Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01113

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 29-ний өдрийн 182/ШШ2024/00935 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 52,405,040 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани нь Х ХХК-тай 2016 оны 04 сарын 20-ны өдөр 05/16 тоот MON-P.T.H хатуулгаас бүрэн сэргийлэх, усны чанар сайжруулагч нийлүүлэх гэрээ байгуулж гэрээнд заасан төхөөрөмжийг хариуцагчийн П зочид буудлын шугам хоолойнуудад суурилуулсан. Х ХХК нь төхөөрөмжийг ашиглаж байгаа ба тухайн байгууллагын хүсэлтээр техник үйлчилгээ хийсээр ирсэн боловч хариуцагч нь худалдан авсан төхөөрөмжийн үнэ 34,936,693 төгрөгийг төлөөгүй. Х ХХК нь манай компаниас зээлийн гэрээний үүргээ шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахад манайх дээрх гэрээний үүргийг хамтад нь шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хэрэгсэхгүй болгосон. Манай компани гэрээний үүргийг хариуцагчаас амаар болон бичгээр удаа дараа шаардсан тул гэрээний хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байна. Хариуцагч талаас 2016 оны 04 сарын 20-ны өдөр 7,000,000 төгрөг зээлсэн, энэ зээлийн гэрээний барьцаанд усны чанар сайжруулагч төхөөрөмжийн нэг хэсгийг барьцаалсан гэж үзэж байна. Иймд хариуцагчаас гэрээгээр нийлүүлсэн эд зүйлийн үнэ 34,936,693 төгрөг, алданги 17,468,347 төгрөг, нийт 52,405,040 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Т ХХК нь Х ХХК-аас 2016 оны 04 сарын 20-ны өдөр 7,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж, зээлийн төлбөрийг хүлээж авсан ба мөн өдөр барьцааны гэрээ байгуулж усны чанар сайжруулагч төхөөрөмжийг бүхэлд нь барьцаанд тавьсан. Т ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 7,000,000 төгрөгийг төлөөгүй тул барьцааны гэрээнд бариулсан эд зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангасан. Иймд нэхэмжлэгч нь төхөөрөмжийн үнийг нэхэмжлэх эрхгүй. Мөн 2016 оны 04 сарын 20-ны өдрийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.  Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар хариуцагч Х ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 15,133,010 төгрөг, торгууль 4,539,903 төгрөг, нийт 19,672,913 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32,732,212 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419,975 төгрөгийн төрийн санд үлдээж, хариуцагч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 256,315 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлол гаргаж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна. Талуудын хооронд 2016 оны 04 сарын 20-ны өдөр гэрээ байгуулагдаж, 2016 оны 04 сарын 28-ны өдрөөс гэрээний 3.1.3-т зааснаар гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрх нэхэмжлэгчид нээгдсэн ба шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 04 сарын 28-ны өдөр дууссан. Гэтэл нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг 2021 оны 11 сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гарган шаардсан. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан зүйлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан тоног төхөөрөмжийн үнэ 34,936,693 төгрөг, алданги 17,468,347 төгрөг, нийт 52,405,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...тоног төхөөрөмжийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцсон, нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 45, 118-122/

3. Талууд 2016 оны 04 сарын 20-ны өдөр MON-P.T.H хатуулгаас бүрэн сэргийлэх, усны чанар сайжруулагч нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Т ХХК нь усны чанар сайжруулах P.T.H тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах, Х ХХК тоног төхөөрөмжийн үнэ, ажлын хөлсөнд нийт 34,936,693 төгрөг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон.

4. Гэрээний талууд дээрх тоног төхөөрөмж, гүйцэтгэсэн ажлыг 2016 оны 04 сарын 23-ны өдөр хүлээлцсэн үйл баримтын талаар маргаагүй.

5.  Гэрээний 3.1.3-т зааснаар захиалагч Х ХХК нь тоног төхөөрөмжийг хүлээлцсэн өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор төлбөрийг шилжүүлэх үүргийг хүлээжээ.

Гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг 2016 оны 04 сарын 26-ны өдөр байх тул энэ өдрөөс нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.

Иймд 2016 оны 04 сарын 26-ны өдрөөс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2019 оны 04 сарын 26-ны өдөр дуусаж байна.

6.   Анхан шатны шүүх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Тодруулбал:

6.1. Анхан шатны шүүхийн хийсэн ...Нэхэмжлэгч нь эрх зөрчигдсөн үеэс шаардах эрхээ хэрэгжүүлсэн, ... гэрээний үүргийг шаардаж байсан болох нь ... 2018 оны 09 сарын 13-ны 203/18 тоот, 2021 оны 05 сарын 24-ний 66/21 тоот бичгээр тогтоогдож байх тул хөөн хэлэлцэл хугацаа дууссан гэж үзсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй... гэсэн дүгнэлт үндэслэлгүй.

Учир нь, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгчид албан бичиг хүргүүлснээр шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхгүй, харин тогтоосон журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

6.2. Түүнчлэн, хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, талууд үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан, эсхүл үүрэг гүйцэтгэгч нь урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

6.3. Иймд хариуцагч Х ХХК нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 29-ний өдрийн 182/ШШ2024/00935 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч Х ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт нийт 52,405,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 256,315 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 Д.НЯМБАЗАР