Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 102/2024/00517/И |
Дугаар | 210/МА2024/01112 |
Огноо | 2024-05-27 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2024/01112
2024 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 210/МА2024/01112
|
Н ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 102/ШШ2024/01698 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Б-д холбогдох, 96,404,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани нь Б ХХК-тай 2015 оны 09 сарын 18-ны өдөр 2015/09/18/01 дугаартай С дүүргийн *-р хороо, ХМК-ийн *** байр, *** байр, *** байрны асфальт хучилттай талбайн өргөтгөл засварын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний ажлын төлбөр 243,880,000 төгрөг бөгөөд төлбөрийг 100 хувь бартераар төлөхөөр гэрээний 5.3-т тусгаж талууд тохиролцсон. Үүнд: 46* байрны *** тоот 68.86 м.кв, 96,404,000 төгрөг, 46* байрны *** тоот, 37.03 м.кв, 51,842,000 төгрөг, 46* байрны *** тоот, 60.46 м.кв, 84,644,000 төгрөг болно. Гэрээний дагуу ажлыг гүйцэтгэн хүлээлгэж өгч, 46* байрны *** тоот, 46* байрны *** тоот байруудыг шилжүүлэн авсан боловч 46* байрны *** тоот байрыг шилжүүлэн авч чадаагүй. Уг ажилд ерөнхий инженерээр ажиллаж байсан Ш.Б нь Б ХХК-аас 46* байрны *** тоотын 68.86 м.кв, 96,404,000 төгрөгийн байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Манай байгууллага нь гэрээний төлбөрийг захиалагч Б ХХК-аас шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Улсын Дээд шүүхийн 2020 оны 04 сарын 16-ны өдрийн 001/ХТ2020/00189 дугаар тогтоолоор гүйцэтгэгч талын инженерт байрыг шилжүүлсэн байх тул хариуцагч Б ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ш.Б 46* байрны *** тоотын 68.86 м.кв, 96,404,000 төгрөгийн байрыг бусдад худалдсан байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу 96,404,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Н ХХК-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж бүх талаас нь татгалзаж байна гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан Ш.Б-гаас 96,404,000 төгрөг гаргуулан Н ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 639,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б-гаас 639,970 төгрөг гаргуулан Н ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 03-ны өдрийн шүүх хуралд биечлэн оролцоогүй орон нутагт хүндэтгэх шалтгаантай байсан мөн 96,404,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүх хурлыг хүчингүй болгож, өөрийн биеэр шүүх хуралд оролцох хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Ш.Б-д холбогдуулан **б байрны *** тоот орон сууцны үнэ 96,404,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 34/
3. Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Н ХХК, Б ХХК-иуд 2015 оны 09 сарын 18-ны өдөр 2015/09/18/1 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Н ХХК нь С дүүргийн *-р хороо, ХМК-ийн 46*, 46*, 46* байрны 3,840 м.кв авто зам, 674 м.кв явган замын суурийн асфальт хучилттай талбайн ажлыг хийж гүйцэтгэх, Б ХХК нь ажлын хөлсөнд 46* байрны *** тоот 68.86 м.кв талбайтай 96,404,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, 46* байрны *** тоот 37.03 м.кв талбайтай 51,842,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, 46* байрны *** тоот 60.46 м.кв талбайтай 84,644,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг тус тус шилжүүлэн өгөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон; /хх 6-8/
3.2. Гэрээний талууд 2015 оны 10 сарын 03-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт үйлдэж, Н ХХК ажлыг 100 хувь, хангалттай чанартай хийж гүйцэтгэснийг актаар хүлээн авсан; /хх 9/
3.3. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 04 сарын 16-ны өдрийн 001/ХТ2020/00189 дугаар тогтоолоор Б ХХК-аас 96,404,000 төгрөг гаргуулах тухай Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна; /хх 10-15/
Тус тогтоолд ...гэрээнд заасан 3 орон сууцыг Ш.Б-н нэр заасан этгээдэд шилжүүлсэн, ...хариуцагч Б ХХК нь ажлын хөлсөнд орон сууцыг гүйцэтгэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна гэж дүгнэжээ. /14-15/
3.4. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох С дүүрэг, *-р хороо, Хайрхан ханын материал /18060/, **б байрны ** тоот орон сууцны өмчлөх эрх 2016 оны 11 сарын 16-ны өдөр Ш.Б-гийн өмчлөлд анх бүртгэгдэж, улмаар 2017 оны 10 сарын 20-ны өдөр Т.М-ын өмчлөлд, 2017 оны 10 сарын 26-ны өдөр Н.М-ын өмчлөлд, 2018 оны 07 сарын 31-ний өдөр Н.М, Л.А нарын өмчлөлд, 2018 оны 09 сарын 26-ны өдөр С.Ш, Ч.Ц нарын өмчлөлд, 2018 оны 11 сарын 22-ны өдөр Б.Г-ын өмчлөлд тус тус шилжсэн; /хх 42/
4. Дээрхээс дүгнэвэл Н ХХК-ийн бусдаас авах ёстой хийж гүйцэтгэсэн ажлын хөлс буюу орон сууцыг хариуцагч Ш.Б нь аливаа гэрээ, хэлцэлгүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, улмаар цааш нь бусдад шилжүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч Н ХХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу уг орон сууцны үнэ 96,404,000 төгрөгийг хариуцагч Ш.Б гаас шаардах эрхтэй.
5....Шүүх хуралдааны биечлэн оролцох эрхээр хангаагүй... гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Хариуцагч Ш.Б нь шүүх хуралдааны товыг боломжит хугацааны өмнө мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасан зохицуулалтад нийцжээ.
6. Хариуцагч Ш.Б нь анхан шатны болон давж заалдах шатны шүүхэд ...96,404,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэсэн агуулгатай тайлбарыг гаргадаг боловч татгалзлын үндэслэл, түүнд холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
7. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарах хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 102/ШШ2024/01698 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...359 дүгээр зүйлийн 359.1-д... гэснийг ...492 дугаар зүйлийн 492.1.1-д... гэж өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагч Ш.Б-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 639,970 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Д.НЯМБАЗАР