| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0082/э |
| Дугаар | 237 |
| Огноо | 2019-03-14 |
| Зүйл хэсэг | 145.2., 10.1.1, |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: Г.Цогтгэрэл;
иргэдийн төлөөлөгч: Ц.Баярсайхан;
шүүгдэгч: Ц.Н, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэндсүрэнгийн Нд холбогдох эрүүгийн 201725021045 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1975 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Төв аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 22-25 тоотод оршин суух, урьд:
Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 552 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 191 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 төгрөгөөр торгох ялаар,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 210 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 137 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 211 дүгээр зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 3 жил 6 сарын хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 277 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 4, 225 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 6 жилийн хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 364 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 329 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан, ............. регистерийн дугаартай, Дагчин овогт Цэндсүрэнгийн Н.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ц.Н нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 2-42 тоот хашаанд байрлах нийтийн байрны 1 тоотод хамт архи ууж байсан хохирогч Ж.Бямбасүрэнг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүнтэй маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж тархины зүүн тал бөмбөлгийн чамархай зулай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины эдийн няцрал, уртавтар тархины гүүр хэсгийн цус харвалт, үхжлийн голомт, тархины эдийн няцрал бүхий гэмтэл учруулж алсан,
мөн давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 3-83 тоотод оршин суух иргэн Ч.Наранбаатарын эзэмшлийн орон байранд нэвтэрч 32 инчийн лед зурагт, хүүхдийн тэрэг, МNBC кабелийн хүлээн авагч, бүтэн хонины мах, орны бүтээлэг, халтар манан хөөрөг, хүүхдийн гутал 2 хос зэрэг эд зүйлсийг хулгайлсны улмаас 740.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 5-43 тоотод оршин суух иргэн Л.Энх-Амгалангийн эзэмшлийн орон байранд нэвтэрч мөнгөн аяга 4 ширхэг, манан хөөрөг, “Эйсер” маркийн зөөврийн компьютер, монетон ээмэг, бөгж, кулоны хослол, монетон кулон, хүзүүний сувдан зүүлт, бугуйн цаг, шармал ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлсны улмаас 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 4-42 тоотод оршин суух иргэн П.Лхамсүрэнгийн эзэмшлийн орон байранд нэвтэрч усан болор чулуун бага гарын хөөрөг, 925 сорьцтой хос мөнгөн ээмэг, эрэгтэй хүний дээл, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн тагш, эрэгтэй хүний хромон гутал зэрэг эд зүйлсийг хулгайлсны улмаас 920.000 төгрөгийн хохирол учруулан бусдад нийт 4.960.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н мэдүүлэхдээ: Би хулгайн 3 удаагийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 5 сарын 03-ны өдөр Арвайбаатар, Жаргалсайхан хоёр талийгаач Бямбасүрэн бид хоёрыг Баянбүрдийн урд явж байхад дуудсан. Арвайбаатарыг Жаргалсайхан түрж яваад “Түмний хишиг” гэсэн нэртэй 2 литерийн архи 2 ширхэг, 1 бэлэн гоймон, 1 хайрцаг тамхи дэлгүүрээс аваад Арвайбаатарын өөрийн эзэмшлийн байр болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн гудамжны 1 тоотод очиж архиа уусан. 