байрныхаа өрөөний түлхүүрийг машинд өгөөд явуулсан байна, илүү түлхүүр байдаг болов уу” гэж асуусан чинь байхгүй гэж хэлээд хаалгаа хаасан. Би хаалгыг нь дахиж тогшоод анх энэ байранд орохдоо уулзаж байсан эгчтэй уулзмаар байна гэж хэлсэн чинь нөгөө ах байхгүй гэж хэлээд намайг түлхэхээр нь зөрүүлээд заамдаж аваад бид хоёр хоорондоо ноцолдсон. Тэгсэн чинь тэр айлын хүүхэд нь өрөөнөөс миний араас боож татаж бид хоёрыг салгасан чинь нөгөө ах шууд миний үүдэн шүд рүү цохисон. Тэгээд миний үүдэн нэг шүд унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Шинжээчийн “Г.Батбаярын 1 шүдний булгарал, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид 5% тогтонги алдагдуулна..." гэх №1449 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/

 Гэрч Н.Эрхэмбаярын “...Г.Батбаяр 5 минут орчим болоод гарч ирэхгүй болохоор нь таксигаа явуулчхаад араас нь ортол энэ хүн миний шүдийг цохиод унагачихлаа гээд шүд нь шалан дээр хэвтэж байсан бөгөөд эсрэг талын өрөөнөөс тэр гэрийн эзэгтэй гарч ирээд шалан дээр байсан шүдийг нь аваад хогийн сав руу хаясан..." гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

          Иймд шүүгдэгч Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 1909008840308 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

          Ял шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа  /хх-ийн 33 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

         

          Шүүх шүүгдэгч Д.Г-ын үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

      Шүүгдэгч Д.Г-д шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх

биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

         

          Хохирогч Г.Батбаяр “шүд рүү Д.Г  цохьсоны улмаас гэмтсэн, булгарч унасан боловч одоо надаас уучлалт гуйж гомдлыг барагдуулж 1.500.000 төгрөг өгсөн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-46 дугаар хуудас/

 

          Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.