| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2016/00213/И |
| Дугаар | 00244 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 00244
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1996 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 3, ээж, хүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р баг Депогийн 26Б тоотод оршин суух,
Боржигон овогт Э.Х /РД:ФБ96031501, утас:94391563/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1995 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Гандагийн 78 тоотод оршин суух,
Боржигон овогт О. О /РД:МЗ95051211, утас:99502602/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Х
Хариуцагч О.О
Нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Э.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Бид хоёр 2014 оны 09 дүгээр сарын 30-наас эхлэн үерхээд 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болсон. 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүү Чинхүслэн төрсөн. Нөхөр О нь хуучин найз охинтойгоо уулздаг байсан нь мэдэгдээд баримтыг өмнөх шүүх хурал дээр үзүүлж байсан. Жирэмсэн байхад хүртэл шимүүлчихээд ирдэг байсан. Мөн цуг заал авдаг охинтойгоо, фейсбүүкээр Цэцэгээ гэдэг охиноор хоол хийлгүүлмээр байна гэх зэргээр харилцдаг байсан. Сүүлд Уранзаяа гэдэг охинтой харилцдаг байсныг мэдээд очиж уулзахад нөхөр Отай уулздаг нь үнэн. Гэхдээ дотно харьцаа байхгүй. Эхнэр, хүүхэдтэй гэж хэлээгүй гэж надад худлаа хэлсэн. Дараа нь дотно харьцаатай байсныг нь мэдсэн. Өдөр болон шөнийн цагаар буудалд ордог. Тэгээд дандаа мөнгөө нуудаг. Хүүхдэдээ юм авч өгөх гэхээр байнга мөнгөө нуудаг байсан. Тэгээд тэр мөнгөөрөө нөгөө охиндоо хувцас авч өгдөг. Сүүлд шүүх хурлын дараа би Огийнд хүүхдээ аваад очсон. Ер нь эвлэрэх байх гэж бодсон. Гэтэл О нь утас нь огт холбогддоггүй. Гэтэл чи надад хараал хийсэн. Тийм болохоор би чамтай уулзахгүй гэсэн. Хэд хоногийн өмнө бас хажуу айлынхаа охинтой холбоотой болсон байсан. Зүгээр найзууд юмуу гэхээр үгүй. Өөр бас Намуунаа ч гэнэ үү. Өчнөөн охидууд байдаг. Хүүхэддээ памперс аваад өг гэхээр мөнгөгүй, чадахгүй гэдэг. Гэтэл хармаанд нь 25.000 төгрөгтэй байж хүүхэддээ памперс авч өгөхгүй байж найзуудтайгаа уудаг. Хүүхдээ бол харж чадахгүй л юм билээ. Одоо бол би Отай эвлэрэх хүсэлгүй байна. Шүүхэд гэр бүлээ цуцлуулж, хүүгээ өөрийн асрамжинд үлдээн, нөхөр Огаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна гэв.
Хариуцагч О.О шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Бид 2014 онд танилцан үерхэж, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болж, 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүү О.Чинхүслэн төрсөн. Шүүхээс бидэнд эвлэрэх хугацаа өгсөн боловч Х бид хоёр хэд хоног уулзаж байгаад Х өөрөө л гэр лүүгээ явсан. Ээж уурлаад байна гээд л явдаг. Энэ хугацаанд би уулзая, эсвэл гэрт хүрээд ир гэхээр ээж байна. Дургүйцээд байна гээд байдаг. Шөнө 12 цаг өнгөрч байхад памперс аваад өг гэсэн. Би шөнө дэлгүүр байхгүй, өглөө авъя гэсэн. Гэтэл одоо ийм юм яриад байх юм гэв.
Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхэддээ тэтгэлэг төлнө, хүүхдээ ээжийнхэн асрамжинд үлдээнэ гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Э.Х, хариуцагч О.Огаас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э.Х, хариуцагч О.О нар нь 2014 онд танилцан үерхэж 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж гэрлэлтээ батлуулсан байна. Гэрлэгсэдийн дундаас 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүү Огийн Чинхүслэн төрсөн болох нь зохигчдын өөрсдийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, багийн нийгмийн ажилтны тодорхойлолт болон багийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. Гэрлэгсэдийг эвлэрүүлэх зорилгоор шүүхээс 40 хоногийн хугацаа өгч хэргийг түдгэлзүүлсэн ба гэрлэгсэд цаашид хамтран амьдрах боломжгүй нь гэрлэгсэдийн тайлбараар нотлогдож байна.
Мөн зохигчид тусдаа амьдарч, хариуцагч гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн зэрэг бодит шалтгаан байгаа тул цаашид гэрлэлтийг үргэлжлүүлэх боломжгүй нь тэдний шүүх хуралдаан дээрх тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Хүүхдийн өсөж хүмүүжих орчин, эцэг эхийн халамж зэргийг харгалзан 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү О.Чинхүслэнг төрсөн эх Э.Хгийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Э.Х, хариуцагч О.О нарын гэрлэлтийг цуцалж, хариуцагч О.Огаас хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулах, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Огаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Хд буцаан олгох нь зүйтэй ба зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг шүүхийн шийдвэрт тусгах нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Боржигон овогт О. О, Боржигон овогт Э. Х нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 12 дугаар сарын 05-нд өдөр төрсөн хүү О.Чинхүслэнг төрсөн эх Э.Хгийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д 2015 оны 12 дугаар сарын 05-нд өдөр төрсөн хүү О.Чинхүслэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж буй бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон төрсөн эцэг Боржигон овогт О. Огаас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Хгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Огаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч Э.Хд буцаан олгосугай.
5.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн нэг хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгуулагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Ариунсанаад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заадлах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