1 шил архийг нь ууж амжаагүй байхад Бямбасүрэнтэй хэрэлдсэн. Би 2 алгадаж 1 өшиглөсөн. Тэгээд би гарч яваад хулгай хийж байгаад оройн 19:40 минутад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст баригдсан. Түүнээс хойш энэ хүмүүстэй уулзаагүй. Тухайн үед Жаргалсайхан, Арвайбаатар, Бямбасүрэн 3 үлдсэн. Мөн тэр газар “буурал Нямаа”, “данхар Баяраа”, бас нэг танихгүй залуу ирж зодоон болсон гэдэг. Арвайбаатар тасраагүй байсан. Тэгэхэд цоо эрүүл байсан. Галч хүүхэн намайг барьж авахад байшин тойрч хараагүй, үүдээр нь орсон. Тэр галч хүүхэн нарийхан байрны завсараар орох тийм туранхай хүн биш. Тэгэхэд хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг дээр буруу өгсөн байдаг. Бид нарыг архи ууж байхад 3 тоосго байсан байдаг. 2 тоосгыг шүүх эмнэлгийн шинжилгээнд явуулсан. Би 4 сар болоод Арвайбаатарынд очиход битүүмжилсэн байрыг онгойлгосон, тэр дотор нь архидалт болсон бүх эд мөрийн баримтыг устгасан байдалтай байсан. Үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Чулуунцэцэг /1хх-ийн 36-40, 2хх-ийн 213/, гэрч Ж.Нямсүрэн /1хх-ийн 41-43/, гэрч С.Оюунгэрэл /1хх-ийн 44-50/, гэрч С.Жаргалсайхан /1хх-ийн 68-70, 3хх-ийн 168/, гэрч Г.Нямбаяр /1хх-ийн 54-55/, гэрч О.Энхдөл /1хх-ийн 57-58, 2хх-ийн 185/, гэрч Х.Баярцэнгэл /1хх-ийн 61-62/, гэрч О.Мөнхдөл /1хх-ийн 64-65, 2хх-ийн 186-187/, гэрч Д.Сайханцэцэг /1хх-ийн 66/, гэрч Б.Дорждэрэм /1хх-ийн 74/, гэрч Ж.Одгэрэл /1хх-ийн 75-76/ нарын мэдүүлэг, Ц.Арвайбаатарын гэрчээр болон сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 51-53, 162-164, 3хх-ийн 169-170/, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 941 дугаартай дүгнэлт /1хх-ийн 84-89/, шинжээч эмч С.Чулуунсүхийн мэдүүлэг /1хх-ийн 77-80/, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 1284 дугаартай дүгнэлт /2хх-ийн 153-154/, Ц.Нгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 149-151, 153/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /1хх-ийн 211/, Зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулсан тэмдэглэл /1хх-ийн 213-216/, Ц.Арвайбаатарын эмнэлгийн бичиг /1хх-ийн 237-246/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1053 дугаартай дүгнэлт /2хх-ийн 161-162/, гэрч Ц.Арвайбаатар, С.Жаргалсайхан нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх-ийн 209-212/, гэрч Ц.Арвайбаатар, С.Жаргалсайхан нарыг нүүрэлдүүлэн байцаасан байцаалт /2хх-ийн 214-216/, гэрч С.Сайнжаргалын мэдүүлэг /Зхх-ийн 21/, гэрч Ц.Арвайбаатар, яллагдагч Ц.Н нарыг нүүрэлдүүлэн байцаасан байцаалт /Зхх-ийн 22-24/, гэрч С.Жаргалсайханыг яллагдагч Ц.Нтэй нүүрэлдүүлэн байцаасан байцаалт /Зхх-ийн 25-27/, хохирогч Ч.Наранбаатарын /2хх-ийн 21-22/ мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 12-17/, эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 23/, хохирогч Л.Энх-Амгалангийн /2хх-ийн 54-55/ мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 41-46/, эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 56,150/, хохирогч П.Лхамсүрэнгийн /2хх-ийн 85-86/ мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 72-76/, эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 87/, Ц.Нгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 91-93/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 165-168, 169-174/, Ц.Нгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 176-202/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Н нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 2-42 тоотод байрлах нийтийн байрны 1 тоотод иргэн Ж.Бямбасүрэнтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан түүнийг зодож зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, уртавтар тархины гүүр хэсгийн цус харвалт, үхжлийн голомт, тархины эдийн няцрал бүхий гэмтэл учруулж санаатай алсан,
мөн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 3-83 тоотод оршин суух иргэн Ч.Наранбаатарын орон байранд нэвтэрч 32 инчийн ЛЕД телевизор, хүүхдийн тэрэг, MNBC кабелийн хүлээн авагч, бүтэн хонины мах, орны бүтээлэг, халтар манан хөөрөг, хүүхдийн гутал 2 хос зэргийг хулгайлж 740.000 төгрөгийн,
давтан 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 5-43 тоотод оршин суух иргэн Л.Энх-Амгалангийн орон байранд нэвтэрч мөнгөн аяга 4 ширхэг, манан хөөрөг, “ACER” маркийн зөөврийн компьютер, монетон ээмэг, бөгж, кулоны хослол, монетон кулон, хүзүүний сувдан зүүлт, бугуйн цаг, шармал ээмэг, бөгж зэргийг хулгайлж 3.300.000 төгрөгийн,
2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 4-42 тоотод оршин суух иргэн П.Лхамсүрэнгийн орон байранд нэвтэрч усан болор чулуун бага гарын хөөрөг, 925 сорьцтой хос мөнгөн ээмэг, эрэгтэй хүний дээл, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн тагш, эрэгтэй хүний хромон гутал зэргийг хулгайлж 920.000 төгрөгийн хохирол учруулан, бусдад нийт 4.960.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Чулуунцэцэгийн /1хх-ийн 36-40, 2хх-ийн 213/: “...Ж.Бямбасүрэн хамгийн сүүлд 2017 оны 05 сарын 02-ны өдөр бол гэртээ байсан. 2017 оны 05 сарын 03-ны өглөө намайг ажилдаа явахаар гарахад “араас чинь очно” гэж хэлээд гэртээ үлдсэн. Тэрнээс хойш уулзаагүй явсаар байгаад 2017 оны 05 сарын 08-ны өдөр Цагдаагийн байгууллагаас надад талийгаачийг нас барсан талаар хэлсэн....2005 оноос бага багаар ууж байгаад сүүлийн хэдэн жил нилээн ууж байгаа юм...Ер нь бол гадуур явж байгаад гэртээ ирэхдээ хувцас нь нилээн халтайсан юм ирдэг. 2017 оны 05 сарын 03-ны өдөр гэрээсээ ажилдаа гараад явахдаа бол өөрийгөө тордоод л бэлдээд л гарсан...Гомдолтой байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Ж.Нямсүрэнгийн /1хх-ийн 41-43/: “...Ж.Бямбасүрэн 2017 оны 05 сарын 01-ний өдөр гэртээ ирсэн. Тэгээд 2017 оны 05 сарын 01, 02-ны өдөр гэрээсээ гаралгүй өнжсөн. 2017 оны 05 сарын 03-ны өдөр би түрүүлээд гарсан. Эгч ажилдаа “араас чинь очно” гээд гэртээ үлдсэн. Тэрнээс хойш уулзаагүй. 2017 оны 05 сарын 08-ны өдөр Цагдаагийн байгууллагаас хүн утасдаж манай эгчийг нас барсан гэж манай ээжид хэлсэн...Н гэгчийг өмнө нь Баянбүрдийн тэнд амь хохирогч Ж.Бямбасүрэнтэй хамт явж байхад нь харсан...” гэх мэдүүлгээр,
гэрч С.Оюунгэрэлийн /1хх-ийн 44-50/: “...Надад Арвайбаатар “амь хохирогчийг нөхөр нь гэх Нова нь алгадсанаас болж уруул нь хавдсан. Тэрнээс болоод үхэхгүй байлгүй дээ” гэж Арвайбаатар, Нямаа нар хоорондоо яриад байсан...Би галчаас нь “чи яагаад энэ архичдыг хөөж явуулахгүй байгаа юм бэ? энэнээс болоод ийм асуудал үүслээ” гэж хэлэхэд галч надад “би 12:00 цагийн үед цонхоор нь харахад шар үстэй Новагийн авгай газар унтаж байсан, Арвай ах тэргэнцэр дээрээ суусан нилээн согтуу унтаж байсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,
Ц.Арвайбаатарын гэрчээр болон сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 51-53, 162-164, 3хх-ийн 169-170/: “...Манай гэрт талийгаачийн хамтран амьдардаг Н нь 05 сарын 03-ны өдөр манай гэрт байж байхдаа өдөр 16 цагийн үед маргалдаад 3-4 удаа алгадсан. Би тухайн үед нь “боль” гэж байж болиулсан юм...Хааяа зоддог байсан. Баянбүрдийн түүхий эд авдаг цэгийн хүмүүс сайн мэднэ...Хувцас нь урагдаж цус болсон талаар мэдэхгүй байна...Ямар ч байсан Н алгадаж байхаар нь “болиоч” гэж орилж байсан...Анх уулзахад талийгаачийн биед гэмтэл учирсан байсан эсэхийг мэдэхгүй байна... Би бичиг баримтаа дэлгүүрт барьцаанд тавьж литрийн 2 шил, бэлэн гоймон, хиам аваад манай нийтийн байранд ороод Н, талийгаач бид 3 хувааж уусан. Орой сүүлийн архины талаас доогуур үлдсэн байхад Н талийгаач 2 хоорондоо маргалдсан. Юунаас болж маргалдсаныг нь мэдээгүй. Намайг харж байхад Н талийгаачийг хаалганы хажуу талын хана руу шахаж зогсоогоод маргалдаж байхдаа нүүр лүү нь хэд хэдэн удаа алгадаж байх шиг байсан. Би орон дээр сууж байсан болохоор босож чадахгүй байсан. Тэгээд л Н гараад явчихсан. Талийгаач тэгээд шууд шалан дээр унтаад өгсөн...” гэх мэдүүлгээр,
гэрч С.Жаргалсайханы /1хх-ийн 68-70, 3хх-ийн 168/: “...Намайг Арвайбаатарын гэрт ороход талийгаач ухаангүй хүн шиг хэвтээд хөдлөхгүй байсан. Цамц нь гэдэснийх нь тал хүртэл сөхөгдөөд гарчихсан, өмд нь бүрэн татагдаагүй, хагас баруун тийшээ хажуулдсан хэвтэж байсан. Би тэр үед “энэ амьд юм уу?” гэж асуухад Арвайбаатар “амьдаа амьд” гэж хэлэхээр нь Арвайбаатарын түрдэг тэрэгнийх нь цаанаас дөхөөд хартал амьсгалж байсан. Түүнээс ямар нэг идэвхитэй хөдөлгөөн хийгээгүй. Энэ өдрийн урд өдөр буюу 2017 оны 05 сарын 02-ны өдөр 13 цаг өнгөрч байхад Арвайбаатарын гэрээр дайраад орсон чинь Н, талийгаач, Арвайбаатар 3 согтуу, нэг шил том 0,5 граммын шилтэй архи тавьчихсан сууж байсан. Би архинаас нь уугаагүй. Энэ үед Н талийгаач 2 бие биеэ “янхан гичийгээр” дуудалцаад байсан. Хоёулаа л бие биеэ “янхан гичий” гэж зөрүүлж дуудаад байсан. Тэгтэл намайг харж байхад Н талийгаачийг хөл рүү нь 2 удаа өшиглөөд, нэг удаа алгадаад авахаар нь би салгатал Н гарсан. Бөмбөөлэй орон дээр суугаад үлдсэн...Намайг харж байхад талийгаачийг Н 2 өшиглөөд, үүд рүү хөөгөөд толгой руу нь алгадаж авч байсан. Тэгтэл талийгаач хойшоо савж байсан, унаагүй. Гэхдээ энэ 3 нилээд согтолттой байсан. Арвайбаатар бол явж чадахгүй түрдэг тэргэнээсээ босох биш. Н их согтуу байсан. Бөмбөөлэй их согтуу орилж хашгираад байсан...Талийгаачийн хувцас урагдал болсон, цус болсон байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Нямбаярын /1хх-ийн 54-55/: “...Би талийгаач Бөмбүүлэйтэй 2017 оны 05 сарын 04-ний 16 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 3 дугаар гудамжинд байрлах дүү Арвайбаатарын гэрт тааралдсан. Тухайн үед дүү Арвайбаатарын гэрт өмдөндөө шээсэн юм шиг өмд нь норсон байдалтай, өмдөө хагас тайлсан байдалтай хэвтэж байсан. Нэг шил архи авч ороод Арвайбаатартай тухайн архиа задлаад хувааж ууж байгаад Арвайбаатарын эгч Оюунгэрэл нь орж ирэхээр нь би архиа өвөртлөөд эргээд гарсан...Амьсгалж байгааг нь гэдсээр нь мэдсэн, мөн хурхирч байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч О.Энхдөлийн /1хх-ийн 57-58, 2хх-ийн 185/: “...Арвайбаатарын гэрт ороход талийгаач орных нь зүүн талын хананд гудас шиг юм тулгаад тавьчихсан түүн дээр дээшээ харсан унтаж байгаа байдалтай байсан...Арвайбаатарын матрасны доод талд буланд гудас шиг юм дэвсчихсэн дээшээ харчихсан хэвтэж байсан. Унтаад ч байгаа юм уу, хурхираад ч байгаа юм уу сонин дуугараад хэвтэж байсан...Арвайбаатар бид нарт хэлэхдээ “Нд зодуулсан” гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй...” гэх мэдүүлгээр,
гэрч Х.Баярцэнгэлийн /1хх-ийн 61-62/: ”...Арвайбаатар гайгүй жаахан халамцуу сууж байсан. Ухаанаа алдаагүй мэнд устай зүгээр юм яриад, тамхи татаад сууж байсан. Талийгаач ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харсан, 1 хаалгаар дотогш Арвайбаатарын гэрт ороход яг хаалганы хойд талд буюу баруун хананд тулгаж тавьсан буйдангийн эсрэг талд зассан гудсан дээр талийгаач өрөөлдсөн байдалтай дээшээ харсан унтаж байсан. Би тухайн үед согтуу байна гэж бодсон. Намайг архи уугаад хоорондоо чанга, чанга ярьж байхад болон бид нарыг гаран гартал ерөөсөө сэрээгүй хурхираад байсан. Хурхирах чимээ сонсогдож байсан. Хааяа эргэж харахад хурхираад унтаад байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч О.Мөнхдөлийн /1хх-ийн 64-65, 2хх-ийн 186-187/: “...Намайг ороход Арвайбаатар буйдан дээрээ суучихсан, “Данхар Баяраа” /Баярцэнгэл/, өвгөн /Нямбаяр/ нар наад талд шалан дээр сууж байсан. Талийгаач Бөмбөөлэй /Ж.Бямбасүрэн/ гудсан дээр дээшээ хараад хурхираад хэвтэж байсан. Өмд нь бага зэрэг тайлагдсан шээсэн байдалтай нойтон хэвтэж байсан...Тэр бол хурхираад ухаангүй унтаж байсан...Би өглөө орохдоо талийгаачийн талаар асуухад Арвайбаатар надад “урьд шөнө Норовд зодуулчихаад орж ирээд унтаж байгаа юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Сайханцэцэгийн /1хх-ийн 66/: “...Би сар өдрөө санахгүй байна. 22:00 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн цонхоор Арвайбаатарынд байнга ирж архи уудаг эрэгтэй манай гэрт орчихсон байхаар нь би таараад нийтийн байранд амьдарч байсан 2 хүүхдэд хэлж бариулж байгаад цагдаа дуудаж өгч явуулсан. Тэгээд би Арвайбаатарын өрөөний цонхоор харахад Арвайбаатар ах тэргэнцэр дээрээ тасарсан юм шиг унтаж байсан, нэг хүүхэн өрөөнийх нь хаалганы тэр ханын хавьцаа гэдэс нь гарчихсан, өмд жоохон шувтарсан байдалтай байсан...Н тэр хүүхнийг байнга зоддог байсан. Тэр хүүхэн нь муухай орилохоор нь би цагдаа дуудаж өгдөг байсан. Хорооны цагдаа нар бүгд мэдэж байгаа. Нэг удаа халуун тогоогоор нөгөө хүүхнээ явийтал нь зодсон байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Дорждэрэмийн /1хх-ийн 74/: ”...Ууганбаатар бид хоёрыг хүн нас барсан өрөөнд оруулсан. Тэр өрөө тавилга байхгүй хоосон өрөө байсан. Өрөөний зүүн хойд буланд эрэгтэй, эмэгтэй нь мэдэхгүй сайн харж чадаагүй, зүүн буланд дээшээ харсан хэвтэж байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Ж.Одгэрэлийн /1хх-ийн 75-76/: “...Тэргэнцэртэй залууд өөрийн 99463848 дугаартай гар утсаа өгсөн...Цагдаа болон түргэн тусламж руу залгаад хаягаа хэлж өгөөд байх шиг байсан. “Тэгээд яасан бэ?” гэж тэр залуугаас асуугаад гар утсаа автал “манай гэрт хүн үхчихсэн байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,
“Талийгаач Ж.Бямбасүрэнгийн цогцост зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархины эдийн няцрал уртавтар тархины гүүр хэсгийн цус харвалт, үхжлийн голомт, тархины эдийн няцрал, зүүн духны хуйханд цус хуралт, баруун өвдөг, духанд зулгаралт, доод уруулын салстад язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал цохигдох, өшиглөгдөх, унах үед үүсэх боломжтой. Хүний болон хүний хүчнээс давсан үйлчлэлийн аль ч үед үүсэх боломжтой. Талийгаач нь дээрхи гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ... Дээрхи зүүн чамархай, зулай хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа нь нас барахаас 48 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна” гэх 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 941 дугаартай дүгнэлтээр /1хх-ийн 84-89/,
дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч эмч С.Чулуунсүхийн /1хх-ийн 77-80/: “...Дээрхи гэмтэл нь 48 цаг болон түүнээс дээш цагийн хугацаанд үүссэн байх боломжтой. Үхэлд хүргэх процесс буюу тархи дарагдах, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдал гэмтэл авсанаас хойш нас барах хүртэл үргэлжилнэ...Тархи дарагдлын улмаас хугацаанаас хамаарч харилцан адилгүй шинж тэмдгүүд илэрнэ. Тархи дарагдлын эхэн үед толгой өвдөх, юм мартаж санах, хоол унданд дургүй, хөдөлгөөний идэвхигүй, хожуу үед /тархи дарагдлын/ ухаан алдах, орон зайн цаг хугацааны баримжаа алдагдах, байрлал идэвхгүй, хурхирах, өвдөлт мэдрэхгүй байх шинж тэмдэг илэрч болно...Дээрхи гэмтлийг авсан тохиолдолд гэмтэл авсан даруйдаа нас барах тохиолдол байдаг. Амь хохирогчийн хувьд гэнэт нас баралт болоогүй байна...Гавал тархины битүү гэмтэл буюу үхэлд хүргэсэн гэмтэл нь хуйханд цус хуралт гэмтэлтэй хамт үүссэн гэмтэл. Өвдөг, духанд зулгаралт, доод уруулын салстад язарсан шарх гэмтэл нь дангаараа учирсан гэмтлүүд, баруун өвдөг, духны зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, доод уруулын салстын язарсан шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно...Дээрхи гэмтэл авсан тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой, боломжгүй эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх мэдүүлгээр,
“Талийгаачийн цогцост учирсан тархины зүүн тал бөмбөлгийн чамархай зулай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины эдийн няцрал, уртавтар тархины гүүр хэсгийн цус харвалт, үхжлийн голомт, тархины эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, зүүн духны хуйханд цус хуралт, доод уруулын салстад язарсан шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун өвдөг, духанд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархинд учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу толгойн зүүн хэсэгт хүч үйлчлэх /цохих, цохигдох/ үед үүсгэгдэнэ. Дээрхи гавал тархины битүү гэмтлийг авсан хүн толгой өвдөх, огиулж бөөлжих, ухаан алдах, таталт өгөх, хурхирах гэх мэт шинж тэмдгүүд илэрч болдог, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа нь тархийг дарах хүртэл тодорхой хугацаанд амьд явах боломжтой...Тодорхой хугацаанд идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Доод уруулын салстад язарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна” гэх 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 1284 дугаартай дүгнэлтээр /2хх-ийн 153-154/,
Ц.Нгийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 149-151, 153/: “...Арвайбаатар “та 2 наанаа зогсож бай” гэж хэлээд үсчин Жагаа, тэр 2 дэлгүүр явсан. Ирэхдээ 2 шил “Түмний хишиг” нэртэй архи, бэлэн гоймон 2 ширхэг, 1 годгор хиам авчираад Арвайбаатарынд орж уусан. Тэгээд 1 шил архиа инээж ханиаж ууж дуусгаад 2 дахь шил архин дээрээ талийгаач бид 2 архин дээрээс болж маргалдаад би эргэж хараад талийгаачийн шанаанд нь нэг л удаа гараараа цохисон. Цохиход талийгаач Арвайбаатарыг налаад унахад Арвайбаатар “чи боль, боль, яах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд архиа ууж дуусгаад Арвайбаатар, үсчин Жагаа, талийгаач 3 үлдсэн. Би тэр оройноо Арвайбаатарын галчын өрөөнөөс зурагтыг нь 1 кг махтай авч гарч байгаад цагдаад баригдаад эрүүлжүүлэх рүү явсан...Би гараараа нэг удаа зүүн талын шанаанд нь цохисон...Би зодоогүй, зүүн талын шанаа руу гараараа 1 удаа алгадсан. Би дахиж гар хүрээгүй, бид хоёрыг маргалдаж байхад хажууд үсчин Жагаа, Арвайбаатар нар байсан. Өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлгээр болон түргэн тусламжийн дуудлагын хуудас /1хх-ийн 211/, Зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулсан тэмдэглэл /1хх-ийн 213-216/, Ц.Арвайбаатарын эмнэлгийн бичиг /1хх-ийн 237-246/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1053 дугаартай дүгнэлт /2хх-ийн 161-162/, гэрч Ц.Арвайбаатар, С.Жаргалсайхан нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх-ийн 209-212./, гэрч Ц.Арвайбаатар, С.Жаргалсайхан нарыг нүүрэлдүүлэн байцаасан байцаалтаар /2хх-ийн214-216 /, гэрч С.Сайнжаргалын мэдүүлгээр /Зхх-ийн 21/, гэрч Ц.Арвайбаатар, яллагдагч Ц.Н нарыг нүүрэлдүүлэн байцаасан байцаалтаар /Зхх-ийн 22-24/, гэрч С.Жаргалсайханыг яллагдагч Ц.Нтэй нүүрэлдүүлэн байцаасан байцаалтаар /Зхх-ийн 25-27/,
мөн хохирогч Ч.Наранбаатарын /2хх-ийн 21-22/: “...Гэрийн хаалганы цоожийг эвдсэн, хаалга онгорхой байхаар нь гэртээ ороход гэрт хулгайч ороод гэрийн хойморт байсан 32 инчийн ЛЕД маркийн ЛСД зурагт, зурагтны хажууд тавиур дээр байсан даалинтай халтар манан хөөрөг, хүүхдийн тэрэг, МНБС-ийн кабелийн хүлээн авагч, хонины бүтэн мах, орны бүтээлэг, 2 хүүхдийн гутал зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлгээр,
хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр /2хх-ийн 12-17/,
эд зүйлийн үнэлгээгээр /2хх-ийн 23/,
хохирогч Л.Энх-Амгалангийн /2хх-ийн 54-55/: “...2017 оны 03 сарын 08-ны өдөр манай дунд охин гэрээсээ 13:00 цаг болж байхад цоожлоод гарсан байсан. Тэгээд хашааныхаа гадаа ирэхэд хэвийн байсан. Хашааны хаалгаа онгойлгоод хашаандаа ороход зүүн тийшээ харсан 2 дахь цонхоор хөшиг цухуйчихсан байгаа харагдсан. Тэгээд хулгай орчихсон байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн...Байшингийн зүүн тийш харсан цонхнуудын 2 дахь вакум цонхны салхивчний цоожийг эвдээд онгойлгосон байсан...Модон шүүгээний шургуулга дотор байсан багаас их хүртэл хэмжээтэй 4 ширхэг мөнгөн аяга, том өрөөний модон шүүгээний шургуулганд байсан их гарын манан чулуун хөөрөг, хүүхдийн өрөөний ширээн дээрээс “АСЕР” маркийн зөөврийн компьютер, том өрөөний модон шүүгээний дээд талаас монетон гинж, ээмэг, бөгж кулоны монетон хослол, монетон кулон, хүзүүний сувдан зүүлт, бугуйн цаг, шармал хийцтэй ээмэг, бөгж зэрэг алдагдсан байсан...” гэх мэдүүлгээр,
хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр /2хх-ийн 41-46/,
эд зүйлийн үнэлгээгээр /2хх-ийн 56,150/
хохирогч П.Лхамсүрэнгийн /2хх-ийн 85-86/: “...2017 оны 03 сарын 08-ны өдөр 16 цаг 20 минутад гэрээсээ гарсан юм. Тэгээд 19 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд манай амьдарч байсан байшингийн хаалганы цоожийг хөшөөд цүүгээр нь салгаад онгойлгочихсон, үүдний амбаарт ороод хаалганы хажуу талын цонхны шилийг нь хагалаад орхисон байсан. Хулгай орсныг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс гантиг чулуун толгойтой, зэс халбагатай, гуулин нуухтай, гартам судалтай усан болор чулуугаар хийсэн бага гарын хэмжээтэй 2013 онд авч байсан 450.000 төгрөгийн үнэтэй хөөрөг, эмэгтэй хүний хос мөнгөн ээмэг, 925 сорьцтой, дугариг хэлбэртэй, 30.000 төгрөгийн үнэтэй, захиалгаар оёулсан “Хүннү” захтай эрэгтэй хүний товгор хээ бүхий загварын дээл 2017 онд хийлгэсэн 300.000 төгрөгийн үнэтэй, их гарын мөнгөн аяга 1 ширхэг 300.000 төгрөгийн үнэтэй, мөнгөн тагш 70.000 төгрөгийн үнэтэй, эрэгтэй хүний шинэ монгол хромон гутал 2016 онд авч байсан 200.000 төгрөгийн үнэтэй эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлгээр,
хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр /2хх-ийн 72-76/,
эд зүйлийн үнэлгээгээр /2хх-ийн 87/ болон Ц.Нгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр /2хх-ийн 91-93/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 165-168, 169-174/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.
Ц.Нд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шаардлагатай гэрчүүдийг байцаасан, зайлшгүй хийвэл зохих шинжилгээ, эд зүйлийн үнэлгээг хийлгэсэн, чухал ач холбогдол бүхий баримт сэлт гаргуулсан, эд мөрийн баримтыг хураан авсан, шүүгдэгчийн болон хохирогчийн хувийн байдал, амьдралын нөхцөл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүгдэгч Ц.Н өөрийгөө, түүний өмгөөлөгчөөс “хохирогчийн үхлийн шалтгаан болсон гавал тархины битүү гэмтлийг Ц.Н учруулсан нь эргэлзээтэй, хохирогч өөр бусад хүмүүстэй үлдсэн үедээ нас барсан” гэх агуулгатай тайлбарыг хийх боловч шүүх дараах байдлаар дүгнэлт хийж шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын дүгнэлт, мэдүүлэгт няцаалт өгсөн болно.
Хохирогчийг “өөртөө архи их хийж уулаа, хамт явсангүй” гэх шалтгаанаар толгой руу цохиж, хөл рүү нь өшиглөсөн талаар хэргийн шууд гэрч С.Жаргалсайхан, Ц.Арвайбаатар нар тодорхой мэдүүлсэн нь хэрэгт авагдсан байна. Мөн хохирогч нь бусад хүмүүс архи ууж байхад ухаангүй унталтын байдалтай байсан нь бусад гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Эдгээр мэдүүлгүүдээр хохирогч урьд өдөр нь Ц.Нд зодуулснаас хойш унтаж байгаа нь мөн нотлогджээ.
Хохирогч Ж.Бямбасүрэн Ц.Нд зодуулснаас өөр бусад байдлаар гэмтэл авсан байх боломжгүй өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт болон түүний өгсөн мэдүүлгээр хохирогчид учирсан гэмтлийн төрөл, шинж байдал, үхэлд хүргэх цаг хугацаагаар нь тооцоход Ц.Н уг гавал тархины битүү гэмтлийг учруулсан байхаар байна.
Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан “хүнийг алах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох” гэсэн санал хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Харин хохирогчийг хүнд зэргийн согтолтын улмаас биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж Ц.Н зодож алсан гэж прокурор ялласан нь эргэлзээтэй болсон гэж шүүх үзэв.
Хэдийгээр амь хохирсон Ж.Бямбасүрэнгийн цусанд 3,2% промилли алкохол илэрсэн нь спиртийн өндөр агууламжийг илэрхийлэх боловч хохирогчийн бие физиологийн онцлогоос хамаарч согтолтын хэмжээ өөр өөр байх тул тухайн үед Ц.Нтэй хэрүүл маргаан хийх, гараад явсаных нь дараа үргэлжлүүлж архи уух зэргээр бие даан идэвхтэй үйл хөдлөл хийж байсан Ж.Бямбасүрэнг биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх, улмаар үүнийг нь Ц.Н мэдсээр байж далимдуулан алсан гэж дүгнэх боломжгүй.
Иймээс нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон үйл баримтад үндэслэн Ц.Нд холбогдох “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн “хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан” гэмт хэргээр зүйлчлэх нь зүйтэй.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Ц.Нгийн “хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан” , “бусдын эд хөрөнгийг давтан орон байранд нэвтэрч хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар нотлогдсон байх тул шүүгдэгч Ц.Нд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн бүрэн үндэстэй байна гэж шүүх дүгнэв.
Ц.Нгийн үйлдсэн гэмт хэргүүд нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулан тодорхойлогдож байна.
2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлсон. Мөн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, ““Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хууль буцаан хэрэглэх журмыг хуульчилсан.
2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд “…найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр” зохицуулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялын доод хэмжээ хөнгөрсөн байх тул шүүгдэгч Ц.Нгийн үйлдсэн “хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан” гэмт хэргийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” тохиолдолд “…хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр” зохицуулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг...орон байранд нэвтэрч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялын дээд хэмжээ хүндэрсэн байх тул шүүгдэгч Ц.Нгийн үйлдсэн “бусдын эд хөрөнгийг давтан, орон байранд нэвтэрч, бага бус хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Амь хохирогч Ж.Бямбасүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Ш.Чулуунцэцэг нь гэм хорын хохиролд нийт 6.900.000 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч энэ талаархи баримтыг хэрэгт хавсаргаагүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Харин мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь бүрэн тогтоогдсон хулгайн гэмт хэргийн хохирол болох хохирогч Ч.Наранбаатарын 740.000 төгрөгийн, хохирогч Л.Энх-Амгалангийн 3.300.000 төгрөгийн, хохирогч П.Лхамсүрэнгийн 920.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ц.Нгээс гаргуулан хохирогч нарт олгох нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх Ц.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж буюу 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 9 жилийн хугацаагаар хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр (түүний нэр дээр ямар нэг эд хөрөнгө бүртгэгдээгүй, тодорхой орлогогүй нь тогтоогдсон), 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж түүнийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг хуульд нийцүүлж хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Ингэж ял оногдуулахдаа 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялын хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн Ц.Нгийн нийт эдлэх ялын хэмжээг 11 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Прокуророос шүүгдэгч Цэ........ийн Нд 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Дагчин овогт Цэндсүрэнгийн Нг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн,
мөн бусдын эд хөрөнгийг давтан орон байранд нэвтэрч хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нг 9 (ес) жилийн хугацаагаар хорих ялаар,
2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Нд оногдуулсан хөнгөн ял болох 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг хүнд ял болох 9 (ес) жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 11 (арван нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тогтооосугай.
5. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нд оногдуулсан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нгийн урьд цагдан хоригдсон 676 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ц.Нгээс нийт 4.960.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Ч.Наранбаатарт 740.000 төгрөг, хохирогч Л.Энх-Амгаланд 3.300.000 төгрөг, хохирогч П.Лхамсүрэнд 920.000 төгрөгийг тус тус олгосугай.
8. Амь хохирогч Ж.Бямбасүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Ш.Чулуунцэцэгийн 6.900.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.ДУЛАМСҮРЭН
Д.РЕНЧЕНХОРОЛ